Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 41

 

            Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Ш.Оюунгэрэл, П.Болормаа  нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Н.Балжинням, прокурор Д.Энх-Амар, нэхэмжлэгч ЭМНДХ-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнжаргал, хариуцагч Л.Гансүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Хэлтсийн  нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 17-18 тоотод оршин суух ЛЮ 63092414 регистртэй Л.Гансүхэд холбогдох,

 

нийгмийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 8820900 төгрөг  гаргуулах  тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ЭМНДХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Санхүү бүртгэл орлого бүрдүүлэлт хяналтын албаны дарга Т.Сайнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газраас цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч байгаа иргэдийн цэргийн албанаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлийг шалгасан. Шалгалтаар зөрчил илэрсэн талаар ЭМНДЕГ-т мэдэгдсэн. Цагдаагийн ерөнхий газрын 2014.12.17-ны өдрийн 9/6995 тоот албан бичгийн дагуу ЭМНДЕГ-аас үүрэг чиглэл өгсөний дагуу Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс Лодой овогтой Гансүхийн цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгосон үндэслэлийг шалгасан. 

Шалгалтаар Л.Гансүх нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалтаар 2008.11.01-ний өдрөөс цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгохдоо цэргийн албанаас 1992.02.13-ны өдрийн 18 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлын учир халагдсан байсан мөртлөө эрүүл мэндийн улмаас халагдсан гэсэн хуурамч лавлагааг ЭМНДХ-т бүрдүүлж өгч, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон болох нь илэрсэн тул 2014.12.24-нд улсын байцаагчийн зүгээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт “хуурамч баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр буюу тэтгэмжийг үндэслэлгүйгээр, эсвэл илүү тогтоолгож авсан бол илүү авсан тэтгэвэр тэтгэмжийг төлүүлнэ...”, мөн хуулийн 24 дүгээр зүйл “цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийг тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулсанаас бусад харилцааг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл “хуурамч баримт бүрдүүлснээс тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж тэтгэврийг нь зогсоож Л.Гансүхэд үндэслэлгүй авсан 8820900 төгрөгийг буцаан төлүүлхээр 2014.12.24-ний өдөр улсын байцаагчийн акт тавигдсан. Актыг 2015 оны 01 дүгээр сард Л.Гансүхэд танилцуулсан. Л.Гансүх актыг хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсгээ зураагүй боловч актанд гомдол гаргаагүй. Акт хүчин төгөлдөр болсон. Актын талаар хөөцөлдөөд яваад байна гэдэг боловч өвчний учир халагдсан гэсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй, өнөөдрийн байдлаар шүүхэд ч гаргаж өгөөгүй. Одоо болохоор 2015.11.04-ний өдрийн 2622 дугаартай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Цагаанхүү төлөх ёстой гэдэг. Манай нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэр тогтоолгохоор баримтаа авчирч өгч цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг хуурамч баримтаар тогтоолгож, манай сангаас 8820900 төгрөг авч хохирол учруулсан хүн бол Л.Гансүх. Тийм болохоор бид 8820900 төгрөгийг ХААН банкин дахь Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 5630217386 тоот дансанд Л.Гансүхээр төлүүлнэ.

Хариуцагчийн өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгч Л.Гансүх бол энэ хэргийн хариуцагч биш Цагаанхүү энэ хэргийн хариуцагч гэж намайг нэхэмжлэлээсээ татгалзчих эвлэрэе гэснийг ЭМНДХ зөвшөөрөөгүй, зөвшөөрөхгүй. 

Энэ улсын байцаагчийн акт нь Цагаанхүүгийн эрүүгийн хэрэг шийдэгдэхээс өмнө тавигдсан акт. Улсын байцаагч тэтгэврийн материалыг нь шалгаад хуурамч болохыг нь мэдэж акт тавьсан. Тийм эрх хэмжээ улсын байцаагчид байгаа. Бид хариуцагч Л.Гансүхийг хариуцагчийн санал болгосон Цагаанхүүгээр солихыг зөвшөөрөхгүй, Л.Гансүхээс 8820900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Гансүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ах Л.Гансүх нь цэргийн алба хаагаад тэр ангидаа үлдээд цэргийн албанд 10 жил ажилласан. Бидний зүгээс хуурамч баримт гаргаж өгөөгүй. Би энэ асуудлыг акт тавигдсанаас нь хойш 2 жил хөөцөлдөөд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн нотлох баримтыг нь олж чадахгүй байна. Архивтаа тэр баримт нь байхгүй байгаа, тухайн үед нь эрүүл мэндийн баримтыг нь бүрдүүлж өгөөд л эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан. Ах цэргийн албанд ажиллаж байхдаа нүдэндээ гэмтэл авч тэрийгээ үндэслэж цэргийн албанаас чөлөөлөгдсөн. Эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан лавлагааг хуурамч гэж үзэж байгаа бол албан тушаалтан Цагаанхүүгээр хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Сүхбаатар аймгийн ЭМНДХ-нь Л.Гансүхээс нийгмийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 8820900 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хариуцагч Л.Гансүх нь 1992.02.15-ны өдөр цэргийн албанаас ар гэрийн гачигдлын учир халагдсан болох нь Зэвсэгт хүчний ерөнхий штабын даргын 1992.02.13-ны өдрийн 18 тоот тушаал: “Ахлагч Л.Гансүхийг  ар гэрийн гачигдлын учир цэргийн албанаас 1992.02.15-ны өдрөөр тасалбар болгон бэлтгэлээр халсугай” гэх /хх- 24-р тал/, Батлан хамгаалахын төв архивын 2008.10.15-ны 5099 тоот лавлагаа: “Л.Гансүх нь 1992.02.15-ны өдөр ар гэрийн гачигдлын учир цэргийн албанаас халагдсан. Дарга хурандаа Х.ЗОРИГТ гэх /хх-25-р тал/ баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэтэл Л.Гансүх нь 2008.10.15-ны 5099 тоот биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас халагдсан гэх хуурамч лавлагаагаар цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгон авч байсан нь шалгалтаар илэрч, улсын байцаагчийн акт 2014.12.24-ний өдөр гарч, 8820900 төгрөгийн төлбөр тавигдсан ба хариуцагч нь актыг эс зөвшөөрч гарын үсгээ зураагүй боловч актанд гомдол гаргаагүй акт хүчин төгөлдөр болсон байна.

 

Иймд Л.Гансүхийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт “хуурамч баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр буюу тэтгэмжийг үндэслэлгүйгээр, эсвэл илүү тогтоолгож авсан бол илүү авсан тэтгэвэр тэтгэмжийг төлүүлэх...”, гэснийг зөрчиж нийгмийн даатгалын санд 8820900 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон гэж үзээд Иргэний хуулийн 497дугаар зүйлийн 497.1-т...”бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”.... гэж заасны дагуу хариуцагч Л.Гансүхээр 8820900 төгрөгийг ЭМНДХ-т төлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч Л.Гансүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав нь нэхэмжлэлийн үнийн дүн 8820900 төгрөгийн талаар маргаагүй болно. Харин хуурамч лавлагаа гаргаж өгөөгүй, хариуцагч биш гэж маргаж байх боловч ЭМНДХ-ийн санд 8820900 төгрөгийн гэм хор учирсан нь хариуцагчийн үйлдэлтэй холбоогүй, гэм буруугүй гэдгийг нотлох баримтаар нотолж чадахгүй хх-24-р тал, хх-25-р тал баримтуудаар няцаагдаж байна. 

Учир нь: Тэтгэвэр авагч тэтгэврийн материалаа тухайн оршин суугаа газрынхаа ЭМНДХ-т өөрөө бүрдүүлж өгдөг ба Л.Гансүх нь ар гэрийн гачигдлаар халагдсан байж хуурамч лавлагааг Цагаанхүү гэгчээр гаргуулж тэтгэвэр тогтоолгохдоо ашигласан Л.Гансүхийн гэм буруутай үйлдэл нийгмийн даатгалын санд учруулсан 8820900 төгрөгийн хохиролтой шалтгаант холбоотой байх тул,

 

…бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөнө... гэж зааснаар хариуцагч Л.Гансүхийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн  төлөөлөгч  Л.Баасанжавын  гэм  буруугүй гэдгээ нотолж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн шүүгчийн захирамж /хх-30-р тал /-нь Л.Гансүхийн тэтгэвэр тогтоолгох үндэслэл болгож гаргаж өгсөн лавлагааг Г.Цагаанхүү гэгч хуурамчаар үйлдсэнийг, хохирлын асуудал эрүүгийн хэрэгтэй хамт 

шийдвэрлэгдээгүй ЭМНДГ-аас улсын байцаагчийн акт тавигдсаныг тус тус дурдаж шийдвэрлэсэн нотлох баримт гэж шүүх үнэллээ.

 

ИХШХШТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.3-т ...нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол хариуцагчийг сольж болохгүй ... гэж зааснаар шүүх хариуцагч Л.Гансүхийн хариуцагчийг Г.Цагаанхүүгээр солих хүсэлтийг нэхэмжлэгч ЭМНДХ зөвшөөрөөгүй тул хангаж шийдвэрлэх  боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч ЭМНДХ-нь УТХ-ийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Л.Гансүхээс УТХ-ийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, ИХШХШТХ-ийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 156084 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Гансүхээс 8820900 /найман сая найман зуун хорин мянга есөн зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл Мэнд Нийгмийн Даатгалын Хэлтэст олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 

57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч НДХ-нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Л.Гансүхээс улсын тэмдэгтийн хураамжид 156084 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар зохигчид, тэдний өмгөөлөгч  анхан шатны шүүхийн   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймаг дахь эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ЭРДЭНЭЗУУ

 

            ШҮҮГЧИД                                  П.БОЛОРМАА

 

                   Ш.ОЮУНГЭРЭЛ