Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2017/00117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2016/01634/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум  6-р баг 2 дугаар 60 айлын 24 тоотод оршин суух улсын бүртгэлийн хаягтай, Төмөр зам 4 дүгээр байшин 15 тоотод түр оршин суух, Боржигон овгийн Равжихын Хандсүрэн, /РД:ТЗ60081906, утас:99166272/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг барилгачид 3 дугаар гудамж 22 тоотод оршин суух, Боржигон овгийн Наранхишигийн Нарантуяа, /РД:ТА81122401, утас:95781034/-д холбогдох

 “4,838,050 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатэй, 1,321,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Хандсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Уламбаяр хариуцагч Н.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Хандсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Миний бие иргэн Н.Нарантуяад 2016 оны 09 дүгээр сарын 14-нд 6,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 15 хувийн хүүтэйгээр амаар хэлцэл хийж зээлдүүлсэн. Үүний дараагаар Н.Нарантуяа нь надад хандан дахин 1,000,000 төгрөгийг сарын хугацаатай зээлж авсан. Уг мөнгийг нэмж авахдаа ...найдвартай хүн байна, сарын хугацаатай зээлээч” гэж авсан. Н.Нарантуяа нь надаас нийт 7,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд надад хүү болон зээлд тооцон 3,553,000 төгрөг, 3 хонь буюу /1 хонь 80,000/ 240,000 төгрөг, 50 кг гурил буюу 50,000 төгрөг нийт 3,843,000 төгрөгийг цувуулан өгсөн болно. Тухайн үед Н.Нарантуяа нь надад үндсэн зээл 7,000,000 төгрөг түүний сарын хүү 1,050,000 төгрөг нийт 8,050,000 төгрөг өгөхөөс дээрх байдлаар цувуулан түр хүүгээ өгч байя гэх мэтээр элдэв шалтаг тоочон надад 3,843,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш Н.Нарантуяагаас үлдэгдэл 4,207,000 төгрөгийг хүүгийн хамт өгөхийг Н.Нарантуяагаас удаа дараа шаардсан боловч зүй бус аашлан иргэн намайг үл хүндэтгэн, залилж байна. ...Иймд Н.Нарантуяагаас үндсэн зээлийн үлдэгдэл болох 4,207,000 төгрөг, түүний хүү 631,050 төгрөг нийт 4,838,050 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ

 

Нэхэмжлэгч Р.Хандсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Н.Нарантуяа бид хоёр аман гэрээ байгуулж 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хүртэл 18.500.000 төгрөгийг тооцоогүйгээр бүрэн дуусгасан. 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 6.000.000 төгрөг нэмж авсан. Энэ хугацаандаа 9 дүгээр сарын 23-ны өдөр 1.724.000 төгрөгийг дахин нэмж авсан. 1.724.000 төгрөгийг өгөхөд би Улан-Үдэд байсан. Нарантуяагийн данс руу мобайл банкаар 862.000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн. Нийт 7.724.000 төгрөгөөс Нарантуяа 4.194.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үүн дээр 3 хонийг нэг бүрийн үнийг 80.000 төгрөгөөр, 50кг гурилыг 1кг нь 1000 төгрөгөөр тооцож нийт 290.000 төгрөгийн эд бараа өгсөн. Надад нийт 4.484.000 төгрөг өгсөн. Нийт авсан 7.724.000 төгрөгөөс 4.484.000 төгрөг өгснийг хасаад 3.240.000 төгрөг, 1 сарын хүү 486.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 154.790 төгрөг нийт 3.880.790 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ

 

Хариуцагч Н.Нарантуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 26.177.000 төгрөг дансаар орсон байдаг. 225.000-99.000 төгрөгийн хооронд нийт 47 удаагийн гүйлгээгээр уг мөнгө орсон. 2 удаагийн үйлдэл нь надаас бэлнээр мөнгө зээлээд буцааж дансаар хийсэн. Р.Хандсүрэн 2016 оны  7 дугаар сарын 16-ны өдөр наадмын мөнгө гэж 550.000 төгрөг зээлээд 380.000 төгрөгийг өгсөн. 170.000 төгрөгийг өөрийнхөө авах ёстой мөнгөөс суутгасан. Мөн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Орос явна гэж 470.000 төгргөийг бэлнээр аваад миний дансанд 230.000 төгрөгийг хийж, үлдэгдэл мөнгийг 7 дугаар сарын 22-ны өдөр авах ёстой байсан мөнгөндөө суутгаж авсан. Би Хандсүрэнгээс 45 удаагийн үйлдлээр 25.000.000 төгрөг зээлсэн. Хоёр удаагийн үйлдлээр Р.Хандсүрэнд зээлсэн мөнгө дансаар авсан. 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн  хооронд 101 удаагийн үйлдлээр 23.418.000 төгрөг хийж,  бэлнээр 170.000 төгрөг, 230.000 төгрөг буюу нийт 400.000 төгрөг өгсөн. 3 хонийг 240.000 төгрөгөөр, 50 кг гурилыг 50.000 төгрөгөнд тооцож өгсөн. Манай нөхөр Отгончулуун 2016 дугаар сарын 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний хооронд 17 удаагийн гүйлгээгээр 2.430.000 төгрөг өгсөн. Би Р.Хандсүрэнд нийт 26.538.000 төгрөг өгсөн. Уг мөнгөнөөс миний Хандсүрэнгээс зээлсэн мөнгө 25.000.000 төгрөг. Буцааж төлсөн нь 26.538.000 төгрөг. Одоо илүү төлсөн 1.200.000 төгрөгөө нэхэмжилж байна. Р.Хандсүрэн надаас байнга мөнгөө нэхэмжилж дарамталдаг байсан. Би хаяг дээрээ тасралтгүй амьдарч байгаа. Манай ах дүү цагдаа гээд намайг дарамталж байсан. Р.Хандсүрэнгээс 6.000.000 төгрөг бөөнөөрөө орж ирээгүй. 9 сарын 19-ний өдрөөс 660.000 төгрөг, 680.000 төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдөр 570.000 төгрөг 125.000 төгрөг, 9 дүгээр сарын 23-ны өдөр 862.000 төрөг 2 удаа гэх байдлаар 14 хоногийн хугацаанд тасарч 6.000.000 төгрөг орж ирсэн. Энэ хугацаанд манай нөхөр 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 17 удаагийн үйлдлээр 2.430.000 төгрөгийг Р.Хандсүрэнгийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Өмнө нь илүү төлөлттэй байсан. Би дандаа Р.Хандсүрэнгээс мөнгө зээлээгүй. Хандсүрэн надаас мөнгө зээлдэг байсан. Хандсүрэнгээс 25.000.000 төгрөг зээлж аваад 26.177.000 төгрөг буцааж төлсөн. Хандсүрэнгээс 225.000-990.000 төгрөгийн хооронд 47 удаагийн гүйлгээгээр миний дансанд мөнгө орсон. Би Р.Хандсүрэн 104.000-391.000 төгрөгийн хооронд нийт 101 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн.” гэжээ.

 

Хариуцагч Н.Нарантуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:            “...Хандсүрэнгээс 25.000.000 төгрөг зээлсэн боловч манай нөхөр бид хоёр Хандсүрэнд 26.177.000 төгрөгийг шилжүүлсэн. 1.777.000 төгрөг илүү төлсөн. Үүнийгээ нэхэмжилж байгаа.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

         “...Мөнгөө өгч дуусаагүй байхад дундаас нь дахин мөнгө зээлдэг байсан. Анх Нарантуяаг дэлгүүр түрээсэлж байхад Ягаанцэцэг гэх хүн энэ хүнд туслаарай гэж хэлсэн. Би орж ирсэн мөнгөөс бага багаар шилжүүлдэг байсан. Ингэж цуглуулаад 5.000.000 төгрөг болоход нь өөрийн эд зүйлээ тавьж байгаад цувуулаад 6.000.000 төгрөг болгосон. 6.000.000 төгрөг болсон өдрөөс эхлээд хүү бодож эхэлсэн. Мөнгө өгч байх үедээ хүү боддоггүй байсан. Намайг Улан-Үдэд явж байхад 860.000 төгрөгөөр 2 удаа мөнгө авсан. Би 6.000.000 төгрөг болгож Нарантуяад өгөхдөө нөхөр хүүхэддээ хэлж байсан. 26.654.000 төгрөг байгаа. Үүнээс 18.500.000 төгрөгөөр 1 удаа орж ирсэн. 4.194.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. 3 хонь, 50кг гурил өгсөн. Би Н.Нарантуяаг дарамталж байгаагүй. Би эхлээд хорооны цагдаад хэлсэн. Намайг шүүхэд ханд гэсэн учраас шүүхэд хандсан.” гэжээ

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Уламбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Сүүлийн 9 дүгээр сард өгсөн мөнгөн дүн дээр маргаан үүсч байгаа. Үүнээс өмнөх асуудлыг ярих шаардлагагүй. Нэхэмжлэгч 6 дугаар сард зээлж эхэлсэн үеэс бүх хуулгаа авч хавтасласан. 9 дүгээр сард өгсөн мөнгөнийхөө хуулгыг гаргасан бол хэн хэнд нь ашигтай байх байсан. Р.Хандсүрэн 7.724.000  төгрөг, Н.Нарантуяа 7.000.000 төгрөг гээд байдаг. Н.Нарантуяа 6.000.000 төгрөг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуулгаар үзэхэд 862.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн. 724.000 төгрөгийг илүү хийсэн. 7.724.000 төгрөгөөс 4.484.000 төгрөгийг хасааад 3.240.000  төгрөг үлдэж байгаа. Үүн дээр хүү болон улсын тэмдэгийн хураамжийг нэмээд 3.880.790 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэжээ

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээг аман болон бичгийн хэлбэрээр хийж болно. Бичгээр гэрээ байгуулсан бол хүү авах ёстой. Гэтэл гэрээг амаар тохиролцсон гэдгийг талууд хэлж байна. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдана гэснээр нэхэмжлэгч хүү авахгүй. 1.777.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.” гэжээ

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Хандсүрэн хариуцагч Н.Нарантуяад холбогдуулан 4 838 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.Нарантуяа нэхэмжлэгч Р.Хандсүрэнд холбогдуулан 1 321 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Р.Хандсүрэн нь хариуцагч Н.Нарантуяад 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс зээлдүүлсэн 7 724 000 төгрөгөөс төлсөн 4 484 000 төгрөгийг хасаж 3 240 000 төгрөг, хүү 486 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 154 790 төгрөг хасаж 3 880 790 төгрөг гаргуулна ... гэж хариуцагч 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23 хүртэл 25 000 000 төгрөг авснаас 26 177 000 төгрөг төлсөн, илүү төлсөн 1 777 000 төгрөг нэхэмжилж байгаа, бидний хооронд бичгээр байгуулсан гэрээ, хүү тооцоогүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр  зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл төлбөр, хүү, тэмдэгтийн хураамж гаргуулна гэж, хариуцагч 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ныг хүртэл хугацаанд зээлсэн, буцаан төлсөн мөнгөний зөрүү гаргуулна ... гэж талуудын хооронд бий болсон цаг хугацааны хувьд маргаж байгаа  тул талуудын хооронд үүссэн харилцааны хугацааг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ныг хүртэл тооцсон болно.

Нэхэмжлэгч энэ хугацаанд хариуцагчид зээлийн гэрээний зүйл болсон мөнгийг бүхэлд нь шилжүүлээгүй, ямар хугацаанд мөнгийг эргүүлэн төлөх, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тооцох хариуцлагын талаар тусгасан гэрээг бичгээр байгуулаагүй байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар талууд гэрээний зүйл болсон мөнгийг шилжүүлсэн тул гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ныг хүртэл 26 654 000 төгрөгииг Р.Хандсүрэнгээс Н.Нарантуяад шилжүүлж, Н.Нарантуяагаас 23 418 000 төгрөг, түүний нөхрөөс 2 430 000 төгрөг шилжүүлсэн нь талуудын  шүүхэд гаргасан ХААН банкны депозит дансны хуулгаар, 3 хонь, 280 000 төгрөг, 50 000 төгрөгт тооцож 50 кг гурил өгсөн талаар маргаангүй байгаа тул эдгээрийг хасаж үлдэх 516 000 төгрөгийг  Н.Нарантуяагаас гаргуулж нэхэмжлэгч Р.Хандсүрэнд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Р.Хандсүрэн хариуцагч Н.Нарантуяа нар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч Р.Хандсүрэн хүү авах эрхээ алдах буюу хүү гэж шаардах эрхгүй байна.

Мөн хариуцагч Н.Нарантуяа нь нэхэмжлэгч Р.Хандсүрэнг 550 000 төгрөг, 470 000 төгрөгийг бэлнээр аваад, өөрийнхөө авах хүүгээ суутгаад үлдэгдэлийг шилжүүлсэн тул гаргуулна гэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Н.Нарантуяагаас 516 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Хандсүрэнд олгож, 4 322 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, 1 177 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Хандсүрэн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ХААН банк төрийн сан 92 360 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банк төрийн сан 65 430, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Голомт банк төрийн сан  38 100 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрийн банк төрийн сан 65 430 төгрөгиийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Нарантуяагаас 16 130 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Хандсүрэнд олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ОЮУНДАРЬ