Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2021/0028/З |
Дугаар | 221/МА2021/0609 |
Огноо | 2021-11-11 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2021/0609
14 иргэний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 553 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.Ч нарын 14 иргэний нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 553 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Б.Ч нарын 14 иргэнээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/301 дүгээр захирамжийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/484 дүгээр захирамжийн хавсралтын 1 дэх “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт” холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч нарын нотлох баримтаар гаргуулахаар шаардсан иргэдийн гарын үсгийн баримтыг Авлигатай тэмцэх газраас гаргуулахаар удаа дараа дурдсан боловч уг хүсэлтийг хангалгүй нотлох баримт хангалтгүй гэж үзэн нэхэмжлэгчийн зарим шаардлагыг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн.
Миний нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/301 дүгээр захирамжийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан нийслэлийн Засаг даргын газрын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хязгаарласан байна.
Иймд хууль хэрэглээ болон процессын алдаатай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/301 дүгээр захирамжаар 5 иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон байх бөгөөд хавсралтын 4-д Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус дүүргийн 4 дүгээр хороонд “хорооны цогцолбор”-ын зориулалтаар 524 м.кв газрыг 15 жилийн хугацаа эзэмшүүлж, захирамжийн 3 дахь заалтаараа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох тухай” А/484 дүгээр захирамжийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч нараас “нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/301 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/484 дүгээр захирамжийн хавсралтын 1 дэх Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг” тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн үзлэгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/92 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт “хорооны байр”-ны зориулалтаар эзэмшүүлсэн 180 м.кв газраа 2021 оны А/68 дугаар захирамжаар 279 м.кв болгон газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөн нэмэгдүүлж, үүний дагуу “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-аас Хот байгуулалт, хөгжлийн газарт “...хуучин хорооны барилгыг буулгаж барихаар Чингэлтэй дүүргийн 2021 оны төсөвт буулгалтын хөрөнгө батлагдсан” хэмээн шинэ байршилд хорооны барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулахаар хандсан, улмаар нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/402 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт “4 дүгээр хорооны барилга, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барих” зориулалтаар 279 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулсан үйл баримт тогтоогджээ.
1. Анхан шатны шүүх “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт “4 дүгээр хорооны цогцолбор барилга барих зориулалтаар” газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын хүчин төгөлдөр хоёр захирамж нэгэн зэрэг үйлчилж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан зарчим алдагдах нөхцөл байдал үүссэн болох нь ... тогтоогдож байна” хэмээн үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч нийслэлийн Засаг даргын А/301 дүгээр захирамжийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/484 дүгээр захирамжийн хавсралтын 1 дэх Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь дээр дурдсанаар нийслэлийн Засаг даргын 2020 оны А/301 дүгээр захирамжийн 3 дахь заалтаар энэхүү захирамж гарсантай холбогдуулан нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахыг хүссэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/484 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хэдийн хүчингүй болгосон.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нарын хүчингүй болгохыг хүсч буй захиргааны актын эрх зүйн үйлчлэл дуусаагүй, хүчин төгөлдөр үйлчилж байх шаардлагатай.
Гэтэл дээрх хүчингүй болгуулахаар маргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/484 дүгээр захирамжийн хавсралтын 1-д заасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсэг нь хүчингүй болж, эрх зүйн үр дагаваргүй болсон, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих нөлөөлөлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Тодруулбал, анхан шатны шүүхээс нэгэнт хүчингүй болсон буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон актыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан улмаар хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг нийслэлийн Засаг дарга хүчингүй болгосноор тухайн акт үйлчлэлгүй, эрх зүйн үр дагаваргүй болсон, энэ тохиолдолд шүүхээс маргаан бүхий актыг дахин хүчингүй болгох боломжгүй, үүний үр дүнд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй юм.
2. Анхан шатны шүүх нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нийслэлийн Засаг даргын А/301 дүгээр захирамжийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсний улмаас уг захирамжийн 3 дахь заалт болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг мөн хүчингүй болгосон гэж үзэхээр байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын тайлбарлаж байгаачлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/484 дүгээр захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн хэсэг хүчинтэй үлдэх үр дагавартай байх тул нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол шүүхийн шийдвэрээр бүрэн сэргээгдэж чадахгүйд хүрэхээр байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг нэг мөр, бүрэн сэргээхийн тулд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “АТГ-д гаргаж байсан иргэдийн гарын үсэг бүхий баримт” нь уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэх нөхцөл байдал тогтоогдоогүй төдийгүй хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 553 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ч нарын 14 иргэний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/301 тоот захирамжийн хавсралтын 4 дэх хэсгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлснийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж,
Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/484 дүгээр захирамжийн хавсралтын 1 дүгээр дэх “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт” холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН