Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00824

 

У.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03767 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00442 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч У.Ө-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “М” ХХК, С.Б-, Д.З- нарт холбогдох,

Орон сууцны барилга барих төслийн үнэ 371 014 280 төгрөг, барьцаалагдсан газрын худалдагдсан үнэ 371 014 280 төгрөг, нийт 742 028 651 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, У.Өнөрбат нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, У.Өнөрбат, хариуцагч С.Б-ийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагч Д.З-гийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ардабулан, Х.Володя, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож, Б.Даваажанцан, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 5-р хэсгийн иргэд /Д.Уламнэмэх, Ш.Төрбат, С.Шийпэл, Г.Болд, С.Олег, Э.Мөнх-Очир, Р.Мөнх-Оргил/ газар өмчлөгч иргэдийн санаачлагад тулгуурлан гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, 40 000 орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар нэгдэн нийлж 2006 онд “Санаачлага хороолол” ТББ-ыг байгуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэн үйл ажиллагаа эхлүүлсэн. Тухайн үед “Санаачлага хороолол” ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Уламнэмэх иргэн С.Б-, Д.З- нарт итгэж байсан учир 2007 онд өөрийн хүү У.Ө-тай хамтран Улсын бүртгэлийн Г-2204006414 дугаартай газрыг барьцаалж эхлээд 5 сая төгрөгийг дараа нь нэмж нийт 30 сая төгрөгийг иргэн С.Б-ээс зээлж авсан. Иргэн Д.Уламнэмэхийн хүү У.Ө- нь С.Б-ийн “Санаачлага хороолол” ТББ-ын санаачилгыг дэмжиж үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно, хөрөнгө босгоно, туслана дэмжинэ гэсэн амлалт, өөрийн хувийн өмчлөлийн газрыг барьцаалан олгосон зээл зэрэгт итгэж улмаар өөрийн хувьчлагдсан 000017113 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 700 мкв газрыг С.Б-эд бэлэглэсэн. Иргэн С.Б- нь “Санаачлага хороолол” ТББ-ыг “Санаачлага хороолол” ХХК болгох, 66 айлын 12 давхар орон сууц барих бүх талын зөвшөөрөл, судалгаа, экспертизийн дүгнэлт гарах хүртэл оролцож иргэн У.Өсөрбаярт өгч байсан амлалтаа биелүүлж, барилга барих хөрөнгө босгохоор гадаад, дотоодын байгууллагатай харьцан ажиллаж байв. Гэтэл 2015 оны 01 сараас “Санаачлага хороолол” ХХК-ийн 2012 оны 000000150 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-тэй, өмнө нь У.Ө-аас С.Б-эд бэлэглэсэн газар дээр үл мэдэгдэх хүмүүс барилга барьж эхэлсэн. Ийнхүү хууль бусаар барилга барьж байгаа талаар С.Б-эд утсаар удаа дараа мэдэгдэхэд “та нарт хамаагүй, би энэ газруудыг худалдан авч, цааш нь барилга барих хүмүүст худалдсан, чаддаг юм бол явж заргалд” гэж бэлэглэгч У.Ө-ыг ноцтойгоор гомдоосон тул “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 1-443 тоот хаягт орших, 700 мкв газрыг 2007 оны 09 дүгээр сарын 18-нд У.Ө-аас С.Б-эд бэлэглэсэн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгож, бэлэглэлийн зүйл болох дээрх газрыг буцаан олгуулах нэхэмжлэл гаргасан. Улмаар бэлэглэлээр барьцаалагдсан газраа буцаан авахаар нэхэмжлэл гарган шүүхээр хянагдаж байх явцад төсөл болон 7-н айлын газрыг 1 100 000 ам.доллар буюу 2 597 100 000 төгрөгөөр “М” ХХК-д худалдсан гэх баримт гарч ирсэн. Төсөл 1 айлын газрын үнэтэй гэвэл 1 100 000 ам.долларыг 7 хуваасны 2% буюу 314 285 ам.доллар буюу 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1 ам.доллартай харьцах ханш 2 361 төгрөгөөр тооцоход 742 028 561 төгрөг болж байна.

Иймд хариуцагч талуудаас 742 028 651 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б- шүүхэд гаргасан тайлбартаа:

У.Ө- нь БЗД-ийн 14 хороо Консулын 19-443 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. У.Ө- нь өөрийн нэр дээр байсан 2 газрын нэгийг бэлэглэлийн гэрээгээр өгч, үлдэх газар болох БЗД-ийн 14 хороо Консулын 19-443A тоот хаягт байрших 542 мкв газрыг барьцаалж 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ хийж 30 сая төгрөг зээлсэн ч, зээлээ төлөхгүй олон жил сунжирч маргалдсаны эцэст Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1322 тогтоолоор асуудлыг шийдсэн. Газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээс хойш 8 жил өнгөрсөн ба Иргэний хуульд заасны дагуу бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах хугацаа дуусгавар болсон. Ноцтой гомдоосон гэсэн асуудал нь хууль зүйн талаасаа үндэслэлгүй.

Иймд У.Ө-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

“М” ХХК-ийг У.Ө-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татсан нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тус компани нь Д.З-гаас нэр бүхий 7 газар дээр орон сууц барих төслийг холбогдох хууль журмын дагуу худалдаж авсан бөгөөд У.Ө-тай газар, төсөл худалдах-худалдан авах тухай гэрээ хэлцэл хийгээгүй, тэдний хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. “М” ХХК нь Д.З-гаас нэр бүхий 7 газар дээр орон сууц барих төслийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу гэрээ хийж худалдаж авсан ба талууд эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлснээр тус компанийн Д.З-тай 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Төсөл худалдах-худалдан авах гэрээ”-ний 7 дугаар бүлгийн 7.1-д зааснаар энэхүү гэрээ нь дуусгавар болсон. У.Ө-ын “М” ХХК-иас төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл нь хуулийн ямар ч үндэслэлгүй, баримт нотолгоогүй бөгөөд хий хоосон тооцоо гарган гурван хариуцагчаас 742 028 651 төгрөг, түүний дотор тус компаниас 247 342 883 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэл муутай тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03767 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч У.Ө- хариуцагч С.Б- нарын хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 443 тоотод орших, нэгж талбарын 18645310456434 улсын бүртгэлийн Г-2204006415 дугаартай 700 м.кв талбай бүхий газрыг бэлэглэсэн 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч С.Б-, Д.З- нараас газрын үнэ 369 816 016 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Ө-т олгож, нэхэмжлэлээс 372 212 635 төгрөгийн шаардлага болон хариуцагч “М” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тзмдэгтийн хураамжид төлсөн 4 032 790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Б-, Д.З- нараас 2 007 033 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Ө-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00442 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03767 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Б-, Д.З- нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 007 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагт товлогдсон. Хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшлохдоо шүүгчийн хуваарьт өдөр товлогдох ёстой учир 7 хоногоор хойшлоод 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цагт хийхээр товлогдсон. Шүүх хуралдаанаар хурлыг хойшлуулсан тохиолдолд зохигчид хурлын тов дээр заавал гарын үсэг зурах ч албагүй юм. Хариуцагчийн өмгөөлөгч нар мэдэж байсан. Тэд давж заалдах гомдолдоо “шүүх хурлыг 23 юм уу 24 юм уу өдрийг нь шүүгчийн туслах хэлж гаргаагүй” гэсэн утгатай худал зүйл бичээд түүнийг нь давж заалдах шатны шүүх үнэн гэж ойлгоод магадлал гаргажээ. 2017 оны 06 сараас 11 cap хүртэлх хойшлогдсон хурлын тэмдэглэл нь хариуцагч нарын эрх нь зөрчигдсөн эсэхийг тодорхой харуулна. Бид нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 6 сард нэмэгдүүлсэн. Хариуцагч тал манай шаардлагыг гардан авсны дараа би шүүх хурал болгон дээр тайлбар авахыг хүсэж, шаардаж байсан. Хариуцагч Заяа, Батсүх, тэдний өмгөөлөгч нар тайлбар бичихээс татгалзсан ба өгөхгүй гэсэн. Тайлбар бичиж өгөөгүй 5 cap болоод шүүх хурал болоход хүндэтгэн үзэх шалтгаангүй хуралд ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал манай шаардлагыг зөвшөөрсөн учир шийдвэрээ гаргаж өгнө үү гэж тайлбараа хэлсэн болно. Шүүх манай энэ хүсэлтийг хайхраагүй. Урьд нь энэ хэрэгт 3 шатны шүүхээр ороход шүүх хурал дээр хариуцагч талын өмгөөлөгч “Зээл өгч 2 газрыг нь чөлөөлж өгсөнд баярлаад нэг газраа үнэ төлбөргүй бэлэглэсэн” гэж тайлбарласан. Хэрэг анхан шатны шүүхэд дахин ирээд урьд нь барьцаалагдсан байсан эсэхийг тодруулсны дараа баярлаад бэлэглэсэн гэж хэлж чадахгүй болсон. Өөрөөр хэлбэл бэлэглэлийн гэрээ нь барьцааны гэрээг халхавчилсан болох нь тодорхой болсон.

Давж заалдах шатны шүүх шаардлагаа өөрчилсөн байхад өмнөх шаардлагад хамаарах шаардлагаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосон гэж дүгнэсэн. Бид шаардлагаа өөрчлөөгүй, нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн шаардлагадаа тэмдэгтийн хураамжийг нь төлсөн байна. Өөрөөр хэлбэл бэлэглэлээр хавлхавчилсан барьцааны гэрээг хүчингүй болгож бэлэглэлд хамаарч байсан газартай холбоотой төлбөрийг гаргуулах шаардлага юм. Давж заалдах шатны шүүх үүнийг буруугаар ойлгосон.

“Санаачлага хороолол” ХХК нь өөрийн төслийн эрхээ У.Ө-т шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байх ба төслийн эрхийг шилжүүлэн авсан У.Ө-т хэн нэгнээс итгэмжлэл авах шаардлага байхгүй. Гэтэл шүүх итгэмжлэл байх ёстой гэж дүгнэсэн нь буруу юм. Хэрэг шүүхээр 2 жил хянагдсан байхад хариуцагч Заяа, Батсүх нараас төсөлтэй холбоотой нэг ч баримт байхгүй гэдэг нь тодорхой болсон ба хэрэв шүүгч нар Батсүхийн өмнөх хариу тайлбарыг үзсэн бол тэнд Батсүх нь “Санаачлага хорооллын төсөл надад ямар ч  хамаагүй” гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл Санаачлага хорооллын төсөл худалдагдсан гэвэл эрхгүй этгээд бусдын төслийг эзнийх нь зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд худалдан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал юм.

Иймд дээрхи 6 үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч У.Ө- хариуцагч С.Б-эд холбогдуулан анх нэхэмжлэл гаргахдаа бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, барилга барих төслийн болон газрын үнэд 742 028 651 төгрөгийг С.Б-, Д.З-, “М” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилжээ.  

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон шаардлагын эрх зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх, түүний эрх зүйн байдал зэргийг тодорхой бус гэж үзэж, маргааны үйл баримтын талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүйгээр хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд тодорхой бус үлдэж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох, улмаар Иргэний хуулийн тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг тогтоох боломжгүй болжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчсөнөөр талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэх давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.2., 168.1.3., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00442 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 019 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН