Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 181/2017/02473/И |
Дугаар | 001/ХТ2018/00881 |
Огноо | 2018-05-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2018/00881
Г.Ж-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03141 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 406 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Г.Ж-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Ө” ХХК-д холбогдох,
Хууль бусаар нийтийн эзэмшлийн автозамыг хаасан, үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж барилгын ажлыг саатуулсны улмаас учруулсан хохирол болох 793 342 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Г.Ж-ийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ж-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зөвшөөрлийн дагуу 12 давхар орон сууцны зориулалттай барилга барихаар төлөвлөгдсөн байсан бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2013/47 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож улмаар холбогдох техникийн нөхцлүүдийг авсан байсан болно. Уг газрыг худалдан авсны дараагаар холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгын хэмжээг багасган 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 467 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан. Үүний дараагаар 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 400/2014 дугаар Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авч сунгалт хийлгэн барилгын ажлаа гүйцэтгэсэн.
Барилгын ажил эхлүүлэх үеэс эхлэн “Ө” ХХК нь янз бүрийн аргаар миний ажлыг саатуулах, зогсоолгох, өмчлөх эрх бүхий газартаа нэвтрэх эрхийг хязгаарлах зэргээр удаа дараагийн хууль бус үйлдлийг гаргаж байсан. Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандан миний газрыг өөрийн эзэмшлийн газартай давхцсан болон миний барилга барих холбогдох зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж уг маргаан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Улсын дээд шүүхийн 442 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж “Ө” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно. Тус компанийн энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд Барилга хүлээн авах улсын комисс ажиллахаас татгалзаж 1 жил гаруй хугацаанд баригдаж дууссан барилгыг хүлээн авалгүй хугацаа алдуулж ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан барилгын ажил зогсоолгох талаар нэхэмжлэл гаргаж шүүхээс захирамж гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр барилгын ажлаа зогсоож шүүгчийн захирамжийг биелүүлэх талаар шаардлага хүргүүлж байсан. Уг захирамжид миний зүгээс гомдол гаргаж хууль бус болохыг тогтоолгон захирамжийг хүчингүй болгуулсан юм. 2014 оны 05 дугаар сараас эхлэн миний өмчлөлийн газартаа орох замыг хууль бусаар хаах, зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам дээр хязгаарлах төмөр шон зоож өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байсан болно.
Нийтийн эзэмшлийн замыг хууль бусаар хааж нэвтрэх боломжийг хязгаарласнаас улбаалан нэмэлт зардал гарч ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Үүнд, Барилгын газар шорооны ажил эхлэх үед нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар хааснаас болж суурийн шороо ачих том оврын машин ажлаа хийж чадалгүй сул зогсож, газар ухаж байсан экскаватор хашаанд түгжигдэн сул зогсож, үүний улмаас нийтдээ 27 280 000 төгрөгийн хохирол учирсан. Барилгын ажилтай холбоотой бараа материалыг шууд нэвтрүүлэх боломжгүй болгон саатуулсанаас барилгад ашиглах материалыг бэлтгэхийн тулд бусдын эзэмшлийн талбайг түрээслэх тээвэр хийх, материал зөөх тэрэг худалдан авах зэргээр нийтдээ 119 820 000 төгрөгийн шууд нэмэлт зардал гарч хохирол учирсан. Барилгын ажлыг гүйцэтгэх кран нэвтрэх боломжгүй болж подем ажиллуулж, нийт 32 760 000 төгрөгийн зардал гарсан, Барилга угсралтын ажил удааширч нэмэлт ажиллах хүч авах шаардлага үүсч 9 сарын хугацаанд нэмж ажилтан авч ажиллуулсаны улмаас тэдэнд төлсөн ажлын хөлс 67 452 000 төгрөгийн нэмэлт зардал гарсан. Мөн барилгын бараа материал хадгалалт хамгаалалтыг нэмэгдүүлэх үүднээс нэмэлтээр харуул, хамгаалалтын ажилтан авч нийт 9 000 000 төгрөгийн ажлын хөлс олгосон. “Бест чойс” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж цемент авсан бөгөөд төлбөрт нь барьж буй орон сууцнаас өгөхөөр тохиролцож 1 мкв талбайг 3 500 000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон. Тус компани нь хугацаандаа цементээ нийлүүлсэн боловч манай зүгээс “Ө” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс шалтгаалан хугацаандаа байраа ашиглалтад оруулж чадаагүй. Ингээд “Бест чойс” ХХК-иас надад албан шаардлага ирүүлсэн бөгөөд дээрх хугацаанд орон сууцны мкв үнэлгээ унаж 2 500 000 төгрөг болоод байна. “Бест чойс” ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулж орон сууцны 1 мкв талбайн үнийг 2 500 000 төгрөг болгон бууруулж өгөхөөр тохиролцсон. Үүний зөрүүд 74 400 000 төгрөгийн шууд хохирол надад учраад байна. “Хөтөл тэлмэн” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Арилжааны гэрээ байгуулж 631 990 000 төгрөгийн бетон зуурмаг авахаар тохиролцож төлбөрт нь 100 хувь орон сууц өгөхөөр тохиролцсон. Гэтэл мөн л дээр дурдсан шалтгаанаар миний зүгээс орон сууцаа хугацаанд ашиглалтад өгч чадаагүйн улмаас 1 мкв 3 500 000 төгрөгийн үнэтэй байрыг 2 500 000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцож 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулсан. Үүний зөрүүд надад 180 560 000 төгрөгийн шууд хохирол учраад байна. Хариуцагчаас нийт 453 972 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Үүнийг дараах баримтыг үндэслэн 339 370 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.
2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Барилгын гадна пасадны ажил гүйцэтгэх, бараа материал нийлүүлэх гэрээ”-г “Буяндэлгэрэх цамхаг” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээний “Буяндэлгэрэх цамхаг” ХХК нь барилгын гадна пасадны материал нийлүүлж, пасадны ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд миний зүгээс ажлын хөлс болон материалын үнэд нийт 166 250 000 төгрөг төлөхөөр тохирч уг төлбөрөө барьж буй барилгаас 47.5 мкв талбай бүхий байрыг 1 мкв-г нь 3 500 000 төгрөг тооцож төлөхөөр гэрээлсэн болно. 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Цонхны ажил гүйцэтгэх гэрээ”-г “Алтайн гуулин констракшн” ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу 166 250 000 төгрөгийн ажил хийлгэж миний зүгээс 47.5 мкв талбай бүхий байрыг 1 мкв-г нь 3 500 000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан. 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Хаалга нийлүүлж угсарч суурилуулах ажлын гэрээ”-г “Тул-Эрд” ХХК-тай байгуулсан бөгөөд нийт 191 205 000 төгрөгийн хаалга нийлүүлж суурилуулахаар тохирч гэрээний үнэнд миний зүгээс 54.63 мкв талбай бүхий байрыг 1 мкв талбайг нь 3 500 000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон. 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Салхивч агааржуулалтын ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг “Эн ти эм” ХХК-тай байгуулж нийт 125 370 000 төгрөгийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ авахаар болсон. Энэхүү гэрээний төлбөрт 35.82 мкв талбай бүхий байрыг 1 мкв талбайг 3 500 000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон. 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Цахилгаан холбоо дохиоллын бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг “Гейт сервис провайдер” ХХК-тай байгуулж 291 620 000 төгрөгийн үнэ бүхий 2 байрыг ажлын хөлс болон материалын үнэд төлөхөөр тохиролцсон болно. 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сантехникийн бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг “Гейт сервис провайдер” ХХК-тай байгуулж 260 400 000 төгрөгийн үнэ бүхий бараа ажил үйлчилгээ авч мөн дүнтэй 2 ширхэг байр өгөхөөр харилцан тохиролцсон. Дээрх бүх бараа материал болон гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд миний зүгээс барьж буй барилгаас орон сууц өгөхөөр тохиролцсон боловч “Ө” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас хугацаандаа барилгаа ашиглалтад оруулж шилжүүлэн өгч чадаагүй болно. Хугацаандаа байрыг ашиглалтад оруулаагүйн улмаас дараах байдлаар гэрээнд тусгагдсан 1 мкв талбайн үнэнд өөрчлөлт орж хохирол учраад байна. “Ө” ХХК-ийн хууль бус үндэслэлгүйгээр манай барилга угсралтын ажлыг саатуулснаас үүссэн хохиролд өмнө гаргасан нэхэмжлэлийн дүн болох 453 972 000 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн дүн 339 370 000 төгрөг, нийт 793 342 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа хэрэгт байгаа ажил гүйцэтгэгч компаниудтай хийсэн гэрээнүүд, санхүүгийн анхан шатны баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өөрт нь энэ хөрөнгө байсан уу, ямар хэлбэрээр гаргаад туслан гүйцэтгэгч компаниуд юм уу, бартерын гэрээгээр хийгээд байгаа айлуудтай гэрээ хийгээд, төлбөр төлөгдсөн эсэх нь хэрэгт нотлогдсон зүйл байхгүй гэж манай зүгээс үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03141 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ө” ХХК-иас гэм хорын хохиролд 793 342 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 282 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 406 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 181/ШШ2017/03141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 4 126 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлалгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг шүүх хэрэглэхдээ хариуцагчийн гэм буруу, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх ёстой гэх үндэслэлийг дурдсан байх бөгөөд шүүхийн шийдвэрт дурдагдсан нотлох баримтуудын хувьд хариуцагчийн үйлдэл болон учирсан хохирлын талаар хоорондын шалтгаант холбоо байгааг харин тодорхой харуулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. “Ө” ХХК-ийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан миний газар өмчлөх эрхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр 2016 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр болсон Улсын комиссын акт нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр rapсан бөгөөд уг актад барилгыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дуусгасан гэж маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл барилгыг барьж дуусгаснаас хойш 2016 онд буюу “Ө” ХХК нь шүүхэд гаргасан газартай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд Барилга хүлээн авах улсын комисс ажиллаагүй болох нь цаг хугацаа болоод холбогдох баримтаар тодорхой нотлогдоно. Шүүхээс энэхүү нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй юм.
Мөн миний ажлын хөлсөнд нь баригдаж буй барилгаас тодорхой орон сууц өгөхөөр байгуулсан гэрээг шүүхээс гэрээний талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдэж үнийн дүнд өөрчлөлт орсон мэтээр дүгнэжээ. Гэрээг хэдий талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулдаг боловч гэрээний зүйл гэрээний үнэ нь бодит байдалд нийцсэн байх ёстой. 2016 оноос эхлэн Монгол Улсын барилгын салбар болоод эдийн засгийн хувьд хямралтай нөхцөл байдап үүсч орон сууцны үнэ тогтмоп буурч эхэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дуусгасан барилгыг “Ө” ХХК шүүхэд хандан нэхэмжлэл гаргаагүй бол тухайн ондоо хүлээн авч тохирсон үнээр нь бусдад шилжүүлэн өгөх боломжтой байсан. Гэвч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг маргаан жил гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд энэ бүх хугацаанд орон сууцны үнэ тогтмол унасаар байсан билээ. Энэ бүх нөхцөл байдал нь хариуцагчийн хууль бус үйлдэл болоод надад учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо байгааг илэрхий харуулж байхад шүүхээс уг нөхцөл байдал холбогдох нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй асуудал нь илт нэг талыг барьсан шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон юм.
Нөгөө талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл нь харин ч эсрэгээрээ буюу учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй, хохирлыг хэрхэн барагдуулах талаар зохицуулсан байх тул шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлийг бий болгож байна. Энэхүү алдааг засуулахаар давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байгаа болно.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Жавхлантөгс нь “Ө” ХХК-иас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ойн-3 гудамжны 221 тоот хаягт байрлалтай 581 мкв талбай бүхий, 220 тоот хаягт байрлах 617 мкв талбай бүхий газарт 15 давхар орон сууцны зориулалттай барилга барих ажиллагаа явуулахад “Ө” ХХК-ийн зүгээс хууль бусаар барилга угсралтын ажлыг саатуулснаас үүссэн хохиролд 793 342 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч “Ө” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэлгэрүүлэн тусгаж, шаардлагын үндэслэлийг өөрт байгаа баримтаар нотлосон байна. Хариуцагч “Ө” ХХК нь үндэслэл тус бүрийг баримтаар үгүйсгэж чадаагүй байхад шүүх хэргийн оролцогчдын нотлогооны үүргийн хуваарилалтыг буруу хуваарилсан нь учир дутагдалтай болсон байна.
Нэхэмжлэгч Г.Ж- нь хариуцагчийн хууль бус ажиллагааг нэхэмжлэлийн үндэслэл болгосон байхад шүүх эрх бүхий байгууллагын зүгээс Г.Ж-ийн барилгын ажлыг зогсоогоогүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Тухайлбал, нэхэмжлэгч нь хариуцагчийг зам хаасан, хууль бусаар тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан гэж тайлбарласан байхад шүүх “Улсын мэргэжлийн хяналтын хяналтын газар, Барилга, хот байгуулалтын яам, Авлигатай тэмцэх газар, Онцгой байдлын ерөнхий газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас нэхэмжлэгч Г.Ж-, хариуцагч “Ө” ХХК-д гаргасан хүсэлт, гомдолтой холбоотой хариу өгч, эрх бүхий байгууллагад хүсэлтийг уламжилж байсан бөгөөд Г.Ж-ийн барилгын ажлыг зогсоож, уг акт, шийдвэрийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдоогүй байна” гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч Г.Ж- барилга барих хугацааг хариуцагчийн хууль бус ажиллагаанаас шалтгаалан хожимдуулсан гэж тайлбарласан байхад шүүх барилга байгууламжийг ашиглалтад оруулах актад захиалагчийн 2016 оны мэдэгдлийн дагуу гэж заасан боловч улсын комисс барилгыг ашиглалтад аваагүй байдал хариуцагч “Ө” ХХК-иас шалтгаалаагүй, энэ байдал нотлогдоогүй гэж үзжээ.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй ба нэхэмжлэгчийн зүгээс барилгын ажил гүйцэтгэхэд хамтран ажилласан этгээдүүдтэй хийсэн гэрээ, төлбөр тооцоо хийх тохиролцоо, тэдгээрийн шаардлага бүхий албан бичиг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай эсэх талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.
Хариуцагч “Ө” ХХК нь нэхэмжлэгч Г.Ж-өд гэм хор учруулаагүй, түүнд учирсан хохирол өөрийн гэм буруугаас болоогүй болохоо нотлох үүрэгтэй ба Г.Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хангалттай баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр, магадлалын дүгнэлтийг учир дутагдалтай гэж үзэхээр байна. Хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримтууд нь зохигчийн хооронд барилга барих ажиллагааны үед маргаан байсан ба үүнтэй холбоотой эрх бүхий байгууллагаас хянаж, шалгаж, хариу өгч байсан байдлыг илэрхийлж байгаа болохоос бус нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг үгүйсгэх агуулгагүй байна.
Маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр шүүх дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл тодорхой бус байгаа учир шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03141 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 406 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 4 126 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН