Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00365

 

“Н” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02738 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

        2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2017/02470 дугаар магадлалтай,                                                                                                                                                              

            “Н” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

            Д.А-д холбогдох

          Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар,  үйлчилгээтэй холбогдсон зардал 1.023.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч Д.А-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

        Нэхэмжлэгч “Н” СӨХ-ны нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 22-39 тоот орон сууцны оршин суугч Д.А- нь 2011 оны 4 дүгээр сараас 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар СӨХ-ны төлбөр буюу цэвэрлэгээ, харуул, лифт ашиглалт, цэвэр, бохир ус, хог, цахилгаан холбооны төлбөрт 1.023.100 төгрөгийг төлөөгүй. СӨХ-ны 1 сарын төлбөр нь 12.000 төгрөг байдаг бөгөөд үүнд: халаалт, засвар үйлчилгээний төлбөр 5400 төгрөг, жижүүр 3000 төгрөг, цэвэрлэгээ 3000 төгрөг, гэрэлтүүлэг 500 төгрөг, баримтын мөнгө 100 төгрөг, нийт 12.000 төгрөг болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, Иргэний хуулийн 147, 148 дугаар зүйлд заасны дагуу сууц өмчлөгч нь хуульд заасан үүргийг биелүүлэх ёстой. Гэтэл хариуцагч энэ дээрх үүргүүдээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчээс удаа дараа бичиг өгч, утсаар мэдэгдэж байсан болно. Иймд хариуцагч Д.А-ас 1.023.100 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Д.А-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2007 онд Англи Улс руу сургуульд яваад 2017 оны 6 сард Монголд ирсэн. Үүнээс өмнөх асуудлыг би мэдэхгүй. Манай ээж энэ байранд амьдардаг. Надад ирсэн бичиг дээр цахилгаан, жижүүр, бохир усны мөнгө нэхэмжилсэн байсан. Жижүүр гэж байхгүй, лифт нь ажилладаггүй, 2015 онд манай ээж СӨХ-д ямар хүмүүс ажилладаг эсэхийг мэдэх гэж оролдоход, ямар ч эзэнгүй, хэн ажилладаг эсэх нь мэдэгдэхгүй, уулзаж чадаагүй байдаг. Орцны хаалга эвдэрхий, харуул, лифт байхгүй. Би энэ талаарх баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02738 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Д.А-ас 876.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 147.100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 29.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 25.574 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2017/02470 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02738 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.А-д холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал төлбөрт 1.023.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н” СӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.104 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 210/МА2017/02470 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалын Хянавал хэсэгт “...Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, уйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг нотолсон баримтыг нэхэмжлэгч “Н” СӨХ-оос гаргаагүй байхад хэргийн 6 дугаар талд авагдсан “Төрийн банк” ХХК-ийн ажилтны гаргасан тооцоог үндэслэн дундын өмчлөлийн зуйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг тооцон тогтоох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч “Н” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, сууц өмчлөгчдийн холбооны зардал төлбөр төлөх үүрэг хариуцагч Д.А-д үүссэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ...” хэмээн дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгожээ. Анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагч нь тухайн байрыг өөрийн нэр дээр байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар ямар нэгэн маргаан гаргаагүй тийм ч учраас хариуцагч нь Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, хамгаалалттай холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй. Мөн давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байх бөгөөд хэрэгт авагдсан Төрийн банкны тайланг үнэлээгүй байна. Айл бүр төрийн банканд сарын хураамжаа төлдөг. Хэрэв төлбөрөө төлөөгүй тохиолдолд өмнөх төлбөрүүд нэмэгдсэн байдаг. Тийм ч учраас төрийн банкнаас гаргасан тухайн тоотын СӨХ-ны хураамжийн үлдэгдлийн талаарх тайлангаар нэхэмжлэлийг нотлох бүрэн боломжтой атал нотлох баримтыг огт үнэлээгүй.

Магадлалын Хянавал хэсэгт “... Анхан шатны шүүхээс ... Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар анхаарч, дүгнээгүй нь буруу байна...” гэж дүгнэсэн нь хариуцагчийн гаргасан гомдолд огт дурдагдаагүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийн гомдлын хүрээнд хянан хэлэлцэх хуулийн заалтыг зөрчсөн байна. Хариуцагчийн зүгээс гаргасан гомдол нь “Н” СӨХ нь эрх зүйн чадамжгүй итгэмжлэл олгосон этгээд нь итгэмжлэл олгох эрхгүй этгээд гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан боловч давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар рын 04-ний өдрийн 210/МА2017/02470 дугаар магадлал нь нотлох баримтыг зөв үнэлээгүй мөн ИХШХШТХ-ийг зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

      Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

          “Н” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.А-д холбогдуулан  2011 оны 4 дүгээр сараас  2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг  хүртэл нийт 73 сарын  дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал гэж 1,023,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... цэвэрлэгээ үйлчилгээ муу, жижүүр байхгүй тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

          Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 22 дугаар байрны 39 тоотын оршин суугч, өмчлөгч нь хариуцагч Д.А- мөн бөгөөд тухайн орон сууц нь “Н” СӨХ-д харьяалагддаг, хариуцагч нь тус СӨХ-ны гишүүн байна.

       Орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар хуульд заасны дагуу сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй юм.

         Анхан шатны шүүх хариуцагч Д.А-ыг 2011 оны 4 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу нийт 73 сарын турш төлөөгүй гэж хариуцагчаас энэ хугацааны төлбөрт нэг сарын төлбөрийг 12,000 төгрөгөөр тооцож 876,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Н” Сууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглээгүй нь буруу байна.

        Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, СӨХ-ны үйл ажиллагаа доголдолтой, шаардлага хангахгүй байгаа нь хариуцагчийг дээрх төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна үйл ажиллагаа нь доголдолтой байгааг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

        Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, маргааны үйл баримт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар харьцуулан үнэлээгүйгээс Иргэний хуулийн 143 дугаар зүйлий 143.4, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгоно.

         Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрх, үүргийг хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

         Хариуцагч Д.А- нь СӨХ-ны төлбөрийг төлөх үүргээ 2011 оны 4 сараас хойш нэхэмжлэл гарах хүртэл нийт 73 сарын хугацаанд биелүүлээгүй, харин нэхэмжлэгчийн хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар тооцож, 2014 оны 06 сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны төлбөрт 432,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч “Н” СӨХ-д олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

      Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Н” СӨХ-ны гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2017/02470 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02738 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “876,000” гэснийг “432,000 гэж, “147,100” гэснийг “591,100” гэж, 2 дахь заалтын “25,574” гэснийг “13,610” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Н” СӨХ-ны хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 25.580 /хорин таван мянга таван зуун ная/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН