Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00442

 

                                                           У.Ө нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  23-ны өдрийн 101/ШШ2017/03767 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: У.Ө нэхэмжлэлтэй

Хариуцагч: МСЛ ХХК, С.Б, Д.З нарт холбогдох

 

Орон сууцны барилга барих төслийн үнэ 371 014 280 төгрөг, барьцаалагдсан газрын худалдагдсан үнэ 371 014 280 төгрөг, нийт 742 028 651 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.Б, Д.З нар болон тэдний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, У.Ө, хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ц, хариуцагч Д.З, түүний өмгөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 5-р хэсгийн иргэд газар өмчлөгч иргэдийн санаачлагад тулгуурлан гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, 40 000 орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар нэгдэн нийлж 2006 онд "Санаачлага хороолол" ТББ-ыг байгуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэн үйл ажиллагаа эхлүүлсэн. Тухайн үед "Санаачлага хороолол" ТББ-ын үүсгэн байгуулагч Д.У иргэн С.Б, Д.З нарт итгэж байсан учир 2007 онд өөрийн хүү У.Өтай хамтран Улсын бүртгэлийн Г-2204006414 дугаартай газрыг барьцаалж эхлээд 5 сая төгрөгийг дараа нь нэмж нийт 30 сая төгрөгийг иргэн С.Бээс зээлж авсан. Иргэн Д.Уийн хүү У.Ө нь С.Бийн "Санаачлага хороолол” ТББ-ын санаачилгыг дэмжиж үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно, хөрөнгө босгоно, туслана дэмжинэ гэсэн амлалт, өөрийн хувийн өмчлөлийн газрыг барьцаалан олгосон зээл зэрэгт итгэж улмаар өөрийн хувьчлагдсан 000017113 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 700 м.кв газрыг С.Б бэлэглэсэн. Иргэн С.Б нь Санаачлага хороолол ТББ-ыг Санаачлага хороолол ХХК болгох, 66 айлын 12 давхар орон сууц барих бүх талын зөвшөөрөл, судалгаа, экспертизийн дүгнэлт гарах хүртэл оролцож иргэн У.Ө-т өгч байсан амлалтаа биелүүлж, барилга барих хөрөнгө босгохоор гадаад, дотоодын байгууллагатай харьцан ажиллаж байв. Гэтэл 2015 оны 01 сараас Санаачлага хороолол ХХК-ийн 2012 оны 000000150 дугаартай "Барилга угсаралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл"-тэй, өмнө нь У.Өаас С.Б бэлэглэсэн газар дээр үл мэдэгдэх хүмүүс барилга барьж эхэлсэн. Ийнхүү хууль бусаар барилга барьж байгаа талаар С.Б утсаар удаа дараа мэдэгдэхэд "та нарт хамаагүй, би энэ газруудыг худалдан авч, цааш нь барилга барих хүмүүст худалдсан, чаддаг юм бол явж заргалд" гэж бэлэглэгч У.Өыг ноцтойгоор гомдоосон тул "Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 1-443 тоот хаягт орших, 700 м.кв газрыг 2007 оны 09 сарын 18-нд У.Өаас С.Б бэлэглэсэн "Бэлэглэлийн гэрээ"-г хүчингүй болгож, бэлэглэлийн зүйл болох дээрх газрыг буцаан олгуулах нэхэмжлэл гаргасан. Улмаар бэлэглэлээр барьцаалагдсан газраа буцаан авахаар нэхэмжлэл гарган шүүхээр хянагдаж байх явцад төсөл болон 7-н айлын газрыг 1 100 000 ам.доллар буюу 2 597 100 000 төгрөгөөр "МСЛ" ХХК-д худалдсан гэх баримт гарч ирсэн. Төсөл 1 айлын газрын үнэтэй гэвэл 1 100 000 ам.долларыг 7 хуваасны 2% буюу 314 285 ам.доллар буюу 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1 ам.доллартай харьцах ханш 2 361 төгрөгөөр/ тооцоход 742 028 561 төгрөг болж байна. Иймд хариуцагч талуудаас 742 028 651 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Бийн шүүхэд гаргасан тайлбарт: У.Ө нь БЗД-ийн14 хороо Консулын 19-443 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. У.Ө нь өөрийн нэр дээр байсан 2 газрын нэгийг бэлэглэлийн гэрээгээр өгч, үлдэх газар болох БЗД-ийн 14 хороо Консулын 19-443A toot хаягт орших 542 м.кв газрыг барьцаалж 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ хийж 30 сая төгрөг зээлсэн ч, зээлээ төлөхгүй олон жил сунжирч маргалдсаны эцэст Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 тогтоолоор асуудлыг шийдсэн. Газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээс хойш 8 жил өнгөрсөн ба Иргэний хуульд заасны дагуу бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах хугацаа дуусгавар болсон. Ноцтой гомдоосон гэсэн асуудал нь хууль зүйн талаасаа үндэслэлгүй. Иймд У.Ө гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МСЛ ХХК шүүхэд болон төлөөлөгч Х.В, Ш.А нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "МСЛ" ХХК-ийг У.Ө нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татсан нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тус компани нь Д.Згаас нэр бүхий 7 газар дээр орон сууц барих төслийг холбогдох хууль журмын дагуу худалдаж авсан бөгөөд У.Өтай газар, төсөл худалдах, худалдан авах тухай гэрээ хэлцэл хийгээгүй, тэдний хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. "МСЛ" ХХК нь Д.Згаас нэр бүхий 7 газар дээр орон сууц барих төслийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу гэрээ хийж худалдаж авсан ба талууд эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлснээр тус компанийн Д.Зтай 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан "Төсөл худалдах, худалдан авах гэрээ"-ний 7 дугаар бүлгийн 7.1-д зааснаар энэхүү гэрээ нь дуусгавар болсон. У.Ө "МСЛ" ХХК-иас төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл нь хуулийн ямар ч үндэслэлгүй, баримт нотолгоогүй бөгөөд хий хоосон тооцоо гарган гурван хариуцагчаас 742 028 651 төгрөг, түүний дотор тус компаниас 247 342 883 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэл муутай тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч У.Ө хариуцагч С.Б нарын хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 443 тоотод орших, нэгж талбарын 18645310456434 улсын бүртгэлийн Г-2204006415 дугаартай 700 м.кв талбай бүхий газрыг бэлэглэсэн 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл  болохыг тогтоож, хариуцагч С.Б, Д.З нараас газрын үнэ 369 816 016 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Өт олгож, нэхэмжлэлээс 372 212 635 төгрөгийн шаардлага болон хариуцагч МСЛ ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тзмдэгтийн хураамжид төлсөн 4 032 790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Б, Д.З нараас 2 007 033 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Өт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ц нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хүрээнээс хальж, 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож  шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн төдийгүй, хэт нэг талыг барьж хариуцагч нарын эрх ашиг сонирхлыг хохироосон ноцтой алдаа гаргасан. Мөн 2007 онд талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээнээс хойш 8 жил өнгөрсөн энэ гэрээний талаар аливаа этгээдийн шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаань хувьд дуусгавар болсон байхад уг гэрээний талаар шүүх өөрөө санаачлан эрх зүйн дүгнэлт хийж, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т заасантай нийцээгүй.  Нотлох баримт байхгүй байхад Санаачлага хороолол ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны төсөлтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч олох, хөрөнгө оруулагч олж төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд ашиг хуваах зорилгоор хамтран ажиллахаар нэхэмжлэгч тал нь С.Бтэй тохирсон гэх нэхэмжлэгчийн тайлбарт ач холбогдол өгч, улмаар нэхэмжлэгч нь тодорхой үр дүнд хүрэхэд чиглэгдсэн, нэгдмэл зорилгод ашиглахаар төлөвлөсөн газраа, газрыг нэгтгэн эдийн засгийн эргэлтэд оруулж үр шимийг нь хүртэх гэсэн бусад иргэдийнхээ хүсэл сонирхлоос илүүд үзэж хариуцагчид өөрийн газраа салгаж бэлэглэх хүсэл байсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь илтэд хууль бус дүгнэлт болсон. С.Б нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны 6-р хэсэг дэх одоо баригдсан байгаа 210 айлын орон сууцны газрыг өмчлөгч 7 иргэдээс нь өөрийн хөрөнгөөр худалдан авсан бөгөөд их хэмжээний хөрөнгө гарган худалдан авсан газар дээр иргэн У.Өтай хамтран ажиллах ямарваа нэгэн хэрэгцээ шаардлага байгаагүй. Нэхэмжлэгч нь энэ газартай холбоотой асуудлаа 2010 онд шүүхэд нэхэмжлэл гарган эцэслэн шийдвэрлүүлээд явсан байхад шүүх энэ байдлыг зөв дүгнэж үзэлгүйгээр дахин энэ газрын төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь буруу байна.

"МСЛ" ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан "Төсөл худалдах худалдан авах гэрээ" байгуулж Д.З нь өөрийн өмчлөлийн 3736 м.кв газрыг худалдах үед У.Өт дээрх газартай холбоотой ямар нэгэн эрхийн акт бичиг баримт байгаагүй, уг газрыг эзэмших ямар ч эрх байгаагүй. Анхан шатны шүүх "Санаачлага хороолол" ТББ, Санаачлага хороолол ХХК-г нэхэмжлэгч У.Ө эцэг Уламнэмэх гэдэг хүн үүсгэн байгуулсан. Уламнэмэх нь Өсөхбаярын төрсөн эцэг учраас нэхэмжлэл гаргах эрхтэй мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буй нь хууль бус байна. У.Ө нь 2010 он хүртэл өөрийн өмчлөлийн газраар холбогдож явсан, тэгээд уг газраа шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаагаар зараад явчихсан байдаг учраас дахин газрын төлбөрийг нэхэмжлэх эрхгүй.

Хариуцагч С.Б нь худалдаж авсан иргэдийн өмчлөлийн газраа эхнэр Д.Згийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн бөгөөд иргэн Д.З нь өөрийн өмчлөлийн 7 газар дээрээ 210 айлын орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэхээр боловсруулсан ба "МСЛ" ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төсөл худалдах худалдан авах гэрээ байгуулсан.  Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт баригдах орон сууцны 14~р хорооллын 6-р хэсэг дэх 210 айлын орон сууцны барилгын төсөл байсан бөгөөд энэ орон сууцыг барих тусгай зөвшөөрлүүд нь "Санаачлага хороолол" ТББ-тай болон Санаачлага хороолол ХХК-тай ямар ч холбогдолгүй болно. "МСЛ" ХХК-ийн нэр дээр шилжчихсзн 210 айлын төслийн газар дээр нэхэмжлэгч тал ямар ч техникийн нөхцөл 2013 онд авах хууль эрх зүйн  боломжгүй болохыг шүүх анхаарч үзэлгүйгээр хуурамч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж дүгнэсэн нь буруу байна.

Анхан шатны шүүх нь ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимыг алдагдуулж, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, нотлох баримтыг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох эрхийг зөрчиж шүүх хуралдаанд хариуцагч С.Б болон хариуцагчийн өмгөөлөгч биднийг оролцуулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2017 оны 11 дүгээр сарын 16-нд шүүх хуралдааныг товлосон байсан ба энэ өдрийн өглөө шүүгчийн туслах Мөнхзул нь шүүгчийн ар гэрт гачигдал гарсан тул шүүх хурал хойшиллоо, шүүхэд ирэх хэрэггүй гэж мэдэгдсэн, ингэхдээ шүүх хурлыг жич товлоод мэдэгдэнэ гэж утсаар хэлсэн боловч 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 28 минутад шүүгчийн туслах утасдаж шүүх хуралдаа ирж байна уу гэж асуусан. Түүнд чи шүүх хурлаа товлоод мэдэгдэнэ гэчихээд мэдэгдээгүй, 12 цагийн үед залгасан талаар хэлэхэд "Өө яанаа танд хурлын товыг мэдэгдээгүй байна, та хүрээд ирэх боломж байна уу” гэсэн. Тэгээд яваад очтол шүүх хурал эхэлсэн оруулах боломжгүй гэж хэлсэн. Мөн С.Бийн гэрийн хаягаар шүүх хурлын тов мэдэгдсэн хуудсыг явуулсан гэх боловч С.Б нь уг баримтыг хүлээж аваагүй. Иймд шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасанд гомдолтой байна.

Шүүхээс тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлсэн Санаачлага хороолол ТББ, Санаачлага хороолол ХХК нарын нэр дээр гарсан техникийн нөхцөл, эскиз зургийн дугнэлт, архитектур зургийн даалгавар зэрэг баримт бичиг зөвшөөрлүүд олгогдож байсан учраас хариуцагч С.Б, Д.З нарыг газар эзэмших эрх, эскиз зураг зураг  тусгай зөвшөөрөл, бусад баримт бичгүүдийг өөрсдийн санаачлага хүч хөдөлмөрөөр олж авсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэх байдлаар дүгнэсэн нь хэт өрөөсгөл, зөвхөн нэхэмжлэгч талд үйлчилсэн дүгнэлт болсон. "МСЛ" ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан "Төсөл худалдах, худалдан авах гэрээ"-ний үндсэн дээр уг төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох техникийн нөхцөлүүдийг өөрсдөө авч тухайн төслийг хэрэгжүүлсэн тухай тайлбарыг шүүхэд гаргасаар байтал нэхэмжлэгчийн авсан гэх зөвшөөрлийн дагуу төслөө хэрэгжүүлсэн байдлаар дүгнэлт хийсэн нь буруу байна. Шүүх иргэн Д.З болон "МСЛ" ХХК-ийн хооронд 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан "Төсөл худалдах худалдан авах гэрээ"-ний үнэд нэхэмжлэгчийн бэлэглэсэн газрын үнэ орсон гэж тооцож, уг гэрээний үнийг 7 хэсэг газарт хуваан тооцож, нэг газрын үнийг хариуцагч С.Бээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.З, түүний өмгөөлөгч Р.П нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүх "Санаачлага" хороолол гэх нэршил дээр бүхий л үйл ажиллагаа явагдаж энэ нь баримтаар нотлогдож байгаа мэтээр хэт хийсвэр дүгнэлтийг гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн эскиз зураг нь нэхэмжлэгчийн өмчлөлд байсан 542 мкв газрыг оролцуулан гаргасан зураг байдаг бөгөөд энэхүү зурагт маргаж байгаа буюу бэлэглэлээр шилжүүлсэн 700 мкв газар огт хамааралгүй болох нь харагдаж байгааг шүүх анхаарч үзээгүй.

Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг өөрийн хүсэл зоригоор шипжүүлсэн болохоо илэрхийлсэн байгаа бөгөөд бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах шаардах эрхийн хугацаа нэг жил байдаг байтал шүүх ямар үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг үндэслэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон нь ойлгомжгүй. Түүнчлэн хариуцагч "МСЛ" ХХК нь газрыг худалдан авсан, газар дээр шинээр техникийн нөхцлүүдийг авсан гэдгээ хэлсэн. Шүүх 2017.11.16-ны өдөр товлосон хуралдааныг хойшлуулсан тухай утсаар мэдэгдэж улмаар жич шүүх хуралдааныг товлон утсаар мэдэгдэнэ гэсэн боловч мэдэгдээгүй учраас хамт ажилладаг Л.Б өмгөөлөгчөөр дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүгчийн туслахаас асуулгахад 2017 оны 11 дүгээр сарын 24-ний хавьцаа тавигдах байх утсаар мэдэгдэнэ гээд тов хэлэлгүй явуулсан байдаг. Тэр өмгөөлөгч нь ангина хүндэрсэний улмаас биеийн байдал маш муу, өндөр халуунтай, хоолойндоо цус харвалттай ЭМЖЖ эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд сайн ярих чадваргүй эмнэлэгт муу байхад 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13.30 минутын үед та хуралдаа ирэх үү гэж залгасан бөгөөд биеийн байдал маш муу байна яагаад хурлын товыг урьдчилан хэлээгүй юм бэ гэхэд уучлаарай танд хэлж амжсангүй гэсэн атлаа шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад худал бичсэн байна. Д.Зд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13.27 цагт мэдэгдсэн бөгөөд тэр даруйдаа очиход шүүх хуралдаанд оруулаагүй. Тэрч байтугай та хурдан хүрээд ир гэчихээд такси бариад очиход шүүх хуралдаан эхэлсэн гэх үндэслэлээр оруулалгүй хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулалгүй, хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч У.Ө нь хариуцагч  С.Б холбогдуулан 2007 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн газар бэлэглэсэн гэрээг хүчингүйд тооцуулж өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар шаардсан боловч /1-р хх-ийн 229/ явцын дунд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөө буцаан авах боломжгүй болсон тул барилга барих төслийн үнэ 371 014 280 төгрөг, газрын худалдагдсан үнэ 371 014 280 төгрөг, нийт 742 028 651 төгрөгийг С.Б, Д.З, МСЛ ХХК нараас гаргуулахаар шаарджээ. /2-р хх-ийн 51, 52/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас төслийн үнэ болон газар худалдагдсаны үнийг нэхэмжилж байгаа бол 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж буй талаарх тайлбар, баримтыг гаргаж мэтгэлцэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэг эсхүл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны аль үндэслэлээр гаргаж байгаа нь тодорхой байх ёстой. Нэхэмжлэгч нь 2007 оны 9 дүгээр сарын 18-нд С.Бтэй байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр бус гэж үзэж үр дагаврыг шаардаж байгаа бол Д.Згаас ямар үндэслэлээр юу шаардаж байгаа нь мөн   тодорхой байх ёстой.

 

Нэхэмжлэгч ямар хууль, эрх зүйн үндэслэлээр юу шаардаж байгаагаар нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлдог. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй бөгөөд Улсын Дээд шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2016/00305 дугаар тогтоолд заасан зөрчлийг арилгалгүй дахин хэргийг шийдвэрлэжээ. 

 

Мөн нэхэмжлэлийн шаардлагад газрын үнээс гадна төслийн үнэ болох 371 014 280 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх бөгөөд уг төслийн үнэд бичиг баримт болон барилга барих зөвшөөрөлтэй холбоотой зардал багтсан бол үүнийг шаардах эрхтэй этгээд нь У.Ө мөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

 

Хэрэв барилга барих төсөл, тусгай зөвшөөрөл, эскиз зураг, бичиг баримтууд нь Санаачлага хороолол ХХК-ийн өмч гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч У.Ө нь Санаачлага хороолол ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Уламнэмэхээс тухайн хэрэгт нэхэмжлэл гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар олгосон итгэмжлэлтэй  эсэх, ямар хэмжээнд хуулийн этгээдийг төлөөлөх, мөн хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг ямар хэмжээнд эдлэх зэрэг нь тодорхой байх шаардлагатайгаас гадна, иргэн Д.Згаас МСЛ ХХК-нд худалдсан төсөл, бичиг баримтууд нь Санаачлага хороолол ХХК-ийн өмч мөн эсэх, худалдагдах үедээ эзэмших эрх олгосон хүчинтэй эрхийн акт байсан эсэх уг хэрэгт ач холбогдолтой юм.

 

Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч нарын өмгөөлөгч Д.Ц, Р.П нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдээгүй, хариуцагч С.Б, Д.З нарт мэдэгдэх хуудсыг шуудангаар илгээсэн гэх боловч хариуцагч нарт хүргэгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зохигчдын мэтгэлцэх эрхийг хангасан гэж үзэхээргүй байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03767 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Б, Д.З нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 007 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                Г.ДАВААДОРЖ

 

                                                              Ш.ОЮУНХАНД