Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00834

 

С.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/02230 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 293 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Б-т холбогдох,

Газар болон хувийн сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Л.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Шинэ Очир” ХХК-ийн захирал Л.Баатархүүгээс иргэн С.Э-од Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3697 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 908 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 773 дугаар тогтоолоор 27 326 015 төгрөгийг олгуулах шүүхийн шийдвэр гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжээд тогтоосон цаг тухайд төлбөрөө төлөхгүй удсан тул /Л.Баатархүү нь төлбөр төлөгч/ өөрийн хүсэлтээр өөрийн нэр дээрх Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 7-104 тоот хаягт байрлах Г-2202003777 462 мкв газар, Ү-2202010234 70,8 мкв хувийн сууцны хамт төлбөр авагч С.Э-ын нэр дээр шилжүүлж 27 326 015 төгрөг өгөх тооцоогоо дуусгах хүсэлт гаргасан.

Төлбөр авагч С.Э- би зөвшөөрснөөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 7-104 тоотыг улсын бүртгэлд зохин журмын дагуу албан бичиг явуулж 2017 оны 06 дугаар сарын 29-нд улсын бүртгэлийн 2 гэрчилгээ миний нэр дээр гарсан.

Гэтэл Л.Б- гэх хүн гэр бүлээрээ энд удаан амьдарч байна гэсэн шалтгаанаар хууль бусаар эзэмшиж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас суллаж өгөхийг шаардсан мэдэгдэх хуудас болон утсаар биеэр ярьж уулзаж үзсэн боловч нүүхгүй байна. Эхлээд наадам хүртэл байя гэж байсан, би байгаа айлтай нь олон удаа очиж уулзаж байсан, өмгөөлөгчтэйгөө ч очиж уулзаж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг хариуцагч сайн мэднэ. Баатархүү гуай хашаа байшинг өгөхгүй гэсэндээ хамаатан саднаараа ийм арга саам хэрэглэж байна.

Иймд миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 7-104 тоот газар болон хувийн сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Миний бие нөхөр Баярсайхан болон 2 охины хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 7-104 тоотод оршин суудаг. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 7-104 тоот хашаа байшинг ах Л.Балдан-Очир манайд өгсөн юм. 

Ах дүү нарын амьдралын хэрэгцээ шаардлагаас үүдэн манайх хашаа байшингаа өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа бөгөөд ах Л.Балдан-Очироос дүү Л.Батболдод, дүү Л.Батболдоос ах Л.Баатархүүгийн нэр дээр шилжсэн боловч Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 7-104 тоотод хашаа байшинд Баярсайханых гэдэг айл 2001 оноос хойш буюу охин Б.Жавзанпагма, Б.Биндэръяа нар маань 3-5 настай байхаас одоог хүртэл 16 жил амьдарч байна. Энэ хугацааны эрчим хүч, хог болон утасны /315999/ төлбөрийг Л.Б- миний бие болон манай гэр бүлийн бусад гишүүдийн нэрээр төлсөн баримтууд бий. 

Мөн энэ хашаа байшинг ах Л.Баатархүүгийн нэр дээр түр шилжүүлсэн баримт, эрчим хүчний төлбөр төлсөн зарим баримтуудыг хариу тайлбарын хамт гаргаж өгч байгаа бөгөөд үүгээр бидний өмч гэдэг нь нотлогдоно. Нэхэмжлэгч С.Э- нь ах Л.Баатархүүгийн тухайн үед барьж байсан барилгад орон сууц захиалахын тулд таньдаг хүнээрээ дамжуулан зах зээлийн үнээс доогуур захиалж байсан гэдэг. Улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалан барилгын компаниудын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор барилга нь хугацаандаа ашиглалтанд ороогүйтэй холбоотой энэ асуудал анх үүссэн. Мөн ах Л.Баатархүүгийн зүгээс бэлэн байгаа 2 өрөө байр С.Э-од санал болгосон боловч аваагүй гэдэг. Өөр боломжууд санал болгоод байхад бидний амьдран сууж байгаа хашаа байшинг авах гээд байгааг ойлгохгүй байна. Нөхөр бид 2 төрийн байгууллагад ажилладаг бөгөөд энэ хашаа байшингаас өөр үл хөдлөх хөрөнгө, өөрийн гэсэн машин тэрэг байхгүй хүмүүс.

Иймд энэ хашаа байшингаас нүүх боломжгүй гэдэг тайлбар гаргаж байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/02230 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 7-104 тоот газар, хувийн сууцыг Л.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 293 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/02230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Б-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие Л.Б- нь З.Энхболдын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд маргаад байгаа байшин болон газрыг чөлөөлж өгөх ямар ч боломж байхгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч С.Э- нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 7-104 тоот өөрийн өмчлөлийн газар болон хувийн сууцыг хариуцагч Л.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч Л.Б- нь шаардлагыг эс зөвшөөрч, тухайн газар дээр 16 жил амьдарч байгаа, ахаасаа авсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, маргааны зүйл болж буй газар, хувийн сууцыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Л.Баатархүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон 27 032 900 төгрөгийн төлбөрт тооцон өөрийн хүсэлтээр нэхэмжлэгч С.Э-ын өмчлөлд  шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч С.Э- үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Хариуцагч Л.Б- нь тухайн газар болон хашаа, хувийн сууцанд амьдарч ирсэн нь үнэн боловч тэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/02230 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 293 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН