Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 114/2017/0008/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 14 дүгээр байрны 49 тоотод оршин суух, Жанцангийн Наранчимэг,  Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр байрны 14 тоотод оршин суух М.С- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

Гуравдагч этгээд З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал, Ш.Лхагвасүрэн, Б.Соронзонболд

 

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолборыг З.Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон 2003006819 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг, З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бүртгэл болон 2003006819/Б дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”  шаардлагатай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            Б.Батбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                   Б.Хишигээ

Гуравдагч этгээд                                                      Б.Соронзонболд

                                                                                   Ш.Лхагвасүрэн

                                                                                   З.Мөнхтуяа

                                                                                   Г.Мөнхнайрамдал

Гуравдагч этгээдүүдийнн өмгөөлөгч                       Г.Жанчив

                                                                                   Д.Давхарбаяр  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч: Ж.Наранчимэг, М.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:-            Иргэн Ж.Наранчимэг, М.С- нар нь 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн М.Тэмүүжин, М.Шинэ-Од, Ц.Нарантуяа нартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 2331 м.кв талбай бүхий Спорт цогцолборын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, үүнээс хойш шүүхэд маргаан үүсээд өнөөдрийг хүртэл явж байна.

Бид тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед худалдагч тал болох М.Тэмүүжин, М.Шинэ-Од, Ц.Нарантуяа нар нь Сум дундын шүүхийн 391 дүгээр шүүхийн шийдвэрийн дагуу уг барилгын анхны өмчлөгч болох З.Мөнхбатын хууль ёсны өмчлөгчид байсан бөгөөд эд хөрөнгийн бүртгэлийн 000202903 тоот гэрчилгээг эзэмшиж байсан юм. Ингээд бид нар уг 260.000.000 төгрөгөөр уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөр мөнгийг шилжүүлэн өгч тус үл хөдлөх хөрөнгийг ашиглаж байсан.

Гэтэл иргэн З.Мөнхтуяа, Б.Мөнхнайрамдал нар нь тус үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан нь тогтоогдсон юм. Тус үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгч нь “Тэмүүлэн” ББХ компани хувьчлан авсан нь Дархан хотын өмч хувьчлах комиссын 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар батлагдсан  1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 184 тоот  эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ, “Тэмүүлэн” ББХ-ийн дүрмээр тогтоогддог.

Тодруулбал Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 159 тоот дүгнэлтэд “Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутагт байрлах соёлын төвийн барилгыг улсын бүртгэлд анх З.Мөнхтуяагийн өмчлөлд бүртгэхдээ өмчлөх эрх нотлох баримт аваагүй нь тухайн үед мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байна. З.Мөнхтуяаг өмчлөгчөөр бүртгэхдээ “Тэмүүлэн” ББХК-ийн эзэн З.Мөнхбат, З.Мөнхтуяа нарын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл авах шаардлагатай байсан байна гэж дүгнэсэн байна.

Энэ тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 815 дугаар тогтоол гарснаар мэдсэн бөгөөд дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт “Дархан хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 82 дугаар тогтоолоор Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төийн цогцолборыг “Тэмүүлэн” ББХК-ийн эзэн З.Мөнхбатад эзэмшүүлэхээр бүртгэж мөн оны 08 дугаар сарын 20-ны өдөр 184 тоот гэрчилгээг олгожээ.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай 1997 оны хууль батлагдаж, хэрэгжсэнээс хойш дээрх хөрөнгийн өмчлөх эрх анх З.Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, дараа нь З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд бэлэглэлийн гэрээгээр 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус шилжиж улсын бүртгэлийн гэрээгээр 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус шилжиж улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэгдсэн байна” гэжээ. Тус үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч болох “Тэмүүлэн” ББХК-ийн эзэн З.Мөнхбат нь 2005 онд өвчний улмаас нас барсан бөгөөд худалдагч тал буюу З.Мөнхбатын хууль ёсны өв залгамжлагч болох түүний эхнэр Ц.Нарантуяа, хүүхэд М.Тэмүүлэн, М.Шинэ-Од нар 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ж.Наранчимэг, М.С- нартай 260.000.000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж төлбөр мөнгийг шилжүүлэн өгсөн юм.

Гэтэл З.Мөнхтуяа, Б.Мөнхнайрамдал нарын хуурамчаар үйлдсэн бичиг баримт, мөн ямар нэгэн бичиг баримтгүйгээр тухайн үед мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрчин өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авсны улмаас Ж.Наранчимэг, М.С- нарын хууль ёсны дагуу худалдан авсан өөрсдийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх, захиран зарцуулах эрх нь зөрчигдөөд байна.

Өөрөөр хэлбэл иргэн З.Мөнхтуяа нь тухайн үед мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчин ямар нэгэн бичиг баримтыг үндэслэхгүйгээр Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутагт байрлах соёлын төвийн барилгыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, гэрчилгээ гаргуулсан, улмаар бэлэглэлийн гэрээгээр өөрийн нөхөр Б.Мөнхнайрамдалын нэр дээр шилжүүлэн өгч мөн гэрчилгээ гаргуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 159 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт, Монгол улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 815 дугаар тогтоол зэргээр тогтоогдож байна.

Иймд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолборыг З.Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон 2003006819 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг, З.Мөнхтуяагаас Б.Мөнхнайрамдалд 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бүртгэл болон 2003006819/Б дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.                        

 

 Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Хувьзаяа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишгээ нараас шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Эрхийн улсын бүртгэлийн Y-2003006819 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг Дархан сумын 8 дугаар багт байрлах соёлын төвийн цогцолбор нь 2001.10.28-ны өдөр Занабазарын Мөнхтуяагийн өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд 2001.11.28-ны өдөр Гомбожавын Мөнхнайрамдалд бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлсэн нь улсын бүртгэлд бүртгэгдсэн болно. 2006.11.10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006.04.24-ний өдрийн 391 дүгээр шийдвэрээр  Мөнхбатын Тэмүүжин, Мөнхбатын Шинэ-Од, Мөнхбатын Мөнхнаран нарын өмчлөлд бүртгэгдсэн. Дархан-Уул аймгийн шүүхийн 2010.04.14-ний өдрийн 4 дүгээр магадал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2016.06.20-ны өдрийн 485 дугаар тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011.08.31-ний өдрийн 606 тоот тушаалыг үндэслэн Г.Мөнхнайрамдалыг 2011.07.27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. 2012.12.12-ны өөр уг объектын 561.0 м.кв талбатай хэсгийг үйлчилгээний зориулалтаар, 471.0 мкв талбайтай хэсгийг хурлын заал буюу кино театрын зориулалтаар, 526.2 м.кв талбайтай хэсгийг спорт заалны зориулалтаар, 209.8 м.кв талбайтай хэсгийг зоорийн зориулалттайгаар салган улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд уг объектуудаа 2016.09.06-ны өдөр 306 дугаартай тойргийн нотариатч Д.Болорчулууны гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ Шагдарсүрэнгийн Лхагвасүрэнд шилжүүлэн бүртгүүлсэн. Мөн 563 м.кв оффисийн зориулалттай талбайг 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрх нь Б.Соронзонболдод шилжсэн, бүртгэл хийгдсэн байна.

Мөн Г.Мөнхнайрамдал, З.Мөнхтуяа нарын өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр болон ямар нэгэн эрх зүйн акт гараагүй мөн нэхэмжлэгчийн Ц.Нарантуяа, М.Тэмүүжин, М.Шинэ-Од нартай 2008.05.05-ны өдөр байгуулсан гэх худалдах худалдах гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэв.

 

Гуравдагч этгээд З.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- С.С-, Ж.Наранчимэг нар нь соёлын төвийг худалдаж авсан гээд байгаа боловч тэр 260 сая төгрөгийг өгсөн ч юм уу, үгүй юм уу мэдэхгүй байна. Тухайн үед Соёлын төвийн барилга нь өмчлөлийн маргаантай байгааг мэдсээр байсан атлаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Бүртгэлийн газар очоод худалдах худалдан авах гэрээ байгуулж болохгүй гэдгийг нэхэмжлэгч тал мэдсээр байж гэрээ байгуулаад одоо хүртэл биднийг чирэгдүүлээд байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг мэдэхгүй байна. Энэ хүн одоо хүртэл бидний нэрийг сэвтүүлж, маргаан зарга хийсээр байгаад гомдолтой байна гэв.

 

Гуравдагч этгээд Г.Мөнхнайрамдалаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Нэхэмжлэгчийн хэлж байгаа Улсын дээд шүүхийн 815 дугаар тогтоол дээр Тэмүүлэн ББ компанийн захирлын тушаалыг хуурамчаар үйлдсэн талаар бичсэн байгаа. Ж.Наранчимэг, М.С- нар эрүүгийн хэрэг үүсгээд захирлын тушаалыг хуурамчаар зурсан эсэхийг шалгуулсан байгаа. Эрүүгийн хэргийг шалгаад хэрэгсэхгүй Прокурорын газраас хэрэгсэхгүй болгохдоо улсын байцаагч Бор гэдэг хүний дүгнэлтийг хууль бус байна гэж үзсэн байгаа юм. Хуулийг зөрчиж дүгнэлт гаргасан байна гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн байсныг хэрэгсэхгүй болгосон тогтоол байгаа.

Нэхэмжлэгч болохоор Соёлын төвийн барилгыг худалдаж авсан гээд байгаа. Гэтэл яг тэр худалдаж авсан тэр өдрөө барьцаат зээлийн гэрээг давхар байгуулсан байдаг. Сая нотлох баримтаар өгсөн. Яг аль гэрээг нь байгуулсан нь одоо хүртэл тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарын Өмгөөлөгч Ц.Давхарбаяр өмгөөлөлдөө:- Захиргааны шүүхэд захиргааны актын улмаас эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлдэг. Гэтэл нэхэмжлэгч М.С-, Ж.Наранчимэг нарын эрх ашиг нь 2001 оны улсын бүртгэлийн улмаас хэрхэн зөрчигдөж байгаа талаар нэхэмжлэл дээр дурдаагүй байна.  Нэхэмжлэгчийн байгуулсан худалдах худалдан авах 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т талууд гэрээнд гарын үсэг зурж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээг худалдан авагчид шилжүүлснээр энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно гэж тохирсон байдаг. Гэрээнд гарын үсэг зурагдаад нотариатаар гэрчлүүлсэн байгаа боловч гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа учир уг гэрээг хүчин төгөлдөр биш гэж үзэж байна. Мөн бүртгэлийн газраас авсан хавтаст хэрэгт  авагдсан 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн лавлагаагаар урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн байна. Урьдчилсан тэмдэглэл нь бүртгэлтэй холбоотой хөдөлгөөн хийхийг хязгаарлагдаг байсан зохицуулалттай. Эдгээр байдлаас үзэхэд энэхүү худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болоогүй болох нь харагдаж байгаа. Улсын бүртгэлд тэмдэглэл хийгдсэн хөрөнгийг шилжүүлэх боломжгүй юм. Худалдан авагч болсон нь өмчлөгч гэсэн үг биш, гэрээ байгуулсан бол гэрээний үүргийг шаарддаг, улсын бүртгэлийн талаар шаардах эрх үүсдэггүй, шилжүүлж авсан бол болох байх.

 Гомдол гарахад цаг хугацааны асуудал яригдана, 2015 оны өдөр бид мэдсэн гээд байгаа, З.Мөнхтуяа дээр байсан гэдгийг мэдсэн юм шиг байгаа юм. Тэр үеэс шүүхэд хандах эрх нь үүснэ. Энэ Соёлын төвийн барилгын өмчлөлтэй холбоотой маргаан Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 383, 464 дүгээр захирамж, шийдвэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээдүүд нэхэмжлэлээсээ татгалзсанаар дуусгавар болсон. Нэхэмжлэгч нар 2001 оны улсын бүртгэлээс эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байна. 2008 онд худалдах, худалдан авах  гэрээ байгуулсан этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Гуравдагч этгээд Ш.Лхагвасүрэн шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:-Тухайн хөрөнгөтэй холбоотой маргаан 2006 оноос үүсэж, өнөөг хүртэл иргэн, захиргаа, эрүүгийн журмаар шийдвэрлэгдэн ирсэн байдаг юм байна. Би тайлбараа гаргаж өгсөн. Би худалдаж авахдаа судалсан. Будлиантай юманд хөрөнгө гаргах хүн биш. З.Мөнхтуяа Г.Мөнхнайрамдал нарын талаар хэлье. Үхсэн хүн үг хэлэхгүй болохоор маргалдаад байна, шүүхээр явсан байна, нас барсан хүний хөрөнгийг хуулиар үр хүүхэд ах дүүд нь өгдөг. Би шударгаар хөрөнгийг авсан тул хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг өгөөч. Олон  жил энэ асуудлаар маргалдлаа.

 Ж.Наранчимэг, М.С- нар 2008 оны 05 дугаар сарын 05-нд худалдах гэрээ хийж байх үед ч бас нэг маргаан үүссэн, шийдвэрлэгдэж байсан байна. Тэгэхээр М.Тэмүүжин, М.Шинэ-Од, Ц.Нарантуяа нарыг өмчлөгч гэж үзэх үндэслэл байхгүй. Тэгээд ч эдгээр хүмүүс нь өөрсдийгөө өмчлөгч биш гэдгээ хүлээн зөвшөөрч, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн цогцолборын барилгын өмчлөгч нь Г.Мөнхнайрамдал болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээсээ татгалзсан талаар Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 383 тоот захирамж байдаг юм. Нэхэмжлэлээсээ татгалзахдаа энэхүү нэхэмжлэгч нартай хийсэн гэрээний талаар ч дурдсан ба төлбөр мөнгөний асуудлаа шийдвэрлэнэ гэсэн байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас нэхэмжлэгч нар нь бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна.

Эдгээрээс дүгнээд хэлэхэд би дээрх хөрөнгийг худалдан авах үед хориг, хязгаарлалт тавьсан ямар нэг эрх бүхий байгууллагын шийдвэр байгаагүй, хууль ёсны өмчлөгчөөс нь хуульд нийцүүлэн худалдан авсан. Түүнчлэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хууль тогтоомж ч зөрчөөгүй. Хэн нэгэн этгээдийн эрхийг ч хөндөөгүй. Хуулиар хамгаалагдсан өмчлөгч миний эрхийг 2001 оны бүртгэл хэрхэн хийгдсэн асуудал ч хөндөх учиргүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Б.Соронзонболд шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Миний бие нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт байрлах иргэн Мөнхтуяагийн эзэмшлийн 563 м.кв талбайтай оффиссын зориулалттай барилгыг худалдаж авсан. Иргэн Мөнхтуяагийн эзэмшлийн оффиссыг худалдаж авахаар нэрээ шилжүүлэхэд улсын бүртгэлийн хэлтэст ямар нэгэн маргаан байгаагүй бөгөөд Монгол Улсын хууль дүрмийн дагуу нэр дээрээ шилжүүлж авсан.

Иймд нэхэмжлэл гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Гуравдагч этгээд Ш.Лхагвасүрэн, Б.Соронзонболд нарын өмгөөлөгч Г.Жанчив өмгөөлөлдөө:-  Давхарбаяр өмгөөлөгч хэллээ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар эрх ашиг нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй этгээд тус эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргадаг. Нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн хөндөгдөв. Нэхэмжлэгч нар 2008.05.05-ны өдөр Мөнхбатын хууль ёсны өмчлөгч нараас үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэж нэхэмжлэл гаргаад явдаг. Сая гаргаж өгсөн нотлох баримтаар  нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээгээр олгосон төлбөрийг шаардаад байгаа юм уу, худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгө шаардаад байгаа юмуу, байгаа онохгүй нэхэмжлэл гаргаад зөв шүүхэд хандаагүй, буруу хариуцагч татаад яваад байна.

Нэхэмжлэгч тал ярьж байна, 2/5 тушаал хүчингүй болсон учраас бүртгэл хүчингүй гэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл 2001.10.28 ны өдрийн нотариатын бүртгэлээр шилжсэн байдаг. Хуульд заасны дагуу бүртгэл хийгдсэн байдаг. Мөн 2001.11.28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулъя гэсэн байна. Нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл байхгүй байна. 2008 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан гэрээний талаар юмуу, зээлийн гэрээний асуудал яригдаж байгаа нь тодорхой биш байна. Худалдаж авсан юм бол тэд нараас шаардах ёстой, барилгаа авъя, эсхүл мөнгөө авъя гэж шаардах ёстой.

М.Шинэ-од, М.Тэмүүжин нар өмчлөлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлээсээ татгалзсан  байгаа, хууль ёсны өмчлөгч нь З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нар тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нарын өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй. Гуравдагч этгээд Ш.Лхагвасүрэн, Б.Соронзонболд нар нь хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан шударга эзэмшигч тул худалдаж авсан этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна. Иргэний хуулийн 109 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн  тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсхэгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолборыг З.Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон 2003006819 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг, З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бүртгэл болон 2003006819/Б дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”  шаардлагын тухайд:

Хариуцагч нь  /1997 оны/ Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар иргэн З.Мөнхтуяагаас 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан мэдүүлгийг үндэслэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутагт байрлах Соёлын төвийн 2331.4 м.кв талбайтай дуусаагүй барилгыг мөн хуулийн 12,13 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлийн Ү-2003006819 дугаарт бүртгэж, З.Мөнхтуяад үл хөдөлөх хөрөнгийн бүртгэлийн 0036830 тоот гэрчилгээг олгосон нь хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатчоос гэрчилсэн батламж, Дархан хотын Өмч хувьчлалын комиссоос олгосон 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 184 тоот эд хөрөнгө эзэмших гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн иргэн Г.Мөнхнайрамдалаас 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан мэдүүлэг, 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг үндэслэн 2331.4 м.кв талбайтай Соёлын төвийн цогцолборын барилгыг Г.Мөнхнайрамдалын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2003006819/Б дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0049178 тоот гэрчилгээг олгосон болох нь Г.Мөнхнайрамдалаас гаргасан мэдүүлэг, бэлэглэлийн гэрээ, гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргийн өмчлөгч бүртгэх бүртгэл зэргээр тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг олгосон хариуцагчийн үйлдэл нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 2,3,4 дахь хэсэгт зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд...”, 13 дугаар зүйлийн 1-д “Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өмчлөгчид олгоно” гэж заасныг зөрчөөгүй бөгөөд хариуцагчийн энэ үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.

Учир нь нэхэмжлэгч М.С-, Ж.Наранчимэг нар нь иргэн М.Тэмүүжин, М.Шинэ-Од, Ц.Нарантуяа нартай 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дархан сумын 8 дугаар багт байрлах 000202903 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2003006819 дугаарт бүртгэгдсэн 2331.4 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувь болох 130000000/Нэг зуун гучин сая/ төгрөгийг урьдчилан олгох, үлдэгдэл 130000000/нэг зуун гучин сая/ төгрөгийг  баримт бичиг худалдан авагч М.С-, Ж.Наранчимэг нарын мэдэлд бүрэн шилжсэнээр олгохоор тохиролцож үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Гэвч гэрээний үндсэн дээр өмчлөх эрх шилжиж байгааг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй, дээрх худалдах, худалдан авах гэрээний талаар талууд маргаж шүүхийн шийдвэр гараагүй болох нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяраас шүүх хуралдаан дээр “улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүй маргаан үүссэн байсан” гэх тайлбар, хариуцагчийн тайлбар, шүүхээс улсын бүртгэлийн Ү-2003006819 дугаарт бүртгэлтэй хувийн хэрэгт үзлэг хийсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх барилгын өмчлөлтэй холбоотой маргаан нь иргэн М.Тэмүүжин, М.Шинэ-од, З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарын хооронд 2006 оноос үүсэн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, 3 шатны шүүхээр хянагдан явсаар Соёлын төвийн цогцолбор барилгын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч М.Тэмүүжин, М.Шинэ-од нар татгалзсан тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 383 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,  мөн 2009 оноос иргэний хэрэг үүсэж нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдалаас хариуцагч Ц.Нарантуяад холбогдуулан Соёлын төвийн цогцолборын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан М.С-,Ж.Наранчимэгийн шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа мөн татгалзсан тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 464 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийн хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байна.

Мөн нэхэмжлэгч М.С-, Ж.Наранчимэг нар нь Г.Мөнхнайрамдал, З.Мөнхтуяа нарт холбогдуулан Соёлын төвийн цогцолборыг 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр З.Мөнхтуяад шилжүүлсэн үйлдлийг хууль бусд тооцуулах, З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдал нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг Нийслэл дэх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлийг буцаах хүсэлтийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 182/Ш32017/11683 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.

Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2001 оны улсын бүртгэл болон бүртгэлийн дагуу гэрчилгээ олгосон үйлдлийн улмаас  нэхэмжлэгч М.С-, Ж.Наранчимэг нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх 2331.4 м.кв талбай бүхий Соёлын төвийн цогцолборын барилгыг 5 хэсэг салгаж, гуравдагч этгээд Ш.Лхагвасүрэнгийн өмчлөлд 209.8 м.кв зоорийн талбай улсын бүртгэлийн Ү-2003015994 дугаарт бүртгэж, 0000544984 тоот гэрчилгээ, 471 м.кв хурлын заал, кинотеатрын зориулалттай талбай улсын бүртгэлийн Ү-2003015997 дугаарт бүртгэж, 000544983 тоот гэрчилгээ, 561м.кв  рестораны зориулалттай талбай улсын бүртгэлийн Ү-2003006819 дугаарт бүртгэж, 000544982 тоот гэрчилгээ, 562 м.кв спорт заалын зориулалттай талбай улсын бүртгэлийн Ү-2003015996 дугаарт бүртгэж, 000544985 тоот гэрчилгээ тус тус олгогдож, гуравдагч этгээд Б.Соронзонболдын өмчлөлд 563 м.кв  оффисын зориулалттай талбай нь улсын бүртгэлийн Ү-2003015995 дугаарт бүртгэж, 000366633 тоот гэрчилгээ олгогдож тус тус шилжсэн  байна.

Нэхэмжлэгч нар нь 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр  үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд дээр гэрээнүүдээс үүссэн хохирлоо иргэний журмаар бүрэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 12,13 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч М.С-, Ж.Наранчимэг нараас Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолборыг З.Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон 2003006819 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг, З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бүртгэл болон 2003006819/Б дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Наранчимэг, М.С- нарын улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд,тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА