Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 396

 

 

 

 

 

 

 

 

     2020          04             21                                       2020/ШЦТ/396

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ө хөтлөн,

Улсын яллагч: Г.Н,

Шинжээч эмч Т.А,

            хохирогч Б.З, түүний өмгөөлөгч Т.М /ҮД:0274/,

Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Д.Г /ҮД:0216/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Г-ын О-д  холбогдох эрүүгийн 1905033620000 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй. дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд хавдрын эмч ажилтай. ам бүл тав, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 104-115 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, С овогт Г-ын О-д /РД:ЧЗ0000000/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 105 дугаар байрны арын замд иргэн Б.Зг машины толь шүргэлээ гэсэн шалтгаанаар цавь тус газарт нь өшиглөж, биед нь баруун цавь, умдаг, бэлгийн их уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ Шүүгдэгч Г.О нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 105 дугаар байрны арын замд иргэн Б.Зг машины толь шүргэлээ гэсэн шалтгаанаар цавь тус газарт нь өшиглөж, биед нь баруун цавь, умдаг, бэлгийн их уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэлэлцээд хэргийн үйл баримтыг тогтоов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О “…Тухайн өдөр 18 цаг өнгөрч байсан. Би 104 дүгээр байрны арын тойруу зам дээр явж байсан. Бороо их орсон зам их шавартай байсан учраас машинаа зогсоож явган хүмүүсийг өнгөрч дуусах хүртэл зогсож байсан. Гэтэл энэ хохирогч гэх эмэгтэй миний машины толийг цохиод эвхээд гарсан. Би машины цонхоо буулгаад …”та яасан сонин явдаг юм бэ…” гэж хэлсэн чинь өөдөөс “…зайл янхан, гичий минь…” гээд орилоод байсан. Тэгээд барьж явсан тортой юмаараа машиныг цохиод өшиглөөд “…чиний машин миний амьнаас илүү үнэтэй юм уу…” гэж хэлсэн. Би машины цонхоо буулгаад та чинь согтуу юм уу гэж хэлэхэд хохирогч гэх хүн намайг “…чамайг ер нь яасан ч яадаг юм…” гээд цонхоор гараа оруулж ирээд дайраад байсан. Тухайн үед би гар утсаараа ярьж байсан учраас гар утсаараа ярьж байсан чигээрээ машинаасаа буухад миний өөдөөс дайраад тортой барьсан зүйлээрээ намайг цохихдоо гарт байсан гар утсыг унагаж гэмтээсэн. Би “…та утас эвдчихлээ…”  гэсэн чинь чиний наад утасыг шинэ, хуучин байсныг би яаж мэдэх юм гэж хэлсэн. Тэгээд би ногооны худалдагч байхыг хараад цагдаа дуудаад өгөөч гэж тусламж хүссэн. Өөр зүйл бол болоогүй…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.З: “…Тухайн өдөр бороотой байсан. Би машины хажуугаар гарахдаа толийг цохиод эвхээд явчихсан. Гэтэл Г.О гэх энэ эмэгтэй машинаасаа гарч ирээд үгийн зөрүүгүй намайг хэл амаар доромжилоод над руу хүрээд ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод цүнхээрээ хаахад гар утсын цохиж унагаасан. Гэтэл энэ эмэгтэй уурлаад намайг өшиглөсөн. Би энэ эмэгтэйд гар хүрээгүй байхад Г.О гэх энэ эмэгтэй миний гар утсыг эвдчихлээ гээд орилоод байсан. Тухайн үед миний бөөр өвдөөд эмчилгээ хийлгэсэн байсан. Гэтэл Г.О нь намайг шавар руу түлхэж унагаасан. Миний хараа муу бөгөөд тухайн үед харааны шилээ орхиод явж байгаад Г.Оын машины толийг нь эвхээд гарчихсан. Гэтэл энэ эмэгтэй машины толь эвдчихлээ гэж уурлаад намайг эмчилгээ хийлгэсэн байхад шавар руу унагаасан. Тухайн үед миний хөл хавдсан байсан. Маргааш өглөө нь босоод ирэхэд миний хөл даагдахгүй болсон байсан. Би эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн. Тухайн хэрэг гарсан цаг хугацаанд хяналтын камер байхгүй байсан учраас Г.О худал мэдүүлэг өгч байна. Тухайн үед ногооны худалдагч залуу харж байсан. Тухайн ногооны худалдагч энэ хүүхэнийг “…чи болиоч ээж шигээ хүнийг…” гэж хэлж байсан. Надад ийм гэмтэл учирна гэж бодоогүй байсан учраас тухайн үед би тэр ногооны худалдагч хүний гар утасны дугаарыг авч чадаагүй. Г.О гэх хүн намайг өшиглөснөөс болоод надад аарцаг ясны гэмтэл үүссэн байгаа. Би сувилалд явж эмчилгээ хийлгэсэн зардал болон Хөх хот руу явж эмчилгээ хийлгэсэн зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсч байна. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад Голден парк 105 дугаар байрны арын туслах замаар явган явж байхад урдаас нэг Тоёота приус загварын нэг машин ирээд миний цүнхийг шүргэсэн. Тэгээд тэр машины жолооч өнгөрч зогсоод машинаасаа бууж ирээд хөөе чи машин эвдчихлээ гээд надтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь эргэж хараад явах гэтэл араас нөгөө эмэгтэй намайг хэл амаар доромжлоод байхаар нь би эргэж очоод машин чинь зүгээр байна шүү дээ гэж хэлэх гээд очиход тэр жолооч эмэгтэй машинаасаа бууж ирээд миний цавь, аарцаг хэсэг рүү үгийн зөрөөгүй баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би яасан гэж намайг өшиглөж байгаа юм бэ хоёулаа цагдаа дээр очоод учраа олно гэхэд ноосон цамцнаас татаад миний цамцыг урж гэмтээсэн. Цамцнаас чангааж зулгааж байснаа тэр эмэгтэй гэнэт миний гар утас эвдэрчихлээ гэж байсан. Би ямар ч байсан гар утсыг нь эвдээгүй, надтай зууралцаж, түлхэлцэж байхад гар утсаа өөрөө гартаа барьж байсан. Тэгээд намайг гар утас эвдчихлээ гэж хэлээд уурлан намайг шавар шавхайтай ус руу унагаасан. Уг нь тэр өдөр би сувилалд эмчлүүлж гарч ирээд гам барьж байхад тэр эмэгтэй намайг шавхай руу унагаасан. Тэгээд тухайн үед түгжрээ үүсээд жолооч нар тэр эмэгтэйг болиоч гэж хэлээд тэр эмэгтэй машинаа зогсоолд байрлуулсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очсон. Би тэр эмэгтэйг танихгүй, намайг машины толь эвдчихлээ гэж хэлсэн. Машиныхан толь зүгээр байсан. Тухайн Голден парк хотхоны байрны доторх зам нарийхан явган хүний зам, машины зам нь ялгагдахгүй тухайн үед орой ч болж байсан. Тухайн үед тэр хавиар хяналтын камер байхгүй байсан хүнсний мухлагийн залуу бид хоёрыг маргалдаж байхыг харсан. Би аавындаа очих гээд явж байсан. Тэр жолооч эмэгтэй аарцаг яс руу хүчтэй нэг удаа өшиглөсөн. Бас шавар шавхай руу түлхэж оруулсан. Энэ асуудлаас болоод миний бие маргааш өглөө нь цавиар хөхөрч няцарсан байсан. Миний цагаан мах эргэж биед өөрчлөлт орж бөөр нуруу өвдсөн. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Энэ бүхий зардалд нийт 1 сая төгрөгийн хохирол учирсан. Би эмчилгээний зардал болох 1 сая төгрөгийг нэхэмжилж байна. Мөн маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/

 

Гэрчээр Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад 105 дугаар байрны ар талын шавар, шавхайтай ус тогтсон газар хүмүүс рүү шавар, шавхай цацахгүйн тулд машинтайгаа зогсож байсан. Хүмүүсийг хажуугаар өнгөрөхийг хүлээгээд зогсож байхад нэг эмэгтэй миний машины толийг хүчтэй хумьсан. Тэгэхээр нь та ямар муухай явдаг хүн бэ гэж хэлээд машиныхаа толио буцаагаад дэлгэчхээд явах гэтэл хойноос ирээд миний нүүр рүү цохисон. Тэгээд хэл амаар доромжлоод хэлээд байхаар нь би тэр эмэгтэйг согтуу байна гэж ойлгосон. Би машинаасаа бууж ирээд яагаад хүний эд хөрөнгө рүү халдаад байгаа юм бэ гэж асуухад хохь чинь гэж хэлээд хүрч ирээд гартаа байсан цүнх юм уу тортой юмаар намайг цохисон. Би гараараа хааж байгаад гартаа байсан Самсунг А50 загварын утсаа цохиулж гэмтээсэн. Тухайн гар утсыг Мобикомоос 840.000 төгрөгөөр авч байсан. Би гомдолтой байна намайг зүгээр байхад хэл амаар доромжилж машин цохиж намайг бас гэмтээсэн. Миний нүүрийг самардсанд гомдолтой байна. Мөн гар утсаа төлүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/

 

Гэрчээр Б.Згийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр би гэр рүүгээ явж байхад Баянгол дүүргийн Голден парк хотхоны арын туслах замд явж байгаад зам хөндлөн гараад явж байхад нэг приус загварын машин унасан эмэгтэй машины толь шүргэсэн гээд ирээд хэрүүл маргаан болсон. Тэгээд машинаасаа бууж ирээд миний баруун хөл рүү өшиглөсөн. Тэгээд би зүгээр байгаарай гээд барьж байсан тортой юмаараа цохитол тэр эмэгтэйн зүүн гартаа барьж байсан гар утсыг оносон. Тэгээд гар утас эвдэрчихлээ гээд надтай маргалдаж цамцнаас зуураад ураад шавартай ус руу чирээд явуулахгүй гээд байсан. Хүнсний ногооны мухлагт байсан хүн болон тэр хавьд байсан хүмүүс тэр эмэгтэйг боль гэсэн

 

шаардлага тавихад болихгүй миний баруун талын хэвлий тус газарт хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд цагдаа дээр ирсэн. Тэр эмэгтэйгээс согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Тэр эмэгтэй намайг татаж зууралдаад цамц ураад, гар маажаад хэвлий рүү, хөл рүү өшиглөсөн. Надтай учир зүйгээ олоод явахад боломжтой байхад ингэж доромжлуулж зодуулсандаа гомдолтой байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17 тал/

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 сарын 19-ний өдрийн 9835 дугаартай “...Б.Згийн биед баруун цавь, умдаг, бэлгийн их уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 25 тал/

 

Шинжээч эмч Т.Аий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Хөлөөр өшиглөх үед нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл..” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/

 

Шинжээч эмч Т.Аий шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Хохирогчийн биед баруун цавь, умдаг, бэлгийн их уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байсан. Гэмтлийг хэзээ үүссэн талаар гэмтлийн өнгөөр нь ялгаж тогтоох боломжтой. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь тухайн үед үүсэх боломжтой. ” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Згаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 34-41 тал/

 

Хохирогч Б.Згийн мөрдөн шалгаж ажиллагаанд дахин хохирогчоор өгсөн:  “…Би Оргил гэх эмэгтэйн гар утсыг булааж аваад газар шидээд ч юм уу санаатай байдлаар эвдээгүй. Гарт нь утас байсныг хараагүй. Намайг өшиглөхөөр нь би буцаагаад цүнхээрээ далайгаад цохих үед гэнэт гар утас нь эвдэрчихлээ гээд орилоод байсан. Би газар утас унахыг хараагүй, утас нь тухайн үед эвдэрхий байсан эсэхийг мэдэхгүй. Намайг гар утас эвдчихлээ гээд цамцнаас зулгааж байгаад цамц урчихсан. Би цамц тавь цагдаа очно гэтэл тавихгүй зуурсаар байгаад цамц урсан. Би өнөөдрийн байдлаар 900.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Урагдсан тэмээний ноосон цамцны баримтаа хайгаад олсонгүй. Би баримтаар гаргаж өгсөн 1.035.832 төгрөгийг Оргил гэх эмэгтэйгээс нэхэмжилж байна. Намайг хэл амаар маш их доромжилсонд гомдолтой байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 55 тал/

 

            Шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 105 дугаар байрны арын туслах замд машинаа унаад явж байсан. Тухайн үед бороо орсон гадаа шалбааг ихтэй байсан учир хүмүүс рүү ус цацахгүй гээд зогсож байтал бараан өнгийн өмд цамцтай эмэгтэй хажуугаар гарахдаа гараараа машины толь шүргээд гарчихаар нь та яасан муухай явдаг юм бэ гэж хэлэхэд эргэж хараад “зайл чи чиний наад машин чинь үнэтэй юм уу” гээд буцаж ирээд надтай маргаад байхаар нь би “та эрүүл юм уу, согтуу юм уу шулмас шиг хүн рүү дайраад байхын” гэх хэлэхэд машины цонх онгорхой байхад гараа оруулж ирээд миний нүүр рүү самардахаар нь машиныхаа цонхыг хаатал машины цонх болон хойд талын хаалга руу гараараа болон цүнхтэй юмаараа цохиж өшиглөөд байхаар нь би машинаасаа буугаад утсаараа цагдаа дуудах гэтэл цагдаа дуудуулахгүй гээд дахин нүүр рүү самардаад баруун гар хөшөөд түлхээд байхаар нь би хөлөөрөө уг эмэгтэй рүү хариу өшиглөсөн. Би зүүн гартаа гар утсаа барьсан байсан учир цүнхээрээ намайг цохих үед гарт байсан гар утас газарт унаад дэлгэц нь хагарчихаар нь цагдаа дуудна гэхэд тэр эмэгтэй явах гээд байхаар нь би гараас нь  татаад явуулахгүй хорьж байхад цагдаа ирсэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Золзаяагийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Золзаяа над руу  дайраад байхаар нь өөрийгөө хамгаалах гээд эсэргүүцэл үзүүлсэн. Санаатайгаар энэ хүнийг гэмтээе гэж бодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Оын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

Шүүгдэгчийн Г.Оын өмгөөлөгч Д.Г “ …Хохирогчийн зүгээс хэрэг болсон цаг хугацааны дараа гэмтэл авсан байх боломжтой. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна…” гэж,

Шүүгдэгч Г.О  “…Би хохирогчийг гэмтээхээр үйлдэл хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна…” гэж

Хохирогч Б.З “…Улсын яллагчтай санал нэг байна…” гэж,

Хохирогчийн өмгөөлөгч “…Хохирогчид учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдаж байна. Иймд улсын яллагчтай санал нэг байна” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Г.Од холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүгдэгчийн хохирогч Б.Згийн цавь тус газар нь өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед “баруун цавь, умдаг, бэлгийн их уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан болох нь хэргийн 25 дахь талд авагдсан шинжээч эмчийн 9835 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба учирч болох хохирол хор уршгийг хүсээгүй боловч хууль бус үйлдлээрээ зориуд хохирол, хор уршигт хүргэсэн болох нь шүүгдэгчийг гэмт хэргийг болгоомжгүйгээр, субьектив санаагүйгээр үйлдсэн гэх үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Г.О болон түүний өмгөөлөгч Д.Г нь “…Б.Згийн биед гэмтэл учруулаагүй…” гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2019 оны 08 сарын 13-ны өдрийн үзлэг хийж 2019 оны 08 сарын 19-ны өдрөөр огноолон  үйлдсэн  9835 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Згийн биед баруун цавь, умдаг, бэлгийн их уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байх ба энэ нь гэмт хэрэг гарсан цаг хугацааны хувьд давхцаж байгаа, шинжээч эмчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “…хохирогч Б.Згийн биед баруун цавь, умдаг, бэлгийн их уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байсан. Тухайн үед хохирогчийн биед үзлэг хийж байхад ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Гэмтлийг хэзээ үүссэн талаар гэмтлийн өнгөөр нь ялгаж тогтоох боломжтой. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь тухайн үед үүсэх боломжтой…” гэх тайлбараар шүүгдэгчийн өмгөөлөгчийн түүний үйлчлүүлэгч гэм буруугүй гэх тайлбар бүрэн үгүйсгэгдэж байна.

 

Шинжээч эмчийн 9835 дугаартай дүгнэлтэд 2019 оны 08 сарын 10-ны өдөр  Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хохирогч Б.Згийн биед хийсэн үзлэгийн онош болох “баруун цавины зөөлөн эдийн няцрал” гэсэн ерөнхий оношийг дурдсан байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. Энэ нь “…хохирогч олон хоногийн дараа эмчид үзүүлсэн... гэмтлийг 2019.08.09-ны орой авсан гэж үзэж болохгүй...” гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гын тайлбарыг үгүйсгэх баримт бөгөөд хохирогч 2019.08.10-ны өдөр ГССҮТ-д үзлэгт орсон нь 2019.08.09-ны орой болсон маргаанаас үүдэлтэй гэмтлийн улмаас үзлэгт хамрагдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

 

Түүнчлэн, шүүгдэгч Г.О нь 2019.01.31-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “ ...Золзаяагийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогчийг өшиглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч 9835 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг учруулаагүй”  гэж ялгаатай мэдүүлсэн ч шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлийг тэрээр учруулаагүй гэж үзэж буйгаа нотолсон баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй энэ тайлбарыг няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Оын 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 105 дугаар байрны арын замд иргэн Б.Зг машины толь шүргэлээ гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар цавь тус газарт нь өшиглөж, биед нь баруун цавь, умдаг, бэлгийн их уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Г.Оыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Б.З гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилсэн ба үүнээс  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ооос шүүхэд баримтаар ирүүлсэн 352.855 /гурван зуун тавин хоёр мянга найман зуун тавин тав/ төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцон хохирогч Б.Згийн биед учирсан гэмтлийн эмчилгээний зардалд олгож шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт 2019.08.09-ны өдрөөс 2019.09.8-ны өдрийн хооронд огноолсон нийт 405.832 / дөрвөн зуун таван мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийн үнэ бүхий эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун худалдан авсан талаарх баримт, Аварга тосон рашаан сувилалд амарсан талаарх 630.000 /зургаан зуун гуч/ төгрөгийн тооцооны баримт нийт 1.035.832 / нэг сая гучин таван мянга найман зуун гучин хоёр / төгрөгийн баримт  авагдсан байх ба  үүнээс 2019.08.09-ны өглөөний 11:52:28 цагт хэвлэгдсэн 52.997 /тавин хоёр мянга есөн зуун ерэн долоо/ төгрөгийн шатахууны баримт, Аварга тосон рашаан сувилалд амарсан талаарх 630.000 /зургаан зуун гуч/ төгрөгийн тооцооны баримтуудыг /нийт 682.997 төгрөг/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй хохирол хор уршиг гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзээд  хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.О нь 270.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн гар утас эвдэрсэн гэж нэхэмжилж байх хэдий ч шүүгдэгч Г.О өөрт учирсан бага хэмжээний хохирлыг Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх боломжтойг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Од ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ шүүгдэгч Г.Оыг 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялын саналтай байна, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “…Хохирогчийн биед учирсан гэмтлийг хэрэг болсон цаг хугацаанд үүссэн гэж үзэхгүй байна. Хохирогчийн зүгээс хэрэг болсны дараа тухайн гэмтлийг авсан байх боломжтой тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна…” гэв.

Шүүгдэгч “…Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна…” гэв.

 

Хохирогч болон түүний  өмгөөлөгч “ ...Улсын яллагчтай санал нэг байна...” гэв.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал,  хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзсэн бөгөөд гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал биш гэж үзлээ.

 

Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялаас торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг шүүгдэгч Г.Од тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Г-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ооос шүүхэд баримтаар ирүүлсэн 352.855 / гурван зуун тавин хоёр мянга найман зуун тавин тав/  төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Згийн биед учирсан гэмтлийн эмчилгээний зардалд олгосугай.  

5. Хохирогч Б.З нь цаашид гарах хохирлыг нотлох баримтаа  бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.Э