Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 60

 

Хас банкны Дархан салбарын 

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01742/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 171 дүгээр шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбарын  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч  Э.А-,  Ч.Г- нарт холбогдох

“Зээлийн гэрээ цуцалж, зээлийн  үүрэгт  11.171.870 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”  иргэний хэргийг  

             Хариуцагч Ч.Г-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

             2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Хас банк,  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалангаас:

Зээлдэгч Э.А- болон Ч.Г- нар нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хас банктай зээлийн 1610004320 дугаар гэрээ байгуулж 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай, банкны жилийн 30 хувийн хүүтэй зээлж авсан. 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн барьцаат зээлийн 1610004320 тоот гэрээгээр Дархан-Уул аймаг дахь Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалант 2-10 тоот Ү-2003012702, Г-2003002901 болон Дархан-Уул аймаг Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргал 2-13 тоот, Ү-2003013233, Г-2003002739 тоот үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг.Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний   үүргээ    зөрчиж    эхэлсэн    бөгөөд    2015    оны 11   дүгээр  сарын 20-ны өдөр

1610004320 тоот зээлийн нөхцөл байдлыг үндэслэн өөрийнх нь хүсэлтийн дагуу нөхцөл өөрчилж зээлийн хугацааг 1 жилээр сунган эхний 4 сар үндсэн төлбөрөөс чөлөөлж төлөлтийг багасгаж өгсөн боловч 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байна.Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Э.А-, Ч.Г- нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 8.566.736 төгрөг, хүү 2.558.467 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.667 төгрөг нийт 11.171.870 төгрөг болж байна.    Иймд зээлийн нийт төлбөр болох 11.171.870 төгрөгийг Э.А-,  Ч.Г- нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө орлогоор хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.А-, Ч.Г-, өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нараас:

Зээлдэгч бид эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус банкнаас 20 сая төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлээ авснаас хойш банктай байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу төлөлтийг графикийн дагуу зохих ёсоор төлж ирсэн. 2016 оноос эдийн засгийн хямрал нийгэм даяар үүссэнтэй холбоотойгоор бидний эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаанд ч бас доголдол гарсаны улмаас зарим сард дутуу төлөлт хийх асуудал гарч байсан хэдий ч бид банкийг аль болох хохиролгүй байлгах үүднээс дутуу төлөлтийг нөхөж хийдэг байсан. Бид аль болох төлөлтийг хийж гүйцээх арга хэмжээ авч байхад бидний төлсөн мөнгийг хүүнд суутган хасч, үндсэн төлөлтөөс хасагдахгүй байгаад гомдолтой байна. 2014 оны 03 дугаар сард 20 сая төгрөгийн зээл авчихаад нийт 21.526.892 төгрөгийн төлөлт хийчихээд байхад дахиад 11.171.870 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Нэмэгдүүлсэн хүү 2 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Анх 2014.03.20-нд зээл авсан. 2015.11.20-нд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 3 сар буюу 2018.03.03-нд дуусна. Зээл авснаас хойш үндсэн зээлд 9.955.900 төгрөг, хүүд 7.360.257 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28.672 төгрөг нийт 16.947.929 төгрөг төлсөн. 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш үндсэн зээлд 10.044.087 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28.672 төгрөг нийт 21.528.134 төгрөг төлсөн. График зөрчиж байгаа боловч боломжоороо төлдөг. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасан ялимгүй зөрчил гаргасан тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 171 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хас банкны Дархан-Уул салбар, хариуцагч Э.А-, Ч.Г- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Э.А-, Ч.Г- нараас 11.171.870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож,

Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалант 2-10 тоотод байрлах, Ү-2003012702, Г-2003002901 дугаартай хашаа байшин, газар, мөн Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалант 2-13 тоотод байрлах Ү-2003013233, Г-2003002739 дугаартай хашаа байшин, газар зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 369.544 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 369.544 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Г- давж заалдсан гомдолдоо:

Хас банкны Дархан салбар харилцагчийнхаа эрх ашиг, бодит байдлыг харгалзаж үзэхгүйгээр хийсэн төлөлтийг хүүнд тооцож суутган үндсэн зээлийн дүнгээс хасагдахгүй байсан нь зээлдэгч бидний эрх ашгийг илт хохироож байсан болох нь хэрэгт авагдсан зээлийн төлөлт хийсэн дансны  хуулгуудаар нотлогдож байгаа. Одоо  хүү 2.558.467 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.667 төгрөг, нийт 2.605.134 төгрөгийг  зөвшөөрөхгүй байна.  2014 оны 03 сард 20 сая төгрөгийн зээл авсан. Өнөөдрийн байдлаар нийт 21.528.134 төгрөгийн төлөлт хийсэн байхад дахиад 11.171.870 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар  2.605.134 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч  Хас банкны Дархан салбар  хариуцагч  Э.А-, Ч.Г-  нарт холбогдуулан  зээлийн гэрээ  цуцалж, зээлийн гэрээний дагуу  11.171.870  төгрөг  гаргуулах,   үүргийн гүйцэтгэлийг  барьцаа хөрөнгөөс  хангуулах  гэсэн    шаардлага  гаргасныг

Хариуцагч  Э.А-, Ч.Г-  нар “2016 оноос эдийн засгийн хямрал үүссэнтэй холбоотойгоор  бидний  бизнесийн үйл ажиллагаанд доголдол гарч зарим сард  төлөлтийг  дутуу  хийх асуудал гарч байсан, банк хариуцагчийн  эрх ашиг бодит  байдлыг харгалзаж үзэхгүйгээр  шүүхэд нэхэмжлэл  гаргасан,  ингэхдээ гэрээнд зааснаас илт их  хүү болон нэмэгдүүлсэн  хүүг  давхар   нэхэмжилж  байгааг  хүлээн  зөвшөөрөхгүй гэж  маргасан.

Шүүх  Хас банкны  Дархан салбар,  Э.А-, Ч.Г-  нарын  хооронд байгуулсан  зээлийн гэрээг цуцалж,  хариуцагч нараас  11.171.870  төгрөг  гаргуулж,  үүргийн гүйцэтгэлийг  барьцааны эд хөрөнгөөс  хангуулахаар  шийдвэрлэснийг  хариуцагч Ч.Г- эс зөвшөөрч  хүү, нэмэгдүүлсэн хүүг буруу  тооцсон гэх давж заалдсан  гомдол нь  үндэслэлтэй байх тул  шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж үзлээ.

Хас  банкны Дархан салбар  болон   Э.А-, Ч.Г- нарын хооронд  2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн  1610004320 тоот  зээлийн гэрээ  байгуулж,  20.000.000 төгрөгийг  36 сарын хугацаатай, сарын  30 хувийн хүүтэй \хх-13 дугаар тал\,  уг  зээлийн гэрээнд 2015 оны 11 дүгээр сарын  20-ны өдөр   нэмэлт  өөрчлөлт  оруулж  зээлийн гэрээний дуусгавар болох хугацааг 2018  оны 3 дугаар сарын 03-ны өдөр болгож, үндсэн   зээлийн үлдэгдэл  9.995.900  төгрөгийн  зээлийг  гэрээний  хавсралт 1-ийн дагуу төлөлт  хийхээр  шинэчлэн  тогтоож \хх-11 дүгээр тал\,  зээлийн гэрээний  үүрэгт   улсын  бүртгэлийн  Ү-2003013233 дугаарт бүртгэлтэй, 000064295 тоот гэрчилгээтэй, Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалангийн 2 дугаар гудамж 13 тоот хашаа байшин, улсын бүртгэлийн  Ү-2003002739 дугаарт бүртгэлтэй,  000050748 тоот гэрчилгээтэй  газар,  улсын бүртгэлийн  Ү-2003012702 дугаарт бүртгэлтэй,  000197787 тоот гэрчилгээтэй  Ханжаргалангийн 2 дугаар гудамж 10 тоот  хашаа байшин, улсын бүртгэлийн  Ү-2003002901 дугаарт бүртгэлтэй,  000183875 тоот гэрчилгээтэй газрыг  барьцаалсан  байна.  \хх-1 дугаар тал\

Зохигчдын   дунд байгуулагдсан дээрх  зээлийн  гэрээ нь  Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т  заасан  шаардлагад,   барьцааны  гэрээ нь Иргэний хуулийн  165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт   нийцсэн   хүчин төгөлдөр гэрээ  байх бөгөөд  зохигчид нь  зээл болон барьцааны гэрээний талаар  маргаагүй  болохыг  дурдах нь  зүйтэй.

Хариуцагч  Э.А-, Ч.Г- нар  2014 оны  04 дүгээр сарын 03-наас  2016 оны 12  дугаар сарын 07-ны өдөр  хүртэл хугацаанд  нийт  21.528.158 төгрөг  буцаан төлсөн,  талууд   энэ талаар мөн  маргаагүй  байна.

Хариуцагч нар  зээлийн төлбөрийг  графикт  хугацаанд  эргүүлэн   төлөөгүйгээс  нэхэмжлэгч  гэрээ  болон Иргэний хуулийн  225 дугаар  зүйлийн  225.1-д  зааснаар   гэрээг цуцалж, Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д  зааснаар  гэрээний  үүргийн гүйцэтгэлийг  шаардсан  ба  гэрээгээр  тохирсон  сар бүр  төлөх төлбөрийн хэмжээг  удаа  дараа   зөрчиж  байсан  нь  зохигчдын тайлбар, нотлох баримтаар  тогтоогдсон  учир  шүүх   зээлийн гэрээ  цуцлах  шаардлагыг хангасан нь  хууль  зөрчөөгүй.

Нэхэмжлэгч  зээлийн хүү  2.558.467 төгрөг  гаргуулах  шаардлагаа  нотолж чадаагүй  гэж  үзнэ.

Зээлийн нэмэлт гэрээний үүргээр  зээлдэгч нар  үндсэн зээл 9.955.900  төгрөг,     хүү  3.972.131 төгрөг нийт 13.928.031 төгрөг төлөх үүрэг хүлээж, гэрээний  хугацаанд  зээлд 2.074.145 төгрөг, хүүд 1.988.387 төгрөг  төлсөн  байхад  ямар үндэслэлээр   хүү  2.558.467 төгрөг  нэхэмжилсэнээ  нэхэмжлэгч тал  нотлоогүй.

Хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээ цуцлах  санал гаргасан  өдөр буюу  шүүхэд нэхэмжлэл гаргасан   2016 оны  12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд  төлбөл зохих хүү  2.727.643  төгрөгөөс  төлсөн  1.988.387  хасч  үлдэх  739.256 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.667 төгрөг,  зээлийн  үлдэгдэл \ 9.955.900-2.074.145\  7.881.755  төгрөгийн  хамт шаардах  эрхтэй  байна.

Иймд  зээлийн хүүг  буруу тооцсон гэх  хариуцагчийн  давж заалдсан гомдлыг хангаж,  шүүхийн шийдвэрт  дээрх  үндэслэлээр  өөрчлөлт  оруулахаар   шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийн тогтоох  хэсгийн 1 дэх  заалтад  “...453 дугаар зүйлийн 453.1 ...” гэснийг хасч   “11.171.870”  гэснийг  “8.667.678”  гэж  өөрчилж,  нэхэмжлэлийн  шаардлагаас   2.504.192  төгрөгийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгосугай” гэж ,  тогтоох хэсгийн  3 дахь заалтын  “369.544 төгрөг  гаргуулж”  гэснийг  “153.633  төгрөг гаргуулж”  гэж   тус тус  өөрчлөлт  оруулж,  шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар  зүйлийн 162.4-т зааснаар  Э.А-аас  давж  заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  57.640  төгрөг  төлснийг  шүүгчийн захирамжаар гаргаж, түүнд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ            

                                            ШҮҮГЧИД                                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                    С.ЭНХЖАРГАЛ