Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 415

 

А. Р. А-ид

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхгэрэл,

орчуулагч Н.Нямдаваа,

            шүүгдэгч А. Р. А, түүний өмгөөлөгч О.Сарантуул, Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А. Р. А, түүний өмгөөлөгч О.Сарантуул, Г.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор А. Р. Аид холбогдох эрүүгийн 1902000080014 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

А. Р. А, Оросын Холбооны Улсын иргэн, 1969 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Украйн улсад төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, номлогч мэргэжилтэй, “Эрдэнэт дэлхийн гэрэл сүм” шашны байгууллагад захирал, номлогч ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-3-3 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /Монгол Улсад түр оршин суух үнэмлэхний дугаар 531019063/;

            А.Р нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн “Macbook” загварын нөүтбүүкээр www.ebay.com интернет сайтад нэвтрэн 3 ширхэг шилэн савтай “Каннабидиол” гэх нэршилтэй шингэн бодисыг захиалсаны дагуу,

            2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Америкийн Нэдсэн Улсаас БНХАУ-аар дамжуулан “Natural health oils CBD Drops” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

            2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Их Британи Улсаас БНХАУ-аар дамжуулан “Raw Cannabis oils 3000 mg” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан каннабисын давирхайн бүрэлдэхүүн хэсэг болох Каннабидиол бодисын агууламжтай болон НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

            2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас БНХАУ-аар дамжуулан “Broad spectrum hemp extract” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан Каннабидиол бодисын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-3-3 тоотод “Natural health oils CBD Drops” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А. Р. А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А. Р. А-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А. Р. А-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан А. Р. А-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар А. Р. Аид оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, А. Р. Аид Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж, А. Р. А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч А. Р. Аоос 685.000 төгрөгийг гаргуулан Нийслэлийн прокурорын газарт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж буй 11А100004623ММ серийн дугаартай шар өнгийн дугтуй, ямар нэгэн сери дугааргүй Их Британи улсын марк тэмдэгтэй шар өнгийн дугтуй, UA940714870 US серийн дугаартай бор өнгийн жижиг дөрвөлжин цаасан хайрцаг, “Cannabis Extract 3000 mg & Hemp Seed oil” бичигтэй хар өнгийн дөрвөлжин хайрцаг, “Raw Cannabis oil 3000 mg 10 ml” бичигтэй хар өнгийн тагтай, бор өнгийн шилэн савтай шингэн, “Natural health oils CBD Drops” бичигтэй хар өнгийн тагтай, бор өнгийн шилэн савтай шингэн, “Broad spectrum hemp extract” бичигтэй өнгөгүй, хуванцар тагтай, бор өнгийн шилэн савтай шингэн зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А. Р. А-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А. Р. А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............................ намайг хуулийн дагуу авсан, эмчийн заавраар ашиглаж буй эм бэлдмэлийн химийн найрлагын төлөө хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 83 тоот тогтоолыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Орос болон Монгол улсад эмнэлгийн практик адилхан. Эмч эмчилгээ бичин, өвчтөн эмчийн бичиж өгсөн эм бэлдмэлийг худалдаж авах үүрэгтэй. Энэ бол өвчтөний үүрэг. Би эгэл жирийн хүний хувьд эм бэлдмэлийн найрлагыг тодорхойлох мэргэжил болон дадлага туршлага байхгүй. Эмч тэр эмийг бичиж өгсөн, тэр эмийг худалдаалдаг, худалдаж авсан, мөн хэрэглэж байна. Мөрдөн байцаагчдад хуулийн дагуу худалдан авсан эм бэлдмэлийн химийн найрлагатай холбоотой асуулт үүссэн бол эм бэлдмэлийг худалдагч, үйлдвэрлэгч рүү нь илгээх ёстой байсан. Тэр тусмаа мөрдөн байцаагчдад очсон эм бэлдмэлийн сав баглаа боодол дээр үйлдвэрлэгчийн талаарх мэдээлэл, холбоо барих хаяг байгаа шүү дээ. Анхан шатны шүүх дээр чухамхүү ийм тогтоол буюу чухамхүү ямар эм болох, хэрхэн худалдаалагддаг, эмч ямар зориулалтаар бичдэг, хэрхэн ашиглагддаг болон эмэнд юу агуулагддаг гэдгийг тодруулах шийдвэр гаргасан. Гэтэл нэг жилийн туршид мөрдөн байцаагчид үйлдвэрлэгчидтэй ч холбогдох оролдлого хийлгүй шүүхийн тогтоолыг үл хэрэгсэн, гагцхүү надад хуулийн хариуцлага ногдуулж байна. Би энэ хэрэг дээр өөрийгөө хохирогч тал гэж үзэж байна. Хуулийн дагуу худалдаж авсан, улс орон руу хууль ёсоор нэвтрүүлсэн, эмчийн заавраар ашиглаж байсан эм бэлдмэлийн найрлагатай холбоотой сэжиг үүссэний улмаас би эрүүл мэнддээ анхаарах боломжгүй болж, бие эрүүл мэнд, сэтгэл санаа, материаллаг байдлаар хохирсоны дээр хамт олон, гэр бүл дундах миний нэр хүндэд нөхөж баршгүй хохирол учирлаа. Миний хэрэглэгчийн эрхийг хангасангүй. Намайг миний хүч, эрх мэдлээс үл хамаарах зүйлийн төлөө буруутан болгож, улмаар 4 жилийн хорих ялаар шийтгэлээ. Нийгэмд аюултай этгээд биш харин нийгмийн хүндтэй гишүүн, үлгэр дуурайлалтай, хууль ёсыг чандлан дагадаг иргэн, 5 хүүхдийн эцэг, гэр бүлээ авч явдаг цорын ганц авч явдаг хүн нь, Монголын барилгын салбарт амьдралынхаа 25 жилийг зориулсан хүн. Эмч бичиж өгсөн, чөлөөтэй худалдаалагддаг, хууль ёсны эм бэлдмэл хэрэглэн, эрүүл мэнддээ санаа тавих эрхийнхээ төлөө 4 жилийн ялтайгаар шоронд суулаа. Эм бэлдмэлийг худалдаанд гаргахаас өмнө нарийн хяналт шинжилгээ хийж, олон улсын гэрчилгээ олгодог. Үйлдвэрлэгчийн мэдээлснээр надад бичиж өгсөн эм хориотой бодис агуулаагүй ч мөрдөн байцаагчид өөрөөр үзсэн бөгөөд эмэнд агуулагдах бодисуудыг хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэмээн үзсэн юм. Мөрдөн байцаах шатнаас гарсан дүгнэлт тун эргэлзээтэй гэдэгт итгэлтэй байна. Гаалийн болон шүүх эмнэлгийн лабораториуд 3 ижил эм бэлдмэлд 5 шинжилгээ хийсэн. Туршилтын 4 үр дүнгээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №0024913, 1-р хавтас 71-р хуудас 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №712, 1-р хавтас 76-р хуудас ердөө нэг шинжилгээ нь л хориотой бодисын ул мөр илрүүлсэн. Дөрвөөс ердөө нэг шүү. Мөн хориотой бодис ч өөрөө илрээгүй, чухамхүү ул мөр л илэрсэн. Учир нь, эм бэлдмэлийн найрлага дахь тухайн бодисын жин эсвэл процентын харьцааг тодорхойлох боломжгүй юм. JSMS тест хийсэн аппарат нь 0,000000000001 граммын масстай бодисыг тодорхойлдог. Энэхүү аппаратыг өөр эм бэлдмэлийг туршсан өөр эксперт ч ашигласан бөгөөд гэхдээ шинжилгээний үр дүнг танилцуулаагүй, гагцхүү тайланд олсон гэж хэлсэн. Манай өмгөөлөгчийн шаардсанаар эхний шинжилгээнүүд хийгдсэнээс хойш 10 сарын дараа гурван эмийг гурвууланг нь эм бэлдмэлийн хяналтын магадлан итгэмжлэгдсэн лаборатори руу шинжилгээнд илгээсэн. Шинжилгээний дүнгээр хориотой бодис илрээгүй, мөн энэ нь шинжилгээнд хамрагдсан эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэгчийн олгосон гэрчилгээнүүдэд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №2019-1469, 2019-1470, 2019-1471 тоот эмийн хяналтын лабораторийн шинжилгээ туршилтын дүгнэлт, 2-р хавтас 109-111 дүгээр хуудас, үйлдвэрлэгчийн гэрчилгээнүүд нийцэж байгаа. Хориотой бодисын ул мөр илэрсэн гэдгийг харуулсан шинжилгээнүүдийг санаандгүй эсвэл санаатайгаар мөрдөн байцаах шатны ашиг сонирхолд нийцүүлэн бохирдуулсан байж болзошгүй гэж үзэж байна. Шинжээчид шударга бус ажилласан гэдгийг тэдний шүүх дээр өгсөн хуурамч мэдүүлэг ч батлана. Тэд 1961 болон 1971 оны Конвенцид хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх гэж тусгагдаагүй бодисуудыг хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодис гэж мэдүүлсэн. Тэдний мэдүүлэг нь худлаа гэдгийг 1961 болон 1971 оны Конвенцийн жагсаалтууд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хар тамхины төрлийн бодисын экспортын хорооны тогтоол батлана. \ЕСDD, WHO хэргийн материалд байгаа/. Ингэснээр, шүүхэд танилцуулагдсан нотлох баримтууд бүхэлдээ нэг нэгнээсээ зөрж байгаа бөгөөд харин нотлох баримт, дүгнэлт, ялласан шийдвэр нь шинжлэх ухааны судалгаа, бодит баримт болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тогтоолтой зөрчилдөж байна. Шүүх түүнчлэн, надад бичиж өгсөн эмийг захиалахаасаа өмнө Монгол улсын хууль тогтоомж, эрх зүйн актуудыг судлах ёстой байсан гэж намайг буруутгасан. Гэтэл Монгол улсын хууль тогтоомж, эрх зүйн актуудад тухайн төрлийн бүтээгдэхүүнийг хориглосон заалт байгаагүй. Монгол улсын хууль конвенцийг ашигладаг бөгөөд харин үйлдвэрлэгчийн танилцуулга дээр тухайн хүнсний нэмэлт нь хар тамхины төрлийн бодис агуулаагүйн дээр НҮБ-ын Конвенцид тусгаагүй гэж заасан байгаа. Түүнчлэн шүүх Монгол улс дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчийг гэрчээр урих өмгөөлөгчийн саналыг татгалзсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь НҮБ-ын Конвенцийг мөрдөх журам, дүрэм, зарчмыг тогтоодог бөгөөд Конвенцийг зүй бусаар ашиглахгүй байлгахын тулд конвенцийг ашиглах тайлбар, заавар зөвлөмж өгдөг. Энэхүү хэрэгт холбогдолтой бодисуудыг 2016-аас 2019 оныг дуустал хугацаанд нарийн судлаж, амьтан болон хүн дээр туршин, туршилтын үр дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны цахим хуудас дээр нээлттэйгээр байрлуулж нийтлэсэн байсан. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалгааны үр дүнгээр хэд хэдэн тогтоол гаргасан бөгөөд эдгээр тогтоолууд нь хуулийн хүчинтэй, мөн буруутгах талын гэрчүүдийн мэдүүлэг, намайг буруутгасан үндэслэлүүдийг бүхэлд нь няцааж байгаагийн дээр намайг ялласан нь хууль ёсных гэдгийг няцааж байгаа юм. Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоолуудын орчуулгыг прокурорын газар болон шүүхэд өгсөн хэдий ч яллах тогтоолоос харахад эдгээр материалуудыг судалж үзээгүй гэдэг нь илт байна. Ийнхүү Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16.2 дугаар зүйлийг бүдүүлгээр зөрчсөн бөгөөд баталгаа шаардлагатай нөхцөл байдлыг шалгаагүй, судлаагүй, харин буруутай талын эрхийг бүдүүлгээр зөрчсөн. Мөрдөн байцаах болон шүүх хурлын явцад надад ногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль бусаар нэвтрүүлсэн” гэдэг заалтыг хэлэлцээгүй. Миний хүлээн авсан эм бэлдмэлүүдийг би хуулийн дагуу хүлээн авсан, гаалийн ажилтан баглааг задлан шалгасны дараа албан ёсоор надад хүлээлгэн өгсөн. Үүнийг гэрчлэх тэмдэглэл гаалийн бичиг баримтад бий. Тухайн эм бэлдмэлүүдийг нэгжлэг хийж надаас хураагаагүй. Харин эм бэлдмэлд агуулагдах бодисуудыг сэжиглэх үед би мөрдөн байцаагчид сайн дураар хүлээлгэн өгсөн. Шүүх дээр мөн хууль бусаар хадгалсан гэдгийг батлаагүй. Надад бичиж өгсөн эмийг би хуулийн дагуу авсан бөгөөд эмчийн заавраар ашигласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй. Миний дээр өгүүлсэн мэдээллүүдийг анхааралдаа авахыг хүсч байна. Надад оногдуулсан шүүхийн шийдвэрийг цуцалж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай тухтай танилцах боломж олгоогүй. Шинжээч Лхамчин нь санаатайгаар миний эсрэг мэдээлэл өгч байсан. Намайг хар тамхи захиалсан гэж гүтгээд, нотлох гэж хичээж байсан.” гэв.

            Шүүгдэгч А. Р. Аийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А. Р. А нь 2016-аас 2018 онуудад түүний биеийн эрүүл мэндэд идээтэй цэр гарах, байнга ханиалгах, нойр булчирхай, зүрх өвдөх зэрэг өөрчлөлтүүд гарч, тэрээр Орхон аймаг болон Улаан-Үүд хотод эмчид хандан эмнэлгийн үйлчилгээ авч байсан. Өөрийн биед гарч буй зовиур шаналгааг эмчлэх, багасгах үүднээс эрүүл мэндийн интернет сайт руу орж албан ёсны баталгаатай худалдаа эрхэлдэг “Эбай” сайт руу орж дархлааг сэргээж, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй Каннабиодол бодисын найрлагатай нэмэлт бүтээгдэхүүний талаар уншиж, албан ёсны мэдээлэлд тулгуурлан түүнийг захиалсан байдаг. Үүнийг захиалахын өмнө тэрээр уг бүтээгдэхүүний найрлага дахь CBD нь уушиг болон бусад өвчнүүдэд эрүүлжүүлэх нөлөөтэйг Оросын алдартай эрдэмтний тайлбарласан тайлбар, Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын зөвлөмж зэргийг судлан захиалсан байдаг. Ингээд дараа нь Raw Cannabis бүтээгдэхүүн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирж, гаалийн хяналт шалгалтаар битүүмжлэгдэн улмаар 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэгдэн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн А. Р. Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэсэн 2 зүйлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр Русланы хаягаар Broad spectrum бүтээгдэхүүн ирсэн. Уг бүтээгдэхүүнийг Руслан шуудан илгээмжээс авч шууд сайн дураараа цагдаагийн газар авчирч өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 14-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Энэ цаг хугацаанд түүний сэтгэл санааны хямрал, биеийн зовиур шаналгаанд хүчтэй цохилт өгсний улмаас вений судасны бөглөрөл өвчний улмаас мэс заслын хагалгаанд орсон. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд уг нэмэлт бүтээгдэхүүнийг яагаад захиалах болсон, уг бүтээгдэхүүний найрлагын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Оросын эрдэмтэн эмчийн тайлбарыг уншсан эх сурвалжаа хэрэгт гаргаж өгөх гэсэн боловч түүнийг нь аваагүй. Ингээд шүүхийн хэлэлцүүлэгт эдгээр баримтуудыг гарган өгч шүүхээс хэргийг дахин шалгахаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Хэрэг нэмэлт байцаалтанд буцсанаар шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс хэрэгт шинжээчээр томилогдсон шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, шинжилгээ хийлгэх хүсэлт тавьснаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээч Лхамчинг дахин томилж, дүгнэлт гаргуулсан. Түүний дүгнэлтийг эс зөвшөөрч нэмэлт бүтээгдэхүүн болохын хувьд дахин шинжилгээнд шинжээч томилох хүсэлт тавьж Мэргэжлийн хяналтын албаны хүнсний лабортариор шинжилгээ хийхэд шинжилгээний дүн нь сэтгэцэд нөлөөт бодис ТНС илрээгүй, харин СВD гэгч эрүүлжүүлэх үйлчлэлтэй бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүн болох нь тогтоогдсон. Иймд А. Р. Аид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн боловч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, шүүхээр шийдвэрлүүлнэ гэж прокурор үзсэн тул шүүхэд дахин хэрэг шилжсэн. Нэгэнт шүүхэд шилжсэн тул хэрэгт байгаа зөрүүтэй шинжилгээний хариутай шинжээчдийн дүгнэлттэй санал нийцэхгүй байх тул нэмэлт шинжилгээ хийлгэхээр мөрдөн шалгах ажиллагаанд буцаах санал гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, гэм буруугийн хурлыг товлон зарласан бөгөөд шүүхээс гэм буруутай гэж тогтоон ял оногдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй. Энэ нь хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх /эрүүл мэндийн байдлаасаа шатгаалж, өөрийгөө эмчлэхийг хүссэн/, эрүүлжүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн захиалсан болохоос сэтгэцэд нөлөөтэй бодис захиалаагүй. Шүүгдэгч А. Р. А нь зориуд санаатайгаар сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эм ТНС-г захиалаагүй, тэрээр захиалсан бүтээгдэхүүн эрүүлжүүлэх үйлчилгээтэй гэж баттай итгэсэн. А. Р. Аийн бүтээгдэхүүн захиалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэх хэргийн бүрэлдэхүүнийг хангалттай бий болгож чадахгүй байгаа юм. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон талаархи нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг тусгана” гэсэн шаардлага бүрэн хангагдсангүй. А. Р. Аийг гэм буруутай гэж үзэхдээ “шүүх хуралдаанаар судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг интернет сайтаар захиалан шуудан илгээмж ашиглан хууль бусаар нэвтрүүлсэн, уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлүүд нь мөн холбогдох байгууллагаас асууж тодруулах үйлдлээ ухамсарлаагүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна” гэж дүгнэжээ. Шүүгдэгч А. Р. А нь сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл бодисыг шүүхийн шийтгэх тогтоолд бичсэнээр интернетээр захиалсан, хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг нь ямар сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодис болох талаар тодорхойгүй, ямар сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хүсч захиалсан, үүнийг хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг нь ямар байдлаар, яаж нэвтрүүлсэн нь ямар ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг харьцуулсан дүгнэлт, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн ямар шинжээр хангаж байгаа, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх ямар нөхцөл байдал байгааг хэрхэн харгалзсаныг тодорхой дурдсангүй. Дээр дурдсанаар А. Р. А нь өөрийн эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэхэд тустай гэж үзэн ямар ч сэтгэцэд нөлөөлөх үйлчлэлгүй буюу СBD буюу каннабидиол найрлагатай нэмэлт бүтээгдэхүүн захиалсан. Харин сэтгэцэд нөлөөтэй ТНС буюу дельта-9 тетрагидроканнабионолыг захиалаагүй нь түүний мэдүүлэг, гэрч Б.Хувьтавилангийн мэдүүлэг, МХТ-ын эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээний дүн, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 712 тоот шинжилгээний дүгнэлт, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн Гаалийн улсын бүртгэгч, шинжээч Мөнхцацралын хийсэн 0024912 тоот дугаар бүхий сорилын дүн зэрэг нотлох баримтаар 3 бүтээгдэхүүний найрлагад Cannabis oil-CBD, липолейлын хүчил, Natural health oils-CBD, Broad spectrum extract-CBD бодис байгаа нь тогтоогдсон. СВD гэдэг бодис нь сэтгэцэд нөлөөгүй, харин олон өвчнийг анагаах дархлааг дэмжих хорт хавдрын эсийг устгах чанартай бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мансуурах бодисын хяналтанд тавих шинжээчийн хорооноос СВD-ын тайлбар, хэрэглээний албан ёсны зөвлөмж гарсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэ хороо нь 1961, 1971 оны конвенцийн жагсаалтыг баталдаг байгууллага болох талаарх нотлох баримтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа. Энэ албан ёсны баримт материалыг анхаарч хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийсэнгүй. СВD нь олсон ургамалд байдаг 113 каннобидолын 1 бөгөөд хүнд үзүүлэх нөлөөллөөрөө ТНС-ээс ялгаатай бөгөөд сэтгэцэд нөлөөлдөггүй ТНС-ийн сэтгэл хөөрөлд оруулдаг үйлчлэлийг сааруулдаг байна. Мариухан, гашиш болон олсон ургамал нь өөр өөр ургамлууд юм байна. Олсон ургамал СВD илүү, мариухан нь ТНС илүү их агуулдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас томилсон ажлын хэсэг нь 2017 оны турш каннабидиолын шинж, мөн чанарыг судалж, уг ажлын дагуу хийсэн тайлан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж гаргах шийдвэрт хүрсэн байна. Русланы захиалсан бүтээгдэхүүний найрлагад нь сэтгэцэт нөлөөт бодис ТНС буюу 1971 оны конвенцод бичигдсэн дробинол гэх бодис илрээгүй. Руслан ТНС-г хүсч захиалаагүй. Түүний захиалсан бүтээгдэхүүнүүд СBD агуулагдаж байсан. СВD, ТНС бодисын ялгаа, химийн бүтэц талаас нь болон НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хэм хэмжээг харгалзан нотлох баримтыг цуглуулах ёстой байсан. Энэ талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Яллах дүгнэлтээр түүний захиалсан Natural health oils CBD drops бүтээгдэхүүн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 2 дугаар жагсаалтанд багтсан ТНС мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг Raw Cannabis olis шилэн савтай НҮБ-ын 1961 оны мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн 1 дүгээр жагсаалтанд багтсан каннабисын давирхаат бүрэлдэхүүн хэсэг болох каннабидиол бодисын агууламж НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан ТНС тетрагидроканнабинолын агууламж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Broad spectrum hemp extract шилэн савтай 1961 оны мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн 1 дүгээр жагсаалтанд багтсан СВD (каннабидиол) бодисын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдсон гэж үзсэн. Гурван бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүн дараах байгууллагуудын дүгнэснээр  Cannabis oils: а. ГУБ дүгнэлт - CBD, линолены хүчил, б. ШШҮХ дүгнэлт Лхамчин – CBD, ТНС, в. Эмийн лабораторийн дүгнэлт – CBD, Natural health oils CBD drops: а. ШШҮХ дүгнэлт Лхамчин – ТНС, б. Эмийн лабораторийн дүгнэлт – CBD, Broad spectrum hemp: а. Лхамчин – ТНС, б. ШШҮХ дүгнэлт CBD, в. Эмийн лабораторийн дүгнэлт – CBD гэсэн сорилын үр дүнгүүд гарсан. 1961 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн Конвенцийн I жагсаалтанд Каннабис гэж ямар нэрээр тэмдэглэж болохоос үл хамааран давирхайг нь ялгаагүй цэцэг болон үртэйгээ /жалганаас амьд байх, үр навчнаас бусад/ байгаа каннабис ургамлын толгой үзүүрийг хэлнэ гэж тодорхойлжээ. Жишээ нь, наранцэцэгийн тосыг наранцэцэгийн самар үрнээс нь авдаг. СВD давирхайнаас ялгасан бодис тул уг тодорхойлтонд нийцэхгүй болж байна. Тэгэхээр 1961 оны нэгдсэн конвенцийн жагсаалтаар орсон гэж үзэх үндэслэлгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан албан ёсны тайлбарыг харгалзан үзвэл СВD нь мансууруулах эмийн 1961 оны нэгдсэн конвенцийн жагсаалтанд орохгүй болж байна. Шүүх хэрэгт авагдсан 3 бүтээгдэхүүний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээс алийг нь шүүхийн шийдвэр гаргах болсон үндэслэл тодорхойгүй, шинжээч Батбаатар, эмийн лабораторийн шинжилгээ зэргийг хэрхэн дүгнэн үзсэн нь тодорхойгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн лабораторийн эрхлэгч Лхамчингийн дүгнэлтийн эх сурвалж нь ойлгомжгүй, эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн түүний мэдүүлэг, шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ хэрхэн нийцэж байгаа, шинжээчийн дүгнэлт нь тодорхой бус байгаа талаар СВD болон ТНС бодисын ижил болон ялгаатай байдлыг буруу тайлбарласан зэрэгт үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэнгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийн тухайд объектив тал нь гаалийн үзлэгээс нуун далдалсан, гаалийн үзлэгээс гадуур гаргах зэргээр тухайн зүйлийг хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх шинж байхгүй. Субъектив шинж болох ашиг олох, гэм буруугийн санаатай хэлбэр байгаагүй. Тэрээр өөрийгөө сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эм захиалсан гэж өөрийгөө огт бодоогүй. Монгол улсад СВD-г хориглосон бараа гэж мэдээгүй. Иймээс уг зүйлд байх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхээс үнэлэхдээ “...агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд, хэргийн бодит байдлыг тогтоох нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн байдлыг тогтоох үүрэгтэй.” гэсэн хуулийн зарчим, заалтуудыг зөрчсөн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэмэлт шинжилгээ хийлгэх, бүтээгдэхүүнд дээж шинжилгээ /тоон үзүүлэлтүүдийг тогтоох/ хийлгэхийг хүссэн боловч цаашид шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн, гэвч тогтоогдсон гэж үзсэн нотлох баримт болох шинжилгээнүүд зөрүүтэй, СBD бодис нь мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй бодис биш болох талаар мөн бүтээгдэхүүнд ТНС хэдэн хувь, СBD хэдэн хувь байгаа талаар шалгах ажиллагаа хийгээгүй тул хэрэгт авагдсан зөрүүтэй нотлох баримтын алийг нь авч алийг нь үгүйсгэсэн нь тодорхойгүй тул А. Р. Аийг дээрх 2 зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутай байна гэж үзэх үндэслэлгүй. Хэргийн шалгах ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д зааснаар хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалт байна. Иймд А. Р. Аид холбогдох хэргийг дээрх заалтаар хэрэгсэхгүй болгох боломж байсан. Шүүхийн шийтгэл тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоолд тавигдах 36.7 дугаар заалтыг зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, дүгнэлтэнд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад алийг нь аваад бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй зэрэг ноцтой зөрчил гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцааж өгнө үү. Мөн А. Р. Аийн хувийн байдалтай холбоотой баримт гаргаж өгч байна. Үүнд, эрүүл мэндийн байдалтай нь холбоотой Улаан-Үүд хотод эмчилгээ хийлгэж байсан эмчийн бичиг, 2016 онд осолд орж хэвтэн эмчлүүлж байсан эмчилгээний түүх, мөн уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн тодорхойлолтыг гаргаж өгч байна.” гэв.

Шүүгдэгч А. Р. Аийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Русланыг “мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцож, А.Русланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх доорх нөхцөл байдлуудыг анхаарч үзсэнгүй. НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис, НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвецийн 1 дүгээр жагсаалтад багтсан каннабисын давирхайн бүрэлдэхүүн хэсэг болох Каннабидиол бодисын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус олон улсын шуудан илгээмжийг ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх ерөнхий заалтаар буруутгасан. Гэтэл А.Руслан хилээр оруулж ирсэн шингэн, тосонд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа эсэхэд шинжээчдийн гаргасан дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй. Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг мөрдөгч, прокурор гүйцэтгээгүй гэж үзэхэд хүргэж байна. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч хэргийн холбогдогчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй байна. Анхан шатны шүүх ч гэсэн талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Харин шүүгч, прокурор, мөрдөгч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Прокурор, шүүх А.Русланыг НҮБ-ын дээрх 2 конвенцийг зөрчсөн гэж дүгнэхдээ 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенц болон уг конвенцид 1972 онд протоколоор оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Уг конвенцод “каннабис” гэж юу болохыг тодорхой зааж өгсөн. “Каннабис” гэсэн ерөнхий нэр томьёогоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж ойлгож болохгүй гэдгийг тодорхой зааж өгсөн. Манай улс дээрх Олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон тул тус конвенцод тусгагдсан заалт бүрийг биелүүлэх үүргийг хүлээж байгаа бөгөөд дотоодын хууль тогтоомжтой зөрчилдвөл олон улсын гэрээ конвенцийг сахих үүрэг хүлээж, түүнд нийцүүлэн шийдвэрлэх ёстой. Их Британи улс, Америкийн нэгдсэн улс дээрх конвенцийн заалтыг ягштал биелүүлж, өөрсдийн хил гаалиар шийтгэх тогтоолд дурдагдсан тос, шингэнийг хянаад нэвтрүүлдэг байна. НҮБ-ын 1961 оны нэгдсэн конвенцид CBD гэх зүйлийг хориглоогүй, хориглосон жагсаалтанд оруулаагүй. Мөн 1971 оны конвенцид ч гэсэн ижил нэртэй хориглосон бодис байхгүйг анхааран үзнэ үү. Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “А. Р. А нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хавтас хэргийн материалтай танилцах явцад А. Р. А нь эрүүл мэндийн шалтгааны улмаас тухайн  “Natural health oils CBD Drops” гэх бүтээгдэхүүнийг захиалсан гэх боловч илгээмжээр ирсэн тухайн бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болох нь шинжээчийн дүгнэлтүүд, гаалийн ерөнхий газрын төв лабораторийн албан бичгүүдээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна. А. Р. Аийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Уг шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

          А.Руслан нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн “Macbook” загварын нөүтбүүкээр www.ebay.com интернет сайтад нэвтрэн 3 ширхэг шилэн савтай “Каннабидиол” гэх нэршилтэй шингэн бодисыг захиалсаны дагуу,

            2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Америкийн Нэдсэн Улсаас БНХАУ-аар дамжуулан “Natural health oils CBD Drops” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

            2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Их Британи Улсаас БНХАУ-аар дамжуулан “Raw Cannabis oils 3000 mg” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан каннабисын давирхайн бүрэлдэхүүн хэсэг болох Каннабидиол бодисын агууламжтай болон НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

            2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас БНХАУ-аар дамжуулан “Broad spectrum hemp extract” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан Каннабидиол бодисын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-3-3 тоотод “Natural health oils CBD Drops” бичигтэй шилэн савтай НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Б.Энхтуулын “...B2322337800GB гэсэн шуудангийн баталгааны дугаартай шap өнгийн дугтуйтай шингэн байсан. Дугтуйг шалгалтаар задлахад хар өнгийн хайрцагтай англи бичигтэй хар өнгийн шилэн савтай, шингэн зүйл байсан. Руслан Андрейченко гэдэг гадаад хүний нэр дээр ирсэн байсан. ...” /1хх 57-58/,

гэрч Ц.Болортуяагийн “...”Raw Cannabis oils 3000 mg”, “Broad spectrum hemp extract”, Natural health oils CBD Drops” бичигтэй бүтээгдэхүүн нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. Манай улсын эмийн бүртгэлд давхардсан тоогоор 5900 орчим эм бүртгэгдсэн байгаагаас дээрх нэрийн эм манай бүртгэлд байхгүй. Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг, 22.7 дугаар зүйлд зааснаар “эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн дээж хандив, тусламжийн эм, Засгийн газрын гэрээний дагуу олон улсын байгууллагын шугамаар худалдан авсан эм, оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар худалдааны гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой, түүнийг орлуулах этгээд байхгүй эм, өнчин эм судалгаа, шинжилгээний ажил, эмнэл зүйн туршилтад хэрэглэх эм, үзэсгэлэн яармагт оролцуулах эм, эмнэлгийн хэрэгсэл биологийн идэвхт бүтээгдэхүүний загвар, эмийн туслах бодис, уламжлалт эмийн түүхий эд, гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед хэрэглэх эм, эмчийн жорын дагуу эмийн санд бэлдсэн бэлдмэл, зорчигчийн хувийн хэрэглээний эм” зэргээс бусад тохиолдолд заавал Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Эмийн бүртгэл гэдэг нь хими, биологи, эм судлал, эмийн үнэлэмжийн үндсэн дээр урьдчилан сэргийлэлт, оношлогоо, эмчилгээнд хэрэглэж болох нь нотлогдсон эмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглээнд гаргахыг зөвшөөрөх үйл ажиллагааг хэлнэ гэж хуульд тодорхойлж өгсөн байгаа. Тийм учраас дээрх 3 нэрийн эм мэт шингэн зүйл нь манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй тул импортлох, хэрэглэх, худалдаалах боломжгүй юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь улс орнуудад зориулж зөвлөмж гаргадаг. Түүнээс шууд хэрэглэж болно гэж тулгаж байгаа юм уу, эсвэл бусад улсын хуульд өөрчлөлт оруулчихлаа гэсэн үг биш юм. Хэрэв үнэхээр хүний биед ач тустай, олон төрлийн өвчин анагаадаг байгаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байлаа хэдий ч улсынхаа дотоод хууль тогтоомжинд заасны дагуу бүртгэлдээ авч, тусгай зөвшөөрөл бүхий ханган нийлүүлэх байгууллага улсын хилээр оруулж ирэх боломжгой. Түүнээс хувь хүн болон зөвшөөрөлгүй байгууллага ямар ч төрлийн эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн зэргийг дур мэдэн импортлох боломжгүй юм. Эм ханган нийлүүлэх зөвшөөрөл бүхий байгууллагууд нь тухайн эмийг үйлдвэрлэгч талтай гэрээ байгуулсаны үндсэн дээр эмийг бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт болон үйлдвэрлэгчээс ирүүлсэн холбогдох бичиг баримтуудыг манай байгууллагад хүлээлгэн өгсний үндсэн дээр манайх олон шат дамжлагатай судалж үзэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэх эсэхийг Хүний эмийн зөвлөлөөс гаргадаг байгаа. Яг одоогийн байдлаар манай байгууллагад энэ төрлийн бодис, эмийг бүртгүүлэх талаар ирүүлсэн хүсэлт, холбогдох бичиг баримтууд байхгүй. Манай албаны хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийн тандалт судалгааг хийх чиг үүрэгтэй байдаг. Харин шинээр бүртгүүлэх эм, бодисын талаар холбогдох байгууллагуудаас хүсэлт ирүүлсэн тохиолдолд бүртгэлийн бичиг баримтуудыг судалж үзээд лабораторийн шинжилгээнд хамруулж, эм зүй, эмнэлзүйн шинжээчийн дүгнэлтийг гаргуулж Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, тухайн эм, бодисыг бүртгэх эсэх талаар шийдвэр гарна. Одоогийн байдлаар Каннабис ургамал, түүнтэй холбоотой эм, түүхий эдийг бүртгүүлэх хүсэлт ирүүлээгүй байгаа тул судалгааны ажил байхгүй. ...” /2хх 34-35/,

шинжээч Б.Ламчингийн “...Уг шингэнд шинжилгээ хийхэд Каннабидиол бодис илэрч байсан. Гэхдээ дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламж өндөртэй байсан учраас дүгнэлтэнд уг бодисыг тусгаж өгсөн байгаа. Каннабидиол болон ТНС бодисууд нь Каннабис ургамлаас гаралтай нэг төрлийн бодис гэж ойлгож болно. Уг шилэн савтай шингэн зүйлд агуулагдаж байгаа бодисуудын эзлэх хувийг тогтоох боломжгүй. ...Шинжилгээний явцад “ТНС” болон “Каннабидиол” бодис нь бусад бодисоос “пик” буюу графикын талбай харьцангуй илүү байсан, үүн дотор “ТНС” бодис нь “Каннабидиол” бодисоосоо “пик” буюу графикын талбай процентын хувьд арай давамгай байсан учраас дүгнэлтэнд уг бодисын нэршлээр тусгагдсан. Харин үүнийг нарийвчлан хувилж тогтоох буюу мянганы нарийвчлалаар гаргах боломжгүй гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр “ТНС” болон “Каннабидиол” бодисууд нь Каннабис ургамлаас гаралтай ижил төрлийн бодис бөгөөд аль ч нэршлээр нь бичигдсэн хоёулаа НҮБ-ын конвенцын жагсаалтанд орсон байдаг тул төдийлөн ялгаа байхгүй. ...” /2хх 36/,

шинжээч Б.Мөнхцацралын “...Каннабидиол нь Каннабисын давирхайн бүрэлдэхүүн хэсэгт хамаардаг 2 атомт фефолт нэгдэл байгаа юм. Каннабисын давирхай нь өөрөө маш олон тооны хар тамхины төрлийн бодис агуулсан байдгийн нэг нь Каннабидиол гэж ойлгож болно. Уг бодис нь НҮБ-ын 1961 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтдаг. Харин “ТНС” буюу дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан бодис. Каннабидиол болон “ТНС” бодисууд нь ерөнхийдөө Марихуаны төрлийн буюу зэрлэг олсны ургамлаас гаралтай ижил төрлийн бодисууд юм. ...” /1хх 83-84/,

шинжээч Б.Хувьтавилангийн “...Шинжилгээг хийхэд манайд уг бодисын реферэнс стандарт байхгүй учир хувь, хэмжээ, орц, эзлэхүүн тодорхойлох боломжгүй. Харин нил улаан туяагаар спекторфотометр багажаар стандарт уншилт хийхэд номын сангаар Каннабидиол бодис илэрсэн. Түүнээс нарийвчлан хувь тогтоох шинжилгээ хийх боломжгүй. ...” /2хх 104/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 466 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Natural health oils CBD drops” гэсэн хүрэн өнгийн шилтэй шар өнгийн тосорхог шингэн нь 1.5 мл орчим, “Руслан 50 нас эр 2019.01.05” гэж хаягласан хуванцар савтай шээс нь 70 мл орчим байсан шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Natural health oils CBD drops” гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн шилтэй тосорхог шингэнд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. “Руслан 50 нас эр 2019.01.05” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ...” /1хх 74-75/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 712 дугаартай “...Broad spertrum hemp extract 350 mg CBD” гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилэн савтай өнгөгүй, тослог шингэн зүйлээс каннабидиолын агуулга илэрч байна. Каннабидиол нь НҮБ-ын “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын жагсаалтад хамаарна. ...” /1хх 77-78/ гэх дүгнэлтүүд,

Гаалийн үзлэг хийсэн тухай “2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн КЕ906 аялалын онгоцоор ирж, төв шуудангийн гаалийн хяналтын талбайд 59-92 УНЧ улсын дугаартай шуудангийн машинаар тээвэрлэгдэн буусан “Mongolia Erdenet Orkhon aimag 61000 post Box 941.1-3-3 оршин суух хаягтай Руслан Андрейченкод ирсэн RZ322337800 GB CN дугаартай илгээмжийг нягтлан шалгахад 22 см, 16.5 см-ийн шар өнгийн дугтуй дотор цаасан хайрцагтай, дээр нь “Cannabis Extract 3000 mg hemp seed oil” гэсэн бичиглэлтэй, хайрцгийг онгойлгоход хар шилэн савтай битүүмжилсэн тагтай мөн дээр бичигдсэн шошготой өтгөвтөр шингэн зүйл таглааны хамт 2см х 9см хэмжээтэй байсныг фото зургаар бэхжүүлэн авлаа. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 10-12/,

Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07/2247 дугаартай “...шинжилгээний дүнгээс үзэхэд дээжинд сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинол /ТНС/ болон каннабисын давирхайн бүрэлдэхүүнд хамаарагдах каннабидиол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад хамаарагдсан ба каннабисын давирхай нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад тус тус хамаарагдсан болно. ...” гэх албан бичиг /1хх 70-71/,

гаалийн хяналт, шалгалт хийсэн тухай протокол, гэрэл зураг /1хх 14-15/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 30-36/, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест, гэрэл зураг /1хх 35-36/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх 41-43/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 44-47/, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0024912 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1хх 71/, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1017 дугаартай албан бичиг /2хх 39/, эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2019-1469, 2019-1470, 2019-1471 дугаартай шинжилгээний дүн /2хх 109-111/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч А. Р. Аийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болон хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч А. Р. Аийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт,

            мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-3-3 тоот өөрийн гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс А. Р. Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч А. Р. А, түүний өмгөөлөгч О.Сарантуул, Г.Оюунцэцэг нар нь “...хилээр оруулж ирсэн шингэн, тосонд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа эсэхэд шинжээчдийн гаргасан дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй. Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг мөрдөгч, прокурор гүйцэтгээгүй гэж үзэхэд хүргэж байна. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч хэргийн холбогдогчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй байна. ...Их Британи улс, Америкийн нэгдсэн улс дээрх конвенцийн заалтыг ягштал биелүүлж, өөрсдийн хил гаалиар шийтгэх тогтоолд дурдагдсан тос, шингэнийг хянаад нэвтрүүлдэг байна. ...Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно” гэж, 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Эмчилгээний зорилгоор хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг улсын стандартын шаардлага хангасан жороор олгоно.” гэж,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг энэ хуулийн 6.3-т заасан тусгай зөвшөөрлийг үндэслэн Засгийн газраас тусгайлан тогтоосон хилийн боомтоор нэвтрүүлнэ.” гэж,

мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь үйл ажиллагааг хориглоно” гэж, 13.1.4-д “эмчилгээнд хэрэглэх жагсаалтад орсноос бусад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтад буюу “Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-д 29 нэр төрлийн эмийг тусгасан ба шүүгдэгч А. Р. Аийн захиалж ирүүлсэн эм гэх зүйлүүдээс “ТНС” буюу дельта-9 тетрагидроканнабинол, “Каннабидиол” гэх бодис илэрсэн бөгөөд энэхүү бодисуудыг агуулсан эмнүүд нь дээрх Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн эмийн жагсаалтад багтаагүй байна.

Иймд шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 11А100004623ММ серийн дугаартай шар өнгийн дугтуй, ямар нэгэн сери дугааргүй Их Британи улсын марк тэмдэгтэй шар өнгийн дугтуй, UA940714870 US серийн дугаартай бор өнгийн жижиг дөрвөлжин цаасан хайрцаг, “Cannabis Extract 3000 mg & Hemp Seed oil” бичигтэй хар өнгийн дөрвөлжин хайрцаг, “Raw Cannabis oil 3000 mg 10 ml” бичигтэй хар өнгийн тагтай, бор өнгийн шилэн савтай шингэн, “Natural health oils CBD Drops” бичигтэй хар өнгийн тагтай, бор өнгийн шилэн савтай шингэн, “Broad spectrum hemp extract” бичигтэй өнгөгүй, хуванцар тагтай, бор өнгийн шилэн савтай шингэн зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь зохимжгүй бөгөөд тухайн эд мөрийн баримт хадгалагдаж байгаа Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст устгахыг даалгах нь зүйтэй гэж үзэв.

Иймд, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч А. Р. А, түүний өмгөөлөгч О.Сарантуул, Г.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэснийг “...Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт хавсаргуулахаар анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А. Р. А, түүний өмгөөлөгч О.Сарантуул, Г.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ