Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

        2020       03      03                        2020/ШЦТ/190

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч О.Доржмаа,

Иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,

            Шүүгдэгч Т. Ч түүний өмгөөлөгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Т ийн Ч д холбогдох эрүүгийн 2015 2502 1948 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо ЗВ хэсэгт Улиастайн  тоотод оршин суудаг, урьд нь:

-Баянгол дүүргийн шүүхийн  оны  дугаар сарын -ний өдрийн №519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Баянгол дүүргийн шүүхийн  оны  дугаар сарын -ны өдрийн №64 дугааргай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн  оны  дугаар сарын -ны өдрийн №519 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-Баянгол дүүргийн шүүхийн  оны  дугаар сарын -ны өдрийн №369 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий 38 дугаар зүйлд зааснаар нийт 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №140 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 2 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №10 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Тунгалагхараагийн Чинзоригт РД:/ЧМ79101619/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Т. Ч нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны 2 давхарын 0 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч Д.Х ын “Асег” маркийн зөөврийн компьютер хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Одкон Холдинг” компаний 0 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч А.О ийн 3.200.000 төгрөгийг хулгайлж хохирол учруулсан,

-2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Идэр” дээд сургуулийн багш нарын өрөөнд нэвтэрч, хохирогч З.Баяраагийн түрүүвчтэй 700 ам.доллар, 200.000 төгрөгийг хулгайлж, нийт 1.625 700 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таны төлөө бид” эмнэлэгийн нарийн бичгийн өрөөнд нэвтэрч, хохирогч Д.Уранчимэгийн “Делл” маркийн зөөврийн компьютер хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсрол Соёл шинжлэх Ухааны яамны 215 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч Т.Туяацэцэгийн түрүүвчтэй 210.000 төгрөгийг хулгайлж хохирол учруулсан,

-2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” их дэлгүүрийн В03 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч М.Сосордуламын хар өнгийн шуба хулгайлж, 6.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Пи” плазагийн 604 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч О.Нансалмаагийн “Тошиба” маркийн зөөврийн компьютер хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшээ” дээд сургуулийн 320 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч Г.Сарангэрэлийн 360.000 төгрөгийг хулгайлж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т. Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би яллах дүгнэлтэд дурдсан 8 үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмт хэргүүдийг 2017 оны 7 дугаар сараас өмнө үйлдсэн тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйл ангиар зүйлчлүүлэх саналтай байна...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.С шүүхийн хэлэлцүүлэгт “... Миний үйлчлүүлэгч Чинзориг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг шударгаар хүлээн зөвшөөрч байх тул гэм буруу дээр маргах зүйлгүй. Харин шүүгдэгчид холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч 2015 оны 10 дугаар сарын 06-наас 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрүүдэд гэмт хэрэг үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан цаг хугацаа хамаарч байна. Харин уг хугацаанд 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль үйлчилж эхлээгүй байсан. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуульд “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1-р хх-ийн 22-23-р тал Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хх-ийн 24-32-р тал камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хх-ийн 21-р тал эд зүйлийн үнэлгээ, гэрч М.А ын мэдүүлэг /2-р хх-ийн 13/-р тал, гэрч Н.Ч ийн мэдүүлэг /хх-ийн 78/-р тал, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 121/-р тал, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 125/-р тал, Монгол банкны лавлагаа /хх-ийн 128/-р тал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 164-167/-р тал, Эд зүйл хураан авч хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 191, 197/-р тал, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 193-195/-р тал, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 190/-р тал, Иргэний нэхэмжлэгч Г.Мөнхзаяагийн мэдүүлэг /2-р хх-ийн 50, 50/-р тал, яллагдагч Т. Чийн мэдүүлэг /2-р хх-ийн 50-53/-р тал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 1-р хавтас хэргийн 197 дугаар талд авагдсан “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл”, 2-р хх-ийн 125-136 дугаар талд авагдсан “Яллагдагчийн эрүүл мэндийн байдлын талаарх баримтууд”, мөн хохирол төлсөн баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд тус хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

НЭГ: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Прокуророос шүүгдэгч Т. Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэн бөгөөд хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна.

 

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т. Ч мэдүүлэхдээ “...би эхнэрийнхээ эмчилгээний зардлыг төлсөн...”, “...би 2011 онд суллагдаж 4 жил ажилласан. Тэгээд би нэгэн эмэгтэйтэй танилцсан боловч тэрээр бөөрний өвчтэй байсан тул эмчилгээний зардлыг нь төлдөг байсан. Сүүлдээ аргагүйн эрхэнд хулгай хийсэн. Уг мөнгөө эмчилгээний зардалд зарцуулсан боловч өвчнөө даалгүй нас барсан...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Тэрээр 8 удаагийн үйлдлээр бусдад нийт 15.295.700 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч М.Сосордуламын 6.800.000 төгрөгийн хохирол буюу хар өнгийн шуба нь биет байдлаар, хохирогч О.Нансалмаад 1.000.000 төгрөгийн хохирол учирснаас 400.000 төгрөгийг, хохирогч Т.Т т учирсан хохирол болох 210.000 төгрөгийг бэлнээр төлөгдсөн, үлдсэн мөнгийг ахуйн хэрэгцээнд зарцуулагдсан байх бөгөөд шүүгдэгч Т. Ч нь хулгайн эд зүйлээ зарж амьдралын эх үүсвэр болгох хэмжээний буюу өөртөө үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө худалдаж авах, эсхүл хулгайн мөнгөөр ямар нэгэн бизнес эрхэлж ашиг олсон гэх зүйл тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч Т. Ч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь,

хохирогч Д.Х ын “...2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсын их сургуулийн хичээлийн 1-р байрны 2 давхарын 236 тоот ажлын өрөөндөө 15 цагийн үед ирсэн. Намайг ажил дээрээ ирэхэд хаалга хагас онгорхой байсан ба дотор нь ямар ч хүн байгаагүй. Би өрөөнд оронгуутаа ширээн дээрхи зөөврийн компьютерыг харсан чинь байхгүй байсан. Миний өрөөнөөс Асер маркийн зөөврийн компьютер алдагдсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-43/,

хохирогч А.О ийн “... 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим би турээсийн төлбөр болох 320.000 төгрөгийг авч ирээд ширээний шургуулганы хамгийн дээд хэсэгт нь хиисэн юм. Тухайн өдөр би хөдөө явах гэж байсан учраас энэ мөнгийг түрээсиин төлбөрт тушаачихаарай гээд нягтлан Чимгээд хэлээд шүүгээнийхээ түлхүүрийг өгсөн. Тухайн үед манай нягтлан Чимгээ Баянзүрх дүүргийн татварын газарт тайлангаа өгнө гэж хэлээд гараад явсан юм. Чимгээг явснаас хойш би 10 орчим минутын дараа гартал манай өрөөний үүдэнд нэг залуу зогсож баисан ба тэр залуу надаас нэг компаний нэр асуухаар нь мэдэхгүй гэж хэлээд өрөөгөө түгжээд 3 дугаар давхрын нойлын өрөөлүү орсон юм. Ингээд 00 өрөөнөөс гараад шууд гадагшаа гараад явсан юм. Би ажлаас гараад хаан банк орж мөнгө тушаачихаад Баянбүрдрүү явж байтал манай нягтлан Чимгээ надруу залгаад өрөөний хаалга, онгорхой байна гэхээр нь би хаалга түгжсэн гэдгээ хэлсэн юм. Тэгээд Чимгээг дотогш ороод хардаа гэж хэлсэн. Ч надад шургуулганд мөнгө байхгүй байна, мөнгө авсан юм уу гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-76-77/,

хохирогч З.Б ийн “Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Идэр дээд сургуульд багшийн ажил хийдэг юм. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн хичээлийн 308 тоот багшийн өрөөнд байж байгаад гадуур хоол идэх гээд гараа явсан. Хоолонд гарахдаа хаалгаа түгжээд цүнх түрүүвчээ орхиод гарсан. Тэгээд 13 цаг 50 минутын орчим гараад 14 цаг 16 минутад ирсэн. Түүнээс өмнө манай нэг багш манай өрөөнд орох гэтэл тугжиж орхисон хаалга нь онгорхой байсан учраас ороод доторх эд зүйлс бүрэн байсан бөгөөд надруу утсаар болсон явдлын талаар ярьсан тэгээд би өрөөндөө орж ирээд цүнхээ үзэхэд түрүүвч байхгүй байсан. Миний түрүүвчинд 700 ам.доллар, бэлэн 200 мянган төгрөг, эс ди карт зэрэг байсан…” гэх мэдүүлэг, /1-р хх-132/,

хохирогч Д.У ийн “...Миний бие Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таны төлөө бид” эмнэлэгт гэрээт эмч ажилтай юм. Тухайн өдөр захирлын өрөөний үүдний нарийн бичгийн өрөөнөөс хар цүнхтэй делл маркийн зөөврийн компьютер хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-157/,

хохирогч Т.Т ийн “...2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Боловсролын яамны 215 тоот өрөөнд байж байгаад, бие засах гэж 4 давхарруу гарчихаад буцаад өрөөндөө ирэн хүнд мөнгө өгөх гэж цүнхээ онгойлготол миний хэтэвчтэй 210.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд доошоо бууж үүдний харуулд хэлээд хяналтын камерыг шүүж үзтэл үл таних эрэгтэй миний өрөөний хаалгыг оролдож байгаад дотогш орж байгаа бичлэг байсан. Надад 210.000 төгрөгийн хохирол учраад байна хэтэвчийг үнэлэхгүй…” гэх мэдүүлэг /1-р хх-178/,

хохирогч М.С ын “...2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн ажил болох Түшиг төвийн В-103 тоот өрөөндөө 13 цагийн орчимд шуба үүдний өлгүүрт өлгөөд цаад талын өрөөндөө орсон, тэгээд би 16 цагийн орчим гарах гээд шуба үзтэл алга болсон байсан. Тэгээд хяналтын камерыг шүүж үзэхэд үл таних эрэгтэй хүн миний шуба байсан өрөөний ажилчдыг цайндаа гарсны дараа өрөөрүү орж миний шубыг хулгайлаад гарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-202/,

хохирогч О.Н ийн “... Манай компани бол Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Бээжингийн гудамж Жи Пи плазад байрлан ажил үйлчилгээ явуулдаг. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажиллаж байгаад 16 цаг 22 минутын орчим ажпаа тараад гарсан хамгийн сүүлд би ажлаасаа гарсан бөгөөд гарахдаа хаалгаа түлхүүрээр 2 удаа эргүүлэн түгжсэн. Тэгээд гэртээ харьж амраад бүтэн сайн өдөр буюу 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажилаараа хальт ороод бичиг баримт аваад гарсан тэгэхэд хаалганы түлхүүр зүгээр хэвийн байсан ба алдсан нөтебүүк ширээн дээр байсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу даваа гарагийн 13 цагийн орчим ажил дээрээ ирээд хаалгаа түлхүүрээр онгойлгоод ширээн дээрээ суугаад ажлаа хийх гэтэл нөтебүүк байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг /1-р хх-233/,

хохирогч Г.С ийн “...2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Түшээ дээд сургуулийн 302 тоот ангид хичээл орж байгаад 15 цагийн хичээл тараад багш нарын өрөөнд ороод цүнхээ үзтэл цүнхэнд байсан 360.000 төгрөг байхгүй байсан. Тэгээд гайхаад багш нарын өрөөнд байсан Мөнхзаяа багшаас цүнхэнд байсан мөнгө алга болчихсон байна та харсан уу яасан юм бол гэхэд Мөнхзаяа багш босож ирээд цүнхээ үзээд миний цүнхэнд байсан 40.000 төгрөг байхгүй байна гээд бид хоёр нэгдүгээр давхарт байрлах хяналтын камер шүүж үзэхэд манай сургуульд 13 цаг 59 минутанд орж ирсэн улаан куртик, цэнхэр жинсэн өмд, хар нүдний шил зүүсэн эрэгтэй хүн сургууль дотор 8 орчим минут холхиж өрөө өрөөрүү шагайж байгаад 14 цаг 08 минутанд давхарлуу орж шалгаж үзээд багш нарын өрөөрүү ороод 5 орчим минутын дараа гарч ирсэн бичлэг байхаар нь бид нар хулгайд эд зүйлээ алдсан талаар мэдсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг/2-р хх-8/,

Иргэний нэхэмжлэгч Г.М, Б.Б нарын мэдүүлэг /2-р хх-10/,         /1-р хх-205/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-219-226/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-228/, шүүгдэгч Т. Чын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.  

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Иймд, шүүгдэгч Т. Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс нийт 8.875.700 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хасбаатарт 1.100.000 төгрөг, А.Оюунчимэгт 3.200.000 төгрөг, З.Баяраад 1.625.700 төгрөг, Д.Уранчимэгт 1.000.000 төгрөг, Г.Сарангэрэлд 360.000 төгрөг, О.Нансалмаад 600.000, иргэний нэхэмжлэгч Б.Баярмаад 950.000 төгрөг, Г.Мөнхзаяад 40.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Т. Чод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жил хорих ял оногдуулах, 2004 оны шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 4 сар 28 хоногийг нэмж нэгтгэн нийт 7 жил 4 сар 28 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол тодорхой хэмжээгээр төлөгдсөн, оргон зайлах явцдаа дахин гэмт хэрэгт холбогдоогүй, 2016 онд гэмтэл авснаас хойш 50 хувийн групп тогтоолгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан тус зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,

Шүүгдэгч Т. Чоос “...миний үйлдсэн гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэгдэх ёстой” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Т. Ч нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 28 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан байх бөгөөд дээрх хугацаа өнгөрсний дараа буюу 2015 онд дахин гэмт хэрэгт холбогдсон байх тул ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Т. Ч нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх хүсэлт гаргасан хэдий ч тэрээр урд нь булаах гэмт хэрэг ял шийтгүүлсэн ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт  “Энэ хэргийг булаах ...гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд ...үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиар прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт нь “...таван жилээс арван хоёр жил...” гэж заасан нь ял шийтгэлийг хөнгөрүүлсэн гэж үзэхээр ба түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулиар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.    

Харин прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж ирүүлээгүй байх тул үүнийг шүүх зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Т. Чод ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал өмнө нь удаа дараа хулгайлах, булаах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлөгдөөгүй байдал, түүнчлэн шүүхээс оргон зайлсан “... 2017 оноос хойш оргон зайлж, улмаар эрэн сурвалжлагдаж 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр баривчлагдсан...” зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

ГУРАВ: Бусад асуудлаар.

Шүүгдэгч Т. Чын энэ хэрэгт цагдан хоригдсон 121 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг СиДи-г тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б овогт Тийн Ч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Тийн Ч ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журмлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь зааснаар шүүгдэгч Т. Чод 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т. Чод оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Шүүгдэгч Т. Чын урьдчилан цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т. Чоос 8.875.700 төгрөг гаргуулж,

-1.100.000 /нэг сая нэг зуун мянга/-н төгрөгийг хохирогч Аруухан овогт

Д ийн Х т /РД:/,

-3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/-н төгрөгийг хохирогч Санпич овогт А ийн О /РД:/-т,

-600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгийг хохирогч Ж овогт О ийн Н /РД: /-д,

-1.625.700 /нэг сая зургаан зуун хорин таван мянга долоон зуу/-н төгрөгийг хохирогч Х овогт З Б /РД: -д,

-1.000.000 /нэг сая/ төгрөгийг хохирогч Г овогт Д ийн У /РД:ЧЛ79012705/-д

-950.000 /Есэн зуун тавин мянга/-н төгрөгийг хохирогч Б овогт Б ийн Б /РД: /-д,

-360.000 /Гурван зуун жаран мянга/-н төгрөгийг хохирогч Х овогт Г С /РД: /-д,

-40.000 /Дөчин мянга/-н төгрөгийг иргэний нэхэмжлэгч Х овогт Г М/РД:/-д тус тус олгосугай.

   7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг СиДи-г тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т. Чод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т. Чод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

                                    ДАРГАЛАГЧ,                         Х.ИДЭР

 

                                    ШҮҮГЧИД                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                       С.ОЮУНЧИМЭГ