Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00788

 

Ж.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03817 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 339 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.О-т холбогдох,

15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.А- нь Барилгын политехник коллежийн багш ажилчдад зориулж хямдралтай үнээр барьж байгаа уг орон сууцнаас байр авах гэж байсан. Ингээд өөрийн мөнгөөр гипсэн блок худалдан авч, өгч байрныхаа үнэд тооцуулах зорилгоор иргэн С.О-тэй амаар хэлцэл хийн харилцан тохиролцож, худалдан авахаар болж урьдчилгаанд нь 2 удаагийн гүйлгээгээр 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 7 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 8 000 000 төгрөгийг тус тус нийт 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

С.О- нь дээрх мөнгийг өөрийн төрсөн дүү С.Одмандахын хувийн дансаар шилжүүлэн авсан. С.О-ээс 10 см-ийн зузаантай, нэг ширхэг нь 10 000 төгрөгийн үнэ бүхий 1500 ширхэг барилгын гипсэн блок авах байсан. Гэтэл хариуцагч нь харилцан тохиролцсоныхоо дагуу дээрх 15 000 000 төгрөгөөр барилга барихад тохиромжтой чанар стандартад нийцсэн хавтангуудыг мөнгө шилжүүлсний дараа нийлүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй.

Иймд иргэн С.О-т гипсэн блокны төлбөр болгож шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Ж.А-тай ямар нэгэн хэлцлийг аман болон бичгэн хэлбэрээр хийгээгүй бөгөөд түүнтэй анх удаа 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр барилгын коллежийн багш ажилчдын орон сууц бариулах ажлын комиссын дарга П.Нарандалайгийн хүсэлтээр түүний өгсөн Ж.А-гийн 91979199 дугаарын утсаар холбогдож, гипсэн блокны төлбөрийг нэн даруй барагдуулж, татан авалтаа хийхийг хүссэн албан тоотыг Ж.А-гийн цахим шууданд илгээсэн.

Нэхэмжлэгч Ж.А- нь өөрийн албан тушаал, ажил хэргийн ёс зүй, шударга байдлыг үл ухамсарлан, нэхэмжлэлдээ намайг ямар ч үндэслэлгүйгээр буруутгасан. 

Би “Блю старлит” ХХК-ийн захирал ажилтай бөгөөд Барилгын политехник коллежийн багш ажилчдын орон сууцны барилгын гүйцэтгэгч “Ариун-Очир” ХХК-тай уг барилгын дотор, хамар хананд зориулсан гипсэн блок, дагалдах дайвар бүтээгдэхүүнийг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Барилгын политехник коллежийн барилгын зургийн автор Д.Нямсүрэн, П.Нарандалай дарга, багш нарын төлөөлөл, Ц.Зулхүү захирал зэрэг хүмүүсийн судалгааны дүнд манай бүтээгдэхүүн сонгогдсон.

Гэрээ байгуулах явцад “Ариун-Очир” ХХК-ийн захирал Ц.Зулхүү Барилгын политехник коллежийн санхүүжилтын байдлаас хамаарч, төлбөрийн хуваарийг тодорхой хийх боломжгүй байгааг тайлбарлаад дэнчингийн мөнгийг энэ 7 хоногтоо багтаагаад шилжүүлнэ, сургууль дараа 7 хоногт мөнгө шилжүүлэх ёстой, тэгэхээр нь блокны төлбөрийг бөөнөөр шилжүүлнэ гэснийг үндэслээд манай гэрээний загварыг гараар бөглөн хуулбарлан гэрээ байгуулсан. Мөн татан авалтын графикийг Ц.Зулхүү захирал барилгын ажлын явцаас хамаарч, тодорхой хэлж чадахгүй байсантай нь холбогдуулан, татан авалтыг 90 хоногийн хугацаанд байхаар тохиролцож тус тусын гэрээний хувинд өөрсдөө гараар бичсэн.

2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд Ц.Зулхүү захиралтай утсаар холбогдож төлбөрөө яаралтай өгөх хэрэгтэй байгааг хэлдэг байсан ба 2016 оны 09 дүгээр сарын 26-нд мөнгө шилжүүлснээс хойш Ц.Зулхүү захирал утсаа авдаггүй, очиход ажил дээрээ байдаггүй байсан тул 10 дугаар сарын эхээр нярав эмэгтэйд нь утсаар яриач гэснийг минь дамжуулж өгөөч гээд утсаа бичиж үлдээсэн.

Гэвч ярихгүй байхаар нь хэд хэдэн удаа очоод мөн л таарахгүй байсан. Бид үйлдвэрлэлээ явуулж байгаад “Ариун-Очир” ХХК-ийн захиалсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дуусгахад шаардлагатай 67 тонн гипсийг импортлохын тулд төлбөрөө төлөхийг шаардан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Зулхүү захиралтай холбогдоход бидэнд мөнгө байхгүй байна гэхэд нь би ядаж 25 000 000 төгрөг шилжүүл гэхэд шилжүүлнэ, та гипсээ татаж бай гэсэн.

Гэтэл мөнгө шилжүүлэхгүй байсаар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 7 000 000 төгрөг, 8 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ асуудлыг мэдсээр байж нэхэмжлэл гаргаж байгааг нь гайхаж байна. П.Нарандалай захирлын хариуцлагагүй байдлаас болсон. Тийм учраас үндэслэлгүйгээр надаас нэхэмжилсэн гэж үзэж байна.

Ж.А- гэдэг хүн мөнгө шилжүүлэхдээ С.О-ийн дансанд биш, н.Одмандахын дансанд хийсэн. Тэр хүн нь С.Одмандах биш, Э.Одмандах. Энэ төлбөрийн зориулалт нь банкны тухайн гүйлгээний мемориалын ордер болон интернетээс авсан хуулган дээр төлбөрийн агуулга нь Барилгын политехник коллежоос гипсэн хавтангийн үнэ, Барилгын политехник коллежоос гөлтгөнө хавтангийн урьдчилгаа гэж хийснээс С.О-т гэрээний дагуу гипсэн блокны үнэ гэж хийгээгүй. Энэ нь хоёр баримтаар нотлогдож байгаа. Интернетээс авсан банкны хуулга болон тухайн банкнаас авсан мемориалын хуулгаар нотлогдоно.

Тэгэхээр би Ж.А-гаас нэг ч төгрөг аваагүй, хэлцэл хийгээгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03817 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.О-ээс 15 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 339 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасан эрхээр хангаагүй.

...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны үед 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гипсэн блокны төлбөрийг нэн даруй барагдуулж, гипсэн блокоо татаж авахыг хүссэн албан тоотыг Ж.А-гийн И-мейл хаяг руу явуулсан шууданд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Энэ И-мейлд “Ариун-Очир” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийг нэн даруй төлөхийг болон бэлэн болсон гипсэн блокоо татан авахыг шаардсан болох нь маш тодорхой байсан. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэж байсан шүүгчид үүнийг авч хэлэлцээгүй орхисон нь нэг талыг барьж, оролцогчийн эрхийг хангаагүй.

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Барилгын политехник коллежийн захирал асан П.Нарандалай, “Ариун-Очир” ХХК-ийн захирал Ц.Зулхүү, “Блю Старлит” ХХК-ийн захирал С.О-, хуульч Л.Баасанжав нарын  оролцсон гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан гэрээ дүгнэх ярилцлагын дуу бичлэг байсан. Үүнийг шүүхэд нотлох баримтаар тогтоолгож, шинжээч томилуулж шинжлүүлэх хүсэлт гаргасан.

Гэвч анхан шатны шүүх үүнийг мөн л авч хэлэлцэлгүй орхисон.

“Ариун-Очир” ХХК, “Блю Старлит” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүргийн мөнгөн төлбөрийн асуудал л яригдаж байгаа. Ж.А-гийн дансаар байгууллага хоорондын мөнгөн гүйлгээ хийгддэг байсан. “Барилга өргөө” ТББ-ын тэргүүн П.Нарандалай нь гэрчийн мэдүүлэгтээ “Барилга өргөө ТББ-ын санхүүжилтын асуудлыг Ж.А- хариуцдаг. Данс Ж.А-гийн нэр дээр нээгдсэн.” гэсэн. Энэ үүднээсээ ч гэрээний төлбөрийг хувь хүний буюу Ж.А-гийн нэр дээрх угтаа “Барилга өргөө” ТББ-ын данснаас шилжүүлсэн. Хувь хүний буюу Ж.А-гийн данснаас байгууллагын гүйлгээ, энэ багш ажилчдын орон сууцны барилгын ажлын мөнгөн гүйлгээ байнга хийгддэг гэдгийг П.Нарандалай нь гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлснийг сайн шалгуулж, шинжээч томилуулж нотлуулах шаардлагатай байгаагаа удаа дараа илэрхийлж байсныг минь авч хэлэлцэхгүй мөн л орхисон.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс С.О- миний гаргасан хүсэлтийн дагуу “Ариун-Очир” ХХК-ийн захирал Ц.Зулхүүг гэрчээр асуусан. Үүнээс үзвэл Ж.А- надтай ярилцаж тохирч блок авна гэсэн үүднээс мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй, харин “Ариун-Очир” ХХК-ийн өмнөөс гэрээний төлбөрийг шилжүүлсэн байна гэдгийг дүгнэх байсан.

Гэвч анхан шатны шүүхээс энэ мэдүүлгийг огт авч үзээгүй нь хэргийг тал бүрээс нь бодитой хараагүй зөвхөн нэг талыг харж шийдвэр гаргасныг харуулж байна.

Нэхэмжлэгч Ж.А- нь П.Нарандалай, Ц.Зулхүү, Л.Баасанжав нартай үгсэн тохирч надтай гипсэн блок худалдан авах аман хэлцэл хийсэн гэж худал нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу П.Нарандалай, Ц.Зулхүү нар нь худал мэдүүлэг өгч хэргийг орвонгоор нь өөрчилсөн. Мөн энэ талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тусгасан боловч шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг л урьтал болгож нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 34 дүгээр зүйлд заасан эрх хангагдаагүй байна.

Анхан шатны шүүх хуралдааны үеэр эрх үүргийг тайлбарлаж өгч байхад би өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах хүсэлтээ гаргасан. Үүнээс үүдээд нэг өмгөөлөгчтэй гэрээ хийсэн. Гэвч гэрээ хийсэн хүн маань өмгөөлөгчийн эрхтэй хүн байгаагүйгээс би өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулж чадаагүй анхан болон давж заалдах шатны шүүхэд ганцаар оролцсон. Тухайн үед шүүгч энэ эрхээр хангагдсан эсэх талаар ер асууж лавлаагүй талуудын тэгш мэтгэлцэх зарчим ч үйлчлээгүй. Хэрэгт гол ач холбогдолтой “Ариун-Очир” ХХК болон Барилгын политехник коллежийн хоорондын байгуулсан гэрээнээс үүдэж “Блю Старлит” ХХК нь гипсэн блокийг үйлдвэрлэх гэрээ байгуулж энэ хэцүү байдалд орсон.

Гэвч эдгээр компани хоорондын гэрээ нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байгаа нь хэргийн үнэн зөвийг тогтооход нотлох баримтууд дутуу байна. Энэ нь гурван хуулийн этгээдүүдийн дунд болоод байгаа гэрээнээс үүдэлтэй маргаан тул энд хувь хүн С.О- намайг хариуцагчаар татан оролцуулах нь үндэслэлгүй юм.

“Ариун-Очир” ХХК-ийн захирал Ц.Зүлхүүг хэрэгт гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ц.Зулхүүгийн мэдүүлэг нь энэ хэрэгт үүсээд байгаа гол маргаан бол “Ариун-Очир” ХХК болон “Блю Старлит” ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээс үүдэлтэй маргаан гэдгийг тодорхойлсон. Иймээс Ц.Зулхүүг энэ хэрэгт хэрэгт хариуцагчаар татаж оролцуулах ёстой байсан. Гэвч хэргийн гол нөхцөл байдлыг өөрчлөх гэж итгэжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав ёс зүйгүй худал тайлбар гаргаж хэргийн нөхцөл байдлыг эргүүлж байна.

Иймээс хэргийн нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс авахуулаад нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, процессийн алдаатай байсан тул анхан шатны шүүх рүү буцааж, хэргийг тал бүрээс нь бодитой шийдэх нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Ж.А- нь хариуцагч С.О-ээс худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч С.О- нь шаардлагыг эс зөвшөөрч, Ж.Алтанцэцэгтэй гэрээний ямар нэг харилцаагүй, харин “Блю старлит” ХХК-ийн захирлын хувьд Барилгын политехник коллежийн багш ажилчдын орон сууцны барилгын гүйцэтгэгч “Ариун-Очир” ХХК-тай уг барилгын дотор, хамар хананд зориулсан гипсэн блок, дагалдах дайвар бүтээгдэхүүнийг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөнгө авсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгчийн данснаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 7 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 8 000 000 төгрөг Э.Одмандахын дансанд шилжсэн, уг мөнгийг С.О- авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй учир шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч С.О- нь гүйцэтгэсэн ажил, эсхүл нийлүүлсэн эд хөрөнгийн үнийг гэрээ бүхий этгээдээс шаардахад энэ хэргийн шийдвэр саад болохгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03817 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 339 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН