Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 04

 

Р.Золзаяа, Э.Баярхүү нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа, прокурор Ц.Сайнхүү, шүүгдэгч Р.Золзаяагийн өмгөөлөгч М.Энхзаяа, шүүгдэгч Э.Баярхүү, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолтой Р.Золзаяа, Э.Баярхүү нарт холбогдох эрүүгийн 201607000176 дугаартай хэргийг шүүгдэгч Р.Золзаяагийн өмгөөлөгч М.Энхзаяагийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1966 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, Зураач овогт Раднаагийн Золзаяа,

Монгол Улсын иргэн, 1983 онд Ховд аймгийн Дарви сумд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, Хөх овогт Эрдэнийн Баярхүү нар нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо зодолдож, харилцан бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

  Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Р.Золзаяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Р.Золзаяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Эрүүгийн 201607000176 дугаар хэргээс шүүгдэгч Э.Баярхүүд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатган, Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн   10.2, 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Золзаяагийн хохиролд нэхэмжилсэн 988810 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Баярхүүгийн хохиролд нэхэмжилсэн 302.100 төгрөгөөс нотлох баримтаар тогтоогдсон 49.400 төгрөгийг Р.Золзаяагаас гаргуулж хохирогч Э.Баярхүүд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Золзаяагийн өмгөөлөгч М.Энхзаяа давж заалдах гомдол, тайлбартаа: Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Р.Золзаяад холбогдох эрүүгийн хэргийг  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт гэж үзэж Э.Баярхүүд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Аргагүй хамгаалалт нь агшин зуур үүссэн нийгэмд аюултай халдлагаас хамгаалахад чиглэгдсэн байдаг. Харин Э.Баярхүүгийн үйлдэл аргагүй хамгаалалтын шинжгүй байгаа.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр уг хэргийг дахин хэлэлцүүлж Р.Золзаяад учирсан хохирлыг шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ. 

Шүүгдэгч Э.Баярхүү, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр нь үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Сайнхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Золзаяаг хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.Баярхүүтэй маргалдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн атлаа Р.Золзаяагийн зүгээс гаргасан хууль бус довтолгоон, танхайрсан үйлдлийн эсрэг үсдэлцэн, зууралдах явцад Р.Золзаяагийн биед гэмтэл учруулсан Э.Баярхүүгийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын үйлдэл гэж дүгнэсэн нь шийтгүүлсэн этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болохуйц зөрүүтэй байна.

Мөн хэрэг бүртгэлтийн явцад гэрч Д.Гантөмөр: “Нэг сэрэхэд Баярхүү, Золзаяа хоёр хоорондоо үсдэлцсэн орилолдоод байж байсан.” гэж, гэрч Б.Ганболд: “Тэгээд хөдлөөд явж байхад дахиж хоорондоо хэрэлдээд нэг нэгнийгээ үсдэж авсан” гэж, гэрч Д.Баяндалай: “Золзаяа, Баярхүү хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Нэг харахад Золзаяаг Баярхүү үснээс нь зулгаагаад газарт чирээд явж байсан. Тэгээд хоёр, гурван километр явж байхад Золзаяа Баярхүүг араас нь үсдсэн.” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд гэрч нарын мэдүүлэг тодорхойгүй, өөр хоорондоо, зөрүүтэйн дээр шүүгдэгч нарын мэлүүлгүүд хоорондоо эсрэгцсэн, бусад нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Гэтэл тухайн үйл явдлын үед хажууд нь байсан гэрч нараас Р.Золзаяа нь Э.Баярхүү нарын чухам ямар үйлдлийн улмаас тэдний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, аргагүй хамгаалалтын нөхцөл байдал үүссэн эсэх зэрэг байдлыг нарийвчлан асууж, зохих ёсоор байцаагаагүй, өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт бодитой тогтоогдоогүй, хэргийн талаарх нотлох баримт бүхэлдээ тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалтгүй, хэрэг бүртгэлтийн ажиллагааг гүйцэд биш хийсэн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн байна. 

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хэргийн үйл баримтыг бодитой тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай тул хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Золзаяа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг  хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.  

Түүнчлэн яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр тухайн гэмт хэрэг нь Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар хэргийг уг хэрэг гарсан газрын харъяалах шүүх хянан шийдвэрлэхээр заажээ.

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 222 дугаар зүйлд зааснаар хэрэг тухайн шүүхэд харъяалагдахгүй байвал шүүгчийн захирамжаар харъяалах шүүхэд шилжүүлэх буюу уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харъяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэхээр заасан байна.

Гэтэл шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй тухайн шүүхэд харъяалагдахгүй хэргийг шийдвэрлэж эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна.

Хэрэв Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүй гэж үзвэл тогтоолдоо энэ талаар дүгнэлт хийж байх шаардлагатайг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, Р.Золзаяа, Э.Баярхүү нарт холбогдох эрүүгийн 201607000176 дугаар хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай шүүгдэгч Р.Золзаяагийн өмгөөлөгч М.Энхзаяагийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Хэрэг прокурорт очтол Р.Золзаяа, Э.Баярхүү нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохгүйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.БАТТОГТОХ

                       ШҮҮГЧИД                                    Б.НАМХАЙДОРЖ

                                                                            Ч.ЭНХТӨР