Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 83

 

 

                                                                               

 

 

 

 

 

2020       01         29                                      2020ШЦТ/83

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

             Улсын яллагч Б.Баярхүү,

             Шүүгдэгч А Р Анатольеви, түүний өмгөөлөгч О.С /ҮД:0613/,  

            Шинжээч эмч Б.Ламчин,

            Шинжээч эмч Б.Мөнхцацрал,

            Шинжээч эмч Б.Хувьтавилан,

             Орчуулагч Н.Нямдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            

            Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А Р А д холбогдох эрүүгийн 1902000080014 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

            

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Оросын Холбооны Улсын иргэн, Украйн улсад 1969 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, номлогч мэргэжилтэй, “Эрдэнэт дэлхийн гэрэл сүм” шашны байгууллагад захирал, номлогч ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-3-3 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй А Р А /Монгол Улсад түр оршин суух үнэмлэхний дугаар /,

            

            Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

             Яллагдагч А.Р нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн зөөврийн компьютер болох “Macbook” загварын нөүтбүүкээр www.ebay.com интернет сайтад нэвтрэн 3 ширхэг шилэн савтай, Каннабидиол гэх нэршилтэй шингэн бодисыг захиалсаны дагуу,

             2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Америкийн Нэдсэн Улсаас БНХАУ-аар дамжуулан “Natural health oils CBD Drops” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

            2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Их Британи Улсаас БНХАУ-аар дамжуулан “Raw Cannabis oils 3000 mg” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан каннабисын давирхайн бүрэлдэхүүн хэсэг болох Каннабидиол бодисын агууламжтай болон НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

            2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас БНХАУ-аар дамжуулан “Broad spectrum hemp extract” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан Каннабидиол бодисын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

            2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-3-3 тоотод “Natural health oils CBD Drops” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч А.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Яллах дүгнэлтийн 26-д авагдсан мэдүүлэг миний ярьсанаас зөрүүтэй байна. Энэ талаар жаахан тодруулж ярих гэсэн юм. Миний хувьд эрүүл мэндийн хүнд асуудалтай байсан. 2016 онд Оросын холбооны улсад явж байхдаа хүнд осолд орсон, толгой гэмтэж, үрэвсэл үүссэн, мөн хөл өвддөг болсон, 2018 он гэхэд миний биеийн байдал нилээн муудсан, цустай цэр гарч, шөнөдөө маш их халуурч хөлөрдөг, хөл хавагнадаг болсон, мөн байрны доор хөгц илэрсэн гэх мэтээр биеийн байдал улам дордож эхэлсэн. Олон хүн надад дээр итгэл тээж ирдэг. Ажил үүргийн үүднээс өвчтэй гэдгээ хэлдэггүй байсан. Хүмүүст мэдэгдэхгүйгээр эмчид үзүүлээд эмчилгээ хийлгээд явдаг байсан.  Хаана ч очсон яг тийм гэсэн хариу авч чадахгүй байсан болохоор өвчнийхөө учрыг олохоор шинжилгээ өгөөд тархины зураг авахуулаад явдаг байсан. Эмч нар бодитой хариу өгөөгүй. Тиймээс миний биеийн аль нэг эрхтэнд хавдар үүссэн гэх оношийг өөртөө олсон. Өдөр бүр тодорхой нэг цагт халуурдаг байсан. Их хөлөрхөөр дэр норж, бие маш ихээр сульддаг болсон. Энэ талаараа гэр бүлийнхэндээ ч хэлээгүй,  залбирахаас гадна өөрөө өөртөө туслах аргыг хайж эхэлсэн. Тэгээд интернэтээс СВD гэх бүтээгдэхүүний талаар олж уншихад байгалийн гаралтай, эмчилгээний зориулалттай эмийн журмаар хэрэглэдэг гэсэн мэдээлэл байсан. Цааш нь судалж байх хугацаанд 1920 он хүртэл эмийн санд худалдаалагдаж байсан бүтээгдэхүүний 80 орчим хувийг олсон ургамлаас хийдэг байсныг олж мэдсэн. Өнгөрсөн зууныг хүртэл хүмүүс хавдар гэх өвчнийг мэддэггүй байсан нь сонирхолтой санагдсан, хавдар нь 20 дугаар зууны өвчин гэж ойлгож байна. Энэ бодисоор хар тамхи хийдэг талаар мэддэг байсан. Энэ бүтээгдэхүүнийг судлах явцад сайт дээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэх мэдээлэл огт байгаагүй. СВD буюу Каннабидиол нь сэтгэцэд нөлөөлөхгүй, хар тамхи биш гэж бичсэнийг олж уншсан. Энэ бол албан эх сурвалжаас олж мэдсэн мэдээлэл байсан. Өөрөөр хэлбэл СВD хэрэглэх нь THС агуулдаг бодисоос өөр нөлөөтэй гэж ойлгосон. Энэ ургамлын тос нь чөлөөтэй зарагддаг. CBD нь дархлааг дэмждэг талаар олж мэдсэн, миний дархлаа суларсан нь өвчин хүрэх том шалтгаан болсон гэдгийг ойлгосон. Нобелийн шагналт Оросын алдарт эмчийн хэлснээр дархлаа сайн бол ямар ч вирус халдварыг авахгүй байх боломжтой гэж хэлсэн байдаг. Бидний бие организм нь канабидиолыг ялгаруулдаг. СВD нь хүний биед ашигтай  ферментүүдийг үүсгэж, хавдарыг даван туулахад нөлөөлдөг. ТНС нь өөрийн гэсэн үүрэгтэй, шууд рецевторт нөлөөлдөг, маш бага хэмжээгээр ТНС өгөхөд хүн тайвширдаг, биеийн тэнцвэртэй байдлыг хадгалахад маш үр дүнтэй талаар судалж мэдсэн. Миний олж мэдсэнээр СВD-г нэг сар хэрэглэхэд хавдар 2 дахин багасдаг. СВD нь ДНК-д хүрсэнээр хорт хавдар үржих нөхцлийг бууруулдаг.  Дэлхийн улс орнуудын ихэнх THС хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэгдсэн Үндэсний байгууллагын 1961, 1971 оны конвенцийн нэрсийн жагсаалтанд орсон бүтээгдэхүүнээс хасах тухай зөвлөмжийг олж уншсан. Энэ сэдэв бол 2016 онд хурц тавигдаж эхэлсэн. 2017-2018 онуудад эмийн нэр төрлөөс хасах тухай тогтоол гаргасан байна. 2019 онд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага нь THС-г 0.2 процент агуулахыг зөвшөөрсөн. Энэ бүтээгдэхүүнийг эм гэхээсээ илүү хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж үздэг. Эдгээр бүтээгдэхүүнийг өөрийнхөө эрүүл мэндийн төлөө захиалж авсан. Олон улсад нэр хүндтэй, чанга дүрэмтэй интернэт дэлгүүрээс авсан. Энэ дэлгүүр нь хар тамхи агуулсан бүтээгдэхүүн худалдаалахыг хориглодог юм байна. Еbay дэлгүүрийн талаарх орчуулсан баримтыг хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. Шүршигч, хамрын дусаагуур, тос гурвыг захиалсан. ТНС free гэсэн бичигтэй байсан. Доторх найрлаганд нь дельта-9-тетрагидроканнабинол байхгүй гэсэн бичиг байгааг анзаарсан. Өнгөрсөн жил хөлөндөө маш хүнд апрецанд орсон учраас тосыг нь хөлөндөө түрхэхээр авсан. Илгээмж ирсэн гэхээр нь очиход, гаалийн мэргэжилтэн хайрцагны амыг нээлгэж, надаас энэ юу вэ гэж асуусан, би өөрөө худалдаж авсан хамрын дусаагуур гэж хариулсан. Өөрийнхөө хаягаар захиалсан, хууль бусаар хилээр оруулаагүй, гаалийн мэргэжилтэн шалгаж хүлээлгэн өгсөн учраас хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд маш үр дүнтэй байсан. Нийтдээ арван дусаагуур хэрэглэсэн. Хэд хоногийн дараанаас мөрдөгч шөнө ирээд хар тамхи захиалсан гэх үндэслэлээр шилэнд шээлгэхэд THС илэрсэн. Мөн манай гэрт орж үзлэг, нэгжлэг хийсэн. Уг бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэж байгаагаа хэлсэн. Магадгүй тухайн дэлгүүрийн худалдагч өөр бүтээгдэхүүнийг андуурч явуулсан байж болно. Хар тамхи хууль бусаар хадгалаагүй. Би албан ёсоор захиалаад хил гаалиар оруулж ирсэн. Каннабидиол нь задарсанаар ТНС задарсантай адилхан үзүүлэлт гаргадаг тухай судалсан. Мөн тестийн хариу худал, эерэг гарах тохиолдлууд байдаг. Тухайбал, Монголын бүх эмийн сангуудаар чөлөөтэй зарагддаг О Paza  гэх ходоодны эмийг олон жил хэрэглэж байна. Энэ эмийг хэрэглэхэд худал болон эерэг шинжилгээний хариу гардаг. Энэ талаар мөрдөгч болон прокурорт мэдэгдэж байсан. Шинжилгээ болон конвенцийн тухай удаа дараа прокурорт мэдэгдэж байсан боловч анхаарч үзээгүй. Өчигдөр өмгөөлөгчтэй мөрдөгч Рагчаатай  ярилцаж байсан бичлэгийг үзэхэд ТНС, CBD байхаас үл хамааран С үсэг байгаа бол хар тамхи хэрэглэсэн гэж үзнэ хэлсэн. Урьдчилсан хэлэлцүүлэгт энэ тухай судлах гэсэн үүрэг өгч байсан. Шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Мөрдөгчид шинжилгээ дахин хийлгэх хүсэлт гаргасан боловч  шаардлагагүй гэсэн. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас СВD талаар материал байхгүй гэж хэлсэн. Хар тамхи санаатайгаар захиалаагүй, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шинжилгээ өгөхөд хар тамхиас хамааралтай гэх сэтгэцийн өвчтэй болох талаар дүгнэлт гараагүй. Энэ үйл явдал миний нэр хүндэд маш сөргөөр нөлөөлж, бие сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орж байна. Монгол Улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн гэдгийг зөвшөөрөхгүй байна. Эхнэр маань гоо сайхны янз бүрийн бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг байсан, ямар нэгэн асуудал үүсч байгаагүй. Худалдагч нь өөр бүтээгдэхүүн өгч явуулсан байх магадлалтай. Энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдээгүй, өөрийнхөө эрүүл мэндийн байдлаас болж бүтээгдэхүүн захиалж авсан. Хуулиар зөвшөөрсөн бүтээгдэхүүн хэрэглэсэн. Миний захиалсан бүтээгдэхүүнд ТНС илэрсэн байгаад эргэлзэж байна. Яллах дүгнэлт миний яриагүй зүйл дээр тулгуурлаж бичигдсэн гэж үзэж байна. ТНС болон SBD нь найрлагын хувьд 2 өөр бүтээгдэхүүн байгаа. Би бол маш их зүйлээр хохирч байна. Мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн очдог байсан. Миний хувийн байдлыг харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү...”гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, дүгнэлтдээ “...Шүүгдэгч А Р г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйл ангиудаар зүйлчилж байгаа. Анх 2018 оны 12 дугаар сарын 10-нд www.ebay.com интернэт дэлгүүрээс өөрийн эрүүл мэндийн шалтгаанаар нэршил бүхий гурван бүтээгдэхүүнийг захиалсан байдаг. Улс хоорондын шуудан илгээмжээр оруулж ирсэн байдаг. “Natural health oils CBD Drops” гэх бичиглэлтэй бүтээгдэхүүнийг аваад хэрэглэж байсан. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Raw Cannabis oils 3000 mg” гэх бүтээгдэхүүнийг Гаалийн газар битүүмжлэн авсан байдаг. Уг бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд ТНС илэрсэн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Шүүгдэгч нь 1994 оноос хойш Монгол Улсад амьдарч, Орхон аймагт Дэлхийн гэрэл сүмийг байгуулан олон жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн хэрэг, зөрчил гаргаж байгаагүй. Ам бүл долуулаа эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. Анхнаасаа мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисыг зориуд санаатайгаар захиалаагүй, эмчилгээний зориулалтаар захиалсан, байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох талаар албан ёсны эх сурвалжуудаас мэдээлэл авсан байдаг.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Гаалийн ерөнхий газрын лаборатор, мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн лаборатор, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын лаборатор гэх гурван байгууллагын шинжилгээ хийгдсэн байдаг. Шүүгдэгч Андрейченко Русланг нь эдгээр байгууллагуудын шинжилгээний дүн зөрүүтэй байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Шинжээч Б.Лхамчингийн дүгнэлтээр ТСН бодис илэрсэн гэж дүгнэсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Батбаяр, Гаалийн ерөнхий газрын лабораторын шинжээч Болорцэцэг нарын дүгнэлтээр CBD илэрсэн. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний лабораторын шинжилгээгээр тухайн бодисонд CBD илэрсэн. Уг бодис нь  гүнжидийн болон майлангийн тос байна гэх дүгнэлт гарсан. Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1961 оны конвенцид СВD гэх нэрээр байдаггүй. Хориглосон жагсаалтанд ороогүй. 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид драгойнал гэх нэрээр бүртгэгдсэн. Тиймээс шинжилгээгээр илэрч буй CBD гэх бодис нь конвенцид бүртгэгдээгүй, хориглосон бүтээгдэхүүн биш гэж үзэж байна. Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй, сэтгэц нөлөөлөх эм бэлдмэл захиалах сэдэлт, зорилго байгаагүй. Иймд гэм буруугийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна...” гэжээ.

 

            Шинжээч эмч Б.Ламчин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Анх 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 466 тоот шинжилгээний дээж ирсэн. Уг дээжинд Руслан, 50 настай,  эрэгтэй, “Natural health oils CBD Drops” бичиглэлтэй шээс мэт 70 миллиграмм шингэнийг ирүүлсэн. JSMS гэх багажийг ашиглан шинжилгээг явуулахад уг шар өнгийн тосорхог шингэнд дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Энэ нь 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан. Хоёр дахь 5096 дугаартай дүгнэлтэнд Руслан, 50 нас, эрэгтэй гэж хаяглан ирүүлсэн шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж тодорхойлох аргачлалын дагуу шинжилгээг хийхэд тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Тухайн JSMS багаж нь аравын хасах арван хоёр зэрэгт миллиграммыг хуваах нь литр хэмжээтэй. Өөрөөр хэлбэл нэг миллиграммыг сая хуваасны хэмжээтэй агуулгыг мэдрэх боломжтой байдаг. Шинжилгээнд ирүүлсэн  “Broad spectrum hemp extract”, “Natural health oils CBD Drops” “Raw Cannabis oils 3000 mg” гэх бичиглэл бүхий гурван шилтэй шингэнд ТНС буюу дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн гэв...” гэжээ.

            Шинжээч эмч Б.Мөнхцацрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Эрдэнэбилэг нь нэг шилтэй “Raw Cannabis oils 3000 mg” гэх бичиглэлтэй бор ногоон өнгийн шингэнийг шинжилгээнд авчирсан. 2018 оны 12 дугаар сарын 19-25-ны хооронд нил ягаан туяаны спекторфотометрийн аргаар болон илүү нарийвчлалтай аравын хасах зургаан зэрэгт миллиграммыг хэмждэг JSMS багажийг ашиглан шинжилгээ хийхэд ТНС буюу каннабидиол, дельта-9 тетрагидроканнабинол, линолын хүчлийн этилийн эфир гэх гурван агуулга илэрсэн. Албан бичгээр шинжилгээгээр илэрсэн агуулгыг тайлбарлаж хариу хүргүүлсэн. Шинжилгээгээр ТНС буюу каннабиодол илэрсэн. ТНС нь 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд орсон. Каннабидиол нь каннабисын давирхайны найрлаганд ордог. Каннабисын давирхай нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан... гэжээ.

            Шинжээч эмч Б.Хувьтавилан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2019 оны 10 дугаар сарын 25-нд манай лабораторт гурван төрлийн дээж ирсэн. Манай лаборатаорт тооны болон агууламж тодорхойлох шинжилгээг хийх боломжгүй учир нь каннабис болон мансууруулах төрлийн бодисын реферэнс материал нь байхгүй талаар хүсэлт гаргасан талд мэдэгдэхэд боломжит шинжилгээг хийлгэе гэх хариуг өгсөн.  Тиймээс нил улаан туяаны спекторфотометрын аргаар чанарын буюу таних урвалын шинжилгээг хийхэд 1470 дугаартай “Raw Cannabis oils 3000 mg” гэх дээжнээс 10 мл каннабидиол гэх шингээлтийг өгсөн. Мөн 1469 дугаартай “Broad spectrum hemp extract” гэх бичигтэй дээж нь кокосын тос буюу каннабидиол гэх хариу гарсан. 1471 дугаартай “Natural health oils CBD Drops” гэх дээжнээс гүнжидийн тос болон каннабидиол гэсэн хариу гарсан...” гэжээ.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас “1 дүгээр хавтаст хэргийн 1-12, 13, 20, 11-15, 17, 30-36, 38, 41-43, 44-47, 51, 52, 53, 54, 58, 71, 75, 77, 78, 81, 82, 91-95, 2 дугаар хавтаст хэргийн 35, 36, 39, 46, 93, 104, 111, 113 гэх баримтуудыг шинжлэн судлана” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн судлуулах баримттай давхцаж байгаа бөгөөд өөр ашигтай зүйлээ судлах, нэмээд 2 дугаар хавтаст хэргийн 66, 67, 79 мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судална гэв.

Шүүгдэгч А.Р “өмгөөлөгчтэй санал нэг байна” гэв. 

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            НЭГ: Гэм буруугийн талаар.

            Шүүгчдэгч А Р А нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн зөөврийн компьютер болох “Macbook” загварын нөүтбүүкээр www.ebay.com интернет сайтад нэвтрэн 3 ширхэг шилэн савтай, Каннабидиол гэх нэршилтэй шингэн бодисыг захиалсаны дагуу,

            2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Америкийн Нэдсэн Улсаас БНХАУ-аар дамжуулан “Natural health oils CBD Drops” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Их Британи Улсаас БНХАУ-аар дамжуулан “Raw Cannabis oils 3000 mg” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан каннабисын давирхайн бүрэлдэхүүн хэсэг болох Каннабидиол бодисын агууламжтай болон НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас БНХАУ-аар дамжуулан “Broad spectrum hemp extract” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан Каннабидиол бодисын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

            2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-3-3 тоотод “Natural health oils CBD Drops” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

            гэрч Б.Э ын “... гэсэн шуудангийн баталгааны дугаартай шap өнгийн дугтуйтай шингэн байсан. Дугтуйг шалгалтаар задлахад хар өнгийн хайрцагтай англи бичигтэй хар өнгийн шилэн савтай, шингэн зүйл байсан. Р А гэдэг гадаад хүний нэр дээр ирсэн байсан...” гэх мэдүүлэг        /1-р хх-57-58/,

            Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07/2247 дугаартай “...шинжилгээний дүнгээс үзэхэд дээжинд сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинол /ТНС/ болон каннабисын давирхайн бүрэлдэхүүнд хамаарагдах каннабидиол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтад хамаарагдсан ба каннабисын давирхай нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 1-р жагсаалтад тус тус хамаарагдсан болно...” гэх албан бичиг /1-р хх-70-71/,

            Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0024912 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1-р хх-71/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ламчингийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 466 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Natural health oils CBD drops” гэсэн хүрэн өнгийн шилтэй шар өнгийн тосорхог шингэн нь 1.5 мл орчим, “Руслан 50 нас эр 2019.01.05” гэж хаягласан хуванцар савтай шээс нь 70 мл орчим байсан шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Natural health oils CBD drops” гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн шилтэй тосорхог шингэнд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн...  “Руслан 50 нас эр 2019-01-05” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-75/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 712 дугаартай “...BROAD SPERTRUM НEMP EXTRACT 350 mg CBD” гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилэн савтай өнгөгүй, тослог шингэн зүйлээр каннабидиол-ын агуулга илэрч байна. Каннабидиол нь НҮБ-ын “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-77-78/,

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 253 дугаартай дүгнэлт /1-р хх-80-81/,

Шинжээч Б.Ламчингийн “...Уг шингэнд шинжилгээ хийхэд Каннабидиол бодис илэрч байсан. Гэхдээ дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламж өндөртэй байсан учраас дүгнэлтэнд уг бодисыг тусгаж өгсөн байгаа. Каннабидиол болон ТНС бодисууд нь Каннабис ургамлаас гаралтай нэг төрлийн бодис гэж ойлгож болно. Уг шилэн савтай шингэн зүйлд агуулагдаж байгаа бодисуудын эзлэх хувийг тогтоох боломжгүй. ...Шинжилгээний явцад “ТНС” болон “Каннабидиол” бодис нь бусад бодисоос “пик” буюу графикын талбай харьцангуй илүү байсан, үүн дотор “ТНС” бодис нь “Каннабидиол” бодисоосоо “пик” буюу графикын талбай процентын хувьд арай давамгай байсан учраас дүгнэлтэнд уг бодисын нэршлээр тусгагдсан. Харин үүнийг нарийвчлан хувилж тогтоох буюу мянганы нарийвчлалаар гаргах боломжгүй гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр “ТНС” болон “Каннабидиол” бодисууд нь Каннабис ургамлаас гаралтай ижил төрлийн бодис бөгөөд аль ч нэршлээр нь бичигдсэн хоёулаа НҮБ-ын конвенцын жагсаалтанд орсон байдаг тул төдийлөн ялгаа байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-82, 2-р хх-36/,

Шинжээч Б.Мөнхцацралын “...Каннабидиол нь Каннабисын давирхайн
бүрэлдэхүүн хэсэгт хамаардаг 2 атомт фефолт нэгдэл байгаа юм. Каннабисын давирхай нь өөрөө маш олон тооны хар тамхины төрлийн бодис агуулсан байдгийн нэг нь Каннабидиол гэж ойлгож болно. Уг бодис нь НҮБ-ын 1961 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтдаг. Харин “ТНС” буюу дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан бодис. Каннабидиол болон “ТНС” бодисууд нь ерөнхийдөө Марихуаны төрлийн буюу зэрлэг олсны ургамлаас гаралтай ижил төрлийн бодисууд юм...” гэх мэдүүлэг /1-р хх-83-84/,

Гэрч Ц.Б гийн “Raw Cannabis oils 3000 mg”, “Broad spectrum hemp extract”, Natural health oils CBD Drops” бичиггэй бүтээгдэхүүн нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. Манай улсын эмийн бүртгэлд давхардсан тоогоор 5900 орчим эм бүртгэгдсэн байгаагаас дээрх нэрийн эм манай бүртгэлд байхгүй. Монгол Улсын эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг 22.7 дугаар зүйлд зааснаар “эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн дээж хандив, тусламжийн эм, Засгийн газрын гэрээний дагуу олон улсын байгууллагын шугамаар худалдан авсан эм, оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар худалдааны гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой, түүнийг орлуулах этгээд байхгүй эм, өнчин эм судалгаа, шинжилгээний ажил, эмнэл зүйн туршилтад хэрэглэх эм, үзэсгэлэн яармагт оролцуулах эм, эмнэлгийн хэрэгсэл биологийн идэвхт бүтээгдэхүүний загвар, эмийн туслах бодис, уламжлалт эмийн түүхий эд, гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед хэрэглэх эм, эмчийн жорын дагуу эмийн санд бэлдсэн бэлдмэл, зорчигчийн хувийн хэрэглээний эм” зэргээс бусад тохиолдолд заавал Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Эмийн бүртгэл гэдэг нь хими, биологи, эм судлал, эмийн үнэлэмжийн үндсэн дээр урьдчилан сэргийлэлт, оношлогоо, эмчилгээнд хэрэглэж болох нь нотлогдсон эмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглээнд гаргахыг зөвшөөрөх үйл ажиллагааг хэлнэ гэж хуульд тодорхойлж өгсөн байгаа. Тийм учраас дээрх 3 нэрийн эм мэт шингэн зүйл нь манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй тул импортлох, хэрэглэх, худалдаалах боломжгүй юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь улс орнуудад зориулж зөвлөмж гаргадаг. Түүнээс шууд хэрэглэж болно гэж тулгаж байгаа юм уу, эсвэл бусад улсын хуульд өөрчлөлт оруулчихлаа гэсэн үг биш юм. Хэрэв үнэхээр хүний биед ач тустай, олон төрлийн өвчин анагаадаг байгаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байлаа хэдий ч улсынхаа дотоод хууль тогтоомжинд заасны дагуу бүртгэлдээ авч, тусгай зөвшөөрөл бүхий ханган нийлүүлэх байгүүллага улсын хилээр оруулж ирэх боломжгой. Түүнээс хувь хүн болон зөвшөөрөлгүй байгууллага ямар ч төрлийн эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн зэргийг дур мэдэн импортлох боломжгүй юм. Эм ханган нийлүүлэх зөвшөөрөл бүхий байгууллагууд нь тухайн эмийг үйлдвэрлэгч талтай гэрээ байгуулсаны үндсэн дээр эмийг бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт болон үйлдвэрлэгчээс ирүүлсэн холбогдох бичиг баримтуудыг манай байгууллагад хүлээлгэн өгсний үндсэн дээр манайх олон шат дамжлагатай судалж үзэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэх эсэхийг Хүний эмийн зөвлөлөөс гаргадаг байгаа. Яг одоогийн байдлаар манай байгууллагад энэ төрлийн бодис, эмийг бүртгүүлэх талаар ирүүлсэн хүсэлт, холбогдох бичиг баримтууд байхгүй. Манай албаны хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийн тандалт судалгааг хийх чиг үүрэгтэй байдаг. Харин шинээр бүртгүүлэх эм, бодисын талаар холбогдох байгууллагуудаас хүсэлт ирүүлсэн тохиолдолд бүртгэлийн бичиг баримтуудыг судалж үзээд лабораторийн шинжилгээнд хамруулж, эм зүй, эмнэлзүйн шинжээчийн дүгнэлтийг гаргуулж Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, тухайн эм, бодисыг бүртгэх эсэх талаар шийдвэр гарна. Одоогийн байдлаар Каннабис ургамал, түүнтэй холбоотой эм, түүхий эдийг бүртгүүлэх хүсэлт ирүүлээгүй байгаа тул судалгааны ажил байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-34-35/,

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1017 дугаартай албан бичиг /2-р хх-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5096 дугаартай дүгнэлт /2-р хх-91-93/,

Гэрч, шинжээч Б.Хувьтавилангийн “...Шинжилгээг хийхэд манайд уг бодисын реферэнс стандарт байхгүй учир хувь, хэмжээ, орц, эзэлэхүүн тодорхойлох боломжгүй, харин нил улаан туяагаар спекторфотометр багажаар стандарт уншилт хийхэд номын сангаар Каннабидиол бодис илэрсэн. Түүнээс нарийвчлан хувь тогтоох шинжилгээ хийх боломжгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-104/,

             Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2019-1469, 2019-1470, 2019-1471 дугаартай шинжилгээний дүн                  /2-р хх-109-111/,

            Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицагийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг /2-р хх-113/,

            Гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “2018.12.15-ны өдрийн КЕ906 аялалын онгоцоор ирж, Төв шуудангийн гаалийн хяналтын талбайд 59-92 УНЧ улсын дугаартай шуудангийн машинаар тээвэрлэгдэн буусан “Mongolia Erdenet Ojkhon aimag 61000 post Box 941.1-3-3 оршин суух хаягтай Руслан Андрейченкод ирсэн RZ322337800 GB CN дугаартай илгээмжийг нягтлан шалгахад 22 см, 16.5 см-ийн шар өнгийн дугтуй дотор цаасан хайрцагтай, дээр нь “Cannabis Extract 3000 mg hemp seed oil” бичиглэлтэй, хайрцагийг онгойлогоход хар шилэн савтай битүүжилсэн тагтай мөн дээр бичигдсэн шошготой өтгөвтөр шингэн зүйл таглааны хамт 2см х 9см хэмжээтэй байсныг фото зургаар бэхжүүлэн авлаа...” гэх /1-р хх-10-12/,

            Гаалийн хяналт, шалгалт хийсэн тухай протокол, гэрэл зураг /1-р хх-14-15/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-30-36/,

            Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест, гэрэл зураг /1-р хх-35-36/,

            Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-41-43/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-44-47/,

            Эд мөрийн баримт, гэрэл зураг /1-р хх-51-52/,                      

            Яллагдагч Андрэйченко Руслан мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...2018 оны 10 сарын сүүлээр цустай цэр гарч эхэлсэн бөгөад би үзүүлэхээс айсан. Улаан-Үүд явах боломжгүй байсан тул өөрөө эмчлэх арга хайж эхэлсэн. Эрдэнэтэд цээжний зураг авахуулж ноцтой өвчин тогтоогдвол намайг нутаг буцаах тул би интернет сайтуудаас ханиалга, уушгинд хэрэгтэй эм, бэлдмэл хайхад СВD буюу Каннабидиол гэх зүйл нь сэтгэцэд ямар нэгэн нөлөөгүй, мансууруулах үйлчилгээгүй, ТНС бодисын агууламжгүй, сэтгэл хөөрөлд оруулахгүй, зөвхөн дархлаа дэмжих, ханиалга эдгээх, хавдрын эсрэг үйлчилгээтэй гэж бичсэн байсан тул би “СВD” гэх шингэн дусаалгыг 2018 оны 11 сарын сүүлээр нөүтбүүкээрээ “еbaу” нэртэй сайтаар ороод 2 төрлийн шингэн дусаалгыг 2 минутын зайтай захиалсан. Миний захиалсан эхний зүйл буюу өөрөө сайн дураараа гаргаж өгч хураалгасан шилэн савтай шингэн маань 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шуудангийн хаягаар ирээд би хүлээж авсан... Миний хувьд мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаагаар өөрийн нөүтбүүкээр захиалга өгсөн сайт руугаа орж, өөрийн нэвтрэх эрхээр уг сайтанд нэвтэрч нийт хэдэн удаа ямар ямар зүйл захиалсан бэ гэдгээ нэг бүрчлэн зааж, хэлж өгсөн бөгөөд яг миний хэлсэнчлэн би 3 төрлийн СВD шингэнийг захиалсан болохоор 3 дахь нь ирсэн байна. 3 өөр янзаар хэрэглэдэг, эмчилгээний шингэн нь миний интернетээс уншиж мэдсэнээр СВD буюу каннабидиол гэж нэрлэх ба хүний дархлаа сайжруулах, эмчилгээний журмаар хэрэглэдэг хорт хавдрын эсийг устгах, хамар, хоолойг цэвэрлэх, онгойлгох чадвартай гэсэн мэдээллийг маш их судалж, уншиж мэдэж авсан болохоор л захиапж авсан. 3 савтай шингэний 2 нь дусаалга хэлбэрээр 1 нь цацлага хэлбэрээр хэрэглэдэг шилэн савтай тос бөгөөд би өмнө нь уг зүйлийг хэрэглэж байгаагүй болохоор апь нь сайн, аль нь муу болохыг мэдэхгүй болохоор 1 өдөр 3-ууланг нь захиалаад хамтад нь хэрэглэх юм уу, аль нь сайн нөлөө үзүүлэхийг мэдэж авахаар анх удаа захиалсан маань энэ юм... Гаалийн байцаагчийн илрүүлж хураасан гэх хар өнгийн шилэн савтай зүйлийг одоо ингээд харахад дээд хэсэгт нь СВD гэсэн бичиг байгаа тул миний захиалсан зүйл мөн байна. Тухайн үед хальд харахад сайн санахгүй байсан мөн СВD гэдэг бичгийг нь олж хараагүй болохоор биш юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр гаалийн байцаагчийн хураасан СВD манай гэрт миний гаргаж өгч хураалгасан СВD би өөрийн сайн дураар авчирч өгч байгаа СВD зэрэг нь мэдүүлэг шалгах ажиллагаагаар ч гэсэн зураг нь таарсан бөгөөд миний захиалсан 3 ширхэг эмчилгээний шингэн мөн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-91-93, 94-95/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, гэрч, шинжээч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

          Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисыг интернэт сайтаар захиалан шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

 

             Иймд А.Р ыг “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

 

             Хэдийгээр шүүгдэгч А. Рнь “миний захиалсан хамран цацлага болон дусаагуур шингэн нь мансууруулах төрлийн бодисгүй байсан, судалж үзэхэд тайвшууруулах үйлчилгээтэй эмчилгээний зориулалттай, хорт хавдрын эсийг усгах үйлчилгээтэй байсан, би дээрх бэлдмэлүүдийг хориотой гэж мэдээгүй” гэх боловч тэрээр иргэнийхээ хувьд түүнчлэн Монгол улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрхийн акт зэргийг судалж холбогдох байгууллагуудаас асууж тодруулах үүргээ ухамсарлаагүй дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн нь Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзлээ.

 

             Түүнчлэн шүүгдэгч А. Рнь Монгол Улсын хуулиар зөвшөөрөгдөөгүй эм, бэлдмэлийг интернэт орчин ашиглаж өөрөө хүсч захиалан оруулж ирсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд Монгол Улсад ажиллаж амьдарч байгаагийн хувьд Монгол Улсын хууль тогтоомжийг хэлбэрлэлтгүй дагаж мөрдөх үүрэгтэй.

 

             Мөн А.Р ны биеэс мансууруулах бодисын агууламж илэрсэн талаарх шүүхийн шинжилгээний  хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Р ны мэдүүлсэн “яаж хэрэглэхийг мэдэхгүй байсан тул ам болон хамар руугаа цацсан” гэх, мөн түүний Монгол улсад оршин суудаг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-3-3 тоотод “Natural health oils CBD Drops” бичигтэй шилэн савтай сэтгэц нөлөөт эм бэлдмэл, бодисыг эд мөрийн баримтаар хураан авсан ба шинжээчийн дүгнэлтээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис илэрсэн бөгөөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзлээ.

 

          Нөгөөтэйгүүр түүний “Монгол Улсын хууль, тогтоомжийг мэдэхгүй” гэх тайлбарыг үндэслэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

            Иймд шүүгдэгч А Р Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай тооцож шийдвэрлэлээ.

   

            ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Улсын яллагчаас шүүгдэгч А Р Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг зохих журмын дагуу устгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу яллагдагчид гардуулсан яллах дүгнэлтийн орчуулгын зардалд 685.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгөх саналыг,

            шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс “дохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж өгнө үү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Р д тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргажээ.

            

            Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч А. Рнь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг төлөх чадвартай эсэх талаар нотолсон баримт өнөөдрийн байдлаар авагдаагүй байх бөгөөд шүүх зөвхөн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн саналд тулгуурлан шүүгдэгчид торгуулийн ял шийтгэх боломжгүй юм.

             Мөн шүүгдэгч А. Рнь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр зүйл ангид хамаарах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “тэнсэн харгалзаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч А.Р д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            ГУРАВ: Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1902000080014 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А. Р нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хяналтын прокурорын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу яллагдагчид гардуулсан яллах дүгнэлтийн орчуулгын зардалд 685.000 /Зургаан зуун наян таван мянга/-н төгрөг нэхэмжилснийгг хангаж, шүүгдэгч А.Р аас 685.000 төгрөг гаргуулж Нийслэлийн прокурорын газарт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах газарт хадгалагдаж байгаа 11А100004623ММ серийн дугаартай шар өнгийн дугтуй, ямар нэгэн сери дугааргүй Их Британи улсын марк тэмдэгтэй шар өнгийн дугтуй, UA940714870 US серийн дугаартай бор өнгийн жижиг дөрвөлжин цаасан хайрцаг, “Cannabis Extract 3000 mg & Hemp Seed oil” бичигтэй хар өнгийн дөрвөлжин хайрцаг, “Raw Cannabis oil 3000 mg 10 ml” бичигтэй хар өнгийн тагтай, бор өнгийн шилэн савтай шингэн, “Natural health oils CBD Drops” бичигтэй хар өнгийн тагтай, бор өнгийн шилэн савтай шингэн, “Broad spectrum hemp extract” бичигтэй өнгөгүй, хуванцар тагтай, бор өнгийн шилэн савтай шингэн зэргийг устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. А овогт Р А-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн”,

          - “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

             2. Шүүгдэгч А овогт Р А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил, 06 /зургаа/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан А овогт Р Анатольеви-д Эрүүгийн хуулий тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил, 06 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 04 жилийн хугацаагаар тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, А овогт Р А-д оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

             5. А овогт Р А-д Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

             6. А овогт Р А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг, баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Андрейченко овогт Руслан Анатольевич-с 685.000 /Зургаан зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж, Нийслэлийн прокурорын газарт олгосугай.

             8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж буй:

             -11А100004623ММ серийн дугаартай шар өнгийн дугтуй, ямар нэгэн сери дугааргүй Их Британи улсын марк тэмдэгтэй шар өнгийн дугтуй, UA940714870 US серийн дугаартай бор өнгийн жижиг дөрвөлжин цаасан хайрцаг, “Cannabis Extract 3000 mg & Hemp Seed oil” бичигтэй хар өнгийн дөрвөлжин хайрцаг, “Raw Cannabis oil 3000 mg 10 ml” бичигтэй хар өнгийн тагтай, бор өнгийн шилэн савтай шингэн, “Natural health oils CBD Drops” бичигтэй хар өнгийн тагтай, бор өнгийн шилэн савтай шингэн, “Broad spectrum hemp extract” бичигтэй өнгөгүй, хуванцар тагтай, бор өнгийн шилэн савтай шингэн зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

   9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А овогт Р А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Х.ИДЭР