Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 123/2021/0005/З |
Дугаар | 221/МА2021/0595 |
Огноо | 2021-11-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2021/0595
Х.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Х.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Х.Н-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 40 дүгээр зүйлийн 40.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Н-ийн Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Х.Н миний бие Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Х.Н намайг төрийн албанаас халсан. Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг удирдлага болгох ёстой.
Гэтэл маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.2, 48.3 дахь хэсэг /төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах/-ыг удирдлага болгожээ. Актын агуулгаас үзэхэд Х.Н намайг ёс зүй, сахилгын зөрчил гаргасан хэмээн буруутгаж байх боловч актад шууд төрийн албанаас халах байдлаар тусгасан нь ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг үүсгэж байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 40 дүгээр зүйлийн 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” хэмээн тус тус заасантай нийцэхгүй байна.
Анхан шатны шүүх дээрх асуудалд буюу маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд бодитой дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна. Маргаан бүхий тушаал зөрчлийн шинж байдалд тохироогүй. Монгол Улсын Засгийн газраас төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, тухайн хэм хэмжээг зөрчсөн талаарх гомдол мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг батлан мөрдүүлж байгаа билээ.
Хариуцагч нь маргаан бүхий тушаалын нэг үндэслэлээ дээрх дүрмийн 3.1.4.в /сүүлд гаргасан 2021оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/03 тушаалаар 3.1.4.д гэж залруулсан/ дэх хэсэг болгосон. Гэтэл тухайн дүрмийн 4.2 дахь хэсэгт зааснаар байгууллагын удирдах албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг буюу уг дүрмийг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг нь харгалзан уучлал гуйхыг үүрэг болгох, сануулах хариуцлагын аль нэгийг л хүлээлгэх эрхтэй байна.
Хэргийн материалд авагдсан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Х.Н-ийнгаргасан гэх зөрчлийг ёс зүй, сахилгын шинжтэй хэмээн тогтоосон. Гэтэл түүнийг төрийн албанаас шууд халсан нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн зохицуулалттай нийцээгүй байна.
Төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан зөрчил сахилгын шинжтэй болох нь тогтоогдож, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг мөрдлөг болгодог. Дээрх журмын 3.5 дахь хэсэгт сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тусгаснаас гадна 6.1 дэх хэсэгт “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж заажээ.
Нэхэмжлэгч Х.Н-ийн тухайд өмнө нь сахилгын зөрчил гаргаагүй, шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй буюу нэг удаагийн тохиолдлын шинжтэй зөрчил гаргасныг харгалзан үзэж сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах зэрэг сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байсан. Түүнчлэн Х.Н-д сахилгын шийтгэл ногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг Ёс зүйн зөвлөлөөс байгууллагын даргад зөвлөж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Ийнхүү түүнд ногдуулсан сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохироогүй, дүрмийн холбогдох зохицуулалттай нийцээгүй байхад анхан шатны шүүх энэ байдлыг харгалзан үзсэнгүй. Харин ч маргаан бүхий актад дурдагдаагүй, тушаалын үндэслэл болоогүй Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх тухай төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн, сахилгын ноцтой зөрчил гаргасан мэтээр маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлээс хальсан дүгнэлтийг хийж, төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хариуцагч сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан.
Хариуцагч нь маргаан бүхий тушаалын илэрхий алдаагаа 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалаар залруулсан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд энэ талаар надад мэдэгдэх үүрэгтэй байжээ. Гэвч хариуцагч нь А/03 дугаар тушаалын талаар надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцад л мэдсэн бөгөөд энэ талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан.
Гэтэл шүүх “...байгууллагын шийдвэр өөрчлөгдөөгүй, захиргааны актын тэмдэглэх хэсэгт гаргасан техникийн алдаагаа залруулсан шийдвэр нь эцсийн шийдвэрт нөлөөлөөгүй байхад хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг хийж, улмаар шүүхийн шийдвэрээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсгийг баримтлан гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байх боловч хэрэглэх ёсгүй хуулийн заалт хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Х.Н-ийг “Өндөржүүлсэн бэлэн байдлын Шуурхай штабын хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа ажлын хариуцлага алдаж мэдээ хоцроосон, архидан согтуурсан” зөрчил гаргасан үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, мөн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалаар дээрх Б/34 дүгээр тушаалын тэмдэглэх хэсэгт “...3.1.4.в” гэснийг “...3.1.4.д” гэж залруулсан өөрчлөлт оруулжээ.
Маргаан бүхий Б/34 дүгээр тушаалд заасан “...Өндөржүүлсэн бэлэн байдлын Шуурхай штабын хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж өглөөний 06 цагийн мэдээ хоцроосон, ажлын байраа орхиж өглөө архидан согтуурсан байдалтай ирсэн” гэх зөрчлийг нэхэмжлэгч Х.Н гаргасан болох нь хэрэгт авагдсан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, өөрийнх нь болон О.М, Б.Х, Т.А нарын тайлбаруудаар тогтоогдсон байна.
Тодруулбал, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Х.Н-ийг “...албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа “Төрийн захиргаа болон үйлчилгээний албаны ёс зүйн дүрмийн 3.1.4.в заалтыг зөрчсөн нь өөрийн тайлбар, тухайн өдрийн жижүүрийн мэдээлэл, Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргээс нотлогдож байгаа тул мөн дүрмийн 4.4-д заасны дагуу ёс зүйн, сахилгын зөрчлийн шинжтэй” гэж тогтоож, нэхэмжлэгчийг 10 сартай хүүхэдтэй бөгөөд өмнө нь зөрчил гаргаж сахилгын шийтгэлгүй ажилласан, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийн ухамсарласан нөхцөл байдалд “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3.5, 3.3.6 дахь заалтын дагуу сахилгын шийтгэлийг харгалзан үзэхийг байгууллагын даргад зөвлөсөн байх бөгөөд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нэхэмжлэгч Х.Н-ийг “төрийн албанаас халах” шийдвэрийг гаргасан байна.
Нэхэмжлэгчээс дээрх зөрчлүүдийг үгүйсгэж, мэдээ хоцроогоогүй гэж маргаагүй, шүүхээс цуглуулсан баримтуудаар түүнийг ажлын байраа орхиж яваагүй, Шуурхай штабын өглөөний 06 цагийн мэдээ илгээсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж үзэх баримт тогтоогдоогүй байх тул Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дүгээр тушаалын холбогдох хэсэг үндэслэлтэй байна.
Харин “...А/03 дугаар тушаалын хувьд сонсох ажиллагаа хийгээгүй” гэх үндэслэлийн тухайд,
Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байх боловч Ёс зүйн зөвлөлийн хуралд нэхэмжлэгч өөрөө биечлэн оролцож тайлбар гаргасан, тэмдэглэлд гарын үсэг зурсан, А/03 дугаар тушаалаар үндсэн Б/34 дүгээр тушаалын тэмдэглэх хэсэгт гаргасан техникийн алдааг зассан байх тул нэхэмжлэгчийн “хариуцагч нь А/03 дугаар тушаалын талаар надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцад л мэдсэн... хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй, удирдлагын зүгээс А/03 дугаар тушаалыг нэхэмжлэгчид танилцуулаагүйд хариуцагчийг шууд буруутгах үндэслэлгүй.
Тодруулбал, маргаан бүхий А/03 дугаар тушаалыг танилцуулаагүй нь өмнөх Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд анхан шатны шүүхийн “...сонсох ажиллагаа гэдэг нь шийдвэр гаргахад нөлөөлөх тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг тухайн этгээдэд олгож байгаа болохоос байгууллагын шийдвэр өөрчлөгдөөгүй, захиргааны актын тэмдэглэх хэсэгт гаргасан техникийн алдаагаа залруулсан шийдвэр нь эцсийн шийдвэрт нөлөөлөөгүй байхад хариуцагчийг сонсох ажиллагаа ажиллагаа хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн Өндөржүүлсэн бэлэн байдлын Шуурхай штабын хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж ажлын байраа орхиж өглөөний 06 цагийн мэдээ хоцроосон, өглөө архидан согтуурсан байдалтай ирсэн гэсэн зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;” гэснийг зөрчсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлтэй.
Анхан шатны шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т “Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана” гэсэн заалтыг Тогтоох хэсэгт баримталсан нь буруу.
Учир нь Хөдөлмөрийн тухай хууль нь тухайлсан харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй байх тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд энэхүү маргааны тухайд төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, үйл ажиллагаандаа хориглох зүйлсийг Төрийн албаны тухай хуулиар хуульчилсан байх тул дээрх хуулийн заалтыг хассан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ