Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 57

 

Д.О-, Г.Ө- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/00062/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг,  С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 146 шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Д.О-,  Г.Ө- 

           Хариуцагч  Ч.Г-

“Гэрлэлт цуцлуулах, дундын өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд үлдээж, хариуцагчид оногдох хэсгийг гаргуулах тухай” иргэний хэргийг  

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбатын давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Д.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О-ээс:

 Ч.Г-тэй 1999 онд танилцаж 2000 онд гэр бүл болсон. Бид 2 суусан цагаасаа л айлын байр түрээслэж амьдардаг байсан. Бид 2 гэрлээд сар ч бололгүй архи ууж хүү бид хоёрыг байнга зовоодог байсан. Би зодуулснаас болж чих дүлий зүрх байнга өвддөг, хуруу хугархай, нуруу гэмтэлтэй, нөхөр сүүлд гутлаараа нүд рүү цохисноос нүд өвчтэй, шөнө унтахаар унтаж болдоггүй зэрэг олон гэмтэл авсан. Би энэ олон жилийг байнгын дарамтанд байж, салъя гэж удаа дараа хэлдэг байсан боловч эрүүл болохоороо чи надаас салбал би чинь гудамжны архичин болно гэдэг байсан. Би энэ олон жилийн амьдралаа архи ууж агсан тавьдаг, байнгын түгшүүр төрүүлж, зоддог нөхөртэй л амьдарч ирсэн. Бид 2002 оноос эхлэн хүнсний бизнес хийж эхэлсэн. Бизнесээрээ орлого орж 2012 онд 8% зээлд хамрагдаж байртай болсон юм. Байраа засахын тулд аавынхаа хашаа байшинг 14 сая төгрөгийн барьцаанд тавьж засвар хийж байсан. Сүүлдээ олон зээл авсан болохоор зээлээ яаж төлөх вэ, өрнөөсөө яаж гарах вэ гэж бодон зүтгэж олон жилийг ардаа орхижээ.

Ч.Г- 2012 онд УИХ гишүүн Энх-амгалангийн сонгуулийн сурталчилгаанд явснаасаа хойш л хүйтэн, хөндий болсон сонгуулийн сурталчилгаанд явж байхдаа нэг хүүхэнтэй танилцан түүнтэйгээ амрагийн харьцаа тогтоогоод нилээдгүй хугацаа өнгөрсөн байсан. Тэгээд тэр хүүхэн лүүгээ явахын тулд надад найз нь том бизнес хийх гэж байгаа, санаа зоволтгүй, одоохон чи бид 2 томорно гэх зэргээр худлаа хэлэн нийт 150 сая төгрөгийн зээлийг авахуулсан юм. Миний дүү Д.Оюунгэрэлийн авсан зээлийг нь удаахгүй өгнө гэж хэлэн 40 сая төгрөг, биржийн наймаа хийдэг хүмүүсээс 50 сая төгрөг, Улаанбаатар хотод Май капитал ББСБ-аас 55 сая төгрөг авч алга болсон юм. Нэг өдөр гэртээ ирээд усанд орж байхад  мессэжийг нь уншихад миний хайр хоолоо сайн идээрэй, ээж Ханх сум руу явсан, үнсье гэсэн мессэж ирсэн байсан. Энэ байдлыг асуух гэтэл цүнхэнд хамаг хувцасаа хийгээд бэлдсэн байсан, тэгээд л зугтаасан. Миний бие одоо их хүнд байдалд байгаа, өртэй хүмүүс нь надаас нөхрийн өр нэхээд намайг хаяад явсан гэж хэлэхэд хэцүү, өөрийнх нь нэр хүндийг унагаахгүй гэж хүлээсээр байгаад ийм байдалд орсон. Ч.Г- Хөвсгөлд хүнтэй суугаад тэндээ амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот орон сууцыг өөрсдийн өмчлөлд үлдээлгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Ч.Г-д ногдох хэсгийг өгнө гэжээ. 

Нэхэмжлэгч Г.Ө-оос:

Аав Ч.Г- нь бидний дундын өмчлөлийн орон сууцаа “Май капитал” ББСБ-д 2014.06.10-ны өдөр зээлийн барьцаанд тавин 55.000.000 төгрөгийн зээл авч хамтран амьдарч байгаа хүүхэнтэйгээ хуйвалдан элсний орд газар авсан байсан юм. Ингээд ээж анх 2014 оны 12 сард Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхэд гэрлэлт цуцлах, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот, Ү-2003008360 дугаарт бүртгэлтэй орон сууцыг Д.О-, Г.Ө- нарын өмчлөлд үлдээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Одоо би насанд хүрсэн тул нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Дээрх 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.О-, Г.Ө- нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Ч.Г-д ногдох хувь олгох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгаас:

Г.Ө- 1997 оны 3 дугаар сард төрсөн. Д.О-, Ч.Г- нарын хүү нь юм. Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд үлдээж 55.000.000 төгрөгийн ногдох хувийг гаргаж өгье гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Орон сууц Май капитал хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байна. Зээлийн үүргийг хэн хүлээсэн бэ гэдгийг тодруулаагүй гэж хэрэг Улсын дээд шүүхээс хүчингүй болсон. Д.О- хариуцагч Ч.Г-эс 150.000.000 төгрөг авах ёстой. Одоог хүртэл Д.О- уг зээлийг төлж байгаа. Санхүүгийн боломжгүй болсон учраас хүү Г.Ө-оо сургуулиас нь гаргасан. Май капитал хадгаламж зээлийн хоршооны 55.000.000 төгрөгийн гэрээнд Д.О- гарын үсэг зураагүй тул зээлийг төлөх үүрэггүй. Нэхэмжлэгч нар 18.330.000 төгрөгийг Ч.Г-д өгөөд байраа өөрсдөө авъя гэж байгаа. Эд хөрөнгийн улсын бүртгэлээс лавлагаа гаргуулахад Май капитал хадгаламж зээлийн хоршоог төлөөлж Энхтуяа, зээлийн үүргийг Ч.Г- хүлээсэн байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Ч.Г-ээс:

Би Д.О-тэй 2000 онд гэр бүл болсон. Хүү ээжийгээ дагаж ирсэн. Би бизнесээ авч явах гэж найз нөхөд, таньдаг хүмүүсээсээ зээл авдаг байсан нь үнэн. Архи уух үедээ Д.О-ийг гомдоож байснаа үгүйсгэхгүй. Би найз Тогмидоосоо бизнест хэрэглэх гэж 30.000 доллар авч байсан. Манай найз зүрхний хагалгаанд явах шаардлагатай болсон тул надаас мөнгөө авахаар манайд ирсэн. Эрдэнэчимэгээс 8.500.000 төгрөг, Саранцэцэгээс 15.000.000 төгрөг авсан. Анх энэ байрыг 30.000 долларын барьцаанаас чөлөөлөхийн тулд Д.О-, Тогмид бид гурав ярилцаад Хас банкны зээлийн үлдэгдэл 32.000.000 төгрөгийг чөлөөлсөн. Тухайн өдөр ажил амжихгүй байсан учраас эхлээд Тогмид бид хоёр байр тавих газар очсон. Тухайн үед Д.О- орон сууцныхаа гэрчилгээг чөлөөлүүлсэн. 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Май капитал хадгаламж зээлийн хоршоотой зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед Д.О- зөвшөөрч байсан учраас барьцааны гэрээн дээр гарын үсгээ зурсан. Би хүний юмыг авсан учраас авсан зүйлээ буцааж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Гэр бүл цуцлуулахад татгалзах зүйлгүй. Барьцаа хөрөнгөөр Май капитал хадгаламж зээлийн хоршооны өрийг барагдуулах ёстой гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Мөнхбатаас:

Май капитал ХЗХ нь Ч.Гал-Эрдэнийг гишүүнээрээ элсүүлээд 55 000 000 төгрөгийн зээл өгч, барьцаа болгон Ч.Г-, Д.О- нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 4 дүгээр байрны 63 тоот орон сууцыг барьцаалсан, гэрээнд Ч.Г-, Д.О- нарын гарын үсэг байгаа. Ч.Г- зээлээ төлөхгүй байсан тул байгаа газрынх нь шүүх буюу Хөвсгөл аймгийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Хөвсгөл аймгийн анхан шатны шүүхийн 0030 дугаартай шийдвэрээр 70 254 900 төгрөгийг Май капитал ХЗХ-д төлөхөөр гарсан. Шүүхийн шийдвэр гарсныг Д.О- мэдээд 2016 оны 01 дүгээр сарын 07-нд Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхэд хандсаныг харахад шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд санаатайгаар зайлсхийж байна. Д.О- барьцааны гэрээнд гарын үсэг зурснаар Май капитал ХЗХ-нд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 153.2., 157 дугаар зүйлийн 157.1.3, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулах, энэ хөрөнгөнөөс тэргүүн ээлжинд төлбөр гаргуулах зэрэг эрх нь үүссэн. Ийм байхад гуравдагч этгээдийн шударга эзэмшигчийн эрх ашиг яригдаж эхэлнэ. Иймээс нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.  

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 146 дугаар шийдвэрээр: 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.О-, Ч.Г- нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь  заалтыг баримтлан “Май капитал” хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байгаа, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот 3 өрөө орон сууцыг Г.Ө-, Д.О- нарын өмчлөлд үлдээж, Ч.Г-эс 16.794.117 /арван зургаан сая долоон зуун ерэн дөрвөн мянга нэг зуун арван долоо/ төгрөг гаргуулан Д.О-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г-эс улсын тэмдэгтийн хураамж 312.120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож,

Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 652 дугаартай шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат давж заалдсан гомдолдоо:

Барьцааны гэрээнд хамтран өмчлөгч Д.О- гарын үзэг зурсан ба Ч.Г- нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Сум дундын 27 дугаар  шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн. Ийм шийдвэр гарсны дараа Д.О- нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Энэ нь авсан зээлээ дундаа хэрэглэчихээд шүүхийн шийдвэрээр барьцаанд тавьсан байраа худалдах болохоор дүр үзүүлэн шүүхээр маргаж байгаа юм.  Анхан шатны шүүхийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0030 дугаар шийдвэрээр нэгэнт тогтоосон, шийдвэрлэсэн үйл баримтыг өөрөөр дүгнэсэн.

Мөн Ч.Г- энэ барьцаанд тавьсан байрны өмчлөгч нь юм. Манай хоршооны барьцааны зүйлийн өмчлөгчийг сольж байгаа нь хуульд нийцэхгүй. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 146 дугаар шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч  Д.О- хариуцагч  Ч.Г-д холбогдуулан  гэрлэлт цуцлуулах,  Д.О-, Г.Ө- нар  гэр бүлийн гишүүдийн  дундын  өмчлөлийн Дархан сумын  5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот орон сууцыг  өөрсдийн  өмчлөлдөө үлдээж, хариуцагч Ч.Г-д   ногдох хэсгийг өгөхийг хүссэн  шаардлагуудыг   гаргажээ.

            Хариуцагч  Ч.Г-  гэрлэлт цуцлахыг  зөвшөөрч харин  дундын өмчлөлийн  орон сууцыг  барьцаалагч  “Май  капитал” ХЗХ-ны   зээлийн өрийг   барагдуулах  ёстой гэж    дундын өмчлөлийг хуваах  шаардлагыг эс зөвшөөрчээ.\хх- 45 дугаар тал \

            Д.О-, Ч.Г-  нар нь  2006 онд  гэр бүл болж  2013 он  хүртэл  амьдарсан  бөгөөд хүү Г.Ө- одоо  20 настай,   нөхөр  Ч.Г- өөр  хүнтэй гэр бүл  болсон нь   хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар  тогтоогджээ.

            Шүүх  Д.О-, Ч.Г- нарын гэрлэлтийг цуцалсан нь  Гэр бүлийн тухай хуульд нийцсэн,  зохигчид  уг шийдвэрт гомдол гаргаагүй  байна. 

            Харин бие даасан шаардлага гаргаагүй  гуравдагч этгээд  гэрлэгчдийн  дундын өмчлөлийн орон сууцыг Д.О-ийн өмчлөлд үлдээснийг  эс зөвшөөрч  гаргасан давж  заалдсан гомдлын дагуу   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  166 дугаар зүйлийн  166.4-т  зааснаар  хэргийг бүхэлд хянаж  үзэхэд дараах  нөхцөл байдлууд   тогтоогдлоо.

Дархан сумын  5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот  орон сууцыг  Д.О-, Ч.Г- нар  гэр бүл болсноос хойш   худалдан авсан дундаа хамтран өмчлөх хөрөнгө байна.   \ хх-28, 29 дүгээр тал \, 

Иргэний хуулийн  126 дугаар зүйлийн  126.1-д  зааснаар  гэр бүлийн гишүүдийн  хамтран өмчлөх дундын  өмч  гэж  тооцсон нь үндэслэлтэй  боловч  уг  хөрөнгө болох  орон сууцтай холбоотой   маргааныг  шийдвэрлэхдээ   тус  үл хөдлөх хөрөнгө  нь  “Май капитал” ХЗХ,  Ч.Г-  нар  байгуулсан зээлийн гэрээний барьцаанд  барьцаалагдсан,

“Май капитал” ХЗХ-ны гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч  Ч.Г-д холбогдох  иргэний  хэргийг  Сум дундын  27 дугаар  шүүх  \Хөвсгөл аймаг\ -ийн  шүүгчийн  2015 оны  01 дүгээр сарын 05-ны өдрийн  155\шш 2015\0030  дугаар  захирамжаар   70.254.900  төгрөгийн  шаардлагыг  хүлээн  зөвшөөрч  эвлэрсэн  эвлэрлийг баталж хэргийг  хэрэгсэхгүй болгон  барьцааны хөрөнгөөр шаардлага хангуулахаар шийдвэрлэсэн.  \ хх-91-92 дугаар тал\,

 уг  шийдвэрт  Дархан-Уул аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба  гүйцэтгэлийн ажиллагаа  явуулж байгаа  \хх-28-32 дугаар тал \  байдлуудыг  анхаараагүй  нь  учир  дутагдалтай болсон гэж үзнэ.

Иргэний хуулийн   160 дугаар зүйлийн  160.2-т  зааснаар  гуравдагч этгээдийн  хувьд барьцаагаар хангагдах  шаардлага хэвээр байгаа бол   барьцааны  эрх  дуусгавар  болохгүй.

Гэтэл   гэрлэгчдийн дундын өмчлөлийн  үл хөдлөх хөрөнгийн барьцааны  гэрээтэй  холбоотой  асуудал   шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ажиллагааны  явцад ямар байдлаар  шийдвэрлэгдэх нь  тодорхой бус байхад  гэр бүлийн  гишүүдийн дундын хөрөнгийг  хуваах   боломжгүй  байна.

Дээрх байдлаас дүгнэхэд бие  даасан шаардлага гаргаагүй  гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  энэ талаар гаргасан давж заалдсан гомдол   хуулийн  үндэслэл  бүхий байх тул   шүүхийн  шийдвэрийн  үүнтэй холбоотой  заалтыг хүчингүй  болгож, нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй  болгож, гэр бүл  цуцалсан заалтыг   хэвээр  үлдээв.

Харин нэхэмжлэгч,  хариуцагчийн  хэн аль нь  дундын  өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг  шүүхэд гаргахад энэ  шийдвэр саад  болохгүйг  дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.3-т    заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 146 дугаар шийдвэрийн  Тогтоох хэсгийн  1 болон 3 дугаар  заалтад “... нарын гэрлэлтийг цуцалж,  Иргэний хуулийн  129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар   гэр бүлийн гишүүдийн дундын  өмчлөлийн  орон сууцыг  нэхэмжлэгч нарын  өмчлөлд  үлдээж, хариуцагчид ногдох хэсгийг өгөх  тухай  нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.” гэж,   “388.150 төгрөгийг” гэснийг    “70.200  төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  317.950 төгрөгийг  төрийн сангийн орлогоос  гаргаж Д.О-т буцаан  олгосугай.”  гэж,  “312.120 төгрөг” гэснийг  “70.200 төгрөг” гэж  тус тус  өөрчлөлт оруулж,  2 дахь заалтыг хүчингүй болгож,  бусад заалтуудыг хэвээр  үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар  “Май капитал” ХЗХ-ноос  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн  432.350  төгрөгийг  төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар  тус данснаас гаргаж, буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                            ДАРГАЛАГЧ

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ            

                                            ШҮҮГЧИД                                                      С.ОЮУНЦЭЦЭГ 

                                                                                                                   С.ЭНХЖАРГАЛ