| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 109/2021/0037/З |
| Дугаар | 221/МА2021/0597 |
| Огноо | 2021-11-04 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2021/0597
Н.Э-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч Д.Г, Д.Т, Б.Б нарыг оролцуулан Арханхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Н.Э-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр шийдвэрээр: “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Э-гаас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тэтгэврийг төлүүлэх тухай” 117 дугаар актаар тогтоосон 11.971.184 төгрөгийн төлбөрөөс 1.914.000 төгрөгийг багасгаж, үлдэх төлбөрийг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Учир нь миний бие Н.Э нь анх тэтгэвэрт орохдоо өөрөө шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гаргуулж байгаагүй бөгөөд би 50 настай 4 хүүхэдтэй үндэслэлээр тэтгэвэрт орсон гэсэн ойлголттой, ийм итгэл үнэмшилтэйгээр 2021 оныг хүртэл тэтгэвэр авч явсан.
Гэтэл 2021 оны эхээр Нийгмийн даатгалын хэлтсээс дуудаад “таны шүүхийн шийдвэр хуурамч байна” гэхэд нь гайхаад би “шүүхээр ороогүй надад шүүхийн шийдвэр байх ёсгүй” гэж маргасан. Гэтэл миний тэтгэвэрт орсон материалд шүүхийн шийдвэр байсан.
Миний эрүүл мэнд муу, хүний ярьсан зүйлийг сайн ойлгож чадахгүй, өөрийгөө бусдад илэрхийлэх чадвар муу байдаг ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж асардаг, миний тэтгэврээс өөр орлого надад байдаггүй, миний амьдрал биеийн байдал зэрэг маш хүнд. Би энэ их төлбөрийг төлөх ямар ч төлбөрийн чадвар байхгүй. Дээрээс нь миний тэтгэврийг хувь тэнцүүлснээр тогтоож өгсөн.
Анх тэтгэвэр тогтоолгох үед би өрх толгойлж амьдардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өндөр настан эцэг, насанд хүрээгүй хүүхдүүдтэйгээ амьдардаг байсан. Ахуй амьдралыг чинь бодоод 4 хүүхэдтэй 50 нас хүрсэн учраас тэтгэвэрт чинь оруулж өглөө л гэж байсан. Шүүхийн шийдвэрийг би өөрөө гаргахгүй, өөртөө тэтгэвэр тогтоох эрхгүй, Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох , боломжгүй бол тогтоохгүй байх ч эрхтэй газар. Дурын нэг өдөр тэтгэвэр тогтоогоод дурын нэг өдөр тэтгэвэр зогсоогоод байгааг би ойлгохгүй байгаа бөгөөд мөн акт тавиад мөнгө төлүүлэх гээд байгааг нь ч ойлгохгүй энэ үйл явдлыг би буруу гэж үзэж маш их гомдолтой байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.Э нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 117 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Маргаан бүхий актаар иргэн Н.Э-д 11.971.184 төгрөгийн тэтгэврийг үндэслэлгүйгээр тогтоолгож илүү авсан зөрчил илрүүлж, тэтгэвэр авагч Н.Эгаар дээрх төлбөрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно:”, мөн зүйлийн 1-ын 1-д “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол;” гэж заасан бөгөөд тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг үнэн, зөв бүрдүүлэх үүргээ зөрчиж ажилласан жил тогтоосон шүүхийн шийдвэрийг хуурамчаар бүрдүүлсэн иргэн Н.Э-д төлбөр төлүүлэхээр тавьсан акт хуульд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Хэдийгээр Н.Э-д тэтгэвэр тогтоосноос хойш 2 удаагийн өөрчлөлт хийгдсэн, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хийгдсэн шалгалтуудаар уг зөрчлийг илрүүлж чадаагүй зэрэг үйл баримт тогтоогдож байгаа ч энэ нь хуурамч баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгосон үйл баримттай шууд шалтгаант холбоогүй, өөрөөр хэлбэл дээрх 2 удаагийн өөрчлөлт хийсэн байцаагч нар болон хянасан албан тушаалтнуудын шууд гэм буруутай үйлдлээс зөрчил бий болоогүй тул нийгмийн даатгалын байцаагчийг тэтгэвэр тогтоохгүй байх боломжтой байсан гэж буруутгах боломжгүй.
Иймд нэхэмжлэгчээс гаргасан “Шүүхийн шийдвэрийг би өөрөө гаргахгүй, өөртөө тэтгэвэр тогтоох эрхгүй, Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох, боломжгүй бол тогтоохгүй байх ч эрхтэй газар. Дурын нэг өдөр тэтгэвэр тогтоогоод дурын нэг өдөр тэтгэвэр зогсоогоод байгааг би ойлгохгүй байна ... нийгмийн даатгалын байгууллага, шүүх гэсэн хоёр байгууллагын дунд нэхэмжлэгч хохирч байна” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ