Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0574

 

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0574

Улаанбаатар хот

 

                                                        Ж.О-ын гомдолтой

                                               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагч Ж.О, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 554 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор Ж.О-ын гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 554 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.О-ын “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-гийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0176908 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Ж.О давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 554 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг үндэслэн Ж.О миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Татварын улсын байцаагч Б.О нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0176908 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 4.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэл ногдуулсан.

Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа зөрчилд холбогдогчоос мэдүүлэг, тайлбар аваагүй. Нотлох баримт гаргаж өгөх, тайлбар хийх, хууль зүйн туслалцаа авах боломжийг олгоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасныг зөрчсөн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа зөвхөн тус хуульд заасныг баримтлан явуулна. Хэрэв хуулийг зөрчиж явуулсан, үүнийхээ дагуу шийтгэл ногдуулсан бол уг шийтгэл эхнээсээ хүчингүй байна.

Хэдийгээр зөрчилд холбогдогч этгээд нь тухайн зөрчлийг гаргасан байсан ч шийтгэл ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баримталж ногдуулах ёстой.

2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-гийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0176908 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэжээ.

 Гэвч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д “Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ” гэж заасан ба уг заалтыг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг баримтлан шийтгэл ногдуулж байгаа нь эхнээсээ уг заалтыг баримталж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Зөрчлийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийг нэхэмжлэгч миний бие гаргаагүй. Тиймээс шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр зөвхөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д заасныг гомдол гаргагч зөрчсөн болох нь тогтоогдож байгаа учраас шийтгэлийг хүчингүй болгуулах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 554 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-гийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0176908 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

1. Гомдол гаргагчаас “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Огийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0176908 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон.

Шийтгэлийн хуудсаар Ж.О нь “хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй, улсын орлого болгоогүй” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн ... зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байхаар, 51.4-т нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байхаар, 49 дүгээр зүйлийн 49.3-д сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулахаар, 58 дугаар зүйлийн 58.4-т нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр тус тус хуульчилсан байна.

Гомдол гаргагч дээрх хуулийн шаардлагыг биелүүлэлгүй хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй, улсын орлого болгоогүй болох нь түүний “... миний бие зөрчил гаргаснаа ойлгож байгаа” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан мөнгөн хандивын тайлан, хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивын тайлан, хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг буцаасан буюу улсын орлого болгосон тухай тайлан, банкны гүйлгээний баримт, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дүгээр албан бичиг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр гомдол гаргагчаас “... анх удаа сонгуульд оролцож байгаа, энэ талаар сайн мэдэхгүй байсан, тайлангаа сайн нягталж шалгаагүй гарын үсэг зурсан” гэж тайлбарлах боловч энэ нь түүний гаргасан зөрчлийг зөвтгөх, хуулиар тогтоосон шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

2. Гомдол гаргагчаас “... хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мэдүүлэг, тайлбар аваагүй. Нотлох баримт гаргаж өгөх, тайлбар хийх, хууль зүйн туслалцаа авах боломжийг олгоогүй” гэж гомдолдоо дурдах боловч хариуцагчаас уг үйл баримтыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар Ж.О-тай утас, и-мэйл хаягаар дамжуулан харилцаж байсан нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог, тэрээр шүүх хуралдаанд “... хариуцагчийн и-мэйлээр ирүүлсэн асуултууд тулгасан байдалтай байсан, тухайн үед хариу өгөх боломжтой байсан боловч өөрөө биечлэн очиж тодруулмаар байсан” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл гомдол гаргагчийн гаргасан зөрчилтэй холбоотойгоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдэж байсан гэж үзэхээр байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2, 2.5, 2.7, 2.8, 2.9-д тус тус зааснаар холбогдогч өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, зөрчлийн хэрэгтэй танилцах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхтэй, мөн 3.1, 3.3-д тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагчаас зөрчил гаргаагүй болохоо аливаа байдлаар нотлохоор дээр дурдсан эрхээ хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй атлаа энэ үндэслэлээр гомдол гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Ж.О-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Д.БАТБААТАР

 ШҮҮГЧ                                                                              Г.БИЛГҮҮН

 ШҮҮГЧ                                                                             Н.ДОЛГОРСҮРЭН