Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00790

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02612 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 338 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш-д холбогдох,

Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ШУТИС-ийн удирдах зөвлөлөөс Санхүү, эдийн засгийн газрын 2013, 2014, 2015 онуудын ажлын үр дүнг тус бүр “хангалттай сайн” гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтийн дагуу жил бүрийн ШУТИС-ийн ректорын холбогдох тоот тушаалуудаар үр дүнгийн урамшуулал шагнал авсан. 

Нэхэмжлэгч Ц.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэг заалтыг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/33 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө ямар зөрчлийг хэзээ гаргасныг тушаалд тусгаагүй. Сахилгын зөрчлийг хариуцагч байгууллага тогтоогоогүй. Ажилтны гаргасан зөрчлийн талаарх баримт, тэмдэглэл, Ц.Б-ийн тайлбар зэрэггүйгээр сахилгын зөрчил ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймээс Ц.Б-ийг санхүү эдийн засгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин олговорт 22 897 742 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалд заасны дагуу сүүлийн 3 сарын дундаж цалинг тодорхойлдог. Цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс зэргийг оруулан тооцдог. Энэхүү журмын дагуу нөхөн олговроо тооцоолсон. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот тушаал яригдахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасны дагуу сахилгын шийтгэлгүйд тооцно. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ногдуулсан сахилгын шийтгэл ногдуулах тухай А/134 дугаар тушаалыг Ц.Б-эд танилцуулаагүй. Ц.Б- нь ажлаас чөлөөлөгдөхдөө тухайн тушаалыг мэдсэн учир нэхэмжлэлд дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын ногдуулна гэж заасан.

Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байсан хугацаа өнгөрсөн учраас сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй. Аудитын баримтад дурдагдсан зөрчлүүд хэзээний ямар зөрчил гэдэг нь тодорхой бус.

Санхүүгийн баримтад дээр гаргасан зөрчлүүд хэзээний зөрчил гэдэг нь тодорхойгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг зөрчсөн. Иймээс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ногдуулсан сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Сахилгын шийтгэлийг мэдэгдээгүй учраас нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар энэ маргаан шүүхээр шийдүүлэх маргаан бөгөөд зөрчлийг мэдсэн өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой байсан. Гэтэл тухайн тушаалыг танилцуулаагүй учраас гомдлоо гаргаагүй. Тушаал танилцуулаагүй бөгөөд тушаал танилцуулсан баримт нь хэрэгт авагдаагүй. Иймээс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/134 тоот тушаал нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн 3 дахь хуудсан дээр захиргаа, мониторингийн газрын дарга н.Пүрэв хэлэхдээ “...миний бие өчигдөр Б.Арвинбаяр, Ц.Б-, н.Хашбаяр нартай уулзаад ажлаас нь чөлөөлөх тухай хэлсэн тэд нар зохих газар ажлаа тайлагнаж байж асуудлыг шийднэ” гэсэн гэжээ. Тэгэхээр 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн уулзалтаар ажлаас чөлөөлөхийг хэлсэн. Хурлын тэмдэглэл дээр энэ хурал ямар зорилгоор хэзээ болсон хурал гэдэг нь тогтоогдохгүй байна. ...Зөрчлийг нотлох баримт байхгүй. Ректорын хурлын тэмдэглэл нь зөрчлийг нотолж байгаа нотлох баримт биш. Зөрчил дээр тайлбар авах ёстой. Зөрчлийг илрүүлэх ёстой. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр болсон хурал дээр яригдсан зүйл нь Ц.Б- нь төсвийн талаар асуусан асуултад буруу хариулах, сайн мэдэхгүй байгаа зэрэг хувь хүн талаасаа зөндөө алдаа гаргасан удирдах зөвлөлийн гишүүний хувьд үзэхэд Ц.Б- нь ажлаа хийж чадахгүй байна гэж үзсэн. Үүнээс мэргэжил арга зүйн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэх асуудал яригдаж, бүтцийн өөрчлөлт хийнэ багаар хамтарч ажиллахгүй байх талаараа хуралдаанаараа ярьсан бөгөөд тухайн хурлаараа зөрчлийн тухай яриагүй зөрчлийг илрүүлээгүй. Эндээс харахад ажлаас халагдсан үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргаа, мониторингийн газрын дарга н.Пүрэв 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Арвинбаяр, Ц.Б-, н.Хашбаяр нарыг ажлаас чөлөөлөхөөр болсныг мэдэгдсэн. Тушаалын үндэслэл хэсэгт дурдсан тайлбар худал мэдүүлсэн гэж үзэж байна. Мөн Б.Арвинбаяр, Ц.Б-, н.Хашбаяр нарыг Авлигатай тэмцэх газар шалгуулахад Нийслэлийн прокурорын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 162 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Б- нь удаа дараа сахилгын зөрчил гаргасан. Дотоод аудитор Г.Бэлэгтэд тэтгэмж 21 551 400 төгрөгийг давхардуулан олгож, сургуулийг хохироосон үйлдэлдээ 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот ректорын тушаалаар сануулах сахилгын шийтгэл авч байсан. 

Мөн захиргаа бүрэлдэхүүн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох арга хэмжээг аваагүй үйлдэлдээ 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/134 тоот ректорын тушаалаар сануулах сахилгын шийтгэл авсан. 

Улмаар Ц.Б- нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ректорын зөвлөлийн хуралд ажлаа танилцуулаагүй, санхүүгийн үйл ажиллагаа хангалтгүй явагдаж байна гэдэг үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/33 тоот тушаалаар Ц.Б-ийг ажлаас чөлөөлсөн. Ц.Б- нь шүүхэд гаргасан тайлбартаа сахилгын шийтгэл авснаа дурдсан, тухайн сахилгын шийтгэлдээ гомдол гаргаагүй учир тухайн хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна.

Ийнхүү Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан. Ц.Б- нь 1 563 200 төгрөгийн үндсэн цалинтай. Ц.Б- нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл хүлээсэн тухайн үндэслэл нь ректорын зөвлөлийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлд тодорхой авагдсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02612 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийг эрхэлж байсан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Санхүү эдийн засгийн албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай Б\33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас олговорт 22 897 792 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-эд олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч Ш-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 272 439 төгрөг бүгд 342 639 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 338 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу шүүхээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүгчийн захирамжаар нотлох баримтыг шүүх өөрөө хуульд заасан шаардлагыг ханган ирүүлэх үүргийг хүлээсэн юм. Иймд шүүхийн гаргасан нотлох баримтууд нь хэдийгээр архивын баримт дарагдсан гэх боловч шүүх өөрөө нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлсэн тул нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж үзэхэд учир дутагдалтай юм. Нөгөө талаар талууд шүүхийн ирүүлсэн нотлох баримтууд дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8, 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасны дагуу хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй, энэ талаар аль аль талууд маргаагүй болно.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 338 тоот магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Санхүү, эдийн засгийн албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчигдсөн гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар хэргийн оролцогч нь бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах тухай мөн зүйлийн 44.4.-т заасан зохицуулалт бичмэл нотлох баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэх хэргийн оролцогчийн үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчигдсөн, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд ач холбогдол бүхий нотлох баримт хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрийн шаардлагыг хангаагүй тохиолдолд эдгээр баримтад үндэслэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.3.-т заасан шаардлагад нийцжээ.

Нотлох баримтын агуулгын талаар талууд маргаагүй байх нь хуулийн шаардлага хангаагүй байдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 338 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН