Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 115

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

               Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Залуучуудын хороо, 25-38 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ86010561, Булгадар овогт Сүхээгийн Батцэцэгийн нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

        Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газарт бичээчийн ажилд орсон. Өмнө нь ажиллаж байсан Лхагва Улаанбаатар хотруу шилжиж, оронд нь орсон юм. Удалгүй Засаг дарга, Тамгын газрын дарга гэх мэт дарга нар солигдож хамтран ажиллаад удаагүй байтал Нийтлэг үйлчилгээний албаныдаргын санаачилгаар Бүтцийн өөрчлөлт хийж  байна. Нэг л бичиг хэргийн ажилтантай байна гэж эрхлэгчийг үлдээж, Бичээчийг чөлөөлж байна гээд намайг чөлөөлсөн. 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэнэт тушаал гаргасан ба урьдчилж надтай ярилцаж мэдэгдээгүй. Гэвч удалгүй миний оронд хүн авсан. Иймд би гомдолтой байгаа тул энэ асуудлыг шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч С.Батцэцэг, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч С.Батцэцэг миний бие нь тус шүүхэд гаргасан бичээч, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газар нь С.Батцэцэг надад 3 сарын ажилгүйдлийн тэтгэмж олгохоор тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулав” гэжээ.

             Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч С.Батцэцэг нь хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Батцэцэг, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан бичээч болон архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 3 сарын ажилгүйдлийн тэтгэмж олгохоор тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

         Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

           Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийн тал хувь буюу 35.100 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч С.Батцэцэг, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан бичээч болон архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 3 сарын ажилгүйдлийн тэтгэмж олгохоор зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.  

     3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ