Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 462

 

 “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01559 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох          

Ажлын хөлс 29 690 323 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сансар-Од

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сансар-Од шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам, тээврийн хөгжлийн яамны 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоот албан бичгээр зохиогчийн хяналт хийлгүүлэх захиалга ирүүлсний дагуу зохиогчийн хяналтыг “Эм Си Пи Си Жи Ар” ХХК хийж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 328/15 тоот албан бичгээр дүгнэлтийг хүргүүлсэн. Бид дүгнэлт гаргаж хүргүүлснээр Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 50 км улсын чанартай авто зам 2015 онд албан ёсоор ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авсан юм. Ийнхүү санхүүжилтийн тооцоо, нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 289/15 тоот албан бичгээр хүргүүлсэн. Улмаар санхүүжилтийн тухай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16/16 болон 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 169/16 тоот албан бичгүүдээр тус тус хандсан. Бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ Төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч захиалагчийн зүгээс өнөөдрийг хүртэл бидний гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг олгохгүй байна. Иймд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 50 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 29 690 323 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь Зам, тээврийн яам /хуучнаар/-тай гэрээ байгуулаагүй нь Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрмийн 2.1-2.3, 3.2.1 гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Мөн нэхэмжлэлд Зам, тээврийн яамнаас хүргүүлсэн гэх 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоот албан бичигт тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Жаргал гарын үсэг зурсан гэжээ.  Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар яамыг төлөөлөх эрх бүхий этгээд явуулаагүй болох нь нотлогдож, зохиогчийн хяналт тавих хууль зүйн үндэслэлгүй. Иймд “Эм Си Пи Си Жи Ар” ХХК болон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хооронд гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ Төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэжээ. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан баримт бичиг үйлдэгдээгүйгээр хууль зүйн үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Нэхэмжлэлд дурдсан 29 690 323 төгрөгийг хэрхэн тооцсон, ямар баримтыг үндэслэн шаардаж байгаа үндэслэлээ дурдаагүй нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцож тодорхойлоогүй болохыг нотолж байгаагаар уг хуулийн заалт зөрчигдсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан Зам, тээврийн хөгжлийн яамнаас 29 690 323 төгрөг гаргуулах тухай “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн" гэж үндэслэл бүхий тодорхойлсон атлаа "ажлын хөлсний талаар харилцан тохиролцсон баримт, 29 690 323 төгрөг төлөх үүргийг хариуцагчид үүрэгжүүлсэн баримт тус тус байхгүй байна" хэмээн зөрүүтэй дүгнэлт хийсэн. Гэрээний харилцаа үүссэн тохиолдолд гэрээний талуудад эрх, үүрэг үүсдэг ба "Ажил гүйцэтгэх гэрээ"-гээр ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн ажил гүйцэтгэх гэрээнд талууд заавал ажлын хөлсний талаар урьдчилж тохиролцсон байхыг шаарддаггүй. Нэхэмжлэгч "Эм Си Пи Си Жи Ар" ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө холбогдох норм, нормативын дагуу тооцоолон бодож, захиалагч Зам тээврийн яаманд хүргүүлсэн хэдий ч хариу өгөөгүй болно. "Эм Си Пи Си Жи Ар" ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 328/15 тоот албан бичгээр Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 50 км авто замын барилгын ажилд хийсэн зохиогчийн хяналтын дүгнэлтийг Зам тээврийн яаманд хүргүүлсэн байдаг. Түүнчлэн тухайн зам дээр зохиогчийн хяналтыг бодитоор хийсэн нь зохиогчийн хяналтын дүгнэлтэд газар дээр нь очиж зураг авч хэмжилт хийснээ зургаар баталгаажуулан гаргасан байтал анхан шатны шүүх "Эм Си Пи Си Жи Ар ХХК нь тухайн зам дээр зохиогчийн хяналтыг бодитоор тавиагүй гэсэн байр суурийг няцааж чадаагүй" хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн гэрч Б.Жаргал нь "Эм Си Пи Си Жи Ар" ХХК нь зохиогчийн хяналтыг хийж дүгнэлт гаргасны үндсэн дээр Ховд аймгийн Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 50 км авто замыг улсын комисс хүлээн авч, тухайн авто замыг ашиглалтад хүлээлгэн өгсөн гэдгийг нотолсоор байтал шүүх нотлоогүй хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Шүүх Зам, тээврийн яамны 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоот албан бичигт зааснаар "Гыкдонг" компани зохиогчийн дүгнэлтийг гаргаж өгөхгүй байсны улмаас Зам, тээврийн яам "Эм Си Пи Си Жи Ар" ХХК-иар зохиогчийн хяналтыг гүйцэтгүүлж дүгнэлт гаргуулсан байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ”Эм Си Пи Си Жи Ар" ХХК нь хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан авто замын барилгын ажилд зохигчийн хяналтын ажил гүйцэтгэсний  хөлс  29 690 323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэж  маргажээ.

Хэрэгт авагдсан хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Б.Жаргалын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд ...Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 50 км /ll хэсэг/ авто зам ашиглалтанд оруулах комиссын бүрэлдэхүүнд оролцуулахаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж байсан боловч хуралд оролцоогүй бөгөөд өнөөдрийг хүртэл зохиогчийн дүгнэлт гаргаж өгөөгүй болно. Иймд Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 4.6-т заасны дагуу уг авто замууд дээр зураг зохиогчийн хяналтын дүгнэлт гарган тус газарт яаралтай ирүүлж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэж  зааснаас үзэхэд нэхэмжлэгч ”Эм Си Пи Си Жи Ар" ХХК-д хандан зохигчийн хяналтын дүгнэлт гаргах ажил гүйцэтгэх гэрээний саналыг хариуцагч нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар гаргасан гэж үзэхээр байна /хх-9/.

Нэхэмжлэгч ”Эм Си Пи Си Жи Ар" ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 328/15 тоот албан бичгээр хариуцагч байгууллагын гэрээ байгуулах саналд заагдсан дүгнэлтийг гарган хүргүүлсэн /хх-11-36/ байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Дээрх 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 328/15 тоот “дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичиг хариуцагч байгууллагад ирээгүй, хүлээж аваагүй гэж тайлбар гарган маргаж байгаа боловч хэргийн бусад баримт болох гэрч Б.Жаргалын “...зохих ёсоор гэрээг танилцуулж байсан, энэ талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг, уг автозамыг улсын комисс хүлээн авсныг зохигч үгүйсгээгүй байгаа зэрэгтэй харьцуулан үзэхэд хариуцагчийн гэрээ байгуулаагүй, ажлын үр дүнг аваагүй гэх уг тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлогдсон гэж үзэх боломжгүй болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2016/06593 дугаар захирамжаар “Зам, тээврийн хөгжлийн яамнаас Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 50 км авто замыг ашиглалтад оруулсан улсын комиссын акт, тус замын холбогдох материалыг гаргуулан үзлэг хийлгэхээр шийдвэрлэснийг тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШТ2016/00218 дугаар тогтоолоор “...зохигч гэрээний үр дүнгийн талаар маргаагүй, аль аль нь хүсэлт гаргаагүй байхад шүүх санаачилгаараа нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийхээр шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчимд нийцэхгүй, үндэслэл муутай болсон” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байгааг талуудын хувьд нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу гаргаж мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулах талаар хуульд тусгайлан заагаагүй тул нэг тал нь гэрээ байгуулах саналаа илэрхийлснийг нөгөө тал бодит үйлдлээр зөвшөөрч ажлыг гүйцэтгэн, үр дүн буюу дүгнэлтийг хүргүүлсэн байх тул гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Мөн хариуцагч нь ажлын хөлсний тооцоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа бөгөөд ажлын хөлс төсвийн талаар гэрээгээр эсвэл тогтсон жишиг үнэлгээгээр тогтоох талаар Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 344.2 дахь хэсэгт заасан. Нэхэмжлэгч байгууллагаас “Зохиогчийн хяналт зардлын нэгдсэн тооцоо” гэх баримт гаргаж өгсөн бөгөөд үүнд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нар гарын үсэг зураагүй боловч нотариатаар гэрчлүүлсэн, уг баримтад заагдсан агуулгын талаар нэхэмжлэгч тайлбартаа дурдсан, харин хариуцагч уг тооцоо, ажлын өртгийн хэмжээний талаархи нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар няцаагаагүй болно. 

Иймд “Зохиогчийн хяналт, зардлын нэгдсэн тооцоо” гэх баримт /хх-10/ болон Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Б.Жаргалын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоотод гэрээний үнийг гол зүйл болгон заагаагүй тул жишиг үнэлгээгээр ажлын хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээг хариуцагч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлон, няцаагаагүй тул уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ гэж үзлээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-т зааснаар үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая түүнээс дээш төгрөгт хүрч, Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татвараа хариуцан төлөх үүрэгтэй тул “Зохиогчийн хяналт, зардлын нэгдсэн тооцооны баримт”-нд заагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын 2 699 120 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах боломжгүй юм.

Иймд хариуцагч  Зам,  тээврийн  хөгжлийн  яамнаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26 991 203 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01559 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Зам, тээвэр хөгжлийн яамнаас 26 991 203 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 699 120 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

          2 дахь заалтад “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 292 906 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 402 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                         А.МӨНХЗУЛ   

                                                                                                                        Д.БАЙГАЛМАА