Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2017/00111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2016/00152/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум, Цагаан-Овоо 3 дугаар багт байрлалтай “Бургалтайн буудай” ХХК, /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум, 3 дугаар баг, Цагаан-Овоо өндөр гудамж 1-20 тоотод оршин суух Зуунмодныхон овогт Халзангийн Цэнд /РД: МВ53030619, утас:9906 2994, 9995 9868, 9901 0578/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1а байрны 105 тоотод оршин суух, Цоохорууд овгийн Энэбишийн Эрдэнэбаяр /РД:ТИ62071510, утас:9926 5459/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Барилгачдын 2 дугаар гудамж, 10 тоотод оршин суух, Далт овгийн Довдонцэрэнгийн Мөнхтогтох /РД:ИВ76100511, утас:8989 8787/,

Хамтран хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон Энгельс гудамж 27-24 тоотод оршин суух, /”Зургаан хошуу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Хайрхан овгийн Магсарын Золзаяа /РД:ЧД65082071, утас:9909 7950/-нарт холбогдох,

 

 “Буудайн үнэ болох 19,372,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэнд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батбуян, хамтран хариуцагч “Зургаан хошуу” ХХК-ийн төлөөлөгч М.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Миний бие Х.Цэнд нь Бургалтайн буудай ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг. Манай компаниас Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн “Орбит комплек” ХХК, “Монгол гурил” үйлдвэртэй буудай өгөх тухай гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 16-нд өгсөн 3 чиргүүлтэй машин буудайнаас, 2 чиргүүлтэй машины 52,2 тн буудайг цавуулаг муутай учир дангаар нь гурил хийх боломжгүй гээд хашаандаа урд нь үнэ тохирч буулгаж авсан 14.7 хувийн цавуулагтай16 тн буудайн дэргэд буулгаж, хамт хучиж хамгаалаад байсан 68,2 тн буудайг 11 дүгээр сарын 28-нд авч “Чого” ХХК-нд зарахаар очиход “Орбит Комплекс” ХХК, “Монгол Групп” гурилын үйлдвэрт буудай авахад нь зуучилж байсан Э.Эрдэнэбаяр нь Мөнхтогтохтой хуйвалдан манай компанийн зөвшөөрөлгүйгээр “Орбит Комплекс” ХХК-ийн захирал Хүрэлбаатарт Цэнд гуай зар гэсэн гэж худал хэлж 11 дүгээр сарын 26, 27-нд “Зургаан хошуу” ХХК-д зарсан байсныг бид мэдсэн. ...Иймээс Д.Мөнхтогтох, Э.Эрдэнэбаяр нараас 19,372,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэнд  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анх манай компаниас Сонгинохайрхан дүүргийн “Орбит Комплекс”ХХК, “Монгол гурил” үйлдвэртэй буудай өгөх тухай гэрээний дагуу 2014.11.16-ны өдөр буудай өгсөн. 3 чиргүүлтэй машин буудайнаас 2 чиргүүлтэй машины 52,2 тн буудайг цавуулга муутай учир дангаар нь гурил хийх боломжгүй гээд хашаандаа урд нь үнэ тохирч буулгаж авсан 14,7 хувийн цавуулгатай 16 тн буудайн дэргэд буулгаж, хамт хучиж хамгаалаад байсан 68,2 тн буудайг 11.28-ны өдөр авч “Чого” ХХК-д зарахаар очиход “Орбит Комплекс”ХХК-ийн “Монгол гурил” үйлдвэрт буудай авахад нь зуучилж байсан Э.Эрдэнэбаяр, Д.Мөнхтогтох гэгчтэй хуйвалдааныг манай компанийн зөвшөөрөлгүй “Орбит Комплекс” ХХК-ийн захирал Хүрэлбаатарт “Цэнд гуай зар гэсэн” гэж худал хэлсэн байсан. Тухайн үед буудайг М.Золзаяа, Э.Эрдэнэбаяр, Д.Мөнхтогтох нар хамт явж зарсан байсан. Тэгээд би Хүрэлбаатар захирал руу залгаад “би 400,000 төгрөгөөр буудайг зарахаар болсон, 30,000 төгрөгийг нь би өөртөө ашиг болгон авч, 20,000 төгрөгийг нь аваад 350,000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, чи арай хямдхан зарах гээд байна, наадах чинь бараг 500,000 төгрөгөөр зарах буудай, чи яахаараа ийм хямдхан зардаг юм бэ” гэхэд харин өөрөө хурдан борлуул гэж хэлсэн гэсэн тайлбар өгсөн. Тэр тайлбар нь хэрэгт байгаа. Энэ буудайны маргаан ингэж эхэлсэн. М.Золзаяагийнд будааг зөөсөн хоёр жолоочийг олоод нэгийг нь дагуулаад гахайн ферм дээр нь очсон. Би гахайн ферм дээр нь очоод миний буудайг зөвшөөрөлгүйгээр бага үнээр зарсан байна гэдэг учир байдлаа хэлэхэд надад М.Золзаяагийн утасны дугаарыг өгсөн. Би М.Золзаяатай яриад би тухайн үед М.Золзаяагаас буудайг хэдээр зарсан юм бэ гэхэд хэдээр авсан үнээ хэлэхгүй байсан. М.Золзаяа нь би Э.Эрдэнэбаяр гэдэг хүнийг танихгүй, Д.Мөнхтогтох гэдэг хүнээс буудайг худалдан авсан гээд Д.Мөнхтогтохын утасны дугаарыг надад өгсөн. Би Д.Мөнхтогтохтой яриад “та нар яахаараа миний буудайг миний зөвшөөрөлгүй хүнд бага үнээр өгдөг юм” гэж хэлсэн чинь Д.Мөнхтогтох нь “цагдаа, шүүх болоод яах вэ, би М.Золзаяаг таньдаг юм, М.Золзаяатай дахин уулзаад таны ярьж байгаа үнийн талаар М.Золзаяатай ярилцаад танд буцаагаад маргааш хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Д.Мөнхтогтох над руу залгаад “би М.Золзаяатай будааны үнийн талаар таны ярьж байсан үнээр тохирлоо, бид нар олон хүнтэй харьцдаг учраас дараа дараагийн буудайг авахдаа таны санал болгосон 400,000 төгрөгийн үнээр буудайны үнийг төлье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи тэгвэл манай тамгын хэлтэс дээр очоод албан ёсны актаа бичиж өг” гэж хэлэхэд Д.Мөнхтогтох нь “тэгье” гэж хэлээд зөвшөөрч, Би Хангайг явуулсан. /он сарыг тайлбартаа бичсэн байгаа/. Хангайтай Цамбагарав дээр уулзаад “М.Золзаяа нь гахайн аж ахуй дээр ажилтай, уулзах завгүй гэж байна, би өнөөдөр М.Золзаяатуй уулзаад, маргааш хоёулаа М.Золзаяатай уулзъя” гэж хэлээд санаа зоволтгүй, “Зургаан хошуу” ХХК найдвартай гэж хэлсэн байсан. Над руу Д.Мөнхтогтох бас ярьсан. Д.Мөнхтогтох ярихдаа “М.Золзаяа нь танай данс руу хийх байсан мөнгийг андуурч, миний данс руу хийсэн байна. Уг нь 10,000,000 төгрөг шилжүүлнэ гэж байсан чинь 4,000,000 төгрөг над руу шилжүүлсэн байна. Би тань руу энэ мөнгийг шилжүүлье та дансаа өгчих гэж хэлсэн. Би дансаад өгөхөд над руу 4,000,000 төгрөг хийсэн байсан. Маргааш нь над руу залгаад “М.Золзаяа нь 5,000,000 төгрөг шилжүүлэх байсан, 4,000,000 төгрөг шилжүүлсэн байна гээд над руу тэр 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд Д.Мөнхтогтох надад нийт 8,000,000 төгрөг өгсөн. Би сүүлд М.Золзаяатай өөрөө уулзсан. Гэрчийн мэдүүлгээр буудайг 400,000 төгрөгөөр зарахаар тохирсон байсан. Э.Эрдэнэбаяр өөрөө энэ талаар сайн мэдэж байгаа. Э.Эрдэнэбаяр надаас асуухдаа та буудайгаа хэдээр зарах юм бэ гэж асуусан. Тэгэхэд нь би 350,000-450,000 төгрөгийн хооронд зарна. Сайн чанарын буудай нь 450,000 төгрөг, хогтой буудай нь 350,000 төгрөгөөр зарагдаж байгаа. Гэхдээ тийм их хэмжээгээр буудай байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Э.Эрдэнэбаяр нь та жаахан үнийг нь буулгах тал дээр нь ярихгүй юм уу гэхээр нь би надад худалдан авагч их байгаа учраас үнэ дээр ярихгүй гэсэн хариу өгсөн. Э.Эрдэнэбаяр би өөрөө 2 тн буудайгаа хариуцна гэж хэлсэн. Харин Д.Мөнхтогтохоос 400,000 төгрөгийг авах ёстой. Сүүлдээ 300,000 төгрөгөөр бодож 1,900,000 төгрөгийг Д.Мөнхтогтох нь Э.Эрдэнэбаярт өгсөн байсан. Тэгээд би Д.Мөнхтогтохоос 1,900,000 төгрөгийн тээврийн хөлс, 2 тн буудайны үнэ 400,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа. Д.Мөнхтогтох надад “та 350,000 төгрөгөөр зарсан буудайны зөрүү мөнгөө М.Золзаяагаас аваарай, би төлөхгүй гэдэг зүйл ярьж, М.Золзаяаг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Одоо буудайны зөрүү үнийг М.Золзаяагаас нэхэмжилж байна. Анх 19,372,000 төгрөгийг нэхэмжилснээс 5,000,000 төгрөгийг нь Д.Мөнхтогтох шүүх хуралдааны явцад өгсөн. Одоо 14,372,000 төгрөгөөс Д.Мөнхтогтохоос нийт 7,580,000 төгрөг нэхэмжилснээс 3,310,000 төгрөгийг М.Золзаяагаас төлөх ёстой гэж бодож байна. Э.Эрдэнэбаяраас 6,792,000 төгрөгийг тус тус гаргуулж, “Бургалдайнбуудай” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү : Э.Эрдэнэбаярт Д.Мөнхтогтох нь 1,900,000 төгрөгийг өгсөнийг тооцон  3,972,000 төгрөг  нийт 5,872,000 төгрөгийг Э.Эрдэнэбаяраас нэхэмжилж байгаа, Жолоочийн тээврийн хөлсийг компани хариуцна гэж гэрээндээ заасан учраас мөн будаа худалдан авсан компани надад өгөх ёстой буудайнхаа үнээс хассан байгаа учраас нэхэмжилсэн Тэр 2,000,000 төгрөгийг Золбаяраас гэж явуулсан байсан учраас М.Золзаяаг явуулсан байх гэж бодсон. Тухайн үед би М.Золзаяагийн нэрийг сайн мэддэггүй байсан. 27,177,000 төгрөгийг 66,2 хувьдаа хуваахаар 400,000 төгрөг гарч байгаа. Тэжээлийн будааг 450,000 төгрөгөөр авч байсан. Хамгийн гол нь М.Золзаяа нь ажил болгож тэнд би 3 хүн дагуулж очоод будаагаа авъя, ярилцъя гэж байхад М.Золзаяа нь утсаа авахгүй алга болсон. Мөн байраа ч зааж өгөхгүй алга болсон учраас хариуцлагыг хүлээх ёстой. Миний 450,000 төгрөгөөр зарах ёстой байсан будааг Д.Мөнхтогтох нь М.Золзаяад 350,000 төгрөгөөр зарсан учраас би зөрүү мөнгийг нь нэхэмжилж байгаа. Тээврийн хөлсийг Д.Мөнхтогтох нь төлөх ёстой. Би будаагаа ачуулах гээд ирж байхад будаагаа ачуулахгүй алга болсон. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ

 

Хариуцагч Д.Мөнхтогтох нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Б.Эрдэнэбаяр будаа зараад өгөөч гэж хэдэн удаа ярьж, дээж болон будааны шинжилгээний бичгийг авчирч үзүүлсэн. Тэгээд “Зургаан хошуу” ХХК-д хандахад захирал М.Золзаяа өөрийн биеэр хүрэлцэн ирж үзээд 1 тонныг нь 300,000 төгрөгөөр тооцож худалдаа хийсэн бөгөөд тухайн байгууллага нь төлбөрийг бага багаар цувуулсаар хэдэн сарын дараа төлбөр надад ирэх тоолонд “Бургалтайн буудай”  ХХК-ийн дансаар шилжүүлж байсан. 2014 оны 11 дүгээр сард тэжээлийн будаа 200,000-250,000 төгрөг байсан. Төлбөр төлөгдөөгүй явж байх хооронд буудайн хомсдол болж тэжээлийн буудай 1 тонн нь 450,000 төгрөг хүрч байсан. Тэр үед Х.Цэнд гэгч хүн 1 тонн 500,000 төгрөгөөр үнэлж их хэмжээний мөнгө нэхсэн. ...66 тонн буудайг 300,000 төгрөгөөр бодож 19,800,000 төгрөгөөр “Зургаан хошуу” ХХК-иас авсан нь үнэн. Үүнээс 14,000,000 төгрөгийг дансаар олгосон. Буудайг хотоос 120 км явж “Зургаан хошуу” ХХК буулгах хүртэл тээврийн зардал ачиж буулгасан ажилчидын хөлс, мөн дундын зуучлалын зардалд 50,000 төгрөгийг 1 тонн дутмаас хасч 16,500,000 төгрөг олгох болсон. Миний зүгээс үлдэгдэл 2,500,000 төгрөгийг өгөхөд бэлэн байна.” гэжээ.

 

Хариуцагч Э.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:           

 “...Намайг Булган аймагт явж байхад Х.Цэнд залгаад 300-400 тн буудай байна боломжийн үнээр борлуулаад өгөөч гэж ярьсан. Би Булганаас буцах замдаа “Бургалтайн буудай” ХХК дээр очиж Х.Цэндийн үтрэм дээр “Орбит Комплекс” ХХК-ийн захирал Хүрэлбаатартай хамт будааг үзэж дээж авч явсан. ...Нийт 360 гаруй тонн будааг “Орбит Комплекс” ХХК авсан. 3 машин буюу 68 тонн буудайн цавуулаг нь 12-14 хувь байснаас болж гурил хийх боломжгүй болсон. ...Бид Х.Цэндэд будаагаа буцааж авахыг шаардсан. Будаагаа авахгүй байсааар машины тэвшин дээр 10 гаруй хоносон. Би будааны дээжийг авч МХЕГ-ын лавлагаа лаботорид дахин шинжлүүлж хүнсэнд тохирхгүй гэсэн баталгаа авсан юм.Тухайн үед тэжээлийн будаа 1 тонн нь 150,000-200,000 төгрөгийн үнэтэй байсан. Х.Цэнд, Б.Мөнхтогтох нар нь хоорондоо будааны үнэ хөлсийг өөр хоорондоо өгөлцөж авч байсан. Би будааны мөнгөнөөс аваагүй. Иймээс нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Золзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манайх будаа дамнан борлуулж, худалддаг компани, гурилын үйлдвэр биш учраас сайн чанарын будаа авах шаардлага байхгүй. Манайх 4000 гахайтай, гахайн аж ахуйтай. Зах зээл дээр хамгийн хямд, боломжтой тэжээлийн будаа л хэрэглэдэг компани юм. Жилдээ манай компани 1000 гаран тонн будаа нөөцөлдөг. Баруун бүсээр будаа нөөцөлж явж байгаад манай компаний ажилтнууд Д.Мөнхтогтох гэдэг хүнтэй танилцаж, будаа авахаар болоод харилцан тохиролцоод хот руу орж ирэхээрээ надтай уулзаарай гэж ярьсан. Би Х.Цэнд, Хүрэлбаатар, Э.Эрдэнэбаяр нарын хэнийг нь ч танихгүй. Өнөөдөр миний будаа авсан харилцагч бол Д.Мөнхтогтох юм. Д.Мөнхтогтох нь тэр байгууллагаас будаагаа ачаад манай компанид ганц пүүлүүлээгүй, баруун бүсийн бүх ачаа барааг пүүлдэг “Дунд-Уртын хүү” гэдэг газар хүртэл пүүлүүлсэн байгаа. Д.Мөнхтогтохтой тохирохдоо 1 сарын дотор төлбөр тооцоог төлж барагдуулахаар будааг 350,000 төгрөгөөр бодож, падаан дээр гарын үсэг зураад энэхүү падаан нь санхүүгийн баримтад орсон байгаа. 12.31-ний өдөр бүх төлбөр тооцоог хийхээр тохирсоны дагуу нийт 27,177,000 төгрөгийг төлсөн. Х.Цэнд над дээр ирсэн. Тэгэхдээ “та будааны мөнгийг битгий өгөөрэй, танаас дансны хуулга баримт материалаа авъя” гээд манай санхүү дээр ирсэн байсан. Тэгэхээр нь би “би танд өгөхгүй, яагаад гэвэл би таныг танихгүй, тантай хэлцэл хийгээгүй, та харин надаас Д.Мөнхтогтохын утсыг аваад Д.Мөнхтогтохыг надтай уулзуулж болно” гэж хэлсэн. Би Х.Цэнд гэдэг хүнтэй харьцаагүй, хэлцэл хийгээгүй. Манайх бол гахайн ферм учраас тэжээлийн будаа хэрэглэдэг. Зах зээл дээр 200,000-300,000 төгрөгийн янз бүрийн будаа байгаа. Тэр будаа ачсан өдрөөс хойш би Д.Мөнхтогтохын царайг хараагүй. Х.Цэнд нь намайг 2,000,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн гэж яриад байна. Хэрэв таны данс руу би мөнгө шилжүүлсэн бол та тэр баримтаа гаргаад ир гэж хэлмээр байна. Би Х.Цэндийн дансанд нэг ч төгрөг хийгээгүй. Би зөвхөн Д.Мөнхтогтох гэдэг хүнтэй харьцаж байсан. Мөнгө шилжүүлсэн бүх баримтууд Д.Мөнхтогтохын данс байгаа. Намайг хариуцагчаар татаж байгаад харамсаж байна. Надаас тн тутмын зөрүү гэж нэхэмжлээд байгаа мөнгийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн надад холбогдуулан гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү: Манайх ургацын үед 1000 гаран тн будаа авдаг. Хашааны цаанаас будааны зургийг авчхаад энэ миний будаа гэж ярьж байгаа бол энэ нь үнэнд нийцэхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батбуян нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Х.Цэндийн 68,2 тн будаа нь зах зээлийн үнээр 400-450 төгрөг байдаг. Гэтэл Д.Мөнхтогтох, Э.Эрдэнэбаяр нарын хувьд 350 төгрөгөөр “Зургаан хошуу”ХХК-д зарсан байдаг. М.Золзаяагийн тайлбараар бол Д.Мөнхтогтох нь будааг 27,177,000 төгрөгөөр зарсан гэж байна. Д.Мөнхтогтохоос “Зургаан хошуу”ХХК-д хэдэн төгрөгөөр будааг зарсан бэ гэдэг тоо баримтын хувьд зөрүүтэй байдаг. Д.Мөнхтогтохын тайлбараас харахад 450 төгрөгөөр зарсан юм шиг, гэтэл дансны хуулгаас нь харахаар 23,877,000 төгрөгөөр зарсан юм шиг харагддаг. Хамгийн сүүлд М.Золзаяагийн тайлбараар бол 27,177,000 төгрөг байдаг. Эндээс харахад 350,000 төгрөгийн будааг Д.Мөнхтогтох нь худалдсан, М.Золзаяа нь 350,000 төгрөгөөр бодож будааг авсан байна гэж харагддаг. Ямар ч байсан 66,2 тн дээр талууд маргадаггүй, харин үнийн зөрүүн дээр л маргадаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар будааг 400,000 төгрөгөөр худалдсан гэж харагддаг. Тэгэхээр тооцоо хийхэд шүүх хурал болохоос өмнө анхны нэхэмжилсэн дүн бол 19,000,000 төгрөг байгаа. Энэ 19,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нь Д.Мөнхтогтох төлсөн. Үлдэгдэл 14,000,000 төгрөгийг хэн нь хариуцах вэ гэдэг асуудал яригдаж байна. Үнэхээр хариуцагч нарын бусдын өмнө хүлээсэн үүрэг тодорхой бус байвал тэнцүү хариуцна гэдэг хуулийн заалтыг шүүх анхаарах байх. Хариуцагч Э.Эрдэнэбаяр, Д.Мөнхтогтох, М.Золзаяа нарын оролцоо байгаа учраас хариуцлагаа хүлээх ёстой. Өнөөдөр шүүх хуралдаанд хариуцагч Э.Эрдэнэбаяр, Д.Мөнхтогтох нар ирээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, талуудын гаргаж байгаа тайлбараас харахад нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримт байхгүй байгааг шүүх анхаарна уу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  Д.Мөнхтогтох, Э.Эрдэнэбаяр нарыг хариуцагчаар татсан байгаа. Д.Мөнхтогтохын данс руу орсон Хаан банкны дансны хуулгаас харахаар 23,877,000 төгрөг байдаг. “Зургаан хошуу” ХХК нь өмнөх тайландаа бичсэн тооцоогоор 21,177,000 төгрөг гэсэн байгаа. Д.Мөнхтогтохын бусдын будааг зараад хууль бусаар олсон орлого нь аль юм бэ гэдгийг шүүх харгалзан үзэх байх. Будаа нь 450,000 төгрөгөөр үнэлэгдэх байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байна. Хавтаст хэрэгт цугларсан материалаар хариуцагч нарын яг хэдэн төгрөг авсан бэ гэдгийг тооцоолох гэхээр үнийн дүнгүүд хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй байгаа учраас хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна Тогтоож байгаа баримт нь өөрөө эргэлзээтэй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжилж байгаа үнийн дүнг хариуцагч нараас тэнцүү хувааж гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Бургалтайн буудай” ХХК-нь хариуцагч Э.Эрдэнэбаяр, Д.Мөнхтогтох, “Зургаан хошуу” ХХК-д холбогдуулан 19 372 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж ...  14 372 000 төгрөгөөс Д.Мөнхтогтохоос 7,580,000 төгрөг нэхэмжилснээс 3,310,000 төгрөгийг “Зургаан хошуу” ХХК-иас, үлдэх 4 270 000 төгрөг Д.Мөнхтогтохоос,  Э.Эрдэнэбаяраас 6 792 000 төгрөгийг тус тус гаргуулж Бургалтайн Буудай ХХК-г хохиролгүй болгож өгнө үү гэснийг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Орбит Комплекс” ХХК-ийн хашаанд буулгасан “Бургалтайн буудай” ХХК-ийн 68.2 тонн буудайг хариуцагч Д Мөнхтогтох, Э.Эрдэнэбаяр нар “Зургаан хошуу “ ХХК-д худалдсан талууд энэ талаар маргаангүй болно.

Нэхэмжлэгч 68.2 тонн буудайг сайн чанарын, 1 тонныг 400 000 төгрөгөөр  борлуулж байсан будааг, хариуцагч нар зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан гэж, хариуцагч Э.Эрдэнэбаяр, Д.Мөнхтогтох нар  ... Х.Цэнд гуай  Булган аймаг явж байхад 300-400 тонн будаа байна боломжийн үнээр зараад өгөөч  гэж санал болгосоноор  Бургалтайд  үтрэм дээр нь очиж үзээд, Орбит Комплекст буусан будаанаас цавуулаг 12-14 хувьтай, хоруутай 68 тонн будааг буцааж авахыг шаардахад аваагүй, тэр будааг тэжээлийн будааны үнээр Зургаан хошуу ХХК-д  борлуулсан, үүнээс харилцан тохиролцсоноор будааг борлуулсаны, ачилт буулгалтын хөлс зэргийг тооцсон гэж  маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 68.2 тонн сайн чанарын будааг зөвшөөрөлгүй, бусдын хадгалалтад байхад нууц далд аргаар авч борлуулсан гэж байгаа боловч энэ талаар эрх бүхий байгууллагад шалгуулан тогтоосон баримтгүй, мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн хураасан будаа Улаанбаатар хотод гэрээний дагуу будаа нийлүүлсэн газрын хашаанд хадгалагдаж байгаа талаар хариуцагч нар мэдэх боломжгүй байх тул талуудын хооронд будааг худалдан борлуулахаар харилцан тохиролцож байсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч маргааны зүйл болж байгаа хүнсний улаан будааг сайн чанарын, тухайн үед  1 тонныг 400 000 төгрөгөөр  зах зээлд борлуулж байсан 68.2 тонн  будаа гэж нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлж байгаа боловч энэ талаар нотлох баримтийг хариуцагч Э.Эрдэнэбаяр, Д.Мөнхтогтох нар харилцан тохиролцсоноор будааг борлуулсаны хөлс, ачилт буулгалтын хөлсийг тооцож авсан гэж байгаа боловч мөн энэ талаарх нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй байна.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй байна.

 

Хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Улаанбаатар хот  Орбит  Комплекс ХХК-ийн хашаанд байсан “Бургалтайн буудай” ХХК-ийн  хүнсний улаан буудай 66.2 тоннийг 350 000 төгрөгөөр “Зургаан хошуу” ХХК-д худалдсан болох нь “Зургаан хошуу” ХХК-ийн будааг пүүлж хэмжиж авсан талаарх ачаа пүүлсэн тодорхойлолт, мөн компанийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орлогын баримт, будааний үнийг Д.Мөнхтогтоход шилжүүлж байсан талаарх ХААН банкны депозит дансны хуулга, орлогын мэдүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг Зургаан хошуу ХХК-ийн хариу тайлбарт хавсарган ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд “Бургалтайн буудай” ХХК-ийн будааг “Зургаан хошуу” ХХК-д худалдаад үнийг шилжүүлэн авсан атлаа Д.Мөнхтогтох шилжүүлээгүй, тооцоо нийлүүлээгүй тул төлөгдөөгүй будааны хэмжээг 66.2 тонн, 1 тоннын үнийг 350 000 төгрөг нийт 23 177 000   гэж тогтоох нь зүйтэй байна.

Үүнээс  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмнө төлөгдсөн 12 000 000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 5 000 000 төгрөгийг хасаж тооцон 6 177 000 төгрөгийг  Д.Мөнхтогтохоос гаргуулан “Бургалтайн буудай” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Д.Мөнхтогтох ... тээврийн зардалд 1 870 000 төгрөгийг 2 жолоочид бэлнээр, Э.Эрдэнэбаярт 2 000 000 төгрөг төлсөн, хөдөлмөрийн хуулинд зуучлах ажил худалдаагаар ашиг олж болох талаар байдгийг, тухайн улаан буудайг хүргэхэд 130 км 2 талдаа 300-гаад км замд хувийн тэргээр шатахуун зарцуулж ирж очсон зэрэг зардал, зарлага ихээр гардагийг мэдүүлэх  байна ... гэж хариу тайлбартаа дурдсан боловч дээрх будааг “Зургаан хошуу” ХХК-д худалдан борлуулж өгсөнд өөрт ногдох хөлс, тээврийн зардал зэргийг хэрхэн тооцох байсан талаарх болон  “Орбит комплекс” ХХК-ийн хашаанаас “Зургаан хошуу” ХХК-д будааг  хүргүүлэхэд зарцуулсан тээврийн зардалын тооцооний талаарх нотлох баримтийг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир энэ үүргийг харилцан тооцох боломжгүй, мөн дээрх будааны үнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч “Зургаан хошуу” ХХК-иас зарим хэсэг болох 3 310 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

“Зургаан хошуу” ХХК хэргийн хариуцагч Д.Мөнхтогтохоос будааг хүлээн авсан энэ талаарх  баримтыг үйлдэн хүлээн авсан будааны үнийг бүрэн шилжүүлсэн буюу “Бургалтайн буудай” ХХК-тай гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул  хариуцлага хүлээх үндэслэлгүй байна.

 Хариуцагч Э.Эрдэнэбаяраас нэхэмжилж буй тээврийн зардал 66.2 тонн / 60 000 төгрөг/ 3 972 000 төгрөг, Д.Мөнхтогтохоос ашиг болгож авсан 1 900 000 төгрөг, дутаасан  2 тонн улаан будааны үнэ  920 000 төгрөг нийт  6 792 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасанаас тээврийн зардал гэж тооцсон 3 972 000 төгрөгийг ямар үндэслэлээр Э.Эрдэнэбаяраас  нэхэмжилж байгаа нь  болон  хаанаас хаана тээвэрлэсэн зардалыг тооцож байгаа нь тодорхойгүй байна

Нөгөө талаар “Орбит  комплекс” ХХК-д гэрээний дагуу нийлүүлж байсан будааны тээврийн зардалд тооцох нийт дүнгээс 66.2 тонн будааны тээврийн зардлыг тухайн байгууллага төлбөл зохих төлбөрөөс хасаж шилжүүлсэн тул тээврийн зардалаа гаргуулна гэж байгаа боловч энэ талаархи  болон Д.Мөнхтогтохоос ашиг болгож авсан 1 900 000 төгрөгийг гаргуулна гэж байгаа болох нотлох баримтийг ирүүлээгүй байна.

Хариуцагч Э.Эрдэнэбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... Х.Цэнд бид 2 уулзаад 600, 700 кг дутах бол 2 пүүний хооронд байдаг асуудал, 1.3 тонн улаан будааны үнэ нэхэмжлэнэ гэж байсан, ашиг болгож өгсөн 1 200 000 төгрөг, дутсан будаа 1.3 тонн надад хамааралтай, тээврийн зардал  “Орбит комплекс” ХХК  гаргаж, тус компаниас нэхэмжлээгүй болно гэсэн байна.

Иймд дутсан 2 тонн будааны үнийг “Зургаан хошуу” ХХК-д тушаасан будааны үнээр тооцож 700 000 төгрөгийг Э.Эрдэнэбаяраас гаргуулж “Бургалтайн буудай” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн  ...14,372,000 төгрөгөөс Д.Мөнхтогтохоос 7,580,000 төгрөг нэхэмжилснээс 3,310,000 төгрөгийг “Зургаан хошуу” ХХК-иас, үлдэх 4 270 000 төгрөг Д.Мөнхтогтохоос,  Э.Эрдэнэбаяраас 6 792 000 төгрөгийг тус тус гаргуулж “Бургалтайн Буудай” ХХК-г хохиролгүй болгож өгнө үү .. гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6 927 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул 7 445 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Э.Эрдэнэбаяр, Д.Мөнхтогтох нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хариуцагч Э.Эрдэнэбаяр “...Х.Цэнд бид хоёрын хооронд мөнгөний асуудал дууссан гэж үзэж байгаа тул шүүх хуралд очих боломжгүй байна...” гэж, хариуцагч Д.Мөнхтогтох Би зуучлалынхаа мөнгийг аваад нэхэмжлэгч талд өргүй болсон гэж үзэж байгаа тул шүүх хуралд оролцохгүй...гэж тайлбар хэлэн, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адил үзэж, нэхэмжлэгч, хамтран хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хариуцагч нарын оролцоогүйгээр явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлйин 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар Д.Мөнхтогтохоос 6 177 000 төгрөг, Э.Эрдэнэбаяраас 700 000 төгрөг гаргуулан “Бургалтайн буудай” ХХК-д олгож “Зургаан хошуу”  ХХК-ийг хариуцлагаас чөлөөлж, 7,445,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.810 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхтогтохоос нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 6 177 000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 113 782 төгрөг, хариуцагч Э.Эрдэнэбаяраас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 700 000 төгрөгт тохирох 21 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Бургалтайн буудай” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ