Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2021/0660/З |
Дугаар | 221/МА2021/0610 |
Огноо | 2021-11-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2021/0610
З.Б-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 628 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, З.Б-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон тус газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 628 дугаар шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан З.Бгаас гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005671 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан бөгөөд хэрэгт дурдагдаагүй зүйлийг тайлбарлаж дүгнэлт гаргасан нь шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байна.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "зөрчилд холбогдогч нь хэт өндөр үнээр тээвэрлэлт хийснээ хүлээн зөвшөөрсөн тул шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй" гэж тайлбарлан гомдлыг эс зөвшөөрсөн” гэжээ.
З.Б-г зөрчил үйлдсэн гэж буруутгаж байгаа бол холбогдогч гэх бөгөөд З.Бг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон бөгөөд түүний холбогдогчоор тогтоосон тогтоол зөрчлийн хэргийн материалд байдаггүй.
Холбогдогчоор тогтоогоогүй атлаа мэдүүлэг авсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хохирогчоор хххххххgmail.com хаягаас аааааааа.gov.mn хаягт ирүүлсэн цахим шуудангийн баримтыг хохирогч тогтоогдсон гэх үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулгадаа ч хохирол учирсан болон хохирогчийн талаар шалган тогтоогоогүй билээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №0005671 дугаар шийтгэлийн хуудсаар “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг зөрчсөн” гэсэн үндэслэлээр иргэн З.Бг 2,000,000 төгрөгөөр торгож, хууль бус орлого болох 26,000,000 төгрөгийг хураах шийтгэл оногдуулсныг З.Б эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад З.Б-ийн Коронавирус цар тахлын үед Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэлх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хөлсийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчдийг хохироосон” гэсэн хариуцагч нарын шийтгэл оногдуулах болсон үндэслэл нотлох баримтаар тогтоогдсон байна.
1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д зааснаар аж ахуй эрхлэгч нь “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” замаар өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
Гэтэл З.Б нь бодит нөхцөл байдалд импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэж, хэлэлцэн тохиролцож, тээврийн хөлсийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж тээвэрлэлт хийсэн нь тус бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа явуулсан буюу хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн, З.Б нь “гэрээгээр хүлээсэн 3.5 сая төгрөгөөс өндөр үнээр тээвэрлэлт” хийсэн нь аж ахуй эрхлэгч зах зээлд шударгаар өрсөлдөх Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасан нөхцөлийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох бөгөөд аж ахуй эрхлэгч хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаанд хамаарч байгаа учир “хохирогчийг шалгаж тогтоогоогүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Учир нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““хэрэглэгч” гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг” ойлгохоор заасан байх бөгөөд энэ тохиолдолд З.Б-ийн тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг түүний тээвэрлэлтийн өртөг шингэсэн өндөр үнээр худалдан авч үйлчлүүлэхээр хандсан хувь хүн бүр хэрэглэгч гэж үзэхээр байна.
2. З.Б-гаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “түүнийг холбогдогчоор тогтоогоогүй атлаа мэдүүлэг авсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо /нарийн ногоо/, жимс жимсгэнийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 26,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн ХХХХ УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгэсэн иргэн, аж ахуй эрхлэгчид холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн.
Энэхүү тээврийн хэрэгсэл нь “С” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар нотлогдож байгаа ч бодит байдалд уг тээврийн хэрэгслийг гомдол гаргагч З.Б эзэмшдэг, үйл ажиллагаа явуулахын тулд компанийн нэр дээр бүртгүүлсэн бөгөөд түрээсийн гэрээтэй ажилладаг болох нь холбогдогч Г.Т-ын 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлгээр, харин З.Б нь уг тээврийн хэрэгслийг эзэмшдэг бөгөөд 26,000,000 төгрөгөөр нарийн ногоо, жимс жимсгэнийг тээвэрлэсэн болох нь түүний нэр дээрх Хаан банкны дансны хуулга болон мэдүүлгээр тус тус нотлогдсон байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэж ойлгох бөгөөд дээрхээс үзвэл “ХХХХ УАК тээврийн хэрэгслээр нарийн ногоо, жимс жимсгэнийг 26,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн” гэх зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд З.Б-г холбогдогчоор тогтоож, мэдүүлэг аван шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7.-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай маргаан бүхий шийтгэлийн хуудас нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 628 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ