Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 602

 
   

Х.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/00231 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замд холбогдох

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-227 дугаар "хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х.Мөнгөнтуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Батбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Болороо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон  нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам болон Зам тээврийн яаманд 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-227 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хариуцагч байгууллага надад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан ажлын байрыг санал болгосон тул би хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд намайг ажлын байраар хангахгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон ажилласан жилийг тасалдуулж байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-227 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад баримталсан, мөн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг баримтлаагүй байна. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-227 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10 806 987 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүсэж байна. Шүүхэд анх гаргасан эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажлын байраар хангуулах гэсэн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Х.Мөнгөнтуяагийн бүрэн эрхийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ерөнхий хорооны хурлын 8 дугаар хавсралтаар шинэчил батлагдсан ерөнхий хорооны нарийн бичгийн даргын дүрмийн 2.4-т "Нийгэмлэгийн ерөнхий хороо нь хугацаанаас өмнө нарийн бичгийн даргын эрх хэмжээг дуусгавар болгох шийдвэр гаргах эрхтэй" гэж заасан. Х.Мөнгөнтуяа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн харилцааны албанд гаргасан өргөдөлдөө ерөнхий хорооны 3 дугаар шийдвэрийн дагуу ерөнхий хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн хурлын шийдвэрт ажлаар хангахаар заасны дагуу мэргэжлийн инженерийн хувьд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Бээжин хот дахь төлөөлөгчөөр ажиллах хүсэлтэй байгаа тухайгаа бичсэний дагуу замын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-227 тоот тушаалаар ерөнхий хорооны шийдвэр болон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Х.Мөнгөнтуяа дээрх Б-1-227 тоот тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан байна. Х.Мөнгөнтуяа анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ерөнхий хорооны шийдвэрийн 2 дугаар зүйлийн 2.2.6 заалтын дагуу урд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангуулах шаардлага гаргаж байсан бөгөөд ерөнхий хорооны нарийн бичгийн даргаас чөлөөлсөн ерөнхий хорооны шийдвэр болон замын даргын Б-1-227 тоот тушаалын талаар маргаагүй ба тушаалыг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд 2016 оны 10 дугаар арын 06-ны өдөр гардаж авсан тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий хорооны нарийн бичгийн даргын ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б-1-227 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хотгойдынхон Мөнгөнтуяаг Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замаас 8 170 800 /найман сая нэг зуун далан мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан Х.Мөнгөнтуяад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Х.Мөнгөнтуяагийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлэхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ерөнхий хорооны шийдвэр болон 2016-10-03-ны өдрийн Б-1-227 тоот тушаалын дагуу Ерөнхий хорооны нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөгдсөн талаар маргаагүй, хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгосон тушаалыг хүлээн зөвшөөрч байсан болохыг, харин Ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3 тоот хурлын шийдвэрийн 2.2.б заалтын дагуу ажлын байраар хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан болохыг, нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-227 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тухай, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байсан болохыг шүүх анхаарч үнэлээгүйгээс нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Ажлын байраар хангуулах тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байх бөгөөд нэхэмжлэгч тал 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн байгаа талаар хариуцагчийн зүгээс өгсөн тайлбарт шүүх ямар ч дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хангасан болох нь тодорхойгүй байна. Талууд хөдөлмөрийн гэрээний хугацаа болон хугацаанаас өмнө дуусгавар болгох талаар маргаагүй. Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон асуудлаар мэтгэлцсэн байхад шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч Х.Мөнгөнтуяагийн гаргасан өргөдлийн дагуу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай Б-1-227 тоот тушаал гарсан болох нь хэрэгт авагдсан өргөдлөөр тогтоогддог.

2016 оны 05 дугаар сарын 04-ний "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлын 8 дугаар хавсралтаар шинэчлэн батлагдсан "Ерөнхий хорооны нарийн бичгийн даргын дүрэм"-ийн 2.4-д: Нийгэмлэгийн Ерөнхий хороо нь хугацаанаас өмнө нарийн бичгийн даргын эрх хэмжээг дуусгавар болгох шийдвэр гаргах эрхтэй" гэж заасны дагуу Ерөнхий хорооны 2016-09-27-ны өдрийн 3 дугаар шийдвэрийн 2 дахь, заалтаар Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Х.Мөнгөнтуяагийн бүрэн эрхийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Мөн Х.Мөнгөнтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-д: "ажиллаж буй ажил, албан тушаалыг өөрчлөгдөх шийдвэрийг эрх бүхий байгууллага гаргасан бол" хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл болон Ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 дэх заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон Б-1-227 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн Х.Мөнгөнтуяа нь Б-1-227 тоот "Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тухай" тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардан авч, гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан бөгөөд энэхүү тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хоорондын   хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлээгүй орхигдуулсныг зөвтгөж өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Х.Мөнгөнтуяа нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-227 дугаар "хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Х.Мөнгөнтуяа нь Б-1-227 тоот "Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тухай" тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардан авч,  энэхүү тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж маргажээ.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын дээрх тушаалаар Х.Мөнгөнтуяаг тус нийгэмлэгийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт буюу талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлийг баримталжээ. Мөн тушаалд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 03 дугаар протоколын шийдвэрийг үндэслэлдээ заажээ. /хх-6/ Нэхэмжлэгчийн 2016 оны 10 сарын 03-ны өдөр өөр ажлаар хангаж өгөх талаар хариуцагчид хандан өргөдөл бичсэн /хх-61/, Ерөнхий хорооны хурлын тэмдэглэл /хх-39-40/ зэрэг хэргийн баримтыг харьцуулан үзэхэд хариуцагч байгууллага ажлаас чөлөөлөх асуудлыг нэхэмжлэгчийн хүсэлтээр бус, харин өөрийн санаачилгаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.Мөнгөнтуяагийн гаргасан дээрх өргөдөлд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн  Ерөнхий хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх талаар тухайлан заагаагүй, харин албан тушаалыг нь өөрчилсөнтэй холбоотойгоор ажлаар хангахыг хүссэн агуулгатай байна.

 

Х.Мөнгөнтуяа ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд  2016 оны 11 сарын 01-ний өдөр шүүхэд эрх нь зөрчигдсөн талаар гаргасан байх тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах” зохицуулалтад нийцсэн болно. Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан гомдлыг агуулгаар нь авч үзвэл ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөнтэй холбоотой байх тул 2016 оны 01 сарын 05-ны өдөр шаардлагаа тодруулж нэмэгдүүлснийг ажилд эгүүлэн тогтоохтой холбоотой гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид 2016 оны 7, 8, 9 дүгээр саруудын цалингийн нийлбэр 6 863 478 төгрөгөөс дундаж цалинг бодож, ажилгүй байсан 75 хоногийн цалингийн олговорт 8 170 800 төгрөгийг олгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтуудад нийцжээ.

 

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус байсны улмаас ажилд нь эгүүлэн тогтоосноор уг тушаалын үр дагавар арилах тул тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байхад тусад нь нэхэмжлэл гэж үзэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас нөхөн төлүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн заалтыг анхан шатны шүүх баримтлаагүйг залруулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч Х.Мөнгөнтуяаг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 145 683 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах талаар 4 дэх заалт нэмж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/00231 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын дараа “4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Мөнгөнтуяаг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгээс 145 683 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэсэн 4 дэх заалтыг нэмж, 4 дэх заалтын дугаарыг “5” гэж, 5 дахь заалтын дугаарыг “6” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 683 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                           

                                                 

     ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

                                             

            Б.НАРМАНДАХ