Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0567

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   Х.Х-ын нэхэмжлэлтэй

                                                захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Х.Х-ын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Х-ын Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжийн Х.Т ХХК-д холбогдох хэсгээс Х.Х-ын газар /П.А-д газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон 1500 м2 газар/-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,

2 дахь заалтаар: “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н би Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хэмээн үзэж бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Үйл баримтын тухайд.

Нэхэмжлэгч Х.Х нь 2012 оноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаанхад” хэмээх газарт ирж суурьшин уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд Цагаанхадны төвөөс холгүй орших 1500 м.кв газрыг хоёр сендвичин байшингийн хамт иргэн П.А-ээс худалдан авч засаж сайжруулан үйл ажиллагаагаа өргөтгөсөөр өдгөө 194 м.кв талбай бүхий цайны газар, дэлгүүр буудал, засварын газрыг нээн ажиллуулж байна.

            Гэтэл 2018 онд Х.Х-аас жижигхэн 40 м.кв талбайтай байшинг түрээслэн ажиллаж байсан О.Э хэмээх эмэгтэй 2019 онд “Х.Т” ХХК-ийг байгуулан ямар ч үйл ажиллагаа явуулж эхлээгүй байхдаа 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Ханбогд сумын Засаг даргын А/137 дугаар захирамжаар Х.Х-ын эзэмшлийн 1500 м.кв газрыг бүхэлд нь давхардуулан нийт 4000 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон.

            Ханбогд сумын Засаг даргаас уг газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны журмаар олгох газрыг дуудлага худалдаа явуулалгүй, оролцох дуудлага худалдааны анхны үнийг төлснөөр тооцож, захирамжаар эзэмшүүлсэн. Мөн тухайн газар дээр өөр хүн үйл ажиллагаа явуулж байгааг эрх бүхий албан тушаалтан мэдсэн атлаа тухайн этгээдийг сонсох ажиллагаа хийгээгүй, дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаагүй.

Хэрэв захиргааны байгууллага болон Засаг дарга хийх ёстой ажлаа хууль тогтоомжийн дагуу явуулсан бол Х.Х шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх боломжтой байсан.

Х.Х нь уг газрыг эзэмших эрхийг Иргэний хуульд заасан журмаар, шударгаар олж авсан бөгөөд уг газрыг худалдан авах үндэслэл болсон газрын гэрчилгээ нь эх хувиараа, хүчин төгөлдөр, үнэт цаасан дээр хэвлэгдсэн, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдсан, тамга тэмдэг дарагдсан байсан. Харин бүртгэлд бүртгэгдсэн, кадастрын зурагт оруулах асуудал нь төрийн байгууллагын хийх ёстой ажил, зайлшгүй үүрэг болохоос иргэний эрх мэдлийн асуудал биш. Гэтэл шүүх Х.Х-ыг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь бодит амьдралаас дэндүү хол хөндий шийдвэр болсон.

Эрх зүйн үндэслэлийн тухайд.

Х.Х-ын Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмаар хамгаалагдсан газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд захиргааны албан тушаалтан болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга хууль бусаар Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасан зарчим, үндэслэл, журмыг зөрчин халдсан үйл баримт нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хангалттай нотлогдон, тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх “...хуульд заасан газар эзэмшүүлэхэд баримтлах зарчим, журам, нөхцөл, шаардлагад үл нийцэх ба...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч Х.Х-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, захиргааны актын талаар маргах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Х.Х-ын газрыг шударгаар эзэмших эрх, газрыг өөрийн хууль ёсны эзэмшилдээ оруулах хууль ёсны ашиг сонирхол, боломжит нөхцөлийг хязгаарласан нь илэрхий байхад анхан шатны шүүх “бодит нөхцөл байдал дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч талаас энэ талаар анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгааг дэлгэрэнгүй тайлбарласан.

Газартай холбоотой маргааны хувьд нэхэмжлэгчийн зүгээс өөрийнх нь  эзэмшил, өмчлөлийн газарт өөр этгээд эрх хэрэгжүүлээд байгаагаас үүдэх тохиолдол нийтлэг байдаг боловч дан ганц хууль ёсны өмчлөгч, эзэмшигч этгээд шаардлага гаргах эрхтэй хэмээн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдүүдийн шүүхэд хандан эрх, ашиг сонирхлоо сэргээлгэх боломжийг хязгаарлан, хуулийг явцууруулан тайлбарлах нь үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “ “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас  зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж заасан бөгөөд Х.Х-ын газар эзэмших эрх, түүнийг шударгаар, тэгш байдлаар хуульд заасан үндэслэлээр олж авах хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж нэхэмжлэгч тал үздэг.

Хариуцагч маргаан бүхий актаар гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, түүний журам болон Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Нөгөөтэйгүүр Газрын тухай хуупийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан бөгөөд газрыг өмчлөх, эзэмших, ашиглахыг сонирхогч аливаа хүн, хуулийн этгээдийг адил тэгш, боломжоор хангаж, гагцхүү хуульд заасан үндэслэл журмаар газрыг өмчлүүлж, эзэмшүүлж ашиглуулна гэсэн ойлголт бөгөөд маргаан бүхий акт нь уг зарчмыг зөрчсөн акт болжээ.

Иймд анхан шатны шүүх “газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаагүй иргэний газар эзэмших эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захиргааны актын талаар маргах эрхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд “А.х.х” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон маргаан бүхий акт нь нэхэмжлэгч Х.Х-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, журам, нөхцөл, шаардлагад нийцээгүй эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээр шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжийн “Х.Т” ХХК-д холбогдох хэсгээс Х.Х-ын газар /П.А-д газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон 1500 м.кв газар/-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ.

Анхан шатны шүүх “... маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө нэхэмжлэгч Х.Хд газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, маргаан бүхий актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна...” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 110 дугаар захирамжийг үндэслэн тус сумын Газрын албанаас 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 000456290 дугаар гэрчилгээгээр Хайрхан багийн “Цагаан хад” байршилд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай П.А-д эзэмшүүлэхээр олгосон, мөн гэрчилгээний барьцаалсан тухай тэмдэглэлд “... П.А, эхэлсэн огноо 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, дууссан өдөр 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр” гэж тэмдэглэжээ. 

Харин хариуцагчаас ирүүлсэн баримтаас үзвэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 110 дугаар захирамжаар Ханбогд сумын Их булаг 1-17 тоот байршилд гэр бүлийн хэрэгцээнд 1112 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Н.Х-д олгосон нь эсрэгээрээ уг захирамжаар П.А-д газар олгосон нь тогтоогдохгүй байна.

Мөн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/322 дугаар албан бичигт “... П.А-тэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ байхгүй, программд түүний нэр бүртгэгдээгүй, түүний нэр дээр газрын төлбөр төлөгдөөгүй, П.А-ээс газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаагүй байна” гэжээ.

Маргаан бүхий Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжаар газар эзэмших хүсэлт гаргасан 2 хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн байх бөгөөд хавсралтаар “Х.Т” ХХК-д Хайрхан баг, Цагаан хад байршилд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0,4 га /4000 м.кв/ газрыг 15 жилийн хугацаатай олгосон нь  нэхэмжлэгчийн П.А-ээс 2 сендвичэн байшингийн хамт авсан гэх 1500 м.кв газартай бүхэлдээ давхцалтай болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн тайлбараар нотлогддог бөгөөд талууд үүнтэй маргаагүй байна.

Ханбогд сумын Хайрхан багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дүгээр албан бичигт “... “А.х.х” ХХК нь тус багийн Цагаан хаданд хүнсний дэлгүүр, цайны газрын чиглэлээр 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн болохыг тодорхойлов”, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар албан бичигт “...  “Хи” нэртэй хүнсний дэлгүүр нь 2017 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2019 оноос эхлэн “А.х.х” ХХК-д бүртгэлтэй болсон, “Ха” нэртэй хүнсний дэлгүүр нь 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2019 оноос “Х.Т” ХХК-д бүртгэлтэй болсон. Үүнээс өмнө иргэний нэр дээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд эдгээр хүнсний дэлгүүрүүд нь зэрэгцээ нэг дор байрлалтай нь үнэн болохыг тодорхойлов” гэжээ.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргахаар, 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр тус тус заасан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд олгохдоо хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар явуулаагүйг хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн, маргаан бүхий А/137 дугаар захирамжийн хувийн хэрэгт гуравдагч этгээдээс уг газрыг эзэмшихээр гаргасан хүсэлт, тэдгээртэй холбоотой баримт авагдаагүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд “маргаан бүхий газрыг 2 ширхэг сендвичэн байшингийн хамт П.А-ээс худалдаж авсан, тухайн үед уг газар нь зээлийн барьцаанд байсан тул нэр дээрээ шилжүүлж аваагүй байсан” гэх тайлбарыг хийсэн. П.А-д уг газрыг эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон, газар эзэмших гэрээ байгуулагдаагүй, газрын мэдээллийн санд ороогүй ч бодит байдалд маргаан бүхий газарт нэхэмжлэгч 2016 оноос одоог хүртэл “Хишиг” нэртэй дэлгүүр, цайны газрын үйл ажиллагаа явуулж байгаа болох нь нотлогдож байгаа, талууд уг үйл баримтыг үгүйсгэж маргаагүй тул зөвхөн гэрээ, гэрчилгээгүй,   мэдээллийн санд бүртгэгдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг бодитоор эзэмшиж буй тухайн газартай холбогдуулж маргах эрхгүй, маргаан бүхий захирамжийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гэж шууд дүгнэх боломжгүй. 

Түүнчлэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д зааснаар сумын Засаг дарга энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулахаар байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийг маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулж байгааг мэдсээр атал Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” хуулийн урьдчилсан нөхцөл шаардлагыг зөрчиж, тухайн газар дээр бодит байдалд үйл ажиллагаа явуулж байгаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулалгүйгээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг бүхэлд нь давхцуулан гуравдагч этгээдэд олгосон нь буруу. Энэ нь төрөөс газар өмчлөх,  эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн гэж үзнэ.    

Хэрэв нэхэмжлэгчид тухайн газар эзэмших эрх олгогдоогүй гэж үзвэл хариуцагч зохих журмын дагуу газрын дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэсэн бол нэхэмжлэгч түүнд оролцох замаар  эзэмшиж, ашиглаж буй газраа өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжтой байжээ.  

Анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжийн “Х.Т” ХХК-д холбогдох хэсгээс Х.Х-ын газар /П.А-д газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон 1500 м.кв газар/-т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Х-ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 

                 ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

                 ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН