Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 01

 

Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 

нэхэмжлэлтэй, Л.Гансүхэд холбогдох 

иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Л.Наранбаяр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Цолмон

Прокурор Д.Энх-Амар

Нэхэмжлэгч, Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжавын давж заалдах гомдлоор Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн “Нийгмийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 8820900 төгрөг гаргуулах тухай” хариуцагч Л.Гансүхэд холбогдох иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн төлөөлөгч П.Амар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газраас цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч байгаа иргэдийн цэргийн албанаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлийг шалгаж гарсан зөрчлийг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газарт мэдэгдсэн.

Шалгалтаар Л.Гансүх нь  2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн албан хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохдоо цэргийн албанаас Зэвсэгт хүчний ерөнхий штабын даргын 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлын учир халагдсан байсан атлаа эрүүл мэндийн улмаас халагдсан гэж хуурамч лавлагааг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлэн өгч, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон байна. Иймд үндэслэлгүй авсан 8820900 төгрөгийг төлүүлж гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай ах цэргийн албанд 10 жил ажилласан. Цэргийн алба хааж байх хугацаандаа нүдэндээ гэмтэл авч, түүнийгээ үндэслэж нотлох баримтаа бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон. Бид хуурамч нотлох баримт бүрдүүлж өгөөгүй гэв. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шийдвэрт: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Гансүхээс 8820900 /найман сая найман зуун хорин мянга есөн зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл Мэнд Нийгмийн Даатгалын Хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч НДХ-нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Л.Гансүхээс улсын тэмдэгтийн хураамжид 156084 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон Г.Цагаанхүү хариуцан төлөх хууль зүйн үндэслэлтэй байхад Л.Гансүхээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хуурамч нотлох баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Мөн Эрүүл мэнд, Нийгмийн  даатгалын  хэлтэс нь үндэслэлгүй акт тавьж, энэ 

актаа Л.Гансүхэд огт танилцуулаагүй, эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн “Л.Гансүхээс үндэслэлгүй авсан тэтгэврийн нөхөн төлөлт 8820900 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл  гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав “тухайн үед архивын баримтыг хуурамчаар үйлдэж, үүндээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн Өршөөлийн хуульд хамаарагдсан архивын орлогч дарга байсан Г.Цагаанхүү энэ мөнгийг төлөх ёстой, хариуцагч төлөх үндэслэлгүй“ гэж маргаж байна.

Хариуцагч Л.Гансүх нь 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цэргийн албанд татагдан, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 1983 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн н/23 дугаар тушаалаар цэргийн албанд улирч, 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18  дугаар тушаалаар цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан, цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгон, 8820900 төгрөгийн тэтгэвэр авсан талаар  маргаагүй юм.

Харин Л.Гансүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав нь түүнийг цэргийн албанаас бэлтгэлээр халсан 18 дугаар тушаалын үндэслэл болсон  “ар гэрийн гачигдал”-аар гэснийг эс зөвшөөрч “биеийн эрүүл мэндийн” шалтгаанаар халагдсан гэж тайлбарладаг. Гэвч үүнийгээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...татгалзлын үндэслэл болж байгаа талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу тэрээр уг байдлаа нотлох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь маргааны зүйл болж буй цэргийн албанаас эрүүл мэндийн шалтгаанаар бэлтгэлээр халагдсан гэх байдал тогтоогдоогүй байна. Мөн хариуцагч нь хуурамч баримт бүрдүүлэн цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгон авсан болох нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 18 тоот тушаал, Батлан хамгаалахын төв архивын дарга, хурандаа Х.Зоригт,  мөн архивын орлогч дарга, дэд хурандаа Г.Цагаанхүү нарын 2008 оны 5099 тоот лавлагаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 6/2163 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 1/02 тоот акт  зэргээр тус тус тогтоогджээ. / хх-2,21,23-25/  

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар ...нотлох баримтаа тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хэдий ч зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүйгээс холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглээгүй байна.

Хариуцагч хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон шударга бусаар тэтгэвэр авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байхад шүүх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлийг баримтлаж шийдвэрлэснийг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Хариуцагч Л.Гансүх нь хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр авч байснаараа нэхэмжлэгч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст учирсан хохирлын хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн эрх зүйн маргаанд хамаарна. Харин гэм хорын эрх зүйн маргаантай харилцаа нь хохирогчид учирсан хохирлын хэмжээгээр гэм хор учруулагч хөрөнгөжих явдал байдаггүйгээрээ үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн эрх зүйн харилцаанаас ялгаатай.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй юм.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-т” гэж өөрчилсүгэй.

 

2.Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжавын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л.Гансүхийн давж заалдах гомдол  гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156084 /нэг зуун тавин зургаан мянга наян дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

                ШҮҮГЧИД Л.НАРАНБАЯР

Д.БАЙГАЛМАА