Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00822

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/03241 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 297 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч М-д холбогдох,

Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговорт 5 565 371 төгрөг гаргуулах, илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуягийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг, Т.Түвшинбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Машинч Б.Н-, туслах машинч Ш.Ундрах нар нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар-Зүүнхараа чиглэлд 4,971 тонн жинтэй, 228 гол буюу 53 вагонтой 3124 дүгээр галт тэргээр 2ТЭ116 серийн 1730 дугаартай илчит тэрэгтэй аялахад илчит тэрэгний А секцэнд галын дохиолол ажиллаж 2 секц ачаалалт хаяж ажиллагаа нь доголдон урагш зүтгэхээ больсон. Жолоодлогын бариулыг хааж татахад ажиллагаа хэвийн болоогүй. Өгсүүр замд аргагүйдэн хурд унаж зогссон тул галт тэргийг буцааж өнхрөхөөс сэргийлж тормос хийж 228 дугаар километрийн 9 дүгээр зуутад байранд нь барьж зогсоосон бөгөөд Сүхбаатар депо жижүүрт мэдэгдэн илчит тэргэнд үзлэг хийхэд галын дохиолол хуурамчаар ажилласан, илчит тэрэг ачаалалтгүй болсон байсан тул ачаалалтыг сэргээж галт тэргийг байрнаас хөдөлгөх гэсэн боловч өгсүүр замд ачааагаа дийлэхгүй байрнаас хөдлөх боломжгүй, илчит тэрэгний хос дугуй хий эргэж төмөр замыг ухан гэмтээж, зам төмрийг солиход хүргэх их хэмжээний хохирол гаргах нөхцөл байдал үүсэж байсан тул Төмөр замын Техник ашиглалтын дүрэм, Замын даргын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29Б дугаар цахилгаанаар мэдэгдсэний дагуу Зүүнхараа өртөөний жижүүрт мэдэгдэн тусламж авч Зүүнхараа өртөөнд орж зогссон.

Машинч Б.Н- илчит тэрэг ачаалалтгүй болж өгсүүрт хурд унаж зогсох үед нь тормос хийж галт тэргийг уруу замруу буцаж өнхрөхөөс сэргийлж байранд нь барьж зогсоосон байхад шуурхай хурал дээр галт тэргийг 40 км/ц-ийн хурдтай явж байхад тормос хийж зогссон, зогсоохгүйгээр ачаалалтаа босгоод явж болох байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлжээ. Машинч Б.Н- нь тухайн үед газар дээрх нөхцөл байдалтай уялдуулан зохих журмын дагуу шийдвэр гаргасан байхад машинчийн үйлдлийг хийсвэрээр дүгнэж гүтгэн буруутгаж, хуулийн болоод бодит үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлан, илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг нь хурааж өөр ажилд шилжүүлж, хууль ёсны эрх ашгийг нь хохироосонд гомдолтой байдаг.

Машинч Б.Н- нь тухайн үед газар дээр нь нөхцөл байдалтай уялдуулан зам төмөр ухаж их хэмжээний хохирол учруулахаас сэргийлж ажилласан бөгөөд тухайн гологдлын хохирлын хэмжээ нь 208 730 төгрөг болсон ба хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлгүй байхад хууль бусаар хөдөлмөрийн гэрээг нь цуцлан ажлаас халж хөдөлмөрлөх эрхийг нь ноцтойгоор зөрчсөн. Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3 дахь заалт, УБТЗ-ын Зүтгүүрийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батдоржийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр удирдан хийсэн шуурхай зөвлөгөөний шийдвэр зэргийг тус тус үндэслэл болгосон. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж байгаа тохиолдолд тус хуулийн 40 дүгээр зүйлийг баримталдаг. Гэтэл 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан ба Б.Н- нь урьд нь сахилга зөрчил гаргаагүй, сахилгын зөрчилгүй ажилтан байсан тул давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

Иймд М-ын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацаан дахь олговор гаргуулж, илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Б.Н-ын нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан сахилгын зөрчил нь бодит бөгөөд түүнд ногдуулсан сахилгын шийтгэл үндэслэлтэй юм. Сүхбаатар өртөөнөөс Зүүнхараа чиглэлд 3124 дугаартай галт тэрэг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 4971 тонн жинтэй, 228 голтой, 53 вагонтой аялж явах үед 2ТЭ116 серийн 1730 дугаартай илчит тэрэгний А секцэнд галын дохиолол ажиллаж 2-р секц ачаалалгүй болж хоорондын замд зогссон байна. Улмаар туслах зүтгүүр дуудаж тусламж авч Зүүнхараа өртөөнд орж зогссон байна. Гологдлыг Сүхбаатар депогийн ашиглалтын 5 дугаар цуваанд тооцсон. Шуурхай хурлыг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дархан татах хэсэг дээр хийсэн бөгөөд тус хурлаар осол гологдол гаргасан тул Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь үндэслэлээр цуцалж, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3 дахь заалтаар Хөдөлгөөний бус ажилд шилжүүлэх сахилгын шийтгэл ногдуулсан.

Осол гологдлын талаарх гомдлоо Төмөр замын тээвэр дэх сүйрэл, осол гологдлыг шинжлэн судлах журмын дагуу Төмөр замын тээврийн эрх бүхий албан тушаалтанд гаргах байсан. Тухайн үед гомдлоо гаргаагүй байж одоо энэ асуудлаар маргаан үүсэж байгаа нь үндэслэлгүй байна. Улмаар Б.Н- нь Татах хэсгийн техникийн шалгалтыг дахин өгсөн тул 150 тоот шалгалтын магадлагааг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Дархан татах хэсгийн даргын 738 тоот тушаалаар Сүхбаатар депод илчит тэрэгний туслах машинчаар ажиллуулах шийдвэрийг гаргасан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/03241 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан М-ын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалын 2, 3, 4, 5, 6 дах заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н-ыг М-ын Сүхбаатар депод илчит тэрэгний машинч ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 565 371 төгрөгийг хариуцагч М-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Н-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-ын ажилгүй байсан хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч М-аас илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М-аас улсын тэмдэгтийн хураамжид 163 995 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 297 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/03241 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч М-д холбогдох М-ын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговорт 5 565 371 төгрөг гаргуулах, илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Б.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...2ТЭ116-1730 илчит тэрэг хоорондын замд гэмтэл гарч Зүүнхараа өртөөнөөс тусламж авсанд талууд огт маргаагүй бөгөөд Улаанбаатар төмөр замын даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-310 дугаар тушаалаар батлагдсан “Осол, гологдлыг ангилан бүртгэх, шинжлэн судлах дотоод журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3-т тусгайлан заасан 20 тохиолдлыг онцгой тооцоот гологдолд, мөн журмын 2 дугаар зүйлийн 2.4-т заасан 13 тохиолдлыг гологдлоор тооцохоор журамд тусгасан. Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “...ажлын ноцтой гологдол гаргасан... бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасан. Галт тэрэг хоорондын замд 1 цагаас дээш хугацаанд саатсан гологдол нь “Осол, гологдлыг ангилан бүртгэх, шинжлэн судлан дотоод журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4.5-д “Галт тэрэг саатсан Бүх төрлийн галт тэрэг хоорондын зам, өртөө, зөрлөгт /найруулснаас бусад/ төмөр замын ажилтны буруугаас мөн гал гарснаас болж зурмагт тогтоосон хугацаанаас 1-ээс дээш цагаар саатсан тохиолдол.” гэх жирийн гологдлын ангилалд хамаарах ёстой.

Мөн тус илчит тэрэгний гологдлын судалгааг хавтаст хэрэгт нотлох баримтаар авахуулсан бөгөөд жирийн гологдлын улмаас хөдөлмөрийн гэрээ цуцлах нэг ч тохиолдол гараагүй. Гэтэл үүнийг давж заалдах шатны шүүх буруу дүгнэж бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй улмаас магадлал үндэслэлгүй гарсан.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Б.Н- М-ын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, илчит тэргийн машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, илчит тэрэг жолоодох эрхээ сэргээлгэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.           

Хариуцагч М- нь шаардлагыг эс зөвшөөрч, Б.Н- зөрчил гаргасан учир түүнд захиргааны зүгээс сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Ажил олгогч нэхэмжлэгч Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалаар цуцалж, түүнийг хөдөлгөөний бус ажилд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 43 дугаар зүйлийн 43.1., 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т заасан зохицуулалтыг баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна.

Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй байна.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч Б.Н- 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар өртөөнөөс Зүүнхараа чиглэлд 3124 дугаартай галт тэргийн машинчаар 4971 тонн жинтэй, 228 голтой, 53 вагонтой аялж явах үед 2ТЭ116 серийн 1730 дугаартай илчит тэрэгний А секцэнд галын дохиолол ажиллаж, 2-р секц ачаалалгүй болж хоорондын замд зогссон ба туслах зүтгүүр дуудаж тусламж авснаар Зүүнхараа өртөөнд орж зогссон байна. Тухайн үйл явдлыг ажлын гологдолд тооцож, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дархан татах хэсэг дээр шуурхай хурал хийж, тус хурлаар Б.Н-ыг осол гологдол гаргасан гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гарсан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг ажлын гологдолд хамааруулсан ажил олгогчийн шийдэл Осол гологдлыг ангилан бүртгэх, шинжлэн судлах дотоод журмын 2.4.5., 3.2.-т  холбогдох заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Н- нь Татах хэсгийн техникийн шалгалтыг дахин өгч, 150 тоот шалгалтын магадлагааг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Дархан татах хэсгийн даргын 738 тоот тушаалаар Сүхбаатар депод илчит тэрэгний туслах машинчаар ажиллуулах шийдвэр гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 297 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН