Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 181/2017/02572/И |
Дугаар | 001/ХТ2018/00882 |
Огноо | 2018-05-29 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2018/00882
Д.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/03064 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 336 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч “З” ХХК, Н-т холбогдох,
113 769 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
“Заг давелопер” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 14/8 тоот Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жаргалсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонцэцэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний хүү Д.Г- нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот нэгж талбарын 1864331280978 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135415 дугаартай 606 ам.дөрвөлжин метр талбай газар, тус газар дээрхи 110 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203016842 дугаартай хувийн орон сууцтай байсан юм. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 2/29, 3/31 тоот тогтоолын дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх 2 талт 31/8-138 тоот гэрээг, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах 14/5 тоот гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж уг эд хөрөнгөө худалдсан. Нийслэлийн Өмч газрын харилцааны газар /одоо Өмчийн харилцааны газар/ миний өмчлөлийн уг газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 280 000 000 төгрөгөөр үнэлэн тохиролцож тухайн үедээ Нийслэлийн төрийн сангаас 140 000 000 төгрөг надад өгсөн ба үлдэгдэл 106 000 000 төгрөгийн төлбөрт гэр хорооллыг барилгажуулах төслийн 3 дугаар блокоос 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны 5 дугаар давхраас 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохирсон юм.
Хоёр талт 31/8-138 тоот гэрээний 3.2, 3.3-т заасан хоёр талт гэрээ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх талаар байгуулах гурван талт гэрээний урьдчилсан нөхцлийг бүрдүүлнэ. Энэхүү гэрээ нь гурван талт гэрээний салшгүй хэсэг байна гэж заасныг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 31/8-138 тоот гурван талт гэрээг байгуулж хуучнаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар /Гэр хорооллын хөгжлийн газар/-ын дарга Ш.Ганхуяг гэрээнд гарын үсэг зурж тамга дарсан. Гэвч 2016 оны 2 дугаар улирал дуусахад надад гэрээнд заасан 2 өрөө сууцыг олгоогүй учир 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 14/5 гэрээнд нэмэлт оруулах гэрээг байгуулж гэрээний хугацааг 6 сараар сунгаж, сунгасан 6 сарын хугацаанд сар бүр 650 000 төгрөгийг орон сууцны түрээс түр суурьшуулах зардалд төлөхөөр тохиролцсон. Гэвч 6 сарын хугацаа өнгөрөхөд мөн л 2 өрөө орон сууцаа өгөөгүй. Ингээд би 12 дугаар сарын 20-ны өдөр дахин очсон бөгөөд түлш зарцуулах зардал өгөхгүй гэсэн. Ингээд манай гэр бүл өөрийн гэсэн гэргүй, түрээсийн байрны төлбөргүй амьдралын хүнд нөхцөлд 3 жил амьдарч хохирсоор байна. Миний өмчлөлд байсан газар дээр одоо төслийн шинэ орон сууцнуудыг ус цахилгаанаар хангах ЦТП барьж ашиглалтад орон 2 жил гаруй хугацаа өнгөрүүлж байна. Хоёр талт гэрээний нэг тал болох “З” ХХК-ийн захирал Н.Эрдэмбаяртай уулзахад байрны түрээсийн төлбөрийг цаашид төлөхгүй таны үл хөдлөх хөрөнгийг буулгаж төрийн өмчийн барилга барьсан, манай компанид ямар ч газар үлдээгүй, 2 өрөө байрны үнэ 106 000 000 төгрөг болон бусад хохирлоо гэр хорооллын дэд бүтцийн газар, Нийслэлийн Засаг дарга авах ёстой гэж хариу өгсөн. Миний бие 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн захирагч болон Гэр хорооллын дэд бүтцийн газарт гомдол гаргасан боловч гомдлыг “З” ХХК-д шилжүүлж орон сууцны асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэх үүрэг өгсөн байдаг. Гэвч “З” ХХК уг асуудлыг шийдвэрлэхгүй миний бие шүүхэд хандан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
“З” ХХК болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газраас гэрээгээр надад өгөхөөр тохирсон 53 мкв байрыг мкв-ыг нь 2 000 000 төгрөгөөр үнэлж 106 000 000 төгрөг, нэмэлт гэрээнд зааснаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсноос хойш хугацааны орон сууцны түрээсийн төлбөр сар бүр 650 000 төгрөг 2017 оны 06 дугаар сарыг дуустал хугацаагаар 3 900 000 төгрөг, 3.14/5 тоот гэрээний 5.2-т заасан 106 000 000 төгрөгөөс хоног тутам алданги 3 869 000 төгрөг, нийт 113 769 000 төгрөгийг яаралтай гаргуулах хүсэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд Ганболдын өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгө, газар, амбаар, гарааш гээд эд зүйлсийг өөрсдийн зардлаар буулгаж шилжүүлсэн. “З” ХХК нь гэрээгээ 11 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн нь үнэн. Бид Д.Г-ын эзэмшилд байсан газар дээрхи байшин үл хөдлөх эд хөрөнгө, хашаа, амбаар бусад эд зүйлсээ өөрийн зардлаар буулгаж нүүлгэн шилжүүлсний дараа “З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэмбаяр, төслийн удирдагч Х.Лхагвасүрэн нарын шаардлагаар газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг тэдэнд хүлээлгэн өгч энэ өдрөөс эхлэн тус газрыг “З” ХХК эзэмших буюу захиран зарцуулах эрхтэй болон гэж Н.Дамчий миний гарын үсэгтэй бичиг үйлдүүлэн хүлээн авсан. Н.Ганболдын нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 2 гэрчилгээг “З” ХХК-ийн мэдэгдэлд шилжүүлэн өгсөн, уг газрыг чөлөөлөхөөр газар дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн зардлаар буулгаж нүүлгэсэн. “З” ХХК-тай гэрээ хийхээс өмнө 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяртай протоколоор газар чөлөөлөх нөхөн олговрыг 150 000 000 төгрөгөөр тохирсон байсан тул түүнийг хасч тооцон, “З” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14/5 тоот газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба энэ гэрээний 1.2 дахь хэсэгт худалдан авч буй газрын төлбөр болох 130 000 000 төгрөгийн төлбөрийг дараах нөхцлөөр төлнө. Дээрхи 2 гэрээний заалтын дагуу 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “З” ХХК-иас Н.Дамчийгийн Төрийн банкны дансаар 30 000 000 төгрөгийн төлбөр орж ирсэн байдаг.
Ийнхүү газар чөлөөлөх нөхөн олговрын мөнгө 150 000 000 төгрөг өгөх болсон нь тодорхой болсны дараа гэж 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах 14/5 тоот гэрээ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 31/8-138 тоот гэрээг хийсэн гэдгийгээ “З” ХХК-ийн захирлууд, төслийн удирдагч нар мэдэж ойлгож байсан атлаа өнөөдөр намайг бодит байдлыг нуун дарагдуулж гэрээ хийсэн мэтээр мэдэн будилж байгааг юу гэж ойлгох вэ?, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоотод байрлах газар болон тус газар дээрх 110 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн, нийт 315 224 000 төгрөгөөр үнэлсэн, энэ үнэлгээний баримтыг тухайн үед төсөл хэрэгжүүлэхэд оролцож байсан төрийн байгууллагын албан тушаалтан, компанийн удирдах хүмүүс бүгдээрээ үзэж харсан. Тухайн үед “З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэмбаяр, төр олон нийттэй харилцах албаны дарга, төслийн удирдагч Х.Лхагваүсрэн нар хоорондоо ярилцаж байгаад нь газар чөлөөлөх болон газар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 280 000 000 төгрөгөөр тооцохоор тохиролцож шийдсэн гэж надад хэлж байсан, үүнийгээ тэд сайн мэдэж байгаа. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяртай протоколоор газар чөлөөлөх нөхөн олговрыг 150 000 000 төгрөгөөр тохирсон байсан үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэмбаяр төр олон нийттэй харилцах албаны дарга Х.Лхагвасүрэн нартай газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай №14/5 тоот гэрээг хийсэн, 2014 оны 12 дугаар сарын 04-ний А/1011 дугаартай нөхөн олговор олгох тухай Нийслэлийн засаг даргын захирамж гарсан.
Иймд хууль журмын дагуу байгуулагдсан гэрээг олгосон 30 000 000 төгрөгийг буцааж гаргуулахыг хүссэн “З” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н- шүүхэд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.Г- нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Нийслэлийн өмчийн харилцааны газар уг, үл хөдлөх эд хөрөнгийг 280 000 000 төгрөгөөр үнэлсэн гэж дурдсан нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Нөхөх олговор олгох тухай А/1011 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Орон сууцны VII хороолол төслийн дэд бүтцийн трасст орсон иргэн Д.Г-ын газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн 150 000 000 төгрөгийн нөхөн олговрын хэмжээг тогтоосон байна.
Иймд Нийслэлийн Өмчийн харилцааны газар иргэн Д.Г-ын газар, үл хөдлөх эд хөрөнгийг 280 000 000 төгрөгөөр үнэлсэн нь нотлогдохгүй байна. Мөн иргэн Д.Г-той байгуулсан 31/8-138 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.3-т 50 мкв бүхий 2 өрөө байр, 30 000 000 төгрөгийг бэлнээр олгов гэсэн тохиролцоо хийсэн.
Тус гэрээг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.17-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй. Гэвч иргэн Д.Г- нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1011 дугаар захирамжийн дагуу газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор авсан боловч төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж болон манай байгууллагыг хууран мэхлэх замаар дахин гэрээ байгуулсан хэмээн үзэж байна. Газар, үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах 14/5 дугаартай гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж тус гэрээндээ 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.18-д Төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээг Төслийн удирдах хорооны баталсан гэрээний загвараар байгуулах бөгөөд өөр загвар ашиглан гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.
Иймд иргэн Д.Г-ын нэхэмжилсэн түрээсийн төлбөр болох 3 900 000 төгрөг болон гэрээний алданги 3 .869 000 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжлэх үндэслэлгүй байна гэжээ.
Хариуцагч “З” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:
2013 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 12/43 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай тогтоол батлагдсан. Үүгээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд хамаарсан. Ийм учраас “З” ХХК нь эхлээд төсөл шалгаруулах үйл ажиллагаанд оролцож, танилцуулга нь 100 хувь шаардлага ханган, шалгарсан учраас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд хамрагдсан газрын өмчлөгч иргэдтэй хэлэлцэн тохиролцож 75 хувиас дээш зөвшөөрлийг авсан байгаа. Тэнд Ганболдын газар болон үл хөдлөх хөрөнгө хамаарч байсан. Энэ хүрээнд эхлээд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2 талт гэрээ байгуулагдсан, үүний дараа түншлэлээр батламжлах үйл ажиллагаа явагдаад үүний дагуу иргэнтэй зөвшилцөөд газрыг нь авах талаар 2 талт гэрээ байгуулагдсан учраас манай “З” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч итгэмжлэгдсэн.
Ингэхдээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны шинэчлэгдэн батлагдсан журам үйлчилж байсан. Журмын 3.17.3-т зааснаар хэрэв тухайн газарт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тохиролцоо хийсэн бол төлбөр төлөх хугацааг тохиролцсон байна, худалдах худалдан авах тохиролцоог төсөл хэрэгжүүлэгч нь тухайн газрын үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчтэй худалдах худалдан авах гэрээг байгуулж болно, байгуулахгүй ч байсан болно гэдэг зохицуулалт тусгасан. Мөн уг журмын 4.24-д зааснаар тухайн газрын өмчлөл, эзэмшил нь “З” ХХК буюу төсөл хэрэгжүүлэгчид шилжихгүй, харин тухайн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хугацаанд тэр газрыг ашиглаад төслийн хугацаанд орон сууц барих юм уу ямар нэгэн байдлаар төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулаад бүгдийг нь төрд буюу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газарт хүлээлгэн өгөх ёстой.
“З” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчийнхээ хувьд тэнд төслийнхөө хүрээнд орон сууцаа барина, харин худалдах худалдан авах гэрээний дагуу тухайн газар, үл хөдлөх хөрөнгийн авсан тохиолдолд зөвхөн ашиглаад бүх юмаа хийж гүйцэтгээд хүлээлгэж өгөөд нөхөн олговрыг төрөөс өгөх ёстой. “З” ХХК нь тэр газрын өмчлөгч нь хэзээ ч болох ёсгүй. Тийм учраас бид энд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс баталсан тогтоолын дагуу худалдах худалдан авах гэрээг, 2 талт гэрээтэй хамт байгуулсан. Гэтэл энэ худалдах худалдан авах гэрээг байгуулахаас өмнө Ганболд нь Нийслэлийн газрын албатай тохиролцоо хийгээд нөхөн олговортойгоор тохиролцоо хийсэн байсан. Энэ асуудал Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заачихсан. Тухайн газар нь барилга байгууламж юм уу? дэд бүтцийн асуудлаар төрд шилжих тохиолдолд нөхөн олговрын асуудлыг шийдээд төр авах асуудлыг зохицуулчихсан. Энэ хүрээнд нөхөн олговортойгоор тэр газар нь дэд бүтцийн трасст өртсөн буюу шугам сүлжээний трасст өртсөн байсан. Тэр газарт “З” ХХК нь барилга байгууламж барихаар ерөнхий төлөвлөгөөгөөр баталчихсан байсан.
Гэтэл тэр нь анхнаасаа дэд бүтцийн трасст өртөөд шугам сүлжээ баригдахаар төлөвлөгдчихсөн байсныг мэдээгүй. Гэтэл энэ нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө трасстаа өртөөд шугам сүлжээ баригдахаар төлөвлөгдчихсөн байсан. Энэ талаар Нийслэлийн газрын албанаас болон Гэр хорооллын дэд бүтцийн газраас бидэнд мэдэгдээгүй учраас бид дээрх тогтоолоор олгосон эрхийхээ дагуу худалдах худалдах авах гэрээг хийж болох юм байна гэдэг хүрээнд худалдах худалдан авах гэрээгээ хийчихсэн. Хэрвээ энэ асуудал манай орон сууцны барилгажих талбайд хамаарахгүй байсан бол худалдах худалдан авах гэрээг анхнаасаа байгуулахгүй байсан. 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлд хэлэлцсэн асуудал нь байгаа. Энд 315 000 000 төгрөгөөр хувийн компани үнэлж тогтоосон байна, тухайн иргэнтэй зөвшилцсөний үндсэн дээр 150 000 000 төгрөгөөр нөхөн олговортойгоор шийдвэрлэлээ гэдгийг харилцан тохиролцсон. Түүнээс биш энд манайхаас 150 000 000 төгрөгөө ав, үлдсэн хэсгийг “З” ХХК буюу төсөл хэрэгжүүлэгчээс ав гэсэн харилцан тохиролцоо явагдаагүй. Тийм учраас дахин худалдах худалдан авах гэрээ байгуулж өөр компани авах боломжгүй болж байгаа.
Нөгөө талаар энэ газрын өмчлөх, эзэмших эрх “З” ХХК-д огт шилжиж ирээгүй. Уг нь талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээгээр өмчлөгч нь эзэмшил, өмчлөлийнхөө газрыг худалдан авагч талд шилжүүлнэ гэдэг үүргийг гэрээнд хүлээчихсэн байгаа. Үүний дараа манайхаас 5 хоногтоо багтаж 30 000 000 төгрөг шилжүүлнэ гэдэг үүргийнхээ дагуу манайд 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч манайд огтхон ч газрын гэрчилгээ, өмчлөлийн асуудал шилжиж ирээгүй. Ингээд 2016 онд төсөл хэрэгжүүлэгчийн маань үйл ажиллагааны эрхийг 6 сарын дотор төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа явуулаагүй гээд цуцалчихсан. Манайх барилгажилтынхаа үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй ч гэсэн төсөлтэй холбогдуулаад холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлээд явж байсан. Ингээд манайд эзэмшил, өмчлөлийн асуудал ч ирээгүй, байшин барилгаа ч бариагүй, эрхээ цуцлуулчихсан.
Иймд 106 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Дээр нь нэмэлт гэрээ байгуулахад иргэн ирж уулзсан, гэр хорооллын асуудалд ямар нэгэн нөхөн олговортой авчихлаа гэдэг асуудлыг ярьсан учраас 6 сарын хугацаатай нэмэлт гэрээ байгуулсан. Гэрээгээр түр суурьшуулах түрээсийн татвар буюу 1 сарын 650 000 төгрөгөөр тохирч 6 900 000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ хүрээнд хэргийн материалд өгсөн баримтын хүрээнд 6 900 000 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс энэ гэрээний холбогдолгүй дараах асуудлаар мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд худалдах худалдан авах гэрээний хувьд 30 000 000 төгрөгийг шилжүүлээд гэрээний үүргээ биелүүлсэн ч нөгөө талаас гэрээний үүргээ биелүүлэхгүй Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.9-д заасан хууран мэхэлж хийсэн шинжтэй хэлцэл байгаа учраас үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 30 000 000 төгрөгөө эргүүлэн авахаар сөрөг нэхэмжлэлээ гаргасан байгаа гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/03064 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “З”ХХК-иас 113 761 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-оос 30 000 000 төгрөг гаргуулж, хариуцагч “З” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Гэр хорооллын дэд бүтцийн газраас татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 726 795 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г-оос 307 950 төгрөгийг гаргуулж, хариуцагч “З” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 336 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/03064 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 034 745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Хоёр шатны шүүх хэт нэг талыг барьж зөвхөн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газрыг хэрхэн чөлөөлөх талаар хэлэлцсэн протокол” гэх НӨХГ-тай хийсэн хэлцлийг үнэлээд бусад гэрээ баримтуудыг огт үнэлэхгүй байна.
Миний газар болон үл хөдлөх хөрөнгө бусад эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ нийтдээ 315 224 000 төгрөгийн үнэлгээтэй байгаа үүнийг 150 000 000 төгрөг эсвэл 130 000 000 төгрөг болгох үндэслэл хэзээ ч байхгүй. Учир нь НИТХ-ын 2014 онн 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.14, 4.16-т зааснаар зөвхөн Нийслэлд 150 000 000 төгрөгөөр нөхөх олговортойгоор газраа өгсөн байсан бол “З” ХХК болон Нийслэлийн засаг дарга оролцсон 3 талт гэрээ байгуулахгүй шууд нийслэлд шилжих байсан.
Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.2-т заасан заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан талуудын гол хүсэл зориг юу байсан гэдгийг шүүх буруу дүгнэсэн байна. Энэхүү гэрээг байгуулснаар таны өмчлөх эрх тань дуусгавар болохгүй “З” ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг чинь биелэгдэж дууссаны дараа “З” ХХК-ийн өмчлөлд шилжинэ гэж ойлгуулж Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг тайлбарлан энэхүү гэрээг байгуулсан юм.
Гурван талт гэрээний дагуу уг газрын өмчлөгч эзэмшигч нь Д.Г- миний нэр дээр байх бөгөөд “З” ХХК болон Нийслэлийн засаг дарга нартай байгуулсан гурван талт гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Нийслэлийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт байгаа болно. Хэрвээ би Нийслэл болон “З” ХХК-ийн аль нэгд нь газраа худалдсан бол НЗДарга баталгаажуулж гурван талт гэрээ байгуулах ямар ч үндэслэлгүй байсан. “З” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх талбай дээр нь бүхэл бүтэн 7-р хорооллыг ус, дулаан, цахилгаанаар хангах 2 ширхэг ЦТФ барьсаныг мэдээгүй байсан сая шүүхэд өгөхөд нь мэдсэн хэмээн “З” ХХК нь мэдүүлж байгаа нь огт үндэслэлгүй байна. Бодит амьдрал дээр иргэн Д.Г- би Төрийн байгууллагад хууран мэхлэгдэж, хувийн том компанид луйвардуулж эцэстээ дээрх хоёр байгууллагад гэр орон, газар, бүх эд зүйлсээ өвлийн хүйтэнд чөлөөлж өгснийхөө төлөө өрөнд орж, орон гэргүй болж хүнд нөхцөлд амьдарч байна. Миний болон үр хүүхдийн маань амьдрах эрх зөрчигдөж хохирч байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх баримтуудыг үнэн зөв үнэлж дүгнээгүй байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.2-т заасан заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. Шүүхээс шийдвэрийн гол үндэслэл болгосон нэхэмжлэгч Д.Г- нь “З” ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн уулзалтаар Нийслэлийн тусгай хэрэгцээнд өөрийн өмчлөлийн газрыг 150 000 000 төгрөгөөр нөхөх олговортойгоор төрийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Г- нь өөрийн өмчлөлийн газрын өмчлөх эрхийг хариуцагч “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, нийслэлийн хэрэгцээнд газраа эргүүлэн өгсөн атлаа бусдаас уг газрынхаа төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн.
Шүүхээс гэрээний талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ гэрээ байгуулах үед талууд ямар хүсэл зоригтой байсан эсэхийг тодруулах шаардлагатай байсан хэдий ч уг асуудлыг шийдвэрлэхдээ хэт объектив хандаж, хариуцагчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөлд байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” хэмээн заасан. Д.Г-ын хөрөнгийг нийт 280 000 000 төгрөгөөр үнэлэн 150 000 000 төгрөгийг нийслэлийн захиргааны байгууллагаас, үлдсэн 130 000 000 төгрөгийг “З” ХХК-аас тус тус авахаар тохиролцсон.
...Нөгөөтэйгүүр, бид худалдах, худалдан авах гэрээний дагуу л төлбөрийг шаардаж байгаа билээ. Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний харилцаанд дүгнэлт өгөхдөө хууль дээдлэх зарчим бодитоор хэрэгжсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй. Иргэний хэрэгт иргэн Д.Г- болон “З” ХХК нарын хооронд байгуулсан 2014.11.04-ний өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, мөн өдрийн “Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” авагдсан байх бөгөөд шүүхээс маргааныг шийдвэрлэхээ талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааны төрлийг тодорхойлоогүйгээс эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн хэмээн үзэж байна. Тухайлбал, иргэн Д.Г- өөрийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “З” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй хэмээн шүүхээс дүгнэхдээ хүчин төгөлдөр үйлчилж байсан, эсхүл үйлчилж байгаа эрх зүйн актын хүрээнд ийнхүү шилжүүлэх боломжтой байсан эсэхийг нягтлан шалгах шаардлагатай байсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам” болон эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд иргэн өөрийн өмчлөлийн газар, бусад эд хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх ямар ч зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн ерөнхий үзэл баримтлалтай дээрх үйлдэл нь ноцтой зөрчилдөх юм. Хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх үед хамтран хариуцагч Гэр хорооллын дэд бүтцийн газраас дээрх асуудалд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч байсан хэдий ч шүүх хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзээгүй нь гэрээний харилцааг дүгнэхгүй орхигдуулж, эрх зүйн буруу дүгнэлт хийхэд хүргэсэн хэмээн үзлээ.
Мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.24-т “төсөл хэрэгжүүлэгчийн худалдан авсан газар, үл хөдлөх эд хөрөнгө нь төсөл хэрэгжүүлэгч компанийн нэр дээр эзэмших эрхтэйгээр шилжих бөгөөд худалдан авсан газар, үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн төслийн зориулалтаар ашиглана” гэж журамд зааснаар Д.Г- нь “З” ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлэх шаардлагагүйн зэрэгцээ Д.Г- гэрчилгээг “З” ХХК-д захирлаар ажиллаж байсан Н.Эрдэмбаяр болон төслийн удирдагч Ж.Лхагвасүрэн нарын шаардлагаар тэдэнд хүлээлгэн өгч байсан. Ийнхүү хүлээлгэн өгөхдөө энэ өдрөөс эхлэн “З” ХХК захиран зарцуулах эрхтэй болно гэж заасан бичиг үйлдэж “З” ХХК-д өгч байсан. Харин эзэмших эрхийн нэр шилжүүлэх асуудлын хувьд худалдах худалдан авах гэрээний 2.3-т зааснаар хариуцагчийн үүрэг байх тул энэхүү асуудалд Д.Г-ыг буруутгах боломжгүй юм.
Мөн журмын 4.19-т Нийслэлийн засаг дарга инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжуүлнэ. Журмын 4.21-т төслийн нийт санхүүжилтын 50-иас доошгүй хувийг төсөл хэрэгжүүлэгч бие даан санхүүжүүлэх тохиолдолд энэ журмын 4.19-т заагдсан ажлыг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх эрхтэй гэж заасан.
...Газрын тухай хуулийн 43 дугаар зүйл нь Иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газрын харилцаанд үйлчлэх бөгөөд газар эзэмших гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авахад нөхөх олговор олгохтой холбоотой харилцаанд хэрэглэгдэнэ. Харин нэхэмжлэлд хамаарч байгаа газар нь Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газар байгаа нь туйлын тодорхой маргаангүй ойлголт билээ. Харин Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах зохицуулалт нь зөвхөн уг хуулийн 32.1.1-32.1.3-т заасан тусгай хэрэгцээг үндэслэсэн байх бөгөөд мөн хуулийн 32.2-т зааснаар дээрх шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Шүүхээс Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэглэж өмчийн харилцаанд дүгнэлт өгөхдөө хуулийн заалтыг зохицуулж байгаа харилцаа, хэм хэмжээ үйлчлэн хэрэглэгдэх урьдчилсан нөхцөл зэргийг сайтар харгалзан үзээгүйгээрээ маргааныг шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бүрэн бодит дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй хэмээн үзэж байна. Гомдлын үндэслэлийн 1-д дурдсанчлан Нийслэлийн захиргааны байгууллагаас иргэн Д.Г-од нөхөх олговор олгосон хэдий ч өмчлөх эрхээ шилжүүлэн аваагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ төсөл хэрэгжүүлэх байгууллагад эх хувираа хадгалагдаж байгаа нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд чухалчлан авч үзэх үндсэн асуудал бөгөөд хэлцлийн хүсэл зоригийг тайлбарлахад хэрэглэгдэх бодит нөхцөл байдал хэмээн үзэж байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 болон 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг хангасан. Гэвч энэхүү гэрээнүүд нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хийгдсэн гэрээнүүд байх бөгөөд xoёp талт гэрээ болон худалдах худалдан авах гэрээгээр нэр шилжүүлэх үүрэг нь “З” ХХК-д байсан, Д.Г- нь өөрийн зүгээс гэрчилгээнүүдийг хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн байна. Цаашлаад Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасанчлан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд газрын өмчлөх эрх Д.Г-ын өмчлөх эрхэд бүртгэлтэй эд хөрөнгийн эрх дуусгавар болоогүй, газрын эрх албан ёсоор өөр байгууллагад шилжээгүй байхад иргэн миний “З” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон эд хөрөнгө нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн эрхийн доголдолтой байсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Дээрх бүхнээс дүгнэхэд шүүх хэргийг шийдвэрлэхээ талуудын хооронд үүссэн гэрээ, хэлцлийн харилцааг тодорхойлоогүй, талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл нь хуульд нийцсэн эсэх, хүчин төгөлдөр эсэх, гэрээний хүсэл зориг нь бодит байдалд ямар байсан эсэх зэрэг үндсэн үйлдэл, үйл явдалд эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр хариуцагчийн тайлбарыг хэт харгалзан, нотлох баримтыг хэт объектив байдлаар тайлбарласан зэрэг нь нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон эрх ноцтой зөрчигдөх нөхцлийг бүрдүүлж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлээгүй, улмаар маргааны үйл баримт тодорхой бус үлджээ.
Нэхэмжлэгч Д.Г- нь “З” ХХК болон Гэр хорооллын дэд бүтцийн газарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 113 769 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Гэр хорооллын дэд бүтцийн газарт холбогдох шаардлагаас татгалзсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хариуцагч “З” ХХК-ийг 53 мкв талбай бүхий орон сууцны үнэд 106 000 000 төгрөг, нэмэлт гэрээнд заасан орон сууцны түрээсийн төлбөрт 3 900 000 төгрөг, алдангид 3 869 000 төгрөг, нийт 113 769 000 төгрөг төлөх үүрэгтэй гэжээ.
Хариуцагч “З” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна сөрөг нэхэмжлэл гаргаж, төсөл хэрэгжээгүй учир урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шаарджээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Д.Г- нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч “З” ХХК-тай газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8 дугаар гудамж, 138 тоотод хаягтай 606 ам.дөрвөлжин метр талбай бүхий газар, 110 мкв талбайтай хувийн сууцыг 130 000 000 төгрөгөөр “З” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ. Энэ гэрээний дагуу хариуцагч “З” ХХК урьдчилгаа төлбөрт 30 000 000 төгрөг төлсөн байна.
Нэхэмжлэгч Д.Г- болон хариуцагч “З” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ” байгуулж, Д.Г- өөрийн өмчлөлийн 606 мкв талбай бүхий газар болон 110 мкв талбай бүхий хувийн сууцыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 3 блокийн 2 өрөө 50 мкв талбай бүхий, 2016 онд ашиглалтад орох, 100 000 000 төгрөгийн үнэтэй орон сууцаар солихоор тохиролцжээ.
Нэхэмжлэгч Д.Г-, хариуцагч “З” ХХК, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга нар нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ” байгуулсан байна. Энэхүү гэрээгээр Д.Г- газраа чөлөөлөх, нүүн шилжих, “З” ХХК хууль тогтоомжид нийцүүлэн барилга байгууламж барих, Нийслэлийн засаг захиргааны байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах үндсэн үүргийг хүлээжээ.
Иргэн Н.Дамчий \Д.Г-ын эцэг\ “Заг” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний хугацааг 6 сараар сунгаж, худалдагч талд орон сууц түрээслэх зорилгоор 3 900 000 төгрөг олгохоор тохиролцсон байна.
Дээрх гэрээний зүйл болж буй газар болон хувийн сууц нь нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Нийслэлийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр А\1011 дугаартай захирамж гаргаж, Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй орон сууцны 7 дугаар хороолол төслийн дэд бүтцийн трасст өртсөн 15 иргэний өмчлөлийн газар болон эд хөрөнгийн нөхөн олговрын хэмжээг батласан байна. Уг захирамжийн дагуу нэхэмжлэгч Д.Г-од 150 000 000 төгрөг төлөгджээ.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, газар зохион байгуулагч Н.Бат-Эрдэнэ, газар өмчлөгч Д.Г- нар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр уулзалт хийж, газар чөлөөлөх ажиллагааны явцад газар өмчлөгч газрын үнэлгээг зөвшөөрөөгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, хувийн сууц 42 524 000 төгрөг, газар 272 700 000 төгрөг, нийт 315 224 000 төгрөг болсноос талууд харилцан зөвшилцөж, 150 000 000 төгрөгийн нөхөх олговрын үнэлгээгээр газар чөлөөлөхөөр тохиролцож, тэмдэглэл хөтлөн, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Түүнчлэн, “нөхөх олговрын үнийн дүнг зөвшилцөх хуудас” гэх баримт үйлдэж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэх орон сууцны 7 дугаар хороолол төслийн дэд бүтцийн трасст орсон иргэн Д.Г- газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын 150 000 000 төгрөгийн үнийн дүнг эцэслэн зөвшөөрсөн талаар тусгажээ.
Хоёр шатны шүүх дээрх үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ, нэхэмжлэгчийн нийт 315 224 000 төгрөгийн үнэлгээ бүхий газар болон хувийн сууцны төлбөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас 150 000 000 төгрөгийн нөхөх олговроор хангагдсан гэж үзжээ.
Гэтэл нэхэмжлэгч Д.Г- өөрийн өмчлөлийн газар болон хувийн орон сууцыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас 150 000 000 төгрөгийн нөхөх олговор авч, “Заг девелопмент” ХХК-д 130 000 000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарлаж, 150 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас, 30 000 000 төгрөгийг “Заг девелопмент” ХХК-иас авсан, харин 100 000 000 төгрөг буюу 2 өрөө орон сууцыг аваагүй тул энэ мөнгийг, мөн нэмэлт гэрээгээр тохирсон орон сууц түрээслэх 3 900 000 төгрөгийг “З” ХХК-иас нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч тал хяналтын шатны шүүхэд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний анхны хувилбар, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажилтнуудын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байсан гэрчийн мэдүүлэг зэргийн хуулбарыг ирүүлсэн байх ба анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдээгүй байна.
Зохигчийн хоорондох маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй тул шүүхийн хийсэн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх ба шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 227 дугаар зүйлийн 227.3., 232 дугаар зүйлийн 232.6., 256 дугаар зүйлийн 256.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар эцэслэн дүгнэх боломжгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/03064 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 336 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 1 034 745 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН