Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2021/0162/З |
Дугаар | 221/МА2021/0550 |
Огноо | 2021-10-20 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2021/0550
Д.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ар, Б.Э, Г.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 528 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.М-ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 528 дугаар шийдвэрээр:
“...Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.2, 46.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-аас Татварын ерөнхий газарт холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/413 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Д.М нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэл ажиллах хүсэлт гаргасны дагуу тус хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20-01/603 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газарт уг хүсэлтийг уламжилсныг хүлээн авч шалган эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үргэлжлүүлж ажиллуулах боломжгүй гэж үзсэн” хэмээн бичсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан уг хүсэлтэд хариуцагч амаар эсхүл бичгээр хариу өгч байгаагүй ба тэр дундаа ямар шалтгаан нөхцлийн улмаас үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон талаар тодорхой хариуг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө болон дараа өгч байгаагүй ба шүүх нотлох баримтыг буруу дүгнэсэн.
Маргаан бүхий захиргааны актыг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч байгууллага гаргадаг, үүнээс даруй 3 сар гаруй хугацааны өмнө нэхэмжлэгч хуульд эрх олгогдсоны дагуу төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртлээ ажиллах хүсэлтийг бичгээр гарган өгсөөр байтал хариуцагч байгууллага түүнд холбогдох хариуг гаргаж өгдөггүй.
Уг асуудалтай холбогдсон уйл баримт хэрэгт авагдсанаас тодруулбал 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1/4787 дугаартай шүүхийн даалгавар явуулсан бөгөөд, уг даалгаварт “...Уг захиргааны хэрэгт Д.М-ын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Татварын ерөнхий газарт гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт хэрэгтэй...” хэмээн бичсэн байдаг. Хариуцагч нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 03/1756 дугаартай албан бичгээр: “...хүсэлтийг ... хүлээн авч тушаалаар төрийн албанаас чөлөөлсөн болно.” хэмээн хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой дурьдалгүй хариулсан байдаг.
Шүүх хуралдааны явцад буюу тэмдэглэлд авагдсанаар эл асуудалд хариуцагчийн төлөөлөгч “Утсаар, амаар мэдэгдэж байсан” хэмээн бичигдсэн байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “төрийн албан хаагчийг төрийн албан хаах насны дээд хязгаар хүртэл ажиллуулах эсэхийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэх эрхтэй байна” гэж бичсэн. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д заасныг анхан шатны шүүх буруу ойлгож тайлбарласан гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хуулийн дээрх заалттай холбогдуулан хариуцагчид дээрх эрх олгогдоогүй гэж маргаагүй бөгөөд нэхэмжлэгч гагцхүү уг хуулийн заалтад эрх олгогдсоны дагуу үргэлжлүүлэн ажиллах хүсэлт өгсөн, түүнд холбогдох хариу Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тодорхой хугацаанд нэхэмжлэгчид хариу ирүүлэх байсан.
Захиргааны ерөнхий хуульд захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх талаар хуульчилсан байдаг. Гэтэл маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх болсон шалтгаанаа тодорхойлохдоо “... өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хүргүүлсэн хариу тайлбартаа “эрүүл мэндийн байдлыг харгалзан, нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргасан тул” гэх мэтээр олон янзаар тайлбарладаг.
Товчхондоо маргаан бүхий захиргааны акт агуулга ойлгомжгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заасныг зөрчсөн, хуульд заасан хийгдэх ёстой ажиллагаа хийгдэлгүй захиргааны актыг гаргасан үйл баримт илэрсээр байтал анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг хуулийн хүчин төгөлдөр байна хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/413 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.М-ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус актыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тодруулбал нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст төрийн алба хаах насны дээд хязгаар болох 65 нас хүртэл ажиллах хүсэлт гаргасан боловч хариуцагчаас аливаа хариу өгөлгүй 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр маргаан бүхий актыг гаргасан, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн хэмээн тайлбарлаж байна.
Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарах хугацаанд нэгэнт 60 нас 8 сар хүрсэн буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “1959 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас 60 жил 6 сар байна” гэж зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагыг хангасан байжээ.
Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар энэ тохиолдолд нэхэмжлэгчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтэд хариуцагч байгууллага хуульд заасан 30 хоногын дотор аливаа хариу өгөөгүй байгаа нь тус хүсэлтийг эс үйлдэхүй хэлбэрээр хүлээн зөвшөөрөөгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байх тул маргаан бүхий актыг хариуцагчаас гаргахад дээрх хүсэлтэд заавал хариу өгсөн байхыг шаардахгүй.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж зааснаар төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд тухайн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллуулах хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргах эрхтэй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Учир нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаас 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/182, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/134, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/52 дугаар “Д.М-ын ажлын цагийг хорогдуулж тооцох тухай” тушаалуудыг гаргасан бөгөөд тус бүр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн ажиллах цагийг богиносгон тогтоож байснаас үзвэл нэхэмжлэгч Д.М нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст үргэлжлүүлэн ажиллахад эрүүл мэндийн шаардлага хангахгүй гэх хариуцагчийн тайлбар нотлогдож байна.
Үүнээс гадна маргаан бүхий акт нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20-01/995 тоот албан бичгээр нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотойгоор сонсох ажиллагаа хийсэн байх бөгөөд өмнө нь нэхэмжлэгч эрүүл мэндийн хувьд ажил үүргийн шаардлагыг бүрэн хангахгүй болох нь илэрхий тогтоогдож байх тул хариуцагчийг нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгах боломжгүй, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА