Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 120/ШШ2021/0011

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Хишигням,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга,

Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжийн Х.Хишигнямын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав, түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагч******* Х.Нэхийт /zoom-оор/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл /zoom-оор/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Хишигням шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Х.Хишигням би 2013 оноос Өмнөговь аймгийн ******* хэмээх газарт өөрийн төрсөн Х.Хишигмөнхтэй хамт ирж ажиллах болсон. 2016 оны 03 дугаар 10-ны өдрөөс эхлэн Хайрхан баг, Цагаан хадны төвөөс 100 метр зайд орших 1500 м2 газар болон 2 ширхэг сэндвичин байшинг Ханбогд сумын иргэн П.Алтансүхээс худалдан авч дэлгүүр цайны газрын зориулалтаар одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тухайн үед П.Алтансүх нь надад зарсан газрын гэрчилгээ болох Ханбогд сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр иргэн П.Алтансүхэд эзэмшүүлсэн 1500 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай 4601020010 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг банкны барьцаанд тавьсан байсан тул миний нэр дээр шилжүүлэн өгч амжаагүй юм.

2018 онд тухайн үед хил гаалиар явдаг О.Энхжаргал гэгч эмэгтэйд дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг байшингаа 1 сарын 250.000 төгрөгөөр түрээсэлж байгаад уг байшинг 4.000.000 төгрөгөөр зарсан. Ингэхдээ газрыг зараагүй. Гэтэл О.Энхжаргал 2018 оноос манайхыг Мэргэжлийн хяналтын байгууллагад өгч шалгуулах, хэл амаар доромжлон 2019 оноос манай газраас нүү гэж хэлэх болсон. Би ч хүний нутгийн хүн болохоор аль болох эвтэй байхыг хичээж хүлээцтэй ханддаг байсан. Түүнийг ингэж хэлэх бүрт би П.Алтансүхэд хандан газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өг, яагаад энэ хүн ингээд байгаа юм, О.Энхжаргал манай газрыг авчихсан юм биш үү гэхэд, миний дэргэд тухайн үеийн Ханбогд сумын Засаг дарга байсан Ш.Эрдэнэжаргалтай утсаар ярьж асуухад, танай газрыг өөр хүн аваагүй гэж хэлсэн.

Надад болон П.Алтансүхэд манай газрыг өөр хүнд олгосон, олгох гэж байгаа талаар эсхүл өмнөх газрын гэрчилгээг хүчингүй болгож байгаа талаар огт мэдэгдээгүй, хүчингүй болгосон тушаал шийдвэр гаргаагүй байж 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжаар манай газартай давхардуулан 4000 м2 газрыг О.Энхжаргалын үүсгэн байгуулсан Хан богд тайхар ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Монгол улсын Газрын тухай хууль, Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиудыг зөрчсөн төдийгүй өнөөдөр уг газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа, хууль тогтоомжийн дагуу шударгаар эзэмших эрхийг олж авсан Х.Хишигням миний эрх ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна.

Учир нь О.Энхжаргал манайхыг албадан нүүлгэхээр Ханбогд сум дах Сум дундын шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр очиж нэхэмжлэлийг гардаж авахдаа О.Энхжаргалд манай газартай давхцуулан захирамж олгосон болохыг анх мэдсэн. 2021 оны 01 сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байна гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд би уг захирамжийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад хандахад Ханбогд сумын Засаг даргын А/137 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж хариу өгсөн.

Иймд Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав, түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамж нь Х.Хишигнямын ашиг сонирхлыг нь хөндөж байна гэж үзэж байна. Х.Хишигням нь 2013 оноос Өмнөговь аймгийн Цагаан хаданд ирж суурьшин одоог хүртэл ажиллаж, хөдөлмөрлөж байна. Энэ хугацаадаа өөрийн хүч хөдөлмөрөөрөө Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газрын төвөөс нь 100м зайд 1500 м2 газрыг 2 сендвичэн байшингийн хамт худалдан авсан. Үүнийгээ засаж янзлан үйл ажиллагаа явуулаад татвар хураамжаа төлөөд гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамхины тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гээд хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан. 2018 онд О.Энхжаргал нь тухайн үед компани байгаагүй, 45м2 байшингаа түрээслүүлээч гэсэн. Улмаар сарын 200.000 төгрөгөөр түрээслүүлээд бие биедээ туслаж дэмжээд явж байсан.

2019 онд Цагаан хадны дахин төлөвлөлт нэрийн дор дахин шинэ газрын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ газартай байсан иргэдийн эрх, ашиг сонирхлыг хохироох, танил тал, албан тушаал, ямар нэгэн шалгуураар бусдын газрыг авах зөрчлүүд эхэлсэн. Үүний нэг жишээ нь Х.Хишигням байгаа юм. 1500м2 газар дээрээ 192 м2 талбайтай объектод гуанз, дугуй засвар, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг Хайрхан багийн Засаг дарга нотолдог. Мөн Ханбогд сумын Засаг даргын шийдвэрээр олгогддог тамхины тусгай зөвшөөрөл авагдсан. Энд ийм том үйл ажиллагаа явагддаг гэдгийг Ханбогд сумын Засаг дарга мэдэж байсан. 1500м2 газрын нь хажуу талд нь 45м2-д үйл ажиллагаа явуулдаг газарт 4000м2 газар олгосон.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийх ёстой байсан. Энэ газрыг ингэж олгосныг нь мэдэхгүй явж байгаад 2019 оны 12 дугаар сард мэдсэн. Тэр хугацаанд хамтарч ажиллаад найз нөхөд явж байсан О.Энхжаргалын ааш зан нь хувираад Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллагаар байнга Х.Хишигнямыг шалгуулж хувийн харилцаанаас болж маш бүдүүлэг харилцаа үүсэж Зөрчлийн тухай хуулийг зөрчиж Цагдаагийн байгууллагаар шалгагдаж, дараа нь иргэний журмаар өгсөн. Энэ газар бол П.Алтансүхийн нэртэй байсан. Х.Хишигнямын нэр дээр байна уу, П.Алтансүхийн нэр дээр байна уу хамаагүй. Учир нь тэр хоёр хүний дунд маргаан байхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үүргийнхээ дагуу захиргааны байгууллага өөрөө энэ хүний газрыг олгохдоо бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой. Мөн 24.2-т заасан шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хийгээгүй. Ядаж Х.Хишигням дээр очоод энэ газар таных уу, та энэ газар дээр яагаад үйл ажиллагаа явуулж байгаа, хэрэв таных биш бол энэ газрыг чөлөөлж өгөөч гэдэг мэдэгдэл өгөхгүйгээр шууд авчихсан. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-д заасан захиргааны байгууллага хийх ёстой ажлаа хийгээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага Х.Хишигнямыг дуудаж уулзаад утсаар, биечлэн эсхүл цахирмаар гээд ямар ч хамаагүй аргаар уулзаад энэ ийм учиртай гээд мэдэгдсэн бол өнөөдрийн шүүх хуралд болохгүй. Ягаад гэвэл 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн гол зорилго нь өөрөө шийдвэр гарсан дараа биш шийдвэрийг гаргахаасаа өмнө эсхүл эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн биш хөндөгдөж болзошгүй этгээдүүдийг олж тогтоох, сонсох, нотлох баримт бүрдүүлэх, бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй юм гэдгийг хуульчлаад өгсөн байгаа учраас энэ ажиллагаануудыг Захиргааны байгууллага явуулаагүйгээс миний үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж, хохирол үүсгээд байна. Урьдчилсан байдлаар 70 орчим сая төгрөгийн хохирол учирч байна гэж тооцоолж байна, одоогоор үүнийг нотлох баримт алга байна. Энэ газрыг чөлөөлөөд өг гэвэл хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа түргэн муудах бараа бүтээгдэхүүнүүдийг хаачуулах, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаануудыг яах вэ гээд Х.Хишигнямын эрх, ашиг сонирхол ноцтой хөндөгдөж байна. Энэхүү захирамжийг хүчингүй болгуулахгүй л бол Х.Хишигнямын эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаа явуулах журмаар энэ газрыг эзэмшүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Энэ журмыг захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй. Маргаан бүхий актаас харахад бид 2 хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслээд энэ газрыг олгож байна гээд бичсэн байгаа. Дуудлага худалдааны процесс ажиллагаа явагдсан гэх зэрэг нотлох баримт, үйл баримт тодорхойлогдоогүй. Ханбогд тайхар ХХК-д газар олгохдоо Аз хур хишиг ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байгаа эсэх дээр дүгнэлт хийгээгүй. Гуравдагч этгээдээр оролцогч эрхээ хангасангүй, нөхцөл байдлаа хангалттай тодорхойлоогүй гэх зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан процесс ажиллагааг зөрчсөний дээр Газрын тухай хуульд заасныг зөрчиж Ханбогд тайхар ХХК-д газрыг эзэмшүүлсэн.

Иймд А/137 дугаар захирамжийн Ханбогд тайхар ХХК-тай холбогдох хэсэг нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болсон байна гэж үзэж байна. Журмынхаа дагуу дуудлага худалдаагаар авсан бол Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралтаар баталсан газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах хууль тогтоомжийн журмын дагуу дуудлага худалдаа гэрээ зэрэг холбогдох нотлох баримтууд нь хувийн хэрэгт нь байхгүй. Тиймээс Газрын тухай хуулийг зөрчсөн байна. Аз хур хишиг ХХК-ийн захирал Х.Хишигням тухайн газар дээр 2016 оны 06 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулж байгаа. П.Алтансүх нь эрхийн гэрчилгээгээ Голомт банканд барьцаанд тавьсан учраас шилжүүлж өгөхгүй байна гэдэг. Ийм учраас тухайн газрыг хууль ёсны дагуу байгаа гэж итгээд газрыг эзэмшүүлэх талаар Ханбогд сумын Засаг дарга болон газрын албанд очиж ямар нэгэн байдлаар үйлдэл хийгээгүй.

Гэтэл Ханбогд тайхар ХХК нь сэндвичэн барилгыг түрээсэлж байгаад өөрт нь мэдэгдэлгүйгээр 2019 онд маргаан бүхий захирамжаар газар эзэмшиж байгаа юм. Х.Хишигнямд тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмших боломж нь ирээдүйд байгаа буюу П.Алтансүхээс шилжүүлээд авна гэсэн хууль ёсны итгэл байгаагүй бол Ханбогд тайхар ХХК-иас өмнө өөр дээрээ хууль ёсны дагуу шилжүүлж авах бүрэн боломж нь байсан.

Иймд Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмших эрх давхцуулж олгосон газраас Х.Хишигнямын газар /Алтансүхэд газар эзэмших гэрчилгээгээр олгосон 1500 м2 газар/-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэв.

Хариуцагч******* Х.Нэхийт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ханбогд сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 08 өдрийн 110 дугаар захирамжид П.Алтансүхтэй холбоотой хэсэг байхгүй. Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд байршилтай улсын бүртгэлийн Э-1112000039 дугаартай, нэгж талбарын 4601009226 дугаар бүхий 0.4 га талбай бүхий газартай давхцал байгаа эсэхийг газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд программаас шүүлгэж үзэхэд давхцал байхгүй. Газрын давхцал үүсээгүй учраас Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн а/137 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Миний өөрийн шийдвэр биш, өмнөх Засаг даргын шийдвэр учраас тухайн процессыг сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбараар Засаг даргын бүрэн эрх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан эрх, хурлаараа газрын төлөвлөгөөнд орсон тохиолдолд Засаг даргын бүрэн эрхэд газар олгох эрх нь байгаа. Би бүрэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна.

Газар давхардсан байгаа. Энэ нь дахин төлөвлөлтийн хүрээнд олгогдсон. Аймгаас зохион байгуулаад дахин төлөвлөлтийг тодорхой албанд, тодорхой цаг хугацаанд үүрэг график гаргаад ажлын хэсэг гаргаад хийсэн учраас энэ бол төлөвлөгөөндөө орсон ажил гэж ойлгож байгаа. Газар давхардсан асуудал нь байгаа. Тэр нь одоо захирамжийнхаа хугацаагаараа, нотлох баримтадаа үндэслэж миний тайлбараас илүү нотлох баримтдаа үндэслэн шийдвэр гарах байх гэж бодож байна... гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ханбогд тайхар ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сум 5 дугаар баг, Цагаан хаданд байршилтай, нэгж талбарын 4601009226 дугаар бүхий 0.4 га талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-1112000039 дугаарт бүртгэлтэй газрыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаартай захирамжийн дагуу эзэмших эрхтэй болсон бөгөөд энэхүү эзэмшил газраа хуульд зааснаар бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, газрын мэдээллийн санд оруулан, гэрээний дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар нь дэлгүүр, цайны газар ажиллуулдаг. Гуравдагч этгээдийн эзэмшил газар дээр нэхэмжлэгчийн Хишиг нэртэй дэлгүүр, цайны газар үйл ажиллагаа явуулж байгаа нь газар эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байсан тул газрыг чөлөөлж өгөхийг 2019 оны 05 дугаар сараас хойш удаа дараа шаардахад чөлөөлж өгөөгүй, улмаар тэдгээрийн дунд маргаан үүсэж Зөрчлийн тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллагад шалгагдаж, иргэний шүүхэд маргаан үүссэн өнөөдрийг хүрээд байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны А/137 дугаар маргаан бүхий захирамжийн талаар 2019 оноос хойш удаа дараа түүнд мэдэгдэж байсан, зөрчлийн 2029000171 дугаартай О.Энхжаргал, Х.Хишигням нарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох О.Энхжаргал 2020 оны 10 дугаар сарын 20-нд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ 2019 оны 05 дугаар сарын 17-ны А/137 дугаар захирамжаар эзэмшиж байгаа тухайгаа мэдүүлж, холбогдох баримтууд болох сумын Засаг даргын захирамж, захирамжийн хавсралт, нэгж талбарын зураг, эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтын хуулбарыг гарган өгснийг эрх бүхий албан тушаалтан О.Батбаяр хүлээн авч тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан байдаг бөгөөд нэхэмжлэгч хэргийн материалтай 2020 оны 12 дугаар сарын 18-нд танилцахдаа уг баримтуудын хуулбарыг үзсэн, мэдсэн болох нь зөрчлийн хэргийн материалтай танилцсан тэмдэглэлээр хангалттай нотлогдоно.

Энэхүү зөрчлийн хэргийг Ханбогд сум дах сум дундын шүүх 2020 оны 12 дугаар сарын 25-нд О.Энхжаргал, түүний өмгөөлөгчөөр Ш.Сарангэрэл би, Х.Хишигням түүний өмгөөлөгчөөр Н.Энхтөр нарыг оролцуулан хянан хэлэлцэж 2021/ЗШ/08 дугаартай шийтгэвэр гарсан. Миний төлөөлүүлэгч байгууллагад газар эзэмших эрх олгох үед тухайн нэгж талбар газар өөрт байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тодруулбал, нэхэмжлэгч Х.Хишигням, түүний хамаарал бүхий Аз хур хишиг ХХК, П.Алтансүх нарын нэр дээр газар эзэмших эрх олгогдсон, газар эзэмших эрх олгохыг хүссэн хүсэлт бүртгэгдээгүй байсан, үүнийг газрын мэдээллийн сангаас лавлагаа авч тодруулсны үндсэн дээр газар эзэмших эрхтэй болсон тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, түүнд хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй.

Нэхэмжлэгчийн эрх ашиг яагаад хөндөгдөх ёстой вэ гэвэл Х.Хишигням эсхүл түүний хамааралтай Аз хур хишиг ХХК, П.Алтансүх гэдэг хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байж энэ асуудал яригдана. Гэтэл Газрын тухай хуулийн 27, 33 дахь хэсэгт зааснаар газрын нэгдмэл сан мэдээллийн санд эдгээр этгээдүүдтэй холбоотой мэдээлэл огт авагдаагүй. Хэрэгт П.Алтансүхийн газрын гэрчилгээг гаргаж өгдөг боловч үүнтэй холбоотой гэрээ, газрын нэгж талбарын зураглал, мэдээллийн санд авагдсан баримт бол байхгүй. 2019 онд гуравдагч этгээдийг хүсэлт гаргахад хариуцагч өөр этгээдийн эрх ашиг хөндөгдсөн, давхацсан талаар эрх бүхий этгээдийн мэдээллийн санд авагдсан мэдээлэл байхгүй учраас үүнийг нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагаа явуулах шаардлага үүсэхгүй. Шалгах ажиллагаа явуулъя гэвэл бид нарын хүлээн зөвшөөрдөг мэдээллийн нэгдсэн санд энэ тухай мэдээлэл авагдсан байж эрх ашиг нь зөрчигдсөн этгээдтэй холбоотой шалгах ажиллагаа хийгдэнэ. Гэтэл хууль ёсоор авагдсан мэдээллийн санд энэ мэдээллүүд байхгүй байхад шалгах ажиллагаа хийх шаардлага байхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Х.Хишигнямд холбогдох зөвшөөрлүүд нь байдаг тайлбар хэлээд байна. Энэ нь худалдаа үйлчилгээний зориулалттай үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг яриад байгаа болохоос газар эзэмшихтэй холбоотой зөвшөөрөл бүртгэлүүдийн талаар ярихгүй байна. Мөн газрын хэмжээ хэтрүүлсэн, газрын ерөнхий төлөвлөгөөнд оруулаагүй асуудал яриад байна. 2019 оны газрын ерөнхий төлөвлөгөөнд орсон байдаг, жагсаалтын 22 дугаарт Хайрхан баг, Цагаан хаданд худалдаа үйлчилгээний зориулалттай 16га газрыг төлөвлөсөн байгаа. Газрын хувийн хэргээс авсан баримт дээр дуудлага худалдааны үнэ төлөгдсөн байдаг. Газар чөлөөлөх ажиллагаа хийх талаар мэдэгдэлийг өгөөгүй гэдэг. Газар чөлөөлөх талаар албан ёсоор бүртгэгдээгүй учир газар чөлөөлөх ажиллагаа хийх шаардлагагүй. Нэхэмжлэлийн үндэслэл нь П.Алтансүхийн газрыг худалдаж авсантай холбоотойгоор тайлбарладаг. Түүнийгээ газрын барьцаанд байсан учир бид нар шилжүүлж авч чадаагүй юм гэдэг. Гэтэл тэр газрын барьцаанд байсан асуудал нь 2017 онд зээлийн гэрээ дууссан, гэтэл өнөөдрийг хүртэл 3, 4-н жилийн хугацаанд энэ газраа шилжүүлээд авах боломж байсан. Эрхээ хэрэгжүүлээгүй байж өнөөдөр миний эрх ашиг хөндөгдчихлөө гэж үзэж шаардлага гаргаж байгаа нь нэхэмжлэх эрхгүй этгээд гэж миний бие үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ иргэн П.Алтансүхийн эзэмшлийн нэгж талбарын 4601020010 дугаартай газар, байшинг худалдан авсан, барьцаанд байсан тул шилжүүлж амжаагүй гэж байгааг нь түүнийг газрын хууль ёсны эзэмшигч, эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Хишигням нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжийг[1] хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдааны үед түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас уг захирамжийн Ханбогд тайхар ХХК-нд холбогдох хэсгээс Х.Хишигнямын газар /П.Алтансүхэд газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон 1500 м2 газар/-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч талаас Алтансүхээс 2 сэндвичин байшингийн хамт худалдаж авсан 1500м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй атлаа бидэнд мэдэгдэлгүй, бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, сонсох ажиллагаа явуулаагүй зэрэг Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасан үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлэлгүй уг газрыг оролцуулан Ханбогд тайхар ХХК-нд эзэмшүүлсэн нь хууль бус, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, ашиг сонирхолыг зөрчсөн... гэж,

Хариуцагчаас Ханбогд сумын Засаг даргын 2012 оны 110 дугаар захирамжид П.Алтансүхтэй холбоотой хэсэг байхгүй, уг захирамжаар өөр хүнд сумын төвд газар эзэмшүүлсэн байсан, П.Алтансүх нь газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаж байгаагүй, Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд байршилтай нэгж талбарын 4601009226 дугаартай газартай давхцал байгаа эсэхийг газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд программаас шүүлгэж үзэхэд газрын давхцал үүсээгүй учраас маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй, Засаг даргын бүрэн эрхэд газар олгох эрх нь байгаа, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй... гэж,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ханбогд тайхар ХХК-д газар эзэмших эрх олгох үед тухайн газарт өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд тодруулбал, нэхэмжлэгч Х.Хишигням, түүний хамаарал бүхий Аз хур хишиг ХХК, П.Алтансүх нарын нэр дээр газар эзэмших эрх олгогдсон болон газар эзэмших эрх олгохыг хүссэн хүсэлт бүртгэгдээгүй байсан, манайх хуулийн дагуу хүсэлт гаргаж, сумын Засаг даргын захирамжаар уг газрыг эзэмших эрхтэй болсон нь хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй... гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлынхаа үндэслэлээ тайлбарлан маргасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 110 дугаар захирамжаар иргэн Нооногойн Халзанхүүд Ханбогд сумын төвд Их булаг 1-17 тоотод байршилтай, нэгж талбарын 460103042 дугаар бүхий 1112м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай шинээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.[2]

Мөн дээрх захирамжийг үндэслэн Ханбогд сумын газрын даамал 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад-нд байршилтай 1500м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр Ямаат овгийн Пүрэвжавын*******эд Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000456290 дугаартай гэрчилгээг[3] олгосон байх бөгөөд 2006 оноос хойш одоог хүртэл нэхэмжлэгч Х.Хишигням, түүний хамаарал бүхий Аз хур хишиг ХХК нь уг 1500м2 газар /П.Алтансүхээс уг газрыг 2 сэндвичин байшингийн хамт худалдаж авсан, тухайн үед уг газрыг эзэмших гэрчилгээг П.Алтансүх банкны барьцаанд тавьсан байсан учраас шилжүүлж авч амжаагүй байсан гэх/-т Хишиг нэртэй дэлгүүр, цайны газрын үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ үйл баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдож байхын зэрэгцээ дээрх газар эзэмших гэрчилгээнд дурьдсан Ханбогд сумын Засаг даргын 2012 оны 110 дугаар шийдвэрээр П.Алтансүхэд 1500м2 газрыг эзэмшүүлсэн, уг газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн, мөн эрх бүхий этгээдийн шийдврээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу шилжүүлсэн зэрэг байдлууд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 06/07 дугаар тогтоолыг үндэслэн 2 хуулийн этгээдэд нийт 0.9 га газар эзэмших эрх олгосны нэг болох Ханбогд тайхар ХХК-нд /дээрх газар эзэмших эрхийн 000456290 дугаартай гэрчилгээгээр П.Алтансүхэд олгосон гэх 1500м2 газрыг бүхэлд нь оролцуулан/ Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хаданд байршилтай 0.4 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан,[5] уг газар Ханбогд тайхар ХХК-ийн нэр дээр газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байх бөгөөд маргаж буй газрын байршил, хэмжээ болон Н.Халзанхүүд газар эзэмших эрх олгосон Ханбогд сумын Засаг даргын 2012 оны 110 дугаар захирамжийн талаар талууд маргаагүй.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг /ойлгоно/, 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж зааснаас үзвэл нэгж талбарын дугаар бүхий газар нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажиж, өөрөөр хэлбэл, давхцалгүй байхаар, мөн хуулийн 38 дугаар зүйлд эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд холбогдох баримт бичгийг хамт гаргаж, тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч шаардлагатай зүйлүүдийг тодруулж шийдвэр гаргахаар зохицуулсан.

Нэхэмжлэгч талаас Ханбогд сумын газрын даамалын олгосон 2013 оны газар эзэмших эрхийн 000456290 дугаартай гэрчилгээг банкны барьцаанд тавьсан байсан тул уг газрыг миний нэр дээр шилжүүлж өгч амжаагүй[6], уг газрыг эзэмших боломж нь ирээдүйд байгаа гэж байгаа боловч Ханбогд сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 110 дугаар захирамжаар П.Алтансүхэд газар эзэмшүүлэх эрх олгогдоогүй, гэрээ байгуулаагүй 1500м2 газрын нэгж талбар газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй, П.Алтансүхээс газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн шийдвэр эрх бүхий этгээдээс гараагүй болох нь Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 84 дүгээр албан бичиг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр[7] болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар зэргээр тогтоогдож байх тул Ханбогд сумын газрын даамалын 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн 000456290 дугаар гэрчилгээг буюу нэхэмжлэгчид маргаан бүхий 1500м2 газрыг эзэмших эрх нь дээрх хуульд заасны дагуу үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д сумын Засаг дарга нь энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ... гэж тус тус заасан бөгөөд гуравдагч этгээд Ханбогд тайхар ХХК-нд газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд заасан дуудлага худалдаа буюу төсөл сонгон шалгаруулах зарчмын дагуу олголгүй маргаан бүхий актаар Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хаданд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 0.4 га газрыг эзэмшүүлэх эрхийг мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/07 дугаар тогтоолоор[8] баталсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн шууд олгосон нь дээрх хуульд заасан газар эзэмшүүлэхэд баримтлах зарчим, журам, нөхцөл шаардлагад үл нийцэх ба уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхөөргүй байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ...захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар..., 52 дугаар зүйлийн 52.5.1-т захиргааны акт...-ыг ...хүчингүй болгуулах... гэж заасан нэхэмжлэлийн хувьд маргаан бүхий акт хууль тогтоомжийг зөрчсөн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох замаар шүүх хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд хүчингүй болгуулахаар маргаж буй акт нь хуульд заасан хууль бус захиргааны актын шинжийг хангасан байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн тохиолдолд шүүх уг захирамжийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоохоор хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн дэлгүүр, цайны газрын үйл ажиллагаа явуулж буй маргаан бүхий газрын эзэмших эрх хуульд заасны дагуу үүсээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаагүй иргэний газар эзэмших эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захиргааны актын талаар маргах эрхгүй.

Хэдийгээр шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд гаргасан, захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн гэж тайлбарлан маргах боловч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу Өмнөговь аймгийн Ханбогд Сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж буй баримтад үзлэг хийхэд П.Алтансүхэд Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт газар эзэмших эрх олгосон шийдвэр, түүнтэй холбоотой баримт байхгүй, мөн сумын газрын даамалын 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн 000456290 дугаар гэрчилгээг шилжүүлэн өгөх, авах хүсэлтүүд, түүнтэй холбогдох баримт байхгүй, нэхэмжлэгч талаас энэ талаарх баримтуудыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тухайн үед гэрчилгээг банкны барьцаанд тавьсан байсан учраас хууль ёсны байгаа гэж итгээд газар эзэмшүүлэх талаар Ханбогд сумын болон газрын албанд очиж ямар нэгэн байдлаар үйлдэл хийгээгүй..., хариуцагчаас сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явагдаагүй, Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд олгохдоо дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж уг газрыг олгосон... гэдэг тайлбарууд гаргасан болно.

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө нэхэмжлэгч Х.Хишигнямд газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, маргаан бүхий актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчигдөөгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэгч Х.Хишигнямын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Хишигнямын Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжийн Ханбогд тайхар ХХК-нд холбогдох хэсгээс Х.Хишигнямын газар /П.Алтансүхэд газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон 1500 м2 газар/-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ

 

 


[1] Хавтас хэргийн 36-37 дахь хуудас

[2] Хавтас хэргийн 34, 38, 75, 194-205 дахь хуудас

[3] Хавтас хэргийн 98 дахь хуудас

[4] Хавтас хэргийн 6, 12, 32, 160-162, 165-172 дахь хуудас

[5] Хавтас хэргийн 31, 34, 39, 70-73, 82-84, 91-92, 106, 112-115, 118-121 дэх хуудас

[6] Хавтас хэргийн 1 дүгээр хуудасны доороос 16-р мөрөнд бичигдсэн

[7] Хавтаст хэргийн 34, 173-206 дахь талд

[8] Хавтаст хэргийн 118-121 дэх талд