Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 101/2017/04690/И |
Дугаар | 001/ХТ2018/00825 |
Огноо | 2018-05-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/00825
Б.Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03923 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2018/00360 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч М.Б-эд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5 355 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч М.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э-, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.Б- нь надаас 2014, 2016 онуудад “хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагатай боллоо 3 500 000 төгрөгийг хүүтэй зээлүүлээч банкны зээлээ төлж дуусгаад бололцоотой үедээ эргүүлэн өгье” гэж хэлсэн. Би бөөнөөр нь өгч чадахгүй, бага багаар нь зээлүүлье гэж хэлээд 2014 оноос эхлэн М.Б-ийн Төрийн банкны 343200326546 тоот данс руу шилжүүлсэн. Би 2016 оны 05 дугаар сард мөнгөө авахаар түүний утас руу залгахад М.Б- нь банкны зээлээ төлж дуусаагүй байгаа, одоохондоо өгч чадахгүй гэж хэлсэн. Түүнийг банкны зээлээ төлж дуусгаад мөнгөө өгнө гээд хүлээж байгаад 2017 оны 04 дүгээр сард дахин нэхсэн боловч гар утсаа унтраах, дугаараа солих, ажлаасаа гарах мэт надаас бултан зугтаах үйлдэл гаргаж намайг хохироож байна. Хариуцагч М.Б-ийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулж одоо амьдарч байгаа хаягийг нь тогтоолгосон.
Иймд хариуцагч М.Б-ээс зээлийн үндсэн төлбөр 3 500 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн 70 200 төгрөг, алданги 35 000 төгрөг нийт 5 355 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
М.Б- нь Б.Э-ийг 2014 оноос таньдаг, дотно харьцаатай байсан. Б.Э-ийн нэхэмжилсэн 5 355 200 төгрөгийг зээлж аваагүй. М.Б-эд сургалтын төлбөр төлдөг хүүхэд, дүү байхгүй. Тухайн үед М.Б-эд тусалж байгаа нэрийдлээр мөнгө гуйвуулж байсан. Уг мөнгийг эргүүлэн өгч чадахгүй, авахгүй гэхэд тусалж байна гэж өгчихөөд, одоо мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.
М.Б-, Б.Э- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Дансаар шилжүүлсэн мөнгө нь 3 500 000 төгрөг хүрдэггүй. Бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү, алданги төлөх үндэслэлгүй гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03923 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч М.Б-ээс 2 810 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 545 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 55 674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2018/00360 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03923 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 лэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Нэхэмжлэгч Б.Э-ээс миний төрийн банкны 343200326546 тоот данс руу мөнгө шилжүүлж байсан гэдэг дээр маргаагүй. Тухайн үед би Энхцэцэгтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй мөн энэ мөнгийг буцааж өгж чадахгүй гэдгээ байнга илэрхийлж байсан. Тэр үед Энхцэцэг нь “зүгээр дээ би чамд ямар нэгэн хариу төлбөргүй бэлэглэж байна” гэж хэлдэг байсан. Энэ нь 2 талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт харагдаж байхад шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг хэрэглэсэн нь шүүх хуралдааны даргалагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж илтэд нэхэмжлэгч талын эрх ашгийг хангаж шүүх хуралдааныг явуулсан байна.
Тухайн үед буцааж төлж чадахгүй гэдгээ маш олон удаа илэрхийлж байсан энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-д анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих хариуцлага нь гэм буруутай эсэх асуудлыг хөнддөггүйгээрээ гэм хороос, аливаа амлалт, тохиролцооны тухай ярьдаггүйгээрээ гэрээнээс ялгагддаг.Хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригтой тухайн эд баялаг шилжсэн нь нийцэж байгаа тохиолдолд л түүнийг хууль ёсоор хүлээн зөвшөөрч болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх эрхээр минь хангаж хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.
Нэхэмжлэгч Б.Э- хариуцагч М.Б-ээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3 500 000 төгрөг, алдангид 1 750 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, үүний алдангид 35 000 төгрөг, нийт 5 355 200 төгрөг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн харилцаа үүсгээгүй, алдангийн талаар тохиролцоогүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Э-ийн данснаас хариуцагч М.Б-ийн дансанд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 15 удаа 2 810 000 төгрөг шилжсэн болох нь тогтоогдсон байна.
Дээрх шилжсэн мөнгө зээлийн гэрээний зүйл байсан буюу хариуцагч М.Б- энэ мөнгийг эгүүлэн төлөх үүрэг хүлээсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг баримтаар нотлоогүй тул шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгч мөнгийг зээлдүүлээгүй, харин буцаан авахгүйгээр туслах журмаар өгсөн гэх хариуцагчийн тайлбар бэлэглэлийн гэрээний агуулгатай байх боловч энэ байдал нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч хариуцагчаас өгсөн мөнгөө буцаан шаардаж буй тохиолдолд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж, нэхэмжлэгчийг хариуцагчид дээрх мөнгийг хариу төлбөргүй шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй учир энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд анхан болон давж заалдах шатны шүүх хангажээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7.-д зааснаар анз төлөх талаар талууд гэрээгээр тохиролцоогүй бол анз шаардах эрх үүсэхгүй ба алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагчийг эрэн сурвалжлуулахад нэхэмжлэгчээс гарсан зардал баримтаар тогтоогдоогүй, энэ зардалд алданги тооцох боломжгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03923 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2018/00360 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН