Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 00005

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 42 дугаар байр, 01 тоотод оршин суух, Хөхөлдэйнхэн овогт Дэндээгийн Энхтуяа /регистрийн дугаар МФ57123139, утас 99679887/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар багт байрлах, Дархан-Уул аймгийн Холбооны газар / утас 70377222/-д холбогдох,

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“...Миний бие 1995 оноос хойш 20 гаран жил тус холбооны газрын нярав, байцаагчаар ажиллаж байсан бөгөөд 2016.08.05-ны өдөр үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.    Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын 2016.04.18-ны өдрийн 33 дугаар тушаалын 1 дэх заалтын дагуу миний бие 2016.07.01-ний өдрөөс мөн оны 2016.08.17-ны өдрийг дуустал амарч уг тушаалын 2 дахь заалтын дагуу ахлах нягтлан бодогч миний 6 сарын сүүлийн хагасын цалин болон ээлжийн амралтын олговор болох 1,310,066 төгрөгийг 5046287813 тоот дансанд шилжүүлснээр миний хувьд хууль ёсны ээлжийн амралтаа эдэлсэн. Үүнийг холбооны газрын даргын 2016 оны 33 тоот тушаалын нийгмийн даатгалын баталгаажсан бичилт нотолно. Ийнхүү ээлжийн амралттай байх хугацаанд хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтын дагуу миний ажил албан тушаал хэвээр хадгалагдах бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглосон байна. Гэтэл хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж ээлжийн амралттай байх хугацаанд хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг 2016.07.08-ны өдөр өгч 2016.08.05-ны өдөр тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 
2.    Ажил олгогч 2016.04.08-ны өдрийн 33 тоот тушаалаараа ээлжийн амралтын хуваарь баталж, уг хуваарийн дагуу ээлжийн амралтын мөнгө бодож олгохыг ахлах нягтлан бодогч, ажлын ачааллыг зохицуулахыг хүний нөөцийн мэргэжилтэнд даалгасан уг тушаал хүчин төгөлдөр байгаа.
3.    Монголын цахилгаан холбоо ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016.06.10-ны өдрийн 01 тоот тогтоол мөн компанийн гүйцэтгэх захирлын 2016.07.08-ны өдрийн А/80 тоот тушаалыг хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болгосон гэх боловч уг тушаалуудыг бидэнд танилцуулаагүй. Ямар ямар орон тоо байгууллагын бүтцээс хассан, хэдэн ажилтан байснаас хэдийг нь цөөрүүлсэн нь тодорхойгүй, энэ талаар мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй байгаа нь Дархан-Уул аймгийн холбооны газарт бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт бодитой хийсэн гэдэгт эргэлзээ төрж байна. 
4.    Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч нь энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан нь ажилтны шууд амьжиргааны эх үүсвэр болох цалин хөлснөөс салгахгүй байх, цалин хөлсөө авангаа нэг сарын хугацаанд өөр ажил хайх боломжийг олгосон ажилтны эрхийг хамгаалсан зохицуулалт юм. Гэтэл ажил олгогч ээлжийн амралтаа биеэр эдлэх боломжийг хязгаарлаж хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. 
Ийнхүү Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын 2016.08.05-ны өдрийн 68 дугаар тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан байх тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож өгнө үү. ” гэжээ.  

Хариуцагч Дархан-Уул аймгийн Холбооны газар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“Тус холбооны газар нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нэгж ба Монголын цахилгаан холбоо ХК нь өнгөрсөн 2015 онд 1,500,000,000 төгрөгийн, Дархан-Уул аймгийн Холбооны газар 138,000,000 төгрөгийн алдагдалтай ажилласан болно. Энэ байдалд Монголын цахилгаан холбоо ХК-ийн ТУЗ дүгнэлт хийж хуралдаад 2016.06.10-ны өдрийн №1 тоот тогтоол гаргаж Улаанбаатар хотын ажиллагсад мөн бүх салбаруудад орон тоог нягтаршуулж цөөрүүлэх шийдвэр гарсны дагуу гүйцэтгэх захирлын 2016.07.08-ны өдрийн А/80 тоот тушаал гарч компанийн хэмжээнд бүх салбар нэгжүүдэд орон тоог нягтруулж, цөөрүүлсэн ба зөвхөн манай салбарт хийдэг ажил биш болно. Тухай оны нэгдүгээр улиралд ажиллагсдын ээлжийн амралтын хуваарийг газрын даргын тушаалаар баталдаг ба ажиллагсад ээлжийн амралтаа эдлэхдээ Монголын цахилгаан холбоо ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар “ээлжийн амралтын хөдөлмөрийн тухай хууль, энэхүү журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажлын ачаалал, ажил үүргийн онцлог, ажил орлон гүйцэтгэх албан тушаалтны амралтын хугацаатай уялдуулан олгоно” гэж заасны дагуу тухай үед нярав ажилтай Д.Энхтуяагийн ээлжийн амралтын мөнгө бодогдож олгогдсон боловч амралтын мэдэгдэх хуудас авч албан ёсоор ээлжийн амралтаа биеэр эдэлж эхлээгүй ажиллаж байсан болно. Энэ нь түүний гаргасан тайлангаар нотлогдоно. 2016.07.01-ний өдрөөс 2016.07.08-ны өдрийг дуустал хугацаанд “Бараа материалын тайлан”-г санхүүд гаргаж өгч ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2016.07.08-ны өдрийн 16:00 цагийн үед компаниас орон тоо цөөрүүлж хасагдсан 2016.07.08-ны өдрийн А/80 тоот тушаал ирж ажлын зөвлөлийн гишүүд болон тушаалын хавсралтаар батлагдсан ажиллагсадтай уулзаж, ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас гардуулж өгсөн. Д.Энхтуяа зөвшөөрч мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурж гардан авсан ба түүнд өөрийнх нь эдлэх ээлжийн амралт биеэр эдэлж эхлээгүй байгаа тул өнөөдрөөс амарч болохгүй тухай өөрт нь тэнд мэдэгдсэн болно. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ээлжийн амралтын хугацаанд ажил үүргийг нь тухайн орлох ажилтан хүлээж авдаг ба Д.Энхтуяагийн ажлыг хүлээн аваагүй, ээлжийн амралтыг нь эдлүүлээгүй Д.Энхтуяа мэдэгдэх хуудас өгсөн өдрүүдэд ажиллаж байсан. Энэ нь 2016.07 сарын буюу “Бараа материалын тайлан”-аар өөрөө гаргаж өгсөн зэргээр нотлогдоно. 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 29-ний өдрийг дуусталх хугацааны тайланг Д.Энхтуяа өөрийн биеэр гаргаж өгсөн байдаг тул Газрын даргын гаргасан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтыг зөрчөөгүй, хуульд бүрэн нийцсэн болно.
Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.07.08-ны өдрийн А/80 тоот тушаал болон тушаалын хавсралтыг ажлаас чөлөөлөгдөж байгаа болон байгууллагын ажлын зөвлөлийн гишүүдэд нэг бүрчлэн танилцуулсан ба Д.Энхтуяа нь мэдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулан МТХГТА-ны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулсан хамтын гэрээний 2.1.6, 2.1.6.6-р заалтын дагуу 2016.08.09-ний өдөр 4,860,000 төгрөгийн тэтгэмжийг хүлээн авсан ажлаас үндэслэлгүй халагдсан гэж тэтгэмжээс татгалзаагүй болно. Д.Энхтуяа орон тооны цомхтголд орж байгаагаа өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрч, 2016.08.09-ний өдөр өөрийн биеэр ирж ажил хүлээлцэх комиссод ажлаа хүлээлгэн өгсөн зэргээр нотлогдож байгаа болно. 
Манай холбооны газар нь Монгол улсын компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу “Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна гэж заасны дагуу хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болно. Тус холбооны газрын дарга буюу менежер миний бие эрх мэдэл хэтрүүлсэн, хууль зөрчиж хүмүүсийг хохироосон зүй бус үйлдэл байхгүй ба манай байгууллагын хэмжээнд мөрдөгддөг хамтын гэрээгээ мөрдөж ажилладаг мөн орон тооны илүүдэл нягтралын талаар эдийн засгийн үзүүлэлт зэргийг үндэслэн зөвхөн орон тооны саналыг компанид явуулан ба зөвхөн санал өгөх эрх, үүрэгтэй ба эцсийн шийдвэрийг зөвхөн компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гаргадаг. 
Би компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоонд байгууллагын бүтцийг оновчтой зөв зохион байгуулж ажиллах үүрэг хүлээдэг.
Иймд иргэн Д.Энхтуяа нь ээлжийн амралтаа албан ёсоор биеэр эдэлж эхлээгүй байсан 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 08-ны өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэж байсан, мөн 07 дугаар сарын бараа материалын тайлан гаргасан мэдэгдэх хуудсанд зөвшөөрч гарын үсэг зурсан, орон тооны цомхтголыг нэхэмжлэгч өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрч 4,860,000 төгрөгийн тэтгэмжийг хүлээн авсан зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзэж Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын 2016.08.05-ны өдрийн №68 тоот тушаал нь хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй тул хэвээр үлдээж, Д.Энхтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.                             
ҮНДЭСЛЭХ нь:
       
Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь Дархан-Уул аймгийн Холбооны газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
 Дархан-Уул аймгийн Холбооны газрын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлаж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар “ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтууд, МТХГТА-ны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулсан хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 дахь заалт, “Монголын цахилгаан холбоо” ХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1 тоот тогтоол, Монголын цахилгаан холбоо ХК-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/80 тоот тушаалыг үндэслэн Тус компанийн орон тоог нягтруулах Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №1 тоот тогтоолыг хэрэгжүүлж, орон тоо хасагдсан тус газрын Захиргааны удирдлага санхүүгийн тасгийн нярав ажилтай Дэндээ овогтой Энхтуяаг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж...” шийдвэрлэжээ.
Хариуцагч тал “...Дархан-Уул аймгийн Холбооны газар нь Монголын цахилгаан холбоо ХК-ний Дархан-Уул аймаг дахь салбар юм. Иргэний хуульд хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан байх тул Дархан-Уул аймгийн Холбооны газар энэ хэргийн хариуцагч биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарласан болно.
Дархан-Уул аймгийн Холбооны газар нь Монголын цахилгаан холбоо ХК-ний орон нутаг, улс, хот хоорондын цахилгаан холбооны ашиглалт, үйлчилгээг эрхлэх Дархан-Уул аймаг дахь салбар болох нь хэрэгт авагдсан 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн газраас олгосон Салбарын гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, 29 дүгээр зүйлийн 29.5-т “Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна”, 29.6-т “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж тус тус заасны дагуу Дархан-Уул аймгийн Холбооны газар нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцох эрхгүй, энэ талаар тус байгууллагаас салбарт иргэний хэрэгт хариуцагчаар оролцох эрхийг итгэмжлэлээр олгогдоогүй байх тул Д.Энхтуяагийн Дархан-Уул аймгийн Холбооны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:
     
 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны баримтлан Д.Энхтяагийн гаргасан Дархан-Уул аймгийн Холбооны газарт холбогдох “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
    
 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Энхтуяаг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
 

 

     
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА