Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 231

 

                                                                                                            

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 6-52 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ХА 62091801, Хотол овогт Хотолхүүгийн Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42 өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замд холбогдох

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б-1-227 дугаар “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Х.Мөнгөнтуяа, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Мөнгөнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам болон Зам тээврийн яаманд 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б-1-227 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хариуцагч байгууллага надад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан ажлын байрыг санал болгосон тул би хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд намайг ажлын байраар хангахгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон ажилласан жилийг тасалдуулж байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-227 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад баримталсан, мөн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг баримтлаагүй байна.Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-227 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10 806 987 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүсэж байна.Шүүхэд анх гаргасан эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажлын байраар хангуулах гэсэн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам шүүхэд гаргасан тайлбартаа болон төлөөлөгч Н.Болороо шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Х.Мөнгөнтуяагийн бүрэн эрхийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр ерөнхий хорооны хурлын 8 дугаар хавсралтаар шинэчлэн батлагдсан ерөнхий хорооны нарийн бичгийн даргын дүрмийн 2.4-т “Нийгэмлэгийн ерөнхий хороо нь хугацаанаас өмнө нарийн бичгийн даргын эрх хэмжээг дуусгавар болгох шийдвэр гаргах эрхтэй” гэж  заасан.Х.Мөнгөнтуяа 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хөдөлмөрийн харилцааны албанд гаргасан өргөдөлдөө-ерөнхий хорооны 3 дугаар шийдвэрийн дагуу ерөнхий хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн, хурлын шийдвэрт ажлаар хангахаар заасны дагуу мэргэжлийн инженерийн хувьд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Бээжин хот дахь төлөөлөгчөөр ажиллах хүсэлтэй байгаа тухайгаа бичсний дагуу замын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б-1-227 тоот тушаалаар ерөнхий хорооны шийдвэр болон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Х.Мөнгөнтуяа дээрх  Б-1-227 тоот тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр гардаж авсан байна.Х.Мөнгөнтуяа анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ерөнхий хорооны шийдвэрийн 2 дугаар зүйлийн 2.2.б заалтын дагуу урд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангуулах шаардлага гаргаж байсан бөгөөд ерөнхий хорооны нарийн бичгийн даргаас чөлөөлсөн ерөнхий хорооны шийдвэр болон замын даргын Б-1-227 тоот тушаалын талаар маргаагүй ба тушаалыг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд 2016 оны 10 дугаар арын 6-ны өдөр гардаж авсан тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий хорооны нарийн бичгийн даргын ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Мөнгөнтуяа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б-1-227 дугаар “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 10 806 987 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасан байна.

 

Дараах үндэслэлээр Х.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

      Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б-1-227 дугаар тушаалаар тус нийгэмлэгийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Х.Мөнгөнтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс дуусгавар болгож, түүнийг хөдөлмөрийн харилцааны мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх Х.Мөнгөнтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалд-Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалтууд, Ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 3 дугаар протоколын шийдвэрийг үндэслэсэн гэж дурдсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэлийг дурдсан байх бөгөөд 37.1.1-т “талууд харилцан тохирсон” гэж дурдсан байх боловч нэхэмжлэгч Х.Мөнгөнтуяа надтай тохиролцоогүй, 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 15 цагт ажлаа өг гэж шаардсан, 16 цагт хөдөлмөрийн харилцааны албанаас яриад ямар ажил дээр томилогдох хүсэлтэй байгаа өргөдлөө бичээд өг гэсний дагуу би Бээжин дэхь төлөөлөгчөөр томилж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн гэж тайлбарлаж байна.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын тухай дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Нийгэмлэгийн ерөнхий хороо нь хугацаанаас өмнө нарийн бичгийн даргын эрх хэмжээг зогсоох шийдвэр гаргах эрхтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль болон Компанийн тухай хуулиар тогтоосон нөхцөлүүд байна “ гэж заасан байна.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Х.Мөнгөнтуяатай хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох зохицуулалтын талаар талууд тохироогүй байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Х.Мөнгөнтуяа ажлаас чөлөөлөгдсөн талаарх  гомдлоо шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гаргасныг шүүх 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 102/ШЗ2016/26308 дугаар шүүгчийн захирамжаар  хүлээн авахаас татгалзсан боловч Х.Мөнгөнтуяа дахин 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан Х.Мөнгөнтуяагийн маргааны талаар гомдол гаргах хургацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б-1-227 дугаар тушаал үндэслэлгүй байх тул Х.Мөнгөнтуяаг эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоо үндэстэй байна.

 

Мөн Нийгмийн хамгаалал, хөдөмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойох журмын дагуу нэхэмжлэгчийн 2016 оны 7, 8, 9 дүгээр саруудын цалингийн нийлбэр 6 863 478 төгрөгөөс дундаж цалинг бодож, ажилгүй байсан 75 хоногийн цалингийн олговорт 8 170 800 төгрөгийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б-1-227 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хотолхүүгийн Мөнгөнтуяаг Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын ажилд эргүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замаас 8 170 800 /найман  сая нэг зуун далан мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан Х.Мөнгөнтуяад олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Х.Мөнгөнтуяагийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлэхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН