Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2017/03064

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Г -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ЗД ХХК  /РД: 5818303/

 

Хариуцагч: ГХДБГ  -т тус тус холбогдох

 

113.769.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, З...давелопер ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 14/8 тоот “Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 30.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дамчий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д, хариуцагч З.. ХХК -ийн төлөөлөгч Б.Б, хариуцагч Гэр хорооллын дэд бүтцийн газрын төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хүү Д.Г  нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот нэг талбарын 1864331280978 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135415 дугаартай 606 ам.дөрвөлжин метр талбай газар, тус газар дээрхи 110 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү2203016842 дугаартай хувийн орон сууцтай байсан юм.

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 2/29, 3/31 тоот тогтоолын дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх 2 талт 31/8-138 тоот гэрээг, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 14/5 тоот гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж уг эд хөрөнгөө худалдсан. Нийслэлийн Өмч газрын харилцааны газар /одоо Өмчийн харилцааны газар/ миний өмчлөлийн уг газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 280.000.000 төгрөгөөр үнэлэн тохиролцож тухайн үедээ Нийслэлийн төрийн сангаас 140.000.000 төгрөг надад өгсөн ба үлдэгдэл 106.000.000 төгрөгийн төлбөрт гэр хорооллыг барилгажуулах төслийн 3 дугаар блокоос 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны 5 дугаар давхраас 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохирсон юм.

Хоёр талт 31/8-138 тоот гэрээний 3.2, 3.3-т заасан хоёр талт гэрээ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх талаар байгуулах гурван талт гэрээний урьдчилсан нөхцөлийг бүрдүүлнэ. Энэхүү гэрээ нь гурван талт гэрээний салшгүй хэсэг байна гэж заасныг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 31/8-138 тоот гурван талт гэрээг байгуулж хуучнаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар /Гэр хорооллын хөгжлийн газар/-ын дарга Ш.Г гэрээнд гарын үсэг зурж тамга дарсан. Гэвч 2016 оны 2 дугаар  улиралд дуусахад надад гэрээнд заасан 2 өрөө сууцыг олгоогүй учир 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 14/5 гэрээнд нэмэлт оруулах гэрээг байгуулж гэрээний хугацааг 6 сараар сунгаж, сунгасан 6 сарын хугацаанд сар бүр 650.000 төгрөгийг орон сууцны түрээс түр суурьшуулах зардалд төлөхөөр тохиролцсон. Гэвч 6 сарын хугацаа өнгөрөхөд мөн л 2 өрөө орон сууцаа өгөөгүй. Ингээд би 12 дугаар сарын 20-ны өдөр дахин очсон бөгөөд түлш зарцуулах зардал өгөхгүй гэсэн.

Ингээд манай гэр бүл өөрийн гэсэн гэргүй, түрээсийн байрны төлбөргүй амьдралын хүнд нөхцөлд 3 жил амьдарч хохирсоор байна. Миний өмчлөлд байсан газар дээр одоо төслийн шинэ орон сууцнуудыг ус цахилгаанаар хангах ЦТП барьж ашиглалтад орон 2 жил гаруй хугацаа өнгөрүүлж байна. Хоёр талт гэрээний нэг тал болох ЗД ХХК -ийн захирал Нэмэхбаатарын Эрдэмбаяртай уулзахад байрны түрээсийн төлбөрийг цаашид төлөхгүй таны үл хөдлөх хөрөнгийг буулгаж төрийн өмчийн барилга барьсан, манай компанид ямар ч газар үлдээгүй, 2 өрөө байрны үнэ 106.000.000 төгрөг болон бусад хохирлоо ГХДБГ , нийслэлийн Засаг дарга /төрөөс/ авах ёстой гэж хариу өгсөн.

Миний бие 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн захирагч болон ГХДБГ т гомдол гаргасан боловч гомдлыг ЗД ХХК -д шилжүүлж орон сууцны асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэх үүрэг өгсөн байдаг. Гэвч ЗД ХХК  уг асуудлыг шийдвэрлэхгүй миний бие шүүхэд хандан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

ЗД ХХК  болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газраас 1.Гэрээгээр надад өгөхөөр тохирсон 53 м.кв байрыг м.кв-ыг нь 2.000.000 төгрөгөөр үнэлж 106.000.000 төгрөг, 2.Нэмэлт гэрээнд зааснаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсноос хойш хугацааны орон сууцны түрээсийн төлбөр сар бүр 650.000 төгрөг 2017 оны 06 дугаар  сарыг дуустал хугацаагаар 3.900.000 төгрөг, 3.14/5 тоот гэрээний 5.2-т заасан 106.000.000 төгрөгөөс хоног тутам алданги 3.869.000 төгрөг, нийт 113.769.000 төгрөгийг яаралтай гаргуулах хүсэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Ганболдын өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгө, газар, амбаар, гарааш гээд эд зүйлсийг өөрсдийн зардлаар буулгаж шилжүүлсэн. ЗД ХХК  нь гэрээгээ  11 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн нь үнэн. Бид Д.Г ын эзэмшилд байсан газар дээрхи байшин үл хөдлөх эд хөрөнгө, хашаа, амбаар бусад эд зүйлсээ өөрийн зардлаар буулгаж нүүлгэн шилжүүлсний дараа /ЗД ХХК -тай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14/5 тоот гэрээг байгуулах үед / ЗД ХХК -ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэмбаяр, төслийн удирдагч Х.Лхагвасүрэн нарын шаардлагаар газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг тэдэнд хүлээлгэн өгч энэ өдрөөс эхлэн тус газрыг ЗД ХХК  эзэмших буюу захиран зарцуулах эрхтэй болон гэж Н.Дамчий миний гарын үсэгтэй бичиг үйлдүүлэн хүлээн авсан. Н.Ганболдын нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 2 гэрчилгээг ЗД ХХК -ийн мэдэгдэлд шилжүүлэн өгсөн, уг газрыг чөлөөлөхөөр газар дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн зардлаар буулгаж нүүлгэсэн, одоо тэнд орон сууцнуудыг ус цахилгаанаар хангах ЦТП барьсан тул бид газрыг шилжүүлэхгүй гэж маргах асуудал ерөөс байхгүй, гэрчилгээнүүд бидэнд байхгүй, ЗД ХХК -ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэмбаяр, төслийн удирдагч Х.Лагвасүрэн нар шаардаж авсан.

ЗД ХХК -тай гэрээ хийхээс өмнө 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын гаар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Б-тай протоколоор газар чөлөөлөх нөхөн олговорыг 150.000.000 төгрөгөөр тохирсон байсан тул түүнийг хасч тооцон, ЗД ХХК -тай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14/5 тоот газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба энэ гэрээний 1.2 дахь хэсэгт худалдан авч буй газрын төлбөр болох 130.000.000 төгрөгийн төлбөрийг дараах нөхцөлөөр төлнө. Үүнд 1.Урьдчилгаа 30.000.000 төгрөгийг энэ гэрээ талуудын хоооронд байгуулж, хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ажлын 5 хоногт багтаан худалдагч тал төлнө. 1.2.2 энэ гэрээний үлдэгдэл 100.000.000 төгрөгийн төлбөрт худалдан авагч тал гэр хорооллыг барилгажуулах төлсийн 3 блокоос 2016 оны 02 дугар улиралд ашиглалтад орох орон сууынц 5-р давхараас 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдагчид бартер хэлбэрээр төлнө гэж гэрээгээр тохиролцож 2 тал гарын үсгээ зурсан. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 31/8-138 тоот гэрээний 2.2.3 дахь хэсэгт 3 блокоос 2 өрөө 50 м.кв орон сууц өгнө, нэг м.кв нь 2.000.000 төгрөг 30.000.000 төгрөгийг блэнээр олгов. Гэрээний 2.5-д 2016 оны 2 дугаар улиралд дуустал ЗД ХХК  түр суурьшуулан зардалд тооцон орон сууцны З м.кв нэмж өгөхөөр тохиролцов гэсэн гэрээний заалт тодорхой байгаа. Дээрхи 2 гэрээний заалтын дагуу 2014 оны 11-р сарын 13-ны өдөр ЗД ХХК -иас Н.Д-гийн Т  банкны дансаар 30.000.000 төгрөгийн төлбөр орж ирсэн байдаг.

Ийнхүү газар чөлөөлөх нөхөн олговорын мөнгө 150.000.000 төгрөг өгөх болсон нь тодорхой болсны дараа гэж 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах 14/5 тоот гэрээ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 31/8-138 тоот гэрээг хийсэн гэдгийгээ ЗД ХХК -ийн захирлууд, төслийн удирдагч нар мэдэж ойлгож байсан атлаа өнөөдөр намайг бодит байдлыг нуун дарагдуулж гэрээ хийсэн мэтээр мэдэн будилж байгааг юу гэж ойлгох вэ?, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоотод байрлах газар болон тус газар дээрх 110 м.кв талбайтай үл хөдөлх өэд хөрөнгөө 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн, нийт 315.224.000 төгрөгөөр үнэлсэн, энэ үнэлгээний баримтыг тухайн үед төсөл хэрэгжүүлэхэд оролцож байсан төрийн байгууллагын албан тушаалтан, компанийн удирдах хүмүүс бүгдээрээ үзэж харсан. Тухайн үед ЗД ХХК -ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэмбаяр, төр олон нийттэй харилцах албаны дарга, төслийн удирдагч Х.ЛХагваүсрэн нар хоорондоо ярилцаж байгаад нь газар чөлөөлөх блон газар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 280.000.000 төгрөгөөр тооцохоор тохиролцож шийдсэн гэж надад хэлж байсан, үүнийгээ тэд сайн мэдэж байгаа. 280.000.000 төгрөгийг би санаанаасаа зохиосон юм биш. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлстийн дарга Н.Баяртай протоколоор газар чөлөөлөх нөхөн олговрыг 150.000.000 төгрөгөөр тохирсон байсан үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ЗД ХХК -ийн гүйцэтгэх захирал Н.эрдэмбаяр төр олон нийттэй харилцан албаны дарга Х.Лхагвасүрэн нартай газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай №14/5 тоот гэрээг хийсэн, 2014 оны 12 дугаар сарын 04-ний А/1011 дугаартай нөхөн олговор олгох тухай Нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Иймд хууль журмын дагуу байгулагдсан гэрээг олгосон 30.000.000 төгрөгийг буцааж гаргуулахыг хүссэн ЗД ХХК -ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 130.000.000 төгрөг хариуцагч төлөх болоод надад 30.000.000 төрөг өгсөн. Ингээд барилгыг буулгах ажилд би зарцуулсан, эргээд 30.000.000 төгрөг авах гэж өөрсдийнхөө хийсэн гэрээнд цоорхой гаргаж намайг хохироох гэж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энд 1 цогц үйл ажиллаагаа явж байсан учраас хэн нэгнийгээ хууран мэхлэх нөгөө талдаа түрүүлж авчхаад дараа нь нуусан гэдэг асуудал байхгүй, хугацааны хувьд үргэлжлээд яваад байгаа.  Ингээд 2014 оны 02 дугаар сарын 04-ний захирамжаас хойш 3 талт гэрээ 2015 онд байгуулагдсан, 2016 онд нэмэлт гэрээ байгуулагдаад явж байсан энэ хүртэл эдгээрийг мэдэхгүй байна гэхээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын /2014 оны 23-р тогтоолоор батлагдсан/ 3.18-нд зааснаар ажлын алба нь гэр хорооллын хөгжлийн газар байхаар тодорхой заасан. Энд зөвхөн тэр гарсан эрхийн акт, гэрээнүүдийг заахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зөвхөн газрыг чөлөөлөх нөхөн олговор гэдгийг эдгээр баримтууд дээр заасан байгааг анзаараасай.

Газар чөлөөлөх нөхөн олговор үүний дээр байгаа эд хөрөнгө нь Нийслэлийн засаг даргын А/1011 дугаартай захирамжийн 3 дахь хэсэгт газар дээрх эд хөрөнгийн нөхөн олговрыг олгоно гээд зүгээр нэг оруулаагүй заалт байгаа гэдгийг шүүх хараасай. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын холбох гээд байгаа зүйл нь 3.18-нд төслийн удирдах хорооны ажлын алба нь засаг дарга төслийн удирдлагын хороонд төсөл хэрэгжүүлэгч, төсөлд оролцож байгаа эд хөрөнгийн өмчлөгчтэй эд нарын үйл ажиллагаа танилцуулах үүрэгтэй байгаа. Гэтэл өнөөдөр мэдээгүй яагаад нэг хэсэг хүмүүс мөнгө аваад байдаг юм бэ? гэдэг асуудал байна.

Ингэх юм бол одоо төслийн мөнгийг залтай гэх юм уу арга хайсан хүмүүст алдаад дуусах нь байна, ийм учраас огт мэдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл огт мэдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй болох нь эндээс харагдаж байна. ЗД ХХК -ийн хариу тайлбарын тухайд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд зааснаар ямар биет байдлын доголдолтой газар шилжүүлсэн бэ? гэдэг нь тодорхой биш, энд хашаагаа нураагаад л шилжүүлсэн зүйл байгаа. Нөгөө талаар хэн ямар этгээд гуравдагч этгээд шаардлага гаргаад эрхийн доголдолтой гэж үзэж байгаа вэ? Өнөөдөр төсөл хэрэгжүүлэхэд оролцогч төрийн байгууллага, аж ахуйн нэгж хоёрын хооронд л Ганболд хохирчхоод яваад байгаа. Худалдах худалдан авах гэрээний 2.3-т зааснаар хариуцагчийн томилсон төлөөлөгчтэй хамтран бүртгүүлэх ажиллагааг зохион байгуулна гэж байгаа. Тэгэхээр бүртгүүлэх үйл ажиллагаа нь хариуцагч талын ч үүрэг байна. Гэтэл томилсон зохион байгуулагч нэг удаа ч шаардаагүй нь энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй, тухайн үедээ гарын үсэг зуруулаад авчихсан зүйлдээ хариуцагч тал маргахгүй байгаа. Ганболд бол шилжүүлэхэд бэлэн байсан, гагцхүү гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч тал үүргээ биелүүлэн хүлээж аваагүй л асуудал байгаа. Иргэний хуулийн 248.2-т зааснаар газар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэж өгсөн, энийг маргаагүй.

Гэтэл өнөөдөр л Ганболд өөрөө очоод өгчихсөн мэт яриад, өмнө нь өгсөн гэдэг асуудлаар хариуцагч тал маргаагүй байгаа. Хариуцагч талд гэрчилгээг хүлээлгэж өгсөн, 2 болон 3 талт гэрээ байгуулагдсан, гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрийг өгсөн, суурьшуулах зардал олгосон гээд тодорхой үйлдлүүд хийгдсэн байгаа. Энэ үүргүүдийг гэрээний үүргийн зөрчил гэж үзвэл энэ бол ялимгүй зөрчил гэдэг асуудалд орох уу? гэдэг асуудал яригдана. Нөгөө талаар ЗД ХХК -ийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээнүүдийн дагуу 30.000.000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн, гэрээний үргэлжлэл баталгаажих гэрээг 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. 7 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан гэх мэтээр гэрээ хүчин төгөлдөр болох, ЗД ХХК  үүргээ биелүүлж байсныг харуулах тодорхой баримтууд байна. Хэрэв эд хөрөнгийн гэрчилгээг өгөөгүй байсан бол үүнийг шаардаж авах эрх хариуцагч талд байсан, энэ эрхээ биелүүлээгүй. Харин худалдагч тал болох Ганболд нь өнөөдрийн хүртэл нэхэмжлэл гаргаж байгаагаас харагдаж байгаа. Худалдан авагч тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй, нэмэлт гэрээ байгуулсан боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5.2-т зааснаар алданги гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.8-д зааснаар хариуцагч тал тайлбар хэлж байсан. Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт тайлбарлагдахад дээрх заалт хэрэглэгдэх юм. Энд хэн нэгний зөвшөөрөл авах тухай асуудал яригдахгүй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан нөхцөл бүрдсэн байх ёстой гэтэл энд зааснаар талуудын хооронд үүрэг үүсээд гэрээнийхээ дагуу шаардлага гаргаж явж байгаа учраас энд хамаарахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч Гэр хорооллын дэд бүтцийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Г  нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Нийслэлийн өмчийн харилцааны газар уг, үл хөдлөх эд хөрөнгийг 280.000.000 төгрөгөөр үнэлсэн гэж дурдсан нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Нөхөх олговор олгох тухай А/1011 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Орон сууцны VII хороолол төслийн дэд бүтцийн трасст өртсөн иргэн Д.Г ын газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн 150.000.000 төгрөгийн нөхөн олговрын хэмжээг тогтоосон байна.

Иймд Нийслэлийн Өмчийн Иймд Нийслэлийн Өмчийн харилцааны газар иргэн Д.Г ын газар, үл хөдлөх эд хөрөнгийг 280.000.000 төгрөгөөр үнэлсэн нь нотлогдохгүй байна. Мөн иргэн Д.Г той байгуулсан 31/8-138 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.3-т 50 м.кв бүхий 2 өрөө байр, 30.000.000  төгрөгийг бэлнээр олгов гэсэн тохиролцоо хийсэн.

Тус гэрээг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.17-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй. Гэвч иргэн Д.Г  нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1011 дугаар захирамжийн дагуу газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор авсан боловч төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж болон манай байгууллагыг хууран мэхлэх замаар дахин гэрээ байгуулсан хэмээн үзэж байна. 2.Газар, үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах 14/5 дугаартай гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж тус гэрээндээ 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.18-д Төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээг Төслийн удирдах хорооны баталсан гэрээний загвараар байгуулах бөгөөд өөр загвар ашиглан гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд иргэн Д.Г ын нэхэмжилсэн түрээсийн төлбөр болох 3.900.000 төгрөг болон гэрээний алданги 3 .869.000 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжлэх үндэслэлгүй байна” гэв.

 

Хариуцагч ЗД ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 12/43 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай тогтоол батлагдсан. Үүгээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд хамаарсан.

Ийм учраас ЗД ХХК  нь эхлээд төсөл шалгаруулах үйл ажиллагаанд оролцож, танилцуулга нь 100 хувь шаардлага ханган, шалгарсан учраас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд хамрагдсан газрын өмчлөгч иргэдтэй хэлэлцэн тохиролцож 75 хувиас дээш зөвшөөрлийг авсан байгаа. Тэнд Ганболдын газар болон үл хөдлөх хөрөнгө хамаарч байсан. Энэ хүрээнд эхлээд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2 талт гэрээ байгуулагдсан, үүний дараа түншлэлээр батламжлах үйл ажил явагдаад үүний дагуу иргэнтэй зөвшилцөөд газрыг нь авах талаар иргэнтэй зөвшилцөж 2 талт гэрээ байгуулагдсан учраас манай ЗД ХХК  төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч итгэмжлэгдсэн.

Ингэхдээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  23 дугаартай тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны шинэчлэгдэн батлагдсан журам үйлчилж байсан. Журмын 3.17.3-т зааснаар хэрэв тухайн газарт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тохиролцоо хийсэн бол төлбөр төлөх хугацааг тохиролцсон байна, худалдах худалдан авах тохиролцоог төсөл хэрэгжүүлэгч нь тухайн газрын үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчтэй худалдах худалдан авах гэрээг байгуулж болно, байгуулахгүй ч байсан болно гэдэг зохицуулалт тусгасан. Мөн уг журмын 4.24-д зааснаар тухайн газрын өмчлөл, эзэмшил нь ЗД ХХК  буюу төсөл хэрэгжүүлэгчид шилжихгүй, харин тухайн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хугацаанд тэр газрыг ашиглаад төслийн хугацаанд орон сууц барих юм уу ямар нэгэн байдлаар төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулаад бүгдийг нь төрд буюу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газарт хүлээлгэн өгөх ёстой. Ингэж хүлээлгэж өгөх нь энэ газрын өмчлөл нь эцсийн дүндээ хэнд шилжих вэ? төлбөр тооцоог хэн хийх вэ? гэдгийг тодруулах шаардлагатай.

ЗД ХХК  нь төсөл хэрэгжүүлэгчийнхээ хувьд тэнд төслийнхөө хүрээнд орон сууцаа барина, харин худалдах худалдан авах гэрээний дагуу тухайн газар, үл хөдлөх хөрөнгийн авсан тохиолдолд зөвхөн ашиглаад бүх юмаа хийж гүйцэтгээд хүлээлгэж өгөөд нөхөн олговрыг төрөөс өгөх ёстой. ЗД ХХК  нь тэр газрын өмчлөгч нь хэзээ ч болох ёсгүй.

Тийм учраас бид энд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс баталсан тогтоолын дагуу худалдах худалдан авах гэрээг, 2 талт гэрээтэй хамт байгуулсан. Гэтэл энэ худалдах худалдан авах гэрээг байгуулахаас өмнө Ганболд нь Нийслэлийн газрын албатай тохиролцоо хийгээд нөхөн олговортойгоор тохиролцоо хийсэн байсан. Энэ асуудал Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заачихсан. Тухайн газар нь барилга байгууламж юм уу? дэд бүтцийн асуудлаар төрд шилжих тохиолдолд нөхөн олговрын асуудлыг шийдээд төр авах асуудлыг зохицуулчихсан. Энэ хүрээнд нөхөн олговортойгоор тэр газар нь дэд бүтцийн трасст өртсөн буюу шугам сүлжээний трасст өртсөн байсан. Тэр газарт ЗД ХХК  нь барилга байгууламж барихаар ерөнхий төлөвлөгөөгөөр баталчихсан байсан.

Гэтэл тэр нь анхнаасаа дэд бүтцийн трасст өртөөд шугам сүлжээ баригдахаар төлөвлөгдчихсөн байсныг мэдээгүй. Гэтэл энэ нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө трасстаа өртөөд шугам сүлжээ баригдахаар төлөвлөгдчихсөн байсан. Энэ талаар Нийслэлийн газрын албанаас болон Гэр хорооллын дэд бүтцийн газраас бидэнд мэдэгдээгүй учраас бид дээрх тогтоолоор олгосон эрхийхээ дагуу худалдах худалдах авах гэрээг хийж болох юм байна гэдэг хүрээнд худалдах худалдан авах гэрээгээ хийчихсэн. Хэрвээ энэ асуудал манай орон сууцны барилгажих талбайд хамаарахгүй байсан бол худалдах худалдан авах гэрээг анхнаасаа байгуулахгүй байсан. Энд хэд хэдэн давхардсан зүйл болчхож байгаа. Тэхээр Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32.5.1-т зааснаар газрын үнийг харилцан тохиролцож тогтоогоод нөхөн олговортойгоор авна гэдэг асуудлыг хуулинд тусгачихсан. Тэхээр 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлд хэлэлцсэн асуудал нь байгаа. Энд 315.000.000 төгрөгөөр хувийн компани үнэлж тогтоосон байна, тухайн иргэнтэй зөвшилцсөний үндсэн дээр 150.000.000 төгрөгөөр нөхөн олговортойгоор шийдвэрлэлээ гэдгийг харилцан тохиролцсон. Түүнээс биш энд манайхаас 150.000.000 төгрөгөө ав, үлдсэн хэсгийг ЗД ХХК  буюу төсөл хэрэгжүүлэгчээс ав гэсэн харилцан тохиролцоо явагдаагүй. Тийм учраас дахин худалдах худалдан авах гэрээ байгуулж өөр компани авах боломжгүй болж байгаа.

Нөгөө талаар энэ газрын өмчлөх, эзэмших эрх ЗД ХХК -д огт шилжиж ирээгүй. Уг нь талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээгээр өмчлөгч нь эзэмшил, өмчлөлийнхөө газрыг худалдан авагч талд шилжүүлнэ гэдэг үүргийг гэрээнд хүлээчихсэн байгаа. Үүний дараа манайхаас 5 хоногтоо багтаж 30.000.000 төгрөг шилжүүлнэ гэдэг үүргийнхээ дагуу манайд 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч манайд огтхон ч газрын гэрчилгээ, өмчлөлийн асуудал шилжиж ирээгүй. Ингээд 2016 онд төсөл хэрэгжүүлэгчийн маань үйл ажиллагааны эрхийг 6 сарын дотор төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа явуулаагүй гээд цуцалчихсан. Манайх барилгажилтынхаа үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй ч гэсэн төсөлтэй холбогдуулаад холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлээд явж байсан. Ингээд манайд эзэмшил, өмчлөлийн асуудал ч ирээгүй, байшин барилгаа ч бариагүй, эрхээ цуцлуулчихсан.

Иймд 106.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Дээр нь нэмэлт гэрээ байгуулахад иргэн ирж уулзсан, гэр хорооллын асуудалд ямар нэгэн нөхөн олговортой авчихлаа гэдэг асуудлыг ярьсан учраас 6 сарын хугацаатай нэмэлт гэрээ байгуулсан. Гэрээгээр түр суурьшуулах түрээсийн татвар буюу 1 сарын 650.000 төгрөгөөр тохирч 6.900.000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ хүрээнд хэргийн материалд өгсөн баримтын хүрээнд 6.900.000 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс энэ гэрээний холбогдолгүй дараах асуудлаар мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Тийм учраас үндэслэлгүй төлбөр нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд худалдах худалдан авах гэрээний хувьд 30.000.000 төгрөгийг шилжүүлээд гэрээний үүргээ биелүүлсэн ч нөгөө талаас гэрээний үүргээ биелүүлэхгүй хуурсан шинжтэй ИХ-ийн 59.9-д заасан хууран мэхэлж хийсэн шинжтэй хэлцэл байгаа учраас үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 30.000.000 төгрөгөө эргүүлэн авахаар сөрөг нэхэмжлэлээ гаргасан байгаа

 

  Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Г  нь хариуцагч ЗД ХХК  болон ГХДБГ т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 113.769.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч ЗД ХХК  нь нэхэмжлэгч Д.Г оос 30.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч Гэр хорооллын дэд бүтцийн газраас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэг: ЗД ХХК -иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 113.769.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Д.Г  нь хариуцагч ЗД ХХК -иас 53 м.кв орон сууцны үнэ 106.000.000 төгрөг, нэмэлт гэрээнд заасан орон сууцны түрээсийн төлбөр 3.900.000 төгрөг, гэрээний 5.2-т заасан алданги 3.869.000 төгрөг, нийт 113.769.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ЗД ХХК  нь Д.Г  улсын өөрийн өмчлөлийн газрыг нөхөх олговортой худалдсан ба уг газар одоо ЦТП баригдсан тул барилга барих ямар ч боломжгүй болсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14/5 дугаартай “Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8 дугаар гудамж, 138 тоотод байрлах, нэгж талбарын 18643312850978 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135415 дугаарт бүртгэгдсэн 604 м.кв талбайтай газар, уг хаягт байрлах 110 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-2203016842 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууцны өмчлөх эрхийг хариуцагч ЗД ХХК -ийн нэр дээр шилжүүлэх, хариуцагч ЗД ХХК  нь 130.000.000 төгрөг /30.000.000 төгрөгийг бэлнээр төлөх, 100.000.000 төгрөгт Гэр хорооллыг барилгажуулах төслийн 3 блокоос 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны 5 дугаар давхараас 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бартер хэлбэрээр төлнө/ төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 8-9 дэх тал/

 

 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр талуудын хооронд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ” байгуулж, дээр дурдсан нөхцлийг баталгаажуулсан байна.  /хх-ийн 10 дахь тал/

 

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 31/8-138 дугаартай “Гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-г Д.Г , ЗД ХХК , Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар нарын хооронд байгуулсан байна. /хх-ийн 11-14 дэх тал/

 

Нэхэмжлэгч Д.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дамчий болон ЗД ХХК  нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 14/5-1 дугаартай “Нэмэлт гэрээ” байгуулагдаж, 6 сарын түрээсийн төлбөр 3.900.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 15 дахь тал/

 

Д.Г  нь Нийслэлийн өмчгийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн даргатай 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр уулзалт хийж, түүний тэмдэглэлд “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Орон сууцны 7 дугаар хороолол дэд бүтцийн трасст орсон иргэн Д.Г ын өмчилж буй газрыг хууль тогтоомжийн дагуу чөлөөлөхөөр манай албанаас гаргасан үнэлгээ болох 118.527.588 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул тухайн иргэн хувийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж ҮХХ-ийн үнэлгээ 42.524.000 төгрөг, газар 272.700.000 төгрөг тус тус гарч нийлээд 315.224.000 төгрөг болсон байна. Тухайн иргэнтэй зөвшилцсөний үр дүнд 150.000.000 төгрөгөөр нөхөх олговрын үнэлгээгээр газар төлөхөөр тохиролцлоо” гэж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Г  нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газартай “Иргэний өмчийн газрын нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8 дугаар гудамж, 138 тоотод байрлах, нэгж талбарын 18643312850978 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135415 дугаарт бүртгэгдсэн 604 м.кв талбайтай газрыг 107.476.500 төгрөгөөр, уг хаягт байрлах 110 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-2203016842 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууцыг 42.523.500 төгрөг, нийт 150.000.000 төгрөгийн нөхөн олговор газар, хувийн сууцыг чөлөөлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 141-143 дахь тал/

 

Уг хэлцлийг байгуулсан өдөр талуудын хурлын протоколд “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Орон сууцны 7 дугаар хороолол дэд бүтцийн трасст өртсөн  Зүүн сэлбийн 8 дугаар гудамжны 138 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөгч иргэн Дамчий овогтой Ганболд нь газар чөлөөлөх нөхөх олговорт олгох 100 хувь болох 150.000.000 төгрөгийг газраа бүрэн чөлөөлсөн тул олгохоор тохиролцов” /хх-ийн 144 дэх тал/ гэсний дагуу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 150.000.000 төгрөггийг Д.Г од төлсөн байна. /хх-ийн 137 дахь тал/

 

Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.З-т заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 9О хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.” гэж, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлэн авахад газар өмчлөгчид олгох нөхөх олговрыг улсын төсвөөс гаргана.” гэж заажээ.

 

Дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн тусгай хэрэгцээт газрыг иргэний өмчлөлийн газрыг солих эсхүл эргүүлэн авах хэлбэрээр нөхөх олговортойгоор авч болох бөгөөд төр нөхөх олговортойгоор эргүүлэн авсан тохиолдолд уг газар төрийн өмч болно. Өөрөөр хэлбэл, иргэний өмчлөлийн газар иргэний хэрэгцээнд төр худалдан авч буй хэлбэр юм.

 

Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Д.Г  нь ЗД ХХК -тай гэрээ байгуулахаас өмнө 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн уулзалтаар Нийслэлийн тусгай хэрэгцээнд өөрийн өмчлөлийн газрыг 150.000.000 төгрөгөөр нөхөх олговортойгоор төрийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”, 243.2-т “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

 

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8 дугаар гудамж, 138 тоотод байрлах, нэгж талбарын 18643312850978 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135415 дугаарт бүртгэгдсэн 604 м.кв талбайтай газар, уг хаягт байрлах 110 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-2203016842 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууцны өмчлөх эрх Д.Г ын өмчлөлд бүртгэлтэй, бүртгэлд өөрчлөлт ороогүй болох нь хэрэг авагдсан бичгийн баримт, болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 103-133 дахь тал/

 

Хариуцагч ЗД ХХК -ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Нөхөх олговортой худалдсан байсныг мэдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Д.Г  нь өөрийн өмчлөлийн газрын өмчлөх эрхийг хариуцагч ЗД ХХК -ийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн уг газрыг төрийн хэрэгцээнд нөхөх олговотой худалдсан тухай үнэн зөв мэдээллийг өгөөгүй, Нийслэлийн хэрэгцээнд газраа эргүүлэн өгсөн атлаа бусдаас уг газрынхаа төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Уг газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 280.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд 150.000.000 төгрөгийг нөхөх олговроор, 130.000.000 төгрөгийг ЗД ХХК -иас авахаар тохиролцсон” гэж тайлбарлах боловч уг тайлбар баримтаар нотлогдоогүй болно.

 

Нэгэнт Д.Г  болон Заг девелодер ХХК нарын хооронд байгуулсан гэрээний үүрэг нэхэмжлэгчээс шалтгаалан цаашид хэрэгжих боломжгүй болсон, Д.Г  нь Нийслэлийн тусгай хэрэгцээнд зориулж, өөрийн өмчлөлийн газрыг нөхөн олговортойгоор төрд эргүүлэн өгсөн тул 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14/5 дугаартай Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу байрыг мөнгөн хэлбэрээр илэрхийлсэн дүн болон алданги, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 14/5-1 дугаартай “Нэмэлт гэрээ”-ний дагуу орон сууц хөлслөх төлбөр шаардах эрхгүй.

 

Иймд хариуцагч ЗД ХХК -иас 113.769.000 төгрөг гаргуулах тухай Д.Г ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч ЗД ХХК  нь нэхэмжлэгч Д.Г од холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 14/5 дугаартай “Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ дагуу шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14/5 дугаартай “Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ дагуу шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч ЗД ХХК  нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14/5 дугаартай “Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ дагуу 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Г од өгсөн болох нь баримтаар тогтоогдож байна. Талууд маргаагүй болно. /хх-ийн 46 дахь тал/

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14/5 дугаартай “Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ дагуу эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд Д.Г  нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8 дугаар гудамж, 138 тоотод байрлах, нэгж талбарын 18643312850978 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135415 дугаарт бүртгэгдсэн 604 м.кв талбайтай газар, уг хаягт байрлах 110 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-2203016842 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууцыг Нийслэлийн тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор эргүүлэн өгсөн атлаа ЗД ХХК -тай дахин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь эрхийн доголдол үүсгэсэн төдийгүй, уг газарт Ус, дулаан дамжуулах төв баригдсан тул хариуцагч ЗД ХХК  нь төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсон нь баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1., 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн  доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардаа төлүүлэхээс гадна гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй ба эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заажээ.

 

Дээрхи хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн газар нь эрхийн доголдолтой тул хариуцагч нь гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт өгсөн 30.000.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Г оос 30.000.000 төгрөг гаргуулж, хариуцагч ЗД ХХК -д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ЗД ХХК -иас 113.761.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г ын нэхэмжлэийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1-д  зааснаар нэхэмжлэгч Д.Г оос 30.000.000 төгрөг гаргуулж, хариуцагч ЗД ХХК -д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Г  нь хариуцагч Гэр хорооллын дэд бүтцийн газраас татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 726.795 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г оос 307.950 төгрөгийг гаргуулж, хариуцагч ЗД ХХК -д олгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР