| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 101/2016/05975/И |
| Дугаар | 001/ХТ2018/00902 |
| Огноо | 2018-05-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2018/00902
Н.А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03100 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2017/02553 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч М.М-, О.Ж- нарт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32 282 500 төгрөг, зээлийн гэрээний үүргийг өмнөөс нь төлсөн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50 751 960 төгрөг, нийт 83 034 460 төгрөг гаргуулах, зохигчдын хооронд 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 9 000 000 төгрөгний үнэ бүхий худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, хариуцагч М.М-, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н.А- нь М.М-тай 2012 оны 5 сард өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 60/4 дүгээр байрны 9 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204030819 дугаарт бүртгэлтэй 61 мкв бүхий 3 өрөө орон сууцыг орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдуулан 60 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Банкны журмын дагуу М.М-, О.Ж- нар нь худалдан авах байрныхаа үнийн дүнгийн 30 хувьд ногдох 18 сая төгрөгийг Төрийн банкны 106 дугаар салбар дахь харилцах дансандаа байршуулж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулж 42 сая төгрөгний зээлийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатай авсан. М.М-, О.Ж- нар нь Н.А-т төлбөл зохих 60 сая төгрөгнөөсөө 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 15 717 500 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 12 000 000 төгрөгийг, бүгд 27 717 500 төгрөгийг данс хоорондын гүйлгээгээр шилжүүлж, үлдэгдэл 32 282 500 төгрөгийг огт төлж барагдуулаагүй, банкнаас авсан зээлийн хүү, үндсэн төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй. Тэд банкинд зээлтэй байх хугацаандаа гадаад улс руу явсан тул банкны зээлтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль гэх мэт бүхий л төлбөрүүдийг нь Алдар өмнөөс төлж барагдуулсан. Мөнхзаяа, Жавхлан нарыг Энэтхэгээс ирсний дараа Мөнхзаяатай ярьж тохиролцсоны дагуу 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тэдний зээлийн үлдэгдэл төлбөр болох 41 409 000 төгрөгийг нь Алдар Төрийн банкин дахь М.М-гийн 3406012122 тоот зээлийн дансанд нь бэлнээр тушааж зээлийг нь хаасан. Харин М.М- байрыг буцаан шилжүүлэх, мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, зээлийн болон барьцааны гэрээний дагуу гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх явцад үүссэн М.М-, О.Ж- нарын Н.А-т төлөх 20 780 705 төгрөгийн өр төлбөрийг 1 жилийн дотор буцаан төлөх үүрэг хүлээсэн. Энэ өр төлбөр нь 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл М.М-гийн өмнөөс Н.А-ын Төрийн банкинд төлсөн 7 089 205 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 41 409 000 төгрөг, нийт 48 498 205, үүнээс 27 717 500 = 20 780 705 төгрөг болсон.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 83 034 460 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Үүнд 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 32 282 500 төгрөгийг гаргуулах, орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч нар нь 60 сая төгрөгийг төлөхөөс 27 717 500 төгрөг төлж үлдэгдэл 32 282 500 төгрөгийг төлөөгүй. Хариуцагч нар “Баз интернэшнл” ХХК-нд орон сууцыг 45 сая төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулан “Баз интернэшнл” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж мөнгийг авсан. Төрийн банкны зээл, зээлийн төлбөрийг хаахад Алдарын зүгээс төлсөн 50 751 960 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, нийт 83 034 460 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Н.А- нь хуурч мэхлэн хариуцагч нарын нэр дээр бага хүүтэй орон сууцны зээл гаргуулан өөрийн зорилгодоо хэрэглэх санаатай байсан. Анх Н.А-ын санаачлагыг хүлээн авч, түүнтэй хамтран Борнуурт ногоо тариалахаар тохиролцсон юм. Алдар нь бизнесийн зээлийн хүүгээс бага хүүтэй, урт хугацаатай мөнгө гаргаж авахаар болсон юм. Тэгээд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, өөрийн танил Төрийн банкны эдийн засагчаар дамжуулан байрны урьдчилгааг 18 сая төгрөг болгон үлдсэн мөнгө болох орон сууцны зээл гаргаж бүх мөнгийг авсан. Хэрэв Н.А- мөнгөө аваагүй бол тухайн өдрөө шууд Төрийн банкинд хандах байсан. Бүх мөнгө авсан учраас ямар ч гомдол гаргаагүй. Н.А-ын нэхэмжлэлд зээл авахдаа биш байрыг буцаан өгөхдөө асуудал үүсгэсэн гэж байгаа нь үнэхээр гүтгэлгийн шинжтэй байна. Н.А- нь бидний нэр дээрх зээлээ төлж байж байрны бичиг баримтаа шилжүүлж авах шаардлагын дагуу зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулсан бөгөөд байрны бичиг баримтаа буцааж шилжүүлж авсан юм. Бид үнэхээр бусдаас 3 өрөө байр худалдаж авсан бол яагаад тэр байрандаа Н.А-ыг байлгаад өөрсдөө тухайн байранд нэг ч хоног амьдрахгүй байна гэж. Тухайн үед цахилгааны төлбөр, СӨХ-ийн төлбөр, дулааны төлбөр зэрэг ахуйн хэрэглээтэй холбоотой бүх зардлуудыг хэн хийсэн бэ гэдгээс нь худалдах, худалдан авах гэрээ ямар санаа зорилгоор, яах гэж хийгдсэн бэ гэдэг нь тодорхой харагдах боломжтой.
Түүнчлэн Н.А- нь өөрөө бидний нэр дээр гаргуулсан, өөрөө авч ашигласан зээлээ хугацаа хэтрүүлсэн бөгөөд хүү, нэмэгдүүлсэн хүү, торгуулийг өөрөө төлөх нь мэдээжийн асуудал юм. Бодит байдал дээр худалдах-худалдан авах гэрээгээр тухайн орон сууцыг худалдан авсан бол 2013 оны 7 сарын зах зээлийн ханшаар 3 өрөө орон сууцны бодит ханш нь 100 сая хол давсан үнээр биднээс худалдаж авах шаардлага бий болно. 9 тоотыг Мөнхзаяагаас Алдар уруу шилжүүлэх байсан боловч Баз интернэшнлийн Жаргалсайхан руу шилжүүлсэн байдаг. 2013 оны 06 дугаар сарын 13-нд Баз болон Алдар нарын хооронд энэ 9 тоот болон бусад байрыг шилжүүлэх гэрээ хийсэн байдаг. Мөн байрны үнийн дүнд юу юу төлөх талаар тодорхой байгаа. Зээл нь 15 жилийн хугацаатай байсан боловч нэхэмжлэгч 1 жил гаруй хугацаанд төлсөн байдаг. Яагаад миний өмнөөс төлсөнөө тайлбарлахгүй байгаа. 2013 оны 06 дугаар сарын 19-ний гэрээний дагуу 07 дугаар сарын 02-нд надаар буцаан шилжүүлүүлсэн. 9 саяын гэрээ нь татвараас зайлсхийх гэж хийсэн гэрээ юм. Хэрэв бодит байсан бол би 9 саяар хийхгүй байсан. Татвараас зайлсхийх болон миний нэр дээр бага хүүтэй зээл авах зорилготой гэрээ байсан.
Иймд энэ 9 саяын гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03100 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 496 дугаар зүйлийн 496.1, 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэгч Н.А-, хариуцагч М.М- нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 9 000 000 төгрөгний үнэ бүхий Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 60/4-9 тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч М.М-, О.Ж- нараас 19 684 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63 349 860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 890 023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-, О.Ж- нараас 256 373 төгрөг, хариуцагч М.М-гаас 158 950 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.А-т олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2017/02553 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.М-, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.М-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 373 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг тус тус зөрчсөн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлийн шаардлагаас Банкны зээлэнд төлсөн төлбөрөөс хариуцагч нарын нэхэмжлэгчид 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Орон сууц худалдаж худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчид төлсөн 27 707 500 төгрөгийг хасч, 19 684 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байдал нь тооцооллын хувьд алдаатай, хоёр өөр төрлийн маргааны зүйлийг нэгнээс нь хасч шийдвэрлэсэн байдал нь ойлгомжгүй байна. Шүүх уг тооцооллыг хийхдээ нэхэмжлэгч талаас банкинд төлсөн төлбөрөөс үндэслэлгүйгээр 3 242 950 төгрөгийг хасч тооцсон байна. Шүүх дүгнэхдээ уг төлбөрийг нэхэмжлэгч Н.А- төлсөн гэж үзэх боложгүй. Хэдийгээр эдгээр төлбөрийг хариуцагч нь төлөөгүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийг төлсөн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл эдгээр төлбөрийг буцаан шаардах эрх үүсээгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн гаргасан уг дүгнэлт нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтэй нийпэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад тухайн үед хариуцагч нар нь гадаад улсад явж байсан, мөн хариуцагч нар ерөөсөө төлбөр төлөөгүй гэж удаа дараа тайлбар гаргасан, мөн зарим төлбөр тооцоог бэлэн бусаар буюу мөнгөн шилжүүлгээр төлсөн байдаг. Шүүх 3 242 950 төгрөгийг хасч тооцохдоо төлбөр тооцоог гүйцэтгэснийг нотлох үндсэн баримт болох банкны дипозит болон зээлийн дансны хуулгуудыг шалгаж, нотлох баримтын хэмжээнд үнэлэх ажиллагаагаа хийгээгүй байна.
Хэрэгт авагдсан үйл баримтыг нягтлан харах аваас тус мөнгийг нэхэмжлэгч төлсөн гэдэг нь тогтоогдож байна. Иймд банкны зээлэнд төлсөн 3 242 950 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй юм.
Гэрээний зүйл өөрөө үл хөдлөх эд хөрөнгө тул гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт зохигчдын хооронд 60 сая төгрөгний үнийн дүнтэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75 2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн юм. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах болон түр зогссон талаар нэхэмжлэгч талаас нотлоогүй гэж шийдвэртээ тусгасан байдаг. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг нь хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан байдаг. Миний бие хариуцагч болох М.М-гаас удаа дараа шаардаж байсан бөгөөд үүнийг гэрч Д.Төмөрбаатарын мэдүүлгээр нотолж байсан болно. Гэвч шүүхээс гэрчийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдохгүй байна гэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар гэрчийн мэдүүлгийг нотлох шаардлагагүй бөгөөд энэ нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заагдсан хуульд заагдсан арга хэрэгслээр цуглуулсан нотлох баримт юм. Иймээс шүүх тус гэрчийн баримтыг үнэлээгүй нь тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заагдсан ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй юм.
Иймд шүүх эдгээр нөхцөл байдлуудыг нягтлан шалгаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж 63 349 860 төгрөгийг хангаж хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Анхан болон давж заалдах шатны шүүх нь М.М-, О.Ж- нарт орон сууцыг худалдан авч, өмчлөлдөө шилжүүлэх хүсэл сонирхол байгаагүй, Н.А- нь орон сууцыг худалдаж бусдын өмчлөлд шилжүүлэх хүсэл сонирхол байгаагүй гэдэг асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн М.М-, О.Ж- нар орон сууцыг барьцаалан зээл авах хүсэл зорилго байгаагүй, түүнийг Н.А- авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон атал түүнийг хэрхэн үнэлсэн үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Н.А- нь орон сууцыг худалдах буюу М.М-, О.Ж- нарын өмчлөлд шилжүүлэх хүсэл зорилго байгаагүй, зөвхөн тэдгээрийн нэрийг ашиглан зээл авах зорилготой байсан болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байхад энэ талаар шийдвэр гаргахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Н.А- ч анх нэхэмжлэл гаргахдаа байраа буцааж авсан талаар бичсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар тайлбарласан. Түүнчлэн “Баз интернешнл” ХХК, Н.А- нар нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн талаархи гэрээнд маргаан бүхий орон сууц хамт шилжсэн болон Улсын бүртгэлийн лавлагаагаар энэ нь нотлогдож байхад энэ талаархи баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр үнэлсэнгүй.
Анхан шатны шүүхээс М.М-, О.Ж-, Н.А- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ бодитой байгуулагдаагүй бөгөөд Улсын бүртгэлд 60 сая төгрөгний гэрээ бүртгэгдээгүй талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үндэслэл болсон орон сууц худалдах худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байхгүй байгаа асуудалд шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдууллаа.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар М.М- нь Н.А-т орон сууцыг буцаан өгсөн нь нотлогдож байгаа бөгөөд ямар үндэслэлээр уг нотлох баримтуудыг үнэлээгүй, ийм шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. М.М- миний бие нь Н.А-т хууран мэхлүүлж өөрийнхөө нэр дээр зээл авч өгсөн бөгөөд энэ нь Н.А- зээлээ төлж байгаад уг орон сууцыг “Баз интернешнл” ХХК-д бусад олон үл хөдлөх эд хөрөнгийн хамтаар шилжүүлсэн баримт, Н.А- “Баз интернешнл” ХХК-тай байгуулсан гэрээгээр хангалттай нотлогдон тогтоогдсон.
М.М-, О.Ж- нарт маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрх олгогдоогүй талаар анхан шатны шүүхэд талуудаас тайлбарласан нь бодит байдлаар орон сууц М.М-, О.Ж- нарын өмчлөлд шилжээгүй гэх бас нэг үндэслэл юм. Маргаан бүхий орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 15 жил байсан бөгөөд Н.А- нь зээлийн хугацаа дуусаагүй байхад зээлийг хугацаанаас өмнө төлсөн, тухайн орон сууцанд худалдан авсан гэх М.М-, О.Ж- нар нь амьдарч байгаагүй, тухайн орон сууцыг Н.Апдар нь объектийн нэг хэсэг болгон худалдах зорилготой байсан зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул бодит байдлаар М.М-, О.Ж- нарт Н.А- нь орон сууцаа худалдаагүй, орон сууц барьцаалсан зээл нь Н.А-ын авсан зээл гэдэг нь нотлогдсон. Хамааралгүй бусдын үүргийг хугацаанаасаа төлөх шаардлага Н.А-т байгаагүй бөгөөд үүнийг бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн болон андуурч энэхүү зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад шүүхээс хуулийг дээрх байдлаар тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.
М.М-, О.Ж- нарт Н.Апдар нь орон сууцаа бодит байдлаар худалдаагүй, нэр дээр нь бага хүүтэй, урт хугацаатай зээл аваад туүнийгээ эргэн төлсөн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байтал үндэслэлгүйгээр М.М-, О.Ж- нараас 19 684 600 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.
Иймд нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж “хариуцагч М.М-, О.Ж- нараас 19 684 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-т олгож” гэсэн хэсгийг хүчингүй болгож, Н.А-ын нэхэмжилсэн 83 034 460 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч М.М-, О.Ж- нараас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32 282 500 төгрөг, бусдын өмнө хүлээсэн үүргийг нь гүйцэтгэсэн 50 751 960 төгрөг, нийт 83 034 460 төгрөг гаргуулах, 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн боловч үлдэх шаардлагыг эс зөвшөөрч, орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Нэхэмжлэгч Н.А- нь М.М-тай 2012 оны 5 сард өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 60/4 дүгээр байрны 9 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204030819 дугаарт бүртгэлтэй 61 мкв бүхий 3 өрөө орон сууцыг орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдуулан 60 сая төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, татвараас зайлсхийх зорилгоор гэрээг 9 000 000 төгрөгөөр хийсэн гэж тайлбарласан байна. Түүнчлэн М.М-, О.Ж- нар нь худалдан авах байрныхаа үнийн дүнгийн 30 хувьд ногдох 18 сая төгрөгийг Төрийн банкны 106 дугаар салбар дахь харилцах дансандаа байршуулж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулж, 42 сая төгрөгний зээлийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатай авсан ба Н.А-т төлбөл зохих 60 сая төгрөгнөөс 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 15 717 500 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 12 000 000 төгрөгийг, бүгд 27 717 500 төгрөгийг данс хоорондын гүйлгээгээр шилжүүлж, үлдэгдэл 32 282 500 төгрөгийг огт төлөөгүйгээс гадна банкнаас авсан зээлийн хүү, үндсэн төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй тул банкны зээлтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль гэх мэт бүхий л төлбөрүүдийг өмнөөс төлж барагдуулсан гэж тайлбарлажээ.
Харин хариуцагч М.М-, О.Ж- нар нь орон сууцыг худалдаж аваагүй, тийм шаардлага байгаагүй, уг орон сууцанд амьдраагүй, Н.А- бага хүүтэй орон сууцны зээл гаргуулах зорилгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, зээлийн бүх мөнгийг авсан, тийм ч учраас төлбөрийг төлсөн гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч болон хариуцагчийн эсрэг агуулга бүхий тайлбаруудаар маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй байна.
Шүүх зохигчийн хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хуурамч хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол мөн зүйлийн 56.5.-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна. Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хуурамч хэлцэл гэж үзэж байгаа бол эрх зүйн үр дагаврыг хэрхэхийг шийдвэрлэх учиртай.
Зохигч нь маргааны зүйл болж буй орон сууцыг 9 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтыг хэн алин нь хуурамч байсныг хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч гэрээний үнэ өөр байсан ч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж, харин хариуцагч угаас худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, харин бага хүүтэй зээл авах зорилгоор гэрээ байгуулсан гэж тайлбарласныг шүүх анхаарах учиртай. Шүүх зөвхөн үнийн дүнгийн хувьд дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Маргааны зүйл болж буй орон сууц одоо “Баз интернэшнл” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд шилжсэн байх ба анхан шатны шүүх “Баз интернэшнл” ХХК-иас нэхэмжлэгч Н.А-т 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 59 250 000 төгрөг төлсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр зохих журмын дагуу үнэлээгүй, давж заалдах шатны шүүх уг төлбөрийг хэнд төлсөн байх нь тухайн маргаанд хамааралгүй гэж дүгнэсэн нь тус тус учир дутадалтай болжээ.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болох байна. Хариуцагч нарын банкнаас авсан зээлийг нэхэмжлэгч Н.А- өмнөөс нь төлөх ямар шаардлага байсан нь тодорхой бус байгаагаас гадна тэрээр уг зээлийг хариуцагчийн тайлбарласнаар авсан бол түүнийг бусдын өр төлсөн гэж үзэхгүй юм. Хэрэгт авагдсан баримтаар маргааны энэ үйл баримт хангалттай тогтоогдоогүй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс орон сууц худалдаж авсан бол уг орон сууцны өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад түүнийг эзэмшилдээ аваагүй, авахыг шаардаагүй явдал нь ойлгомжгүй байна.
Маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүхийн хууль хэрэглээний алдааг шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03100 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2017/02553 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн /66 838+458 485/ нийт 525 323 төгрөг, хариуцагчаас төлсөн 256 373 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН