Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 3817

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О-т холбогдох,  

15,000,000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ү.Мандал нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Миний бие А  нь Барилгын Политехник коллежийн багш ажилчдын орон сууцын барилгын ажлын санхүүг хариуцан ажилладаг бөгөөд манай багш ажилчдад зориулж хямдралтай үнээр барьж байгаа уг орон сууцнаас байр авах гэж байсан. Ингээд өөрийн мөнгөөр гипсэн блок худалдан авч өгч байрныхаа үнэд тооцуулах зорилгоор иргэн Отэй амаар хэлцэл хийн харилцан тохиролцож худалдан авахаар болж урьдчилгаанд нь 2 удаагийн гүйлгээгээр 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 7,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус, нийт 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. О нь дээрх мөнгийг өөрийн төрсөн дүү С.Од ын хувийн дансаар шилжүүлэн авсан.  иргэн Оээс 10 см-ийн зузаантай, нэг ширхэг нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 1500 ширхэг барилгын гипсэн блок авах байсан. Гэтэл хариуцагч нь харилцан тохиролцсоныхоо дагуу дээрх 15,000,000 төгрөгөнд барилга барихад тохиромжтой чанар стандартад нийцсэн хавтангуудыг  мөнгө шилжүүлсний дараа нийлүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй юм. Иймд иргэн О т гипсэн блокны төлбөр болгож шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.

“Хариуцагч О миний бие нэхэмжлэгч А тай ямар нэгэн хэлцлийг аман болон бичгэн хэлбэрийн алинаар нь ч хийгээгүй бөгөөд түүнтэй анх удаа 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Барилгын Политехник Коллежийн /БПК/ захирал асан, БПК-ийн багш ажилчдын орон сууц бариулах ажлын комиссын дарга Н гийн хүсэлтээр түүний өгсөн А гийн 91979199 дугаарын утсаар холбогдож, гипсэн блокны төлбөрийг нэн даруй барагдуулж, татан авалтаа хийхийг хүссэн албан тоотыг Алтантуяагийн надад өгсөн [email protected] хаягтай цахим шууданд илгээсэн. Н  даргын хэлснээр А  нь БПК-ийн ня-бо ажилтай ба би БПК-ийн захирал биш болсон, бас мөнгөний асуудлыг ня-богоор дамжуулах нь зөв тул та мөнгө шилжүүлэхийг хүссэн албан бичгээ энэ хүнтэй яриад түүний цахим шуудангаар илгээчих, З захирал танайд өгөхийг зөвшөөрсөн, сургууль “А” компанийн хоорондох гэрээнд өөрчлөлт орж байгаа тул тэдний дансанд гипсэн блокны төлбөрийг одоогоор хийх боломжгүйгээс танайд хувийн дансанд хийлгүүлье, дараа нь танай хоёр компани хоорондын тооцоогоор зохицуулчих гээд ня-бо Алтантуяатай холбосон болно. Нэхэмжлэгч А  нь өөрийн албан тушаал, ажил хэргийн ёс зүй, шударга байдлыг үл ухамсарлан, нэхэмжлэлдээ намайг ямар ч үндэслэлгүйгээр буруутгасан байна. Би “Б” ХХК-ийн захирал ажилтай бөгөөд БПК-ийн багш ажилчдын орон сууцны барилгын гүйцэтгэгч “А” ХХК-тай уг барилгын дотор, хамар хананд зориулсан гипсэн блок, дагалдах дайвар бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. БПК-ийн барилгын зургийн автор Д.Нямсүрэн, Н  дарга, багш нарын төлөөлөл, З захирал зэрэг хүмүүсийн судалгааны дүнд манай бүтээгдэхүүн сонгогдсон. Манай үйлдвэр улирлын чанартайгаас үйлдвэрлэл дундажаар 10 дугаар сарын дунд хүртэл ажилладаг технологийн нөхцөл байдалтай уялдуулж, эдний захиалгат бүтээгдэхүүнийг яаралтай үйлдвэрлэхийн тулд хоёр талын хариуцлагыг өндөржүүлж, гэрээнд дэнчингийн заалт тусгасан. Гэрээ байгуулах явцад “А” ХХК-ийн захирал З БПК-ийн санхүүжилтийн байдлаас хамаарч, төлбөрийн хуваарийг тодорхой хийх боломжгүй байгаагаа тайлбарлаад дэнчингийн мөнгийг энэ 7 хоногтоо багтаагаад шилжүүлнэ, сургууль дараа 7 хоногт мөнгө шилжүүлэх ёстой, тэгэхээр нь блокны төлбөрийг бөөн бөөнөөр шилжүүлнэ гэснийг үндэслээд манай гэрээний загварыг гараар бөглөн канондоод гэрээгээ байгуулсан. Мөн татан авалтын графикийг З захирал барилгын ажлын явцаас хамаарч мөн л тодорхой хэлж чадахгүй байсантай нь холбогдуулан, татан авалтыг 90 хоногийн хугацаанд байхаар тохиролцож тус тусын гэрээний хувинд өөрсдөө гараар бичсэн. Гэрээ байгуулсан өдөр болох 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 09 дүгээр сарын 26-ныг дуусталх хугацаанд З захиралтай утсаар холбогдож төлбөрөө яаралтай өгөх хэрэгтэй байгааг хэлдэг байсан ба 09 дүгээр сарын 26-нд мөнгө шилжүүлснээс хойш З захирал утсаа авдаггүй, очиход ажил дээрээ байдаггүй байсан тул 10 дугаар сарын эхээр нярав эмэгтэйд нь утсаар яриач гэснийг минь дамжуулж өгөөч гээд утсаа бичиж үлдээсэн. Гэвч ярихгүй байхаар нь хэд хэдэн удаа очоод мөн л таарахгүй байсан. Бид үйлдвэрлэлээ явуулж байгаад “А” компанийн захиалсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дуусгахад шаардлагатай 67 тн гипсийг импортлохын тулд төлбөрөө төлөхийг шаардан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр З захиралтай холбогдоход бидэнд мөнгө байхгүй байна гэхэд нь би ядаж 25,000,000 төгрөг шилжүүл гэхэд шилжүүлнэ, та гипсээ татаж бай гэсэн. Гэтэл мөнгө шилжүүлэхгүй байсаар 12 сар гарсан. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөнгө яаралтай шилжүүлж өгье гэсэн. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 7,000,000 төгрөг ороод ирсэн. 8,000,000 төгрөгийг хэзээ төлөх вэ гэхэд А  гэдэг хүн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөнгө шилжүүлсэн. Энэ хүн өөрөө энэ асуудлыг мэдсээр байж ийм нэхэмжлэл гаргаж байгааг нь гайхаж байна. Би А  гэдэг хүнийг худлаа яриад байна гэж ойлгож байна. Н  захирлын хариуцлагагүй байдлаас болсон. Тийм учраас үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байна гэж үзэж байна. А  гэдэг хүн мөнгө шилжүүлэхдээ О гэдэг хүний дансанд биш Од  гэдэг хүний дансанд хийсэн. Тэр хүн нь С.Од  биш, Э.Од . Энэ төлбөрийн зориулалт нь банкны тухайн гүйлгээний мемориалын ордер болон интернетээс авсан хуулган дээр төлбөрийн агуулга нь Барилгын Политехник коллежоос гипсэн хавтангийн үнэ, Барилгын Политехник коллежоос гөлтгөнө хавтангийн урьдчилгаа гэж хийснээс О т гэрээний дагуу гипсэн блокны үнэ гэж хийгээгүй. Энэ нь хоёр баримтаар нотлогдож байгаа. Интернетээс авсан банкны хуулга болон тухайн банкнаас авсан мемориалын хуулганаас харагдаж байгаа. Тэгэхээр би А  гэж хүнээс нэг ч төгрөг аваагүй, хэлцэл хийгээгүй” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А  нь хариуцагч От холбогдуулан гипсэн блокны төлбөр болгож шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Барилгын Политехник коллежийн багш ажилчдад зориулж хямдралтай үнээр барьж байгаа  орон сууцнаас байр авах гэж байсан бөгөөд өөрийн мөнгөөр гипсэн блок худалдан авч өгч байрныхаа үнэд тооцуулах зорилгоор иргэн От 7,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг шилжүүлж 10,000 төгрөгийн үнэ бүхий 1500 ширхэг барилгын гипсэн блок авах байсан боловч О нь нийлүүлээгүй тул гипсэн блокны төлбөр болгож шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч А  нь Голомт банкны 1905109218 дугаартай өөрийн нэр дээрх данснаас тус банкны 1201132191 дугаартай Э.Од ын данс руу 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 7,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, хариуцагч О нь уг мөнгийг Э.Од аар дамжуулан авсан болох нь Голомт банкны төлбөрийн баримт, мемориалын баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-3, 4, 29, 30/

Хариуцагч О нь дээр дурдсан 15,000,000 төгрөгийг Э.Од аар дамжуулан авсан талаар маргаагүй бөгөөд шилжүүлж авсан 15,000,000 төгрөг нь “Ариун Очир” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө, нэхэмжлэгч А гаас мөнгө аваагүй гэх тайлбар гарган маргажээ.

“Б” ХХК-ийн захирал О, “А” ХХК-ийн захирал З нар нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр 16/09 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, барилгын дотор ханын зориулалттай гипсэн блок болон дагалдах дайвар бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахаар тохиролцжээ. /25-26/

Хариуцагч нь нэхэмжлэгч А  Барилгын Политехник Коллежийн багш ажилчдын орон сууцны барилгын мөнгөний асуудлыг хариуцаж байсан бөгөөд түүний данснаас шилжүүлсэн мөнгө нь “А” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гипсэн блокны төлбөрт шилжүүлсэн мөнгө, энэ нь А гаас мөнгө шилжүүлсэн талаарх Голомт банкны мемориалын баримтанд гүйлгээний утга “БПК-с гипсэн хаьангийн үнэд”, “БПК-с гөлтгөнө хавтангийн урьдчилгаа” гэж бичигдсэнээр нотлогдоно гэх тайлбарыг гаргасан.

А  нь “А” ХХК болон Барилгын Политехник Коллежийн өмнөөс өөрийн дансаар 15,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, мөн шилжүүлсэн 15,000,000 төгрөг нь “Б” ХХК, “А” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээтэй хамааралгүй болох нь Барилгын Политехник Коллежийн багш, ажилчдын орон сууцны барилгын асуудлыг хариуцсан “Барилга өргөө” Төрийн бус байгууллагын албан бичиг болон тус төрийн бус байгууллагын тэргүүн Н , “А” ХХК-ийн захирал З нарын гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хх-92, 108-109, 110-112/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч А гийн шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг хариуцагч О хүлээн авсан байх боловч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч А  нь хариуцагч Оээс шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч О нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй дансаар шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг авсан, нэхэмжлэгчид уг шилжүүлсэн мөнгө болон, түүний төлбөрт ямар нэгэн зүйл шилжүүлээгүй болох нь  тогтоогдож байх тул хариуцагчаас 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Оээс 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                          ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Оээс 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  А д олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээж, хариуцагч Оээс улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Хариуцагч О шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР