Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр би, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШУТИС-д холбогдох  

Ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Б 2013 оны 6 сарын 20-ны өдрөөс Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Санхүү, эдийн засгийн газрын даргын албан тушаал, бүтцийн өөрчлөлтөөр 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Санхүү, эдийн засгийн албаны даргын албан тушаалд тус тус томилогдон, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2014, 2015, 2016 болон 2017 оны үйл ажиллагааны төсвийг боловсруулан Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулах, холбогдох хуулийн дагуу төсвийн захиран зарцуулалтыг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байв. Дээрх ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаанд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Удирдах зөвлөлөөс Санхүү, эдийн засгийн газрын 2013, 2014, 2015 онуудын ажлын үр дүнг тус бүр “Хангалттай сайн” гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтийн дагуу жил бүрийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын холбогдох тоот тушаалуудаар үр дүнгийн урамшуулал шагналыг авч байсан. 2016 оны ажлын үр дүнг Санхүүгийн тайлан баталгаажсаны дараа буюу 2017 оны 2 дугаар улирлын эхэнд дүгнэнэ. 2017 оны үйл ажиллагааны төсвийг Төсвийн тухай хууль, холбогдох дүрэм журмын хүрээнд шинэ Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан. Ажлын үр дүнг нь төр засаг, хамт олон сайшаан дэмжиж 2014 оны 12 сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон, 2015 оны 12 сарын 5-ны өдөр Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс Боловсролын салбарын оны тэргүүний ажилтан буюу “Шилдэг санхүүч” цол, тэмдгээр шагнуулж байсан зэрэг нь Ц.Б-ийг идэвхи санаачлагатай, үр дүнтэй ажиллаж байсныг харуулна. Гэтэл нэхэмжлэгчийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2017 оны 1 сарын 31- ний өдрийн Б/33 тоот тушаалаар 2017 оны 2 сарын 1-ний өдрөөс Санхүү, эдийн засгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан байдаг. Энэхүү тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 46 дугаар зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.12.6, 4.12.8, 9.2 сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалт, Ректорын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, Авилгатай тэмцэх газрын 2017 оны 1 сарын 27-ны өдрийн 05/1067 тоот албан бичгийг үндэслэсэн байх бөгөөд үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой заалтуудыг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр гаргасан хэмээн үзэж байна. Ректорын тушаалд тусгасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.3-д заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үйлдлийг нэхэмжлэгч гаргаагүй болно. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй байхад ажил олгогч энэ хуулийн 131.1.3 дахь заалтыг үндэс болгож урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас шууд чөлөөлсөн нь хууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дотоод дүрэм журмыг зөрчсөн. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректор Б.Очирбат, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв нар ажлаас халагдах ямар ноцтой зөрчил гаргасан талаар тодорхой тайлбар мэдээллийг бичгээр болон амаар нэхэмжлэгчид танилцуулаагүй. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректор, удирдлагын зүгээс Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захиргааны бүх газар алба, нэгжүүдийн 2016 оны албан тайланг хэлэлцүүлэх, ажлын үр дүнг үнэлэх дүгнэх ажлыг зохион байгуулаагүй. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.12.8 дахь заалтад “проректорууд болон санхүүгийн албаны даргыг томилох, чөлөөлөхөд Удирдах зөвлөлтэй, ... зөвшилцөн шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны 1 сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2017 оны төсвийн төслийг хэлэлцэн баталсан. Уг төсвийн төслийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректор, Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан проректорт удаа дараа танилцуулж санал зөвлөмжийг авч тусгасан бөгөөд Ректорын зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцүүлэн сайжруулж Удирдах зөвлөлийн хуралд оруулахаар тогтсон. Удирдах зөвлөлийн хурлаар төсвийн төсөлтэй холбоотойгоор гишүүд санал, шүүмж, дүгнэлтийг гаргаж байсан бөгөөд эдгээрийг тусган төсвийн төслийг баталсан. Тус хурлаар манай Санхүү, эдийн засгийн албаны ажлын тайлан, үр дүнг дүгнэх, ажлын байр, орон тооны асуудал хурлын төлөвлөгөөнд тусгагдаагүй болон хэлэлцэгдээгүй болно. Удирдах зөвлөлийн хурлаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын 2016 оны сургалт, эрдэм шинжилгээ, санхүү, захиргааны ажлын тайланг авч хэлэлцсэн бөгөөд “Хангалттай сайн” гэж үнэлсэн. Ректорын тайланд тусгагдсан санхүү, эдийн засгийн тайлангийн төслийг манай албанаас боловсруулан хүргүүлсэн бөгөөд энэ нь бидний үйл ажиллагааг давхар үнэлсэн зүйл гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Санхүү, эдийн засгийн албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны талаарх мэдээллийг Авилгатай тэмцэх газраас авсан бөгөөд үүнд Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректорт томилох чөлөөлөх асуудлын талаар танилцуулаагүй, зөвшилцөн шийдвэрлээгүй байна. Иймд ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр ажлаас халсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Б.Очирбатын 2017 оны 1 сарын 31-ний өдрийн Б/33 тушаалыг хүчингүй болгох, Санхүү эдийн засгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Б-ийн Санхүү эдийн засгийн албаны даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг Шинжлэх ухаан, технологийн их сургууль хариуцах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ц.Б нь удаа дараа сахилгын шийтгэлийн арга хэмжээ авагдаж байсны зэрэгцээ Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2, хөдөлмөрийн гэрээний 8.2.4-д заасан их сургуулийн санхүү эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан төдийгүй сургуульд их хэмжээний хохирол учруулж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон учир Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ректорын 2017 оны 1 сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай тушаалаар Ц.Б-ийг2017 оны 2 сарын 1-ний өдрөөс Санхүү эдийн засгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжийн заалтад нийцсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 7 сарын 3-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй”, 15.4.1-т “Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондын хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна” гэж зааснаас үзвэл Ц.Б хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж болохоор байна. Ц.Б-ийн сахилгын зөрчил давтан гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байсан талаар дурдах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 2015 оны 12 сарын 23-нд ажилдаа хариуцлагагүй хандаж, дотоод аудитор Г.Бэлэгтэд тэтгэмж давхардуулан 21,551,400 төгрөг олгож, Ректорын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн Б/15 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл, Захиргаа, бүрэлдэхүүн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, зөрчил дутагдал гарсан тохиолдолд түүнийг арилгах арга хэмжээг тодорхойлох, хариуцлага тооцох талаар хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Рөкторын 2016 оны 9 сарын 20-ны өдрийн А/134 тооот тушаалаар 2016 оны 9 сарын 19-ний өдрөөс сануулах сахилгын шийтгэл тус тус хүлээж байсан. Ц.Б нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа Төсвийн тухай хууль, Төсвийг хэмнэх Засгийн газрын 147 дугаар тогтоолын “... Төрийн чиг үүрэгт хамааралгүй үйл ажиллагаанд төсвийн мөнгөн хөрөнгийг зарцуулахыг хориглосон” заалтыг санаатайгаар хувийн сонирхлоор зөрчиж, өөрийн найз Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректороор ажиллаж байсан Д.Батчулуунтай үгсэн хуйвалдаж, өөрийгөө тэргүүний нягтланд тодорхойлуулан мэргэшсэн нягтлан бодогч болох боломжтой гэсэн ойлголтыг төрүүлж Мэргэшсэн нягтлан бодогчдын институт төрийн бус олон нийтийн байгууллагын шинэ жилийн баярын цэнгүүнийг төсвийн хөрөнгө болох 1900000 төгрөгөөр ивээн тэтгэсэн. Ц.Б-ийн үйлдэл нь илэрхий эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлсэн хамт олны эгдүүцлийг хүргэсэн, төсвийн мөнгөн хөрөнгийг ашиглан шамшигдуулсан нь тогтоогдсон учир эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шийдвэрлээд байна. Ц.Б гэмт үйл ажиллагаагаа нуух зорилгоор урилгын үнэ гэж зориулалтыг өөрчлөн мэргэшсэн нягтлан бодогчийн институтэд мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон болно. Ц.Б-ийн ашигласан 1,900,000 төгрөг санхүүгийн баримтаар хөтөлбөргүй тогтоогдсон, ажлаас халах сахилгын шийтгэлтэй үр дагавар, шалтгаант холбоогоор холбогдож байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргах болсон. Ц.Б нь Хэрэглээний стандарт гэсэн чөлөөт сэтгүүлийн нүүрэнд өөрийнхөө зургийг нийтлүүлж, сурталчилгааны үнэнд гэж тус сэтгүүлийн Хаан банкны 5020649320 тоот дансанд төрийн сангийн төсвийн мөнгө хөрөнгөөс 3 сая төгрөг шилжүүлсэн. Ц.Б 2015 оны 6 сарын 19-ний өдрийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн санхүүгийн ажилтнуудын санхүүгийн боловсрол сэдэвт семинарын 50 хүний төсөв 3 300 000 төгрөгөөс бэлнээр 1,908,500 төгрөгийг авсан. Монголын үндэсний аудитын газраас Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн ажлын тайланд захиргааны нэгжүүд болон бүрэлдэхүүн сургуулиудын хооронд уялдаа муутай, зарим статистик тоо мэдээг зөрүүтэй нэгтгэсэн. Санхүү хөрөнгийн нөөцөөр бүрэн хангагдсан хэдий ч санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм журмыг шинэчлээгүй. Улсын төсвөөс авах санхүүжилтийг багасгах тооцоо гаргаагүй. Сургалтын төлбөрийг хэрхэн тооцох талаар журам аргачлал баталж мөрдөөгүй гэсэн нь Ц.Б-ийн ажил хариуцах сахилга, хариуцлагатай холбоотой гэж үзсэн. Ц.Б-ийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчин тендер зарлаагүй, үнэлгээний хороо байгуулаагүй оролцогчдод мэдэгдээгүй шууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан зөрчлийн талаар 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 83 тоот албан бичиг, 2007 оны 4 сарын 28-ны өдрийн 144 дугаартай албан бичигт тодорхой бичсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2017 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш 2018 оны 6 сарын 28-ны өдрийг хүртэлх нийт 355 хоногоор тооцон 45,660,650 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээг тодруулж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Санхүү, эдийн засгийн газрын даргын ажлын байранд 2013 оны 9 сарын 20-ны өдөр  “Хөдөлмөрийн гэрээ” /хх-177,178 тал/-г байгуулан ажиллаж байгаад Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Санхүү, эдийн засгийн газар татан буугдсан шалтгаанаар 2015 оны 5 сарын 1-ний өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Санхүү, эдийн засгийн албаны даргын ажилд томилогдсон болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар дахь тэмдэглэгээ /хх-179 тал/-гээр тогтоогдож байна.

 Шинжлэх ухаан технологийн их сургууль нь Ц.Бумцэндтэй Санхүү, эдийн засгийн албаны даргын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын 2017 оны 1 сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал /хх-175,176 тал/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримтлан Ц.Б-ийг2017 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн Санхүү эдийн засгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг 2017 оны 2 сарын 23-ны өдөр шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаад тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 11-ний өдрийн захирамж /хх-5 тал/-аар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн, улмаар 2017 оны 5 сарын 22-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дахь заалтад зааснаар тасалдсан, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнөх хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул нэхэмжлэгчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг баримталсан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан”, “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх хоёр үндэслэлийн аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар тодорхой заагаагүй байна.

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэгч Ц.Б нь хөдөлмөрийн гэрээний 8.2.4 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэх тайлбарыг гаргасан байх ба хариу тайлбарт Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын шинэ жилийн баярын цэнгүүнийг төсвийн хөрөнгө болох 1,900,000 төгрөгөөр ивээн тэтгэсэн, Хэрэглээний стандарт гэсэн чөлөөт сэтгүүлийн нүүрэнд өөрийнхөө зургийг нийтлүүлж сурталчилгааны үнэд гэж тус сэтгүүлд төсвийн мөнгөн хөрөнгөнөөс 3,000,000 төгрөг шилжүүлсэн, Санхүүгийн ажилтнуудын санхүүгийн боловсрол сэдэвт семинарын 50 хүний төсөв 3,300,000 төгрөгөөс бэлнээр 1,908,500 төгрөг авсан, Үндэсний аудитын газраас Шинжлэх ухаан технологийн их сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн ажлын тайланд  дурдагдсан зөрчлүүд нь Ц.Б-ийн ажил хариуцах сахилга хариуцлагатай холбоотой, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчин тендер зарлаагүй, үнэлгээний хороо байгуулаагүй, оролцогчдод мэдэгдээгүй шууд гэрээ байгуулсан гэх мэт зөрчлийн талаар дурдсан байна.

Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын шинэ жилийн баярын цэнгүүнийг төсвийн хөрөнгө болох 1,900,000 төгрөгөөр ивээн тэтгэсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчин тендер зарлаагүй, үнэлгээний хороо байгуулаагүй, оролцогчдод мэдэгдээгүй шууд гэрээ байгуулсан гэх асуудлаар гарсан гомдлыг хянан шалгаж Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2017 оны 6 сарын 9-ний өдрийн 162 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол /хх-22,23 тал/-оор гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хэрэглээний стандарт гэсэн чөлөөт сэтгүүлийн нүүрэнд өөрийнхөө зургийг нийтлүүлж сурталчилгааны үнэд гэж тус сэтгүүлд төсвийн мөнгөн хөрөнгөнөөс 3,000,000 төгрөг шилжүүлсэн, Хэрэглээний стандарт гэсэн чөлөөт сэтгүүлийн нүүрэнд өөрийнхөө зургийг нийтлүүлж сурталчилгааны үнэд гэж тус сэтгүүлд төсвийн мөнгөн хөрөнгөнөөс 3,000,000 төгрөг шилжүүлсэн, Санхүүгийн ажилтнуудын санхүүгийн боловсрол сэдэвт семинарын 50 хүний төсөв 3,300,000 төгрөгөөс бэлнээр 1,908,500 төгрөг авсан гэх асуудлууд нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хариу тайлбарт дурдагдсан Ц.Б-ийн гаргасан гэх зөрчлүүд нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ хариуцагч нь нэхэмжлэгчтэй Санхүү, эдийн засгийн албаны даргын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн гаргасан сахилгын давтан зөрчлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл, 2016 оны 9 сарын 20-ны өдрийн А/134 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг тус тус нэхэмжлэгчид ногдуулсан байсан ба сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад зааснаар “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байх боловч сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин гаргасан гэх зөрчлийн талаар Үндэсний аудитын газрын тайланг нуусан, аудитын байгууллагаас ирсэн албан даалгаврын дагуу залруулга хийх арга хэмжээ аваагүй, хяналт тавих, тайлагнах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч байгууллага 2016 оны 9 сарын 20-ны өдрийн А/134 дугаар тушаалаар нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулахдаа аудитын дүгнэлтийг хугацаа хожимдуулж сургуулийн удирдлагад танилцуулсан, ажлын байрны тодорхойлолтод заасан бүрэлдэхүүн сургуулиудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчил дутагдал гарсан тохиолдолд түүнийг арилгах ар хэмжээ авах, хариуцлага тооцох, удирдлагад санал боловсруулж шийдвэрлүүлэх талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан атлаа түүнийгээ дахиж гаргасан зөрчил мэтээр яриад байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Захиргааны зөвлөлийн 2016 оны 9 сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэл /хх-92-96 тал/-ээр Үндэсний аудитын газрын аудитын тайлан дүгнэлттэй холбогдуулан Ц.Бумцэндэд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж буй нэхэмжлэгч сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин гаргасан гэх зөрчлийн талаар нэхэмжлэгчид өмнө нь буюу 2016 оны 9 сарын 21-ний өдрөөс өмнө сахилгын шийтгэл ногдуулсан байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин гаргасан гэх зөрчилд нь өмнө нь буюу 2016 оны 9 сарын 21-ний өдрөөс өмнө сахилгын шийтгэл ногдуулсан байсан, шүүхэд гаргасан хариу тайлбарт дурдагдсан бусад зөрчил нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургууль нь нэхэмжлэгч Ц.Б-ийгажлаас буруу халсан гэж үзэж, Ц.Б-ийгШинжлэх ухаан технологийн их сургуулийн Санхүү эдийн засгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу Ц.Б-ийн нийгмийн даатгалын дэвтэр /хх-25,26 тал/-т бичигдэн баталгаажсан сүүлийн гурван сарын цалин хөлс буюу 2016 оны 11 сарын цалин хөлс 1,786,180 төгрөг, 2016 оны 12 сарын цалин хөлс болох 4,223,620 төгрөг, 2017 оны 1 сарын цалин хөлс болох 2,287,440 төгрөг, нийт 8,297,240 төгрөгөөс тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин хөлс нь 2,765,746 төгрөг болж байна.

Үүнийг ажлын 21.2 өдөрт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс нь 130,459 төгрөг болж байна.

Хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцалсан 2017 оны 1 сарын 31-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 2018 оны 6 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт ажлын 369 хоногт тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь 48,139,371 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч 45,660,650 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45,660,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бумцэндэд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б-ийн болон хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуульд даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах гэсэн байдлаар тодорхойлсон нь бие даасан шаардлага болохгүй, ажил олгогчийн тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл байгаа эсэхийг тогтоох хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх тусдаа бие даасан шаардлага гэж үзээгүй, уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийгШинжлэх ухаан технологийн их сургуулийн Санхүү эдийн засгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45,660,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бумцэндэд олгосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б-ийн болон хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуульд даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 386,253.25 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР