Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   Хэргийн индекс: 114/2017/0057/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа  даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

              Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол 2 дугаар байрны 149 тоотод оршин суух Баттөмөрийн Ө- нэхэмжлэлтэй 

              Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Э- холбогдох

 

            Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын  2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/86 дугаартай “Ө-г ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилохыг даалгуулах, ажилгүй байх хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлгатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч:                                                               Б.Ө-

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                     Д.Номин-Эрдэнэ

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                Б.Цэвээндорж   нар оролцов.

                                                                                                             

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Ө-гаас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцэж 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс сум хариуцсан халамжийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр жирэмсний амралтаа авсан ба анх 2016 оны 04 дүгээр сард ажилдаа орохоор Ганболд даргад хандахад ямар нэгэн хариу хэлээгүй. Тэгээд 2016 оны 10 дугаар сард Э- даргад ажилдаа эргээд ормоор байна гэж хандахад би ажлаа аваад удаагүй байгаа учраас түр хүлээж байгаарай, чамайг ажилд авна гэсэн. Би хүлээж байгаад 2017 оны 02 дугаар сард уулзахад өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хийж байсан учраас намайг гэрээгээр ажиллах уу гэхэд нь би 4 сар ажилласан, тухайн үед Э- даргатай уулзаж ажилдаа оръё гэхэд түр хүлээж байгаарай, чамайг ажилд чинь авнаа гэж хэлсэн. 2017 оны 05 дугаар сард хяналтын мэргэжилтэн Оргил над руу утасдаж маргааш ирж даргатай уулзаад ажилдаа ороорой гэж хэлчихээд эргэж залгаад дарга ажилтай болчихлоо маргааш ирэх шаардлага байхгүй болсон гэсэн. Би Э- дарга руу ярихад би чамайг мэргэжлийн ажилд чинь авсан нь дээр байх гэж бодоод хойшлуулчихлаа түр байж байгаарай гэж хэлсэн.

2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор ажилдаа эргэж орохоор бичгээр өргөдлөө өгсөн. Э- дарга мөн л хүлээж байгаарай гэсээр намайг ажилд авахгүй үндэслэлгүй хойшлуулж байгаад 2017 оны 09 дүгээр сард Э- дарга надруу залгаад Дархан сумын 15 дугаар багт мэргэжилтний орон тоо гарах гэж байна чи ажиллах уу гэхэд нь ажилланаа гэж хэлэхэд тушаалаа гаргаад надад эргээд хэлнэ гэсэн боловч яриагүй учир дарга руу залгахад Төрийн албаны зөвлөлөөс бүтэц орон тоог өөрчилж болохгүй гэдэг шийд ирсэн учир чамайг авч болохгүй байна гэсэн.

Миний бие Төрийн албаны салбар зөвлөлөөс жирэмсний амралттай байгаа хүний орон тоог хадгалах эсэх талаар тодруулахаар өргөдлөө 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  гаргаснаар салбар зөвлөлөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 116 тоот албан тоотоор хариу өгсөн. Тухайн үед шүүхийн шийдвэрээр 2 хүнийг ажилд авсан байна, гарцаагүй байдалд ороод байна тэгвэл шүүхэд ханд гэж газрын дарга хэлснээр би иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Тэгтэл Шарын гол суманд ажилд томилсон тушаалыг 2017 оны 11 дүгээр сард гарсан гэдгийг шүүхийн тайлбартай танилцах үед мэдсэнээр иргэний хэргийн шүүхээс нэхэмжлэлээ татан захиргааны хэргийн шүүхэд дээрх үндэслэлгүй Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлээ гаргасан. Захиргаа хэлтсийн дарга намайг дуудаж Шарын гол сум руу явж ажилла, үгүй гэвэл Дархан суманд ажлын байр гарахаар ажиллана гэж өргөдөл өг гэсэн. Э- дарга  2018 оны 01 дүгээр сарын 01 хүртэл Шарын гол суманд ажиллачих, тэгээд Дархан суманд ажилд авъя гэсэн. Би манай 2 хүүхдүүд бага байгаа учраас Шарын гол суманд очиж ажиллах боломжгүй, хуучин хариуцаж байсан багтаа энд дархан сумандаа ажиллана гэдгээ хэлсэн.

Би урьд ажиллаж байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын баг хариуцсан мэргэжилтнээр ажиллах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах,  нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна гэв.

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө- нь Төрийн захиргааны албан хаагч. 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр томилогдсон. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар Ө-г ажлаас чөлөөлж, жирэмсний амралтаа авсан байгаа. Тухайн үед Ө- ажил хүлээлцэх комисст Э- дарга өөрөө байсан байх боловч ажил хүлээлцсэн акт  нь байхгүй, архивын баримтаас нь гарч ирээгүй байна. Ажил хүлээлцэх үедээ Ө- Дархан сумын 2, 12 дугаар багуудыг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан боловч 2, 12 дугаар багт томилсон тушаал нь гарч ирээгүй, хамгийн сүүлд Малчин, 5 дугаар баг дээр томилогдсон тушаал нь байдаг. 2015 оны А/41 дүгээр тушаалаар 4 дүгээр баг, Өргөө баг дээр Ө-г ажиллах болсон боловч уг ажлаа аваагүй байсан байна. Үүнээс харахад Ө- нь хамгийн сүүлд Малчин, 5 дугаар багийг хариуцан ажиллаж байсан гэж үзэхээр байна.

Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Ө-г ажилд томилсон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Шарын гол суманд томилсон байгаа нь үндэслэлгүй хүчингүй тушаал гэж үзэж байна. Энэ тушаалаар төрийн захиргааны албан хаагчийг ажилд томилж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дахь хэсэгт заасан заалтуудыг заавал баримтлах ёстой ба Б/86 дугаар тушаалд хуулийг дутуу баримталсан байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж заасны дагуу ажил олгогч нь үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Хэрэв орон тоо хасагдсан бол өөр ажил олж өгнө гэдэг заалтыг баримтлах ёстой гэж үзэж байгаа. Харин ажилтны орон тоог цөөрүүлсэн, эсхүл хассан талаар Засгийн газрын тогтоолд дурдаагүй байна. Засгийн газрын 9 дүгээр тогтоолоос Нийгмийн халамжийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болгож өөрчиллөө гэсэн боловч бүтэц орон тоог цөөрүүлсэн талаар байхгүй байна. Хариуцагч талаас орон тоо цөөрсөн гээд байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхгүй байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын  Б/21 дугаартай бүтэц орон тоог батлах тухай тушаалд сум хариуцсан мэргэжилтний 14 орон тоо батлагдаж ирсэн ба сум хариуцсан мэргэжилтэн дээр 3 ажлын байр нэмэгдсэн байгаа. Сум хариуцсан мэргэжилтний 3 сул орон тоо байснаас харахад Ө-г сум хариуцсан мэргэжилтнээр томилох боломжтой  байсан нь харагдаж байгаа. Иймд Ө-г Шарын гол суманд томилсон тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна, өөр газар өөр албан тушаал дээр томилоод байгаа нь Ө- эрх зүйн байдлыг дордуулаад байна.

Ө-г томилсон албан тушаал болох Шарын гол сумын сум хариуцсан мэргэжилтний ажлыг Наранчимэг гэдэг хүн одоо хүртэл хийж байгаа. Ө-г Дархан сумын 2, 12 дугаар баг дээр ажиллаж байсан талаар нотлох баримт хэрэгт байхгүй, харин Дархан сумын 5, Малчин баг дээр ажиллаж байсан талаар нотлох баримт хэрэгт байгаа тул уг багуудыг хариуцаж ажиллаж байсан гэж үзэхээр байна. Ө- ажлыг хэн хүлээж аваад хэн ажиллаж байгаа нь тодорхойгүй, ер нь баг багаа ээлжилж хуваарилж ажилладаг юм байна. Одоогоор Дархан сумын Малчин, 5 дугаар багийг хариуцсан мэргэжилтний ажлыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын Б/59 дүгээр тушаалаар Пүрэвдорж гэдэг хүнд хариуцуулан ажиллуулж байгаа юм байна. Пүрэвдорж нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/07 дугаар Дархан сумын Засаг даргын тушаалаар Дархан суманд мэдээлэл технологийн мэргэжилтний ажилд томилогдон, сумын тамгын газарт ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Э- даргын тушаалаар хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд түр томилсон байна. Гэтэл 2016 оны 10 дугаар сараас Пүрэвдорж нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажиллаж байх хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/108 дугаар сумын засаг даргын тамгын газрын даргын тушаалаар Дархан сумын Тамгын газарт ажиллаж байсан ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгчийн хувьд орон тоо хасагдсан гэдгийг зөвшөөрөхгүй байна. 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/06 дугаар Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалын хавсралт дээр Ө- ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолт байна, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/05 дугаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын тушаалаар баталсан ажлын байрны тодорхойлолтууд дээр Ө- урьд ажиллаж байсан ажил үүрэг хэвээрээ байгаа бөгөөд Ө- ажиллаж байсан мэргэжилтний 2015 оны ажлын байрны тодорхойлолт болон 2016 оны ажлын байрны тодорхойлолт нь ямар ч өөрчлөлтгүй, тэр чигээр нь батлагдсан байна. Нэг ч чиг үүрэг хасагдахгүйгээр, Ө- эрхлэх ажилд Хөдөлмөрийн хэлтэстэй нэгдсэнтэй холбогдуулан найман төрлийн ажил үүрэг нэмэгдсэн энэ ажлыг Ө- хийгээд явах боломжтой,орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ө-г жирэмсний амралтаа авсан тушаал гарсан өдөр Баржав гэдэг хүнийг ажилд авсан байгаа боловч Баржавыг ажлаас чөлөөлсний дараа түүний ажлыг хэн авч ажилласан нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийнхээ шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

   Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамдууд татан буугдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулагдан, аймгуудад Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, хөдөлмөрийн хэлтсүүд татан буугдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон үйл ажиллагаа явуулж байгаа ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/21 дүгээр тушаалаар Дархан-Уул аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 54 ажилтан, хөдөлмөрийн хэлтсийн 28 ажилтны орон тоо хасагдаж, мөн ажилтны тоог цөөрүүлснээр нийт 44 орон тоог шинээр баталж газар, хэлтсийн дарга нарт орон тооны дээд хязгаарт багтаан ажиллахыг үүрэг болгосон.Нийгмийн халамжийн хэлтсээс амаржсаны амралтаа авсан 13 ээж байсан, тус ээж нар бүгд тангараг өргөсөн төрийн албан хаагчид. Тэдний оронд ажиллаж байсан хүмүүс нь бас тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч нар юм. Бидний зорилго бол жирэмсний амралттай ээжүүдийн ажлын байрыг хэвээр хадгалах явдал. Амаржсаны амралттай ээжүүдийг дарааллынх нь дагуу ажилд авсаар байгаа ба Ө- хувьд манай сайн ажилтан, би үр дүнгийн гэрээг нь үзсэн биелэлт нь хангалттай сайн байсан. Ө-г Шарын гол суманд түр хугацаагаар ажиллаж бай, бид 2018 оны 03 дугаар сараас Ө-г ажилд нь эргүүлэн авна гэж мэдэгдсэн. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Төрийн албаны салбар зөвлөлөөс ажилтнуудын орон тоотой холбоотой ямар ч шилжилт хөдөлгөөн хийж болохгүй гэсэн чиглэл ирсэн. Бид Төрийн албаны салбар зөвлөлөөс ирсэн чиглэлийн дагуу ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийгээгүй, 2017 оны 11 дүгээр  сарын 01-ний өдрөөс өөрчлөлт хийх боломжтой болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар жирэмсний амралтаа авч, 106 дугаар зүйлд зааснаар албан тушаалд нь үргэлжлүүлэн авч ажиллуулах ёстой. Ө-г урьд ажиллаж байсан албан тушаалтай яг ижил албан тушаал болох Шарын гол сумын сум хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр томилж, 2017 оныг дуустал Шарын гол сумандаа ажилла, он гараад бүтэц орон тоо батлагдахаар Дархан суманд ирж ажилла гэж хэлээд ажилд нь томилсон тушаалаа өгөх гэхэд тушаалтай танилцах ч үгүй гараад явсан.

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгох боломжгүй. Ямар ч байсан ажлын байраар хангасан гэж үзэж байгаа.Уг тушаалыг гаргаж Ө-г ажилд томилоход Төрийн албаны тухай хуулийг баримтлах шаардлага байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж, жирэмсэн амралттай хүнийг ажилд томилох тушаал гарах ёстой. 

Ө-г урьд ажиллаж байсантай адил орон тоон дээр томилсон, бид жирэмсний амралттай байсан хүмүүсээ ажилд нь ээлж дараагаар нь авч байгаа. Ө-г өөрт байгаа боломжийн дагуу ажилд авсан. Сумын мэргэжилтнийг  аль баг сум дээр томилохыг төсвийн шууд захирагч шийдвэрлэдэг.

 Ажлын байрны тодорхойлолт дээр хэддүгээр баг эсхүл тэр сум хариуцсан мэргэжилтний орон тоо гэж зааж өгөөгүй байдаг, бүгдээрээ баг сумаа солиод, тойроод ажилладаг юм. Бид Ө-г дархан сумандаа ажилд нь авна, ажил нь хэвээр хадгалагдаж байгаа Дархан суманд томилох боломжтой байсан юм гэв.

 

 Гуравдагч этгээд Д.Пүрэвдорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/51 тушаалаар Дархан сум хариуцсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан билээ. Тухайн газрын даргын тушаалд тус ажлын байранд хийгддэг ажил үүрэг нь “Дархан сумын амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл”-ийн нарийн бичиг хийх болон хөдөлмөр жуучлал, мөн газраас өгсөн бусад үйл ажиллагаанд Дархан сумаа төлөөлөн оролцдог байлаа. Тухайн үед буюу 2016-2017 онд нэхэмжлэгч Б.Ө- дурьдаж байгаа Дархан сумын 5, малчин багийг одоо Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт нярав хийж байгаа Т.Лхагва-Очир хариуцан ажиллаж байсан болно. 2017 онд Т.Лхагва-Очир нярав болсон тул Дархан сумын 15-р баг хариуцаж байсан Б.Сувд-Эрдэнэ нь 5, малчин багийг хариуцан ажиллах болсон билээ. Мөн тус оны 8 сард Б.Сувд-Эрдэнэ нь ээлжийн амралтаа авах хугацаанд миний бие Б.Сувд-Эрдэний ажлыг түр орлон хийж байсан ба Б.Сувд-Эрдэнэ нь 2017 оны 09 сараас ажлаас 1 жилийн чөлөө авах хүсэлтээ гаргаснаар 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/59 дугаар тушаалаар миний биеийг 5 дугаар, Малчин багийг хариуцан ажиллуулах болсон билээ. Миний бие ч баг хариуцан ажиллах хүсэлгүйгээ урьд нь газрын дарга С.Э- даргад дуулгаж байсан. Иймд хариуцаж байсан мэргэжилтнүүд нь тодорхой шалтгааны улмаас ажлаас гарч, шилжин ажилласан тул миний бие 5, Малчин багийг хариуцах болсон нь анхнаасаа надад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаагүй болно.

Мөн нэхэмжлэгч Б.Ө- нь 2015 оны 11 сарын 23-нд жирэмсний амралтаа авах үедээ Дархан сумын 2, 12-р багуудыг хариуцаж ажиллаж байсан тул одоо 5, Малчин баг дээр ажилд орох хүсэлтэй, мөн миний биеийг гуравдагч этгээдээр татаж байгаа нь огт үндэслэлгүй, зарчмын хувьд алдаатай нэхэмжлэл байна.Миний хувьд Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт анх ажилд орсон ажлын байр нэхэмжлэгч Б.Ө- ажлын байртай огт хамааралгүй. Мөн нэхэмжлэгчийн сүүлд жирэмсний амралтаа авах хүртлээ ажиллаж байсан баг нь 5, Малчин баг биш болно. Иймд миний бие гуравдагч этгээдээр татагдах үндэслэлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

      Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

            1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга С.Э-ын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилохыг даалгах” шаардлагын тухайд:

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга С.Э- нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/86 дугаар  тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хөдөлмөрийн  тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 116 тоот албан бичгийг тус тус үндэслэн “...Б.Ө-г 2017 оны  11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Шарын гол сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсугай” гэсэн шийдвэр гаргажээ.

            Нэхэмжлэгч Б.Ө- нь Дархан-Уул аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар тушаалаар  сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр туршилтын 6 сарын хугацаагаар томилогдон 2014 оны 02 дугаар сарын 10-ний А/08 дугаар тушаалаар 5 дугаар баг, Малчин багийг,  2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр томилогдсон, мөн 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн А/41 дүгээр  тушаалаар 4 дүгээр баг, Өргөө багийг хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар баг хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас /жирэмсний болон амаржсаны амралтаа авч/ чөлөөлөгдөж түүний оронд буюу баг хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний ажилд тус хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолуудыг үндэслэн С.Баржавыг тухайн өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.Улмаар С.Баржав нь Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

             

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж нэгдэн, үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталсан байх бөгөөд  Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоонд “Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн” 14 байхаар тогтоож, баг хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн болон сум, багийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг нэгтгэж улмаар  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан ”... тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал(ажлын байр)-ын орон тоо цөөрсөн...”  болох нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 9 дүгээр тогтоол, хариуцагчийн “...бүтцийн өөрчлөлтийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний 8 орон тоог  сум, баг хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний 16 орон тоонд нэгтгэж  одоо 14 мэргэжилтэн хийхээр баталж ирүүлсэн...” гэх тайлбар,  2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дүгээр тушаал, “Баг хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн болон хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

Засгийн газрын тогтоолын дагуу Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь татан буугдаж, нэр, чиг үүргийн хувьд өөрчлөгдөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон өөрчлөгдсөнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А\59 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал түүний 1 дүгээр хавсралтаар  баг хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн Б.Ө-г /жирэмсэн амаржсаны болон түр чөлөөтэй байгаа албан хаагчдын нэрс/ мөн өдрөөс чөлөөлжээ.                          

Нэхэмжлэгч Б.Ө- нь 2016 оны 4 дүгээр сараас Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилдаа орох хүсэлттэй байгаагаа тухайн байгууллагын дарга нартай биечлэн уулзан ярилцаж байсан, ямар нэгэн шалтгаангүйгээр ажилд нь аваагүйн улмаас 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр энэ тухайгаа бичгээр гаргаж өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2017 оны өргөдөл гомдлын дэвтрийн хуулбар, 126 дугаар бүхий бүртгэл хяналтын карт зэргээр нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргаснаар тухайн салбар зөвлөлөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 116 дугаар албан тоотоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Э- “...Б.Ө-г ажилд нь эгүүлэн томилж, шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн дотор ирүүлнэ үү” гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн байна.

             

         Хариуцагч нь мэргэжилтнүүдийн орон тоо цөөрсөнтэй холбон нэхэмжлэгчийг өөр ажилд томилсон, Дархан-Уул аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн зөвлөмжийг хүлээн авч биелүүлсэн гэх нэрийдлээр нэхэмжлэгчийг өмнөх ажлын байранд ажиллаж байснаас нь өөр сум болох Шарын гол сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал эрхэлсэн мэргэжилтнээр томилсон тушаалыг гаргасан нь үндэслэлгүй байна.

         Учир нь энэхүү Шарын гол сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал эрхэлсэн мэргэжилтнээр О.Наранчимэгийг түр томилсон тушаал нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Дархан сумын баг хариуцсан мэргэжилтэн Ө- орон тоо нь /жирэмсэн, амаржсаны амралттай байсан учир/ хэвээр хадгалагдаж байгаа, Б.Ө-г ажилд нь эгүүлэн авна, Пүрэвдорж нь 2 ажил үүргийг гүйцэтгэж байгаа” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа, Дархан сумандаа мэргэжилтнээр ажиллах боломжтой болох нь нотлогдож байна.

         Хэдийгээр   баг хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн, сум, багийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг нэгтгэж мэргэжилтнүүдийн орон тоо цөөрсөн боловч, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хөдөлмөр эрхлэлтийн талаарх чиг үүргийг нь нэмж нэгтгэн, нэршилийг нь хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн гэж өөрчилжээ. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна”,  Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл...”, 35 дугаар зүйлийн 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхийн ажил, албан тушаалыг хэвээр хадгалах,  106 дугаар зүйлийн 106.2-д “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...” гэж зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байсан баг хариуцсан мэргэжилтэн Б.Ө- нь ажилдаа орох хүсэлтээ гаргаснаар хуульд заасан дээрх үүргээ биелүүлж хариуцагч албан тушаалтанг  урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үндэслэлтэй байна.

 Гуравдагч этгээд Д.Пүрэвдорж нь  Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн Б/59 дүгээр тушаалаар Дархан сумын 5, Малчин багийг хариуцан ажиллуулахаар шийдвэрлэсэн тушаалууд хавтаст хэрэгт авагдсан бөгөөд Д.Пүрэвдорж нь тайлбартаа “баг хариуцан ажиллах хүсэлгүйгээ урьд нь газрын дарга С.Э- дуулгаж байсан” гэж тайлбарлажээ. Мөн гуравдагч этгээд Д.Пүрэвдорж нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болохыг дурдвал зохино.

            Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг зөрчин нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Э-ын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ө-г Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний ажилд томилохыг даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            2.Нэхэмжлэлийн “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах”  тухайд: 

            Нэхэмжлэгч Б.Ө-г Шарын гол сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаал нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна”,  Хөдөлмөрийн  тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1”... ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй  тэнцэх олговор...” гэж заасан болон  Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин халс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Ө-д ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Э-ын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/86 дугаар тушаал гарсан өдөр  ажилд томилох боломжтой цаг хугацаа байсан гэж үзэн шийдвэр гаргасан өдөр болох 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тооцож нөхөн олговорт 1,413,947 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга есөн зуун дөчин долоон/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахыг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

        

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4 дэх хэсгүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                            

ТОГТООХ нь:

 

            1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6,  Хөдөлмөрийн  тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Э-ын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Ө-г Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний ажилд томилохыг, ажилгүй байсан хугацааны олговор 1,413,947 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга есөн зуун дөчин долоон/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахыг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт тус тус даалгасугай.  

 

           2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

        4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.НАРАНТУЯА