Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 538

 

Т.Чод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Т.Чод холбогдох эрүүгийн 201525021948 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

...................., 19............. оны ....... дугаар сарын ..............ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ЗВ хэсгийн Улиастайн 3049А тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./,

Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 519 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий 38 дугаар зүйлд зааснаар нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 2 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан;

 

Т.Ч нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны 2 давхрын 236 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч Д.Хасбаатарын “Асег” маркийн зөөврийн компьютер хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Одкон Холдинг” компаний 302 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч А.Оюунчимэгийн 3.200.000 төгрөгийг хулгайлж хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Идэр” дээд сургуулийн багш нарын өрөөнд нэвтэрч, хохирогч З.Баяраагийн түрүүвчтэй 700 ам.доллар, 200.000 төгрөгийг хулгайлж, нийт 1.625.700 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таны төлөө бид” эмнэлэгийн нарийн бичгийн өрөөнд нэвтэрч, хохирогч Д.Уранчимэгийн “Делл” маркийн зөөврийн компьютер хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны 215 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч Т.Туяацэцэгийн түрүүвчтэй 210.000 төгрөгийг хулгайлж хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” их дэлгүүрийн В03 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч М.Сосордуламын хар өнгийн шуба хулгайлж, 6.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Пи” плазагийн 604 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч О.Нансалмаагийн “Тошиба” маркийн зөөврийн компьютер хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшээ” дээд сургуулийн 320 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч Г.Сарангэрэлийн 360.000 төгрөгийг хулгайлж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ............од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Боржигон овгийн Тунгалагхараагийн Чинзоригтыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т.Чод 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Чод оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Т.Чын урьдчилан цагдан хоригдсон 121 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Чоос 8.875.700 төгрөг гаргуулж, 1.100.000 төгрөгийг хохирогч Аруухан овгийн Дашхүүгийн Хасбаатарт /РД:ШЗ76012375/, 3.200.000 төгрөгийг хохирогч Санпич овгийн Агваанрэнцэнгийн Оюунчимэгт /РД:ЛЮ64032507/, 600.000 төгрөгийг хохирогч Жацай овгийн Отгондоржийн Нансалмаад /РД:РЖ74122701/, 1.625.700 төгрөгийг хохирогч Хариад овгийн Зоригтын Баяраад /РД:ХВ88012867/, 1.000.000 төгрөгийг хохирогч Гомбууд овгийн Доржпүрэвийн Уранчимэгт /РД:ЧЛ79012705/, 950.000 төгрөгийг хохирогч Боржигон овгийн Бямбаагийн Баярмаад /РД:ЧМ62092967/, 360.000 төгрөгийг хохирогч Хоймор овгийн Гомбын Сарангэрэлд /РД:ХЛ67092607/, 40.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Хоймор овгийн Гомбын Мөнхзаяад /РД:ЛЛ75012864/ тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Чод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Чод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 3 дугаар сард 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн яллагдагчаар татагдан шалгагдаж ирсэн ба 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр шийтгүүлсэн. Би мөрдөн шалгах болон шүүхийн шатандаа гэм буруугаа ухамсарлан гэмт үйлдлээ үнэнээр хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирол болох 7.410.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Гадаадаас ирээд өөрийн биеэр цагдаагийн байгууллагад хандан хэргээ шийдүүлэхийг хүссэн юм. Миний бие хөгшин настай ээж болон бага насны хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ, мөн учруулсан хохирлоо төлж барагдуулахаа амлаж байна. Иймд миний эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Т.Чын өмгөөлөгч У.Сайнбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Т.Чын хувьд 8 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн үйлдсэн хэргийг чин шударгаар хүлээн мэдүүлдэг, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрдөг, бусдад учруулсан хохирлоо тодорхой хэмжээнд нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар зааснаас шүүхээс түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Энэ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй байна. Шүүхээс ял шийтгэхдээ “...түүний хувийн байдал өмнө нь удаа дараа хулгайлах, булаах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан ...түүнчлэн шүүхээс оргон зайлсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан. ...” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-д “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заажээ. Дээр дурдсанаар түүний урьд нь удаа дараа ял шийтгүүлж байсныг одоогийн эрх зүйн байдал, ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэл болгож болохгүй. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэжээ. Хэдийгээр оргон зайлсан, хохирол төлбөр төлөгдөөгүй байдал зэргийг дурдсан боловч энэ нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй юм. Тэрээр ял шийтгүүлэхээс эмээж хэсэг хугацаанд зайлсхийсэн боловч энэ хугацаанд ямар нэгэн байдлаар гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй байснаас гадна холбогдсон хэргээ шийдвэрлүүлэхээр өөрийн биеэр цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Иймд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ял илт хүндэдсэн байх тул дээрх үндэслэлийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Ч урьд нь 5 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд 3 удаагийн булаалт, нэг удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс зүйл ангийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Т.Чын үйлдэл болон хувийн байдалд хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал харагдаагүй. Анхан шатны шүүхээс түүнд ял оногдуулахдаа түүний хувийн байдал, өмнө нь ял шийтгүүлж байсан байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор хохирол, хохирлоо нөхөн төлөөгүй, шүүхээс оргон зайлсан нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.” гэв.

                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Т.Ч нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны 2 давхрын 236 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч Д.Хасбаатарын “Асег” маркийн зөөврийн компьютер хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Одкон Холдинг” компаний 302 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч А.Оюунчимэгийн 3.200.000 төгрөгийг хулгайлж хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Идэр” дээд сургуулийн багш нарын өрөөнд нэвтэрч, хохирогч З.Баяраагийн түрүүвчтэй 700 ам.доллар, 200.000 төгрөгийг хулгайлж, нийт 1.625.700 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшээ” дээд сургуулийн 320 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч Г.Сарангэрэлийн 360.000 төгрөгийг хулгайлсан,

2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таны төлөө бид” эмнэлэгийн нарийн бичгийн өрөөнд нэвтэрч, хохирогч Д.Уранчимэгийн “Делл” маркийн зөөврийн компьютер хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны 215 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч Т.Туяацэцэгийн түрүүвчтэй 210.000 төгрөгийг хулгайлж хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” их дэлгүүрийн В03 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч М.Сосордуламын хар өнгийн шуба хулгайлж, 6.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Пи” плазагийн 604 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч О.Нансалмаагийн “Тошиба” маркийн зөөврийн компьютер хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Хасбаатарын “...2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны 2 давхрын 236 тоот ажлын өрөөндөө 15 цагийн үед ирсэн. Намайг ажил дээрээ ирэхэд хаалга хагас онгорхой байсан ба дотор нь ямар ч хүн байгаагүй. Би өрөөнд оронгуутаа ширээн дээрх зөөврийн компьютерыг харсан чинь байхгүй байсан. Миний өрөөнөөс “Асер” маркийн зөөврийн компьютер алдагдсан. ...” /1хх 43/,

 

хохирогч А.Оюунчимэгийн “...2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим би түрээсийн төлбөр болох 320.000 төгрөгийг авч ирээд ширээний шургуулганы хамгийн дээд хэсэгт нь хийсэн юм. ...Чимгээг явснаас хойш би 10 орчим минутын дараа гартал манай өрөөний үүдэнд нэг залуу зогсож баисан ба тэр залуу надаас нэг компаний нэр асуухаар нь мэдэхгүй гэж хэлээд өрөөгөө түгжээд 3 дугаар давхрын нойлын өрөө рүү орсон юм. Ингээд 00 өрөөнөөс гараад шууд гадагшаа гараад явсан. Би ажлаас гараад Хаан банк орж мөнгө тушаачихаад Баянбүрд рүү явж байтал манай нягтлан Чимгээ над руу залгаад “өрөөний хаалга онгорхой байна” гэхээр нь би хаалга түгжсэн гэдгээ хэлсэн юм. Тэгээд Чимгээг дотогш ороод хардаа гэж хэлсэн. Чимгээ надад “шургуулганд мөнгө байхгүй байна, мөнгө авсан юм уу” гэж хэлсэн. ...” /1хх 76-77/,

 

хохирогч З.Баяраагийн “...2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн хичээлийн 308 тоот багшийн өрөөнд байж байгаад гадуур хоол идэх гээд гараад явсан. Хоолонд гарахдаа хаалгаа түгжээд цүнх түрүүвчээ орхиод гарсан. Тэгээд 13 цаг 50 минутын орчим гараад 14 цаг 16 минутад ирсэн. Түүнээс өмнө манай нэг багш манай өрөөнд орох гэтэл түгжиж орхисон хаалга нь онгорхой байсан учраас ороод доторх эд зүйлс бүрэн байсан бөгөөд над руу утсаар болсон явдлын талаар ярьсан. Тэгээд би өрөөндөө орж ирээд цүнхээ үзэхэд түрүүвч байхгүй байсан. Миний түрүүвчинд 700 ам.доллар, бэлэн 200 мянган төгрөг, Эс Ди карт зэрэг байсан. ...” /1хх 132/,

 

хохирогч Д.Уранчимэгийн “...Тухайн өдөр захирлын өрөөний үүдний нарийн бичгийн өрөөнөөс хар цүнхтэй делл маркийн зөөврийн компьютер хулгайд алдсан. ...” /1хх 157/,

 

хохирогч Т.Туяацэцэгийн “...2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Боловсролын яамны 215 тоот өрөөнд байж байгаад бие засах гэж 4 давхар руу гарчихаад буцаад өрөөндөө ирээд хүнд мөнгө өгөх гэж цүнхээ онгойлготол миний хэтэвчтэй 210.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд доошоо бууж үүдний харуулд хэлээд хяналтын камерыг шүүж үзтэл үл таних эрэгтэй миний өрөөний хаалгыг оролдож байгаад дотогш орж байгаа бичлэг байсан. ...” /1хх 178/,

 

хохирогч М.Сосордуламын “...2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр өөрийн ажил болох Түшиг төвийн В-103 тоот өрөөндөө 13 цагийн орчимд шубаа үүдний өлгүүрт өлгөөд цаад талын өрөөндөө орсон. Тэгээд 16 цагийн орчим гарах гээд шуба үзтэл алга болсон байсан. Тэгээд хяналтын камерыг шүүж үзэхэд үл таних эрэгтэй хүн миний шуба байсан өрөөний ажилчдыг цайндаа гарсны дараа өрөө рүү орж миний шубыг хулгайлаад гарсан байсан. ...” /1хх 202/,

 

хохирогч О.Нансалмаагийн “...2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ажиллаж байгаад 16 цаг 22 минутын орчим ажпаа тараад гарсан. Хамгийн сүүлд би ажлаасаа гарсан бөгөөд гарахдаа хаалгаа түлхүүрээр 2 удаа эргүүлэн түгжсэн. Тэгээд гэртээ харьж амраад бүтэн сайн өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ажлаараа хальт ороод бичиг баримт аваад гарсан. Тэгэхэд хаалганы түлхүүр зүгээр хэвийн байсан ба алдсан нөтебүүк ширээн дээр байсан. Тэгээд 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр буюу даваа гарагийн 13 цагийн орчим ажил дээрээ ирээд хаалгаа түлхүүрээр онгойлгоод ширээн дээрээ суугаад ажлаа хийх гэтэл нөтебүүк байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /1хх 233/,

 

хохирогч Г.Сарангэрэлийн “...2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Түшээ дээд сургуулийн 302 тоот ангид хичээл орж байгаад 15 цагийн хичээл тараад багш нарын өрөөнд ороод цүнхээ үзтэл цүнхэнд байсан 360.000 төгрөг байхгүй байсан. Тэгээд гайхаад багш нарын өрөөнд байсан Мөнхзаяа багшаас “цүнхэнд байсан мөнгө алга болчихсон байна, та харсан уу, яасан юм бол” гэхэд Мөнхзаяа багш босож ирээд цүнхээ үзээд миний цүнхэнд байсан 40.000 төгрөг байхгүй байна гээд бид хоёр нэгдүгээр давхарт байрлах хяналтын камер шүүж үзэхэд манай сургуульд 13 цаг 59 минутанд орж ирсэн улаан куртик, цэнхэр жинсэн өмд, хар нүдний шил зүүсэн эрэгтэй хүн сургууль дотор 8 орчим минут холхиж өрөө өрөө рүү шагайж байгаад 14 цаг 8 минутанд багш нарын өрөө рүү ороод 5 орчим минутын дараа гарч ирсэн бичлэг байхаар нь бид нар хулгайд эд зүйлээ алдсан талаар мэдсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан. ...” /2хх 8/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 7-8, 22-23, 54-55, 82-84, 166-167/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-10, 63-64, 92-94/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх 24-27/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 39, 66-67, 121, 150, 171, 219-226, 247-248/, эд зүйлийн үнэлгээ /1хх 125, 143, 190, 228/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Т.Чыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэнээс гадна түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Т.Чод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Т.Ч нь өмнө нь 5 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь түүний засрал хүмүүжлийг олоогүй байдлыг илтгэж байна.

 

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Б.ЗОРИГ

 ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ