Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01742/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хас банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалантын 2-10 тоотод оршин суух, регистрийн дугаар ВН88032115, Жаагийнхан овогт Энэбишийн Амарбаясгалант,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалантын 2-10 тоотод оршин суух, регистрийн дугаар УВ88122325, Хөх шүүлэн овогт Чинзоригийн Гүндэгмаа нарт холбогдох

 

11.171.870 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, хариуцагч Э.Амарбаясгалант, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Э.Амарбаясгалант болон Ч.Гүндэгмаа нар нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хас банктай зээлийн 1610004320 дугаар гэрээ байгуулж 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай, банкны жилийн 30 хувийн хүүтэй зээлж авсан юм. 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн 1610004320 тоот гэрээгээр Дархан-Уул аймаг дахь Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалант 2-10 тоот Ү-2003012702, Г-2003002901 болон Дархан-Уул аймаг Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргал 2-13 тоот, Ү-2003013233, Г-2003002739 тоот үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан юм. Зээлдэгч нь барьцаат зээлийн 1610004320 гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг.

 

C:\Users\Ankhgerel-PC\Desktop\Хэвлэх\Хас банк-Э.Амарбаясгалант.docx

Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1610004320 тоот зээлийн нөхцөл байдлыг үндэслэн өөрийнх нь хүсэлтийн дагуу нөхцөл өөрчилж зээлийн хугацааг 1 жилээр сунган эхний 4 сар үндсэн төлбөрөөс чөлөөлж төлөлтийг багасгаж өгсөн боловч 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байна.

Энэ хугацаанд банкны зүгээс зээлэгч Э.Амарбаясгалант, Ч.Гүндэгмаа нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн нөхцөл байдлаас шалтгаалж цаашид барьцаат зээлийн 1610004320 /1610009104/ дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна.

Зээлдэгч Э.Амарбаясгалант, Ч.Гүндэгмаа нарын барьцаат зээлийн 1610004320 /1610009104/ дугаар гэрээний 3.2-т заасан боловч 5,1 дүгээр хэсгийг үндэслэн гэрээг цуцалж байна.

Зээлдэгч Э.Амарбаясгалант, Ч.Гүндэгмаа нарын зээлийн үлдэгдэл 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар:

Зээлийн 1610004320 /1610009104/ дугаар гэрээний үндсэн төлбөр 8.566.736 төгрөг, хүү 2.558.467 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.667 төгрөг нийт 11.171.870 төгрөг болж байна.    

Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1. Зээлийн нийт төлбөр болох 11.171.870 төгрөгийг Э.Амарбаясгалант болон Ч.Гүндэгмаа нараас гаргуулах,

2. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө орлогоор хангуулах,

3. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Амарбаясгалант, Ч.Гүндэгмаа, өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хас банкны Дархан салбарын нэхэмжлэлийг хариуцагч Э.Амарбаясгалант, Ч.Гүндэгмаа бид гардаж авч танилцлаа.

Зээлдэгч бид эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус банкнаас 20 сая төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй зээлж авсан юм. Зээлээ авснаас хойш банктай байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу төлөлтийг графикийн дагуу зохих ёсоор төлж ирсэн. 2016 оноос эдийн засгийн хямрал нийгэм даяар үүссэнтэй холбоотойгоор бидний эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаанд ч бас доголдол гарсаны улмаас зарим сард дутуу төлөлт хийх асуудал гарч байсан хэдий ч бид банкийг аль болох хохиролгүй байлгах үүднээс дутуу төлөлтийг нөхөж хийдэг байсан. Энэ тухайгаа банкны эдийн засагч Н.Нямдоржид тухай бүр нь мэдэгдэж, төлөлтийг гүйцээж хийхээ хэлдэг байсан. Хамгийн сүүлд л гэхэд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийн төлөлтийг хийсэн.

Гэтэл банк харилцагчийнхаа эрх ашиг, бодит байдлыг харгалзаж үзэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Ингэхдээ гэрээнд зааснаас илт их хүү болон нэмэгдүүлсэн хүүг давхар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн бид аль болох төлөлтийг хийж гүйцээх арга хэмжээ авч байхад бидний төлсөн мөнгийг хүүнд суутган хасч, үндсэн төлөлтөөс хасагдахгүй байгаад гомдолтой байна. 2014 оны 03 дугаар сард 20 сая төгрөгийн зээл авчихаад өнөөдрийн байдлаар бид нийт 21.526.892 төгрөгийн төлөлт хийчихээд байхад дахиад 11.171.870 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэмэгдүүлсэн хүү 2 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Анх 2014.03.20-нд зээл авсан. 2015.11.20-нд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 3 сар буюу 2018.03.03нд дуусна. Зээл авснаас хойш үндсэн зээлд 9955900 төгрөг, хүүд 7360257 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28672 төгрөг нийт 16947929 төгрөг төлсөн. 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш үндсэн зээлд 10 044 087 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28 672 төгрөг нийт 21 528 134 төгрөг төлсөн. График зөрчиж байгаа боловч боломжоороо төлдөг. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225..4.1-д заасан ялимгүй зөрчил гаргасан тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар нь хариуцагч Э.Амарбаясгалант, Ч.Гүндэгмаа нарт холбогдуулан 11.171.870 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э.Амарбаясгалант нь шүүх хуралдаанд хүүгийн хэмжээ хэт их тул багасгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн бусад шаардлагын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар, хариуцагч Э.Амарбаясгалант, Ч.Гүндэгмаа нар нь харилцан тохиролцож, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 20.000.000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө зориулалтаар, мөн өдөр Барьцаат ипотекийн гэрээгээр Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалант 2-10 тоотод байрлах, Ү-2003012702, Г-2003002901 болон Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалант 2-13 тоотод байрлах Ү-2003013233, Г-2003002739 тоот үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлдэгчийн анкетууд, батлан даалтын гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 9-10, 13-19/,

 

Талууд нь харилцан тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээний нөхцөл өөрчилж, гэрээний хугацааг 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сунгасан болох нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 11/

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Хас банкны Дархан салбарт өргөдөл өгч байсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн өргөдөл, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өргөдөл, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн өргөдөл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 23-25/

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Э.Амарбаясгалант, Ч.Гүндэгмаа нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11.171.870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

Хариуцагч Э.Амарбаясгалант нь зээлийн гэрээнд заасан хүү хэт их хэмжээтэй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар багасгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч бусад банк, санхүүгийн байгуулагаас олгодог зээлийн хүүгээс хэт их байгаа талаар нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Хас банкны Дархан-Уул салбар нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1610004320 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч нартай өдөр Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалант 2-10 тоотод байрлах, Ү-2003012702, Г-2003002901 дугаартай хашаа байшин, газар, мөн Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалант 2-13 тоотод байрлах Ү-2003013233, Г-2003002739 дугаартай хашаа байшин, газар зэргийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 16-19/

 

Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Хариуцагч Ч.Гүндэгмаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул хариуцагчийг байлцуулахгүйгээр талуудын тайлбар, хэрэгт авагдасан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хас банкны Дархан-Уул салбар, хариуцагч Э.Амарбаясгалант, Ч.Гүндэгмаа нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Э.Амарбаясгалант, Ч.Гүндэгмаа нараас 11.171.870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалант 2-10 тоотод байрлах, Ү-2003012702, Г-2003002901 дугаартай хашаа байшин, газар, мөн Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалант 2-13 тоотод байрлах Ү-2003013233, Г-2003002739 дугаартай хашаа байшин, газар зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 369.544 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 369.544 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА