Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2021/0588

 

 

“Кашмер холдинг” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, П.Ц, хариуцагч Ц.Ц, О.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2021/0360 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч “К Х”  ХХК-ийн захирал С.М-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу “К Х”  ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, О.Т нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2021/0360 дугаар шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 4.1.5 /нэмэлт өөрчлөлт ороогүй/, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсэг /нэмэлт өөрчлөлт ороогүй/, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан “К Х”  ХХК-иас гаргасан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, О.Т нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0309896 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангиас хүлээн зөвшөөрсөн болон Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хүчингүй болгосноос үлдсэн 260,499,058.50 төгрөгийн хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

“К Х”  ХХК-ийн захирал С.М давж заалдах гомдолдоо: “... Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлын утга нь манай асуудлыг хэлэлцэхдээ Монгол Улсын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө “Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн” дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуульд заасны дагуу хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хянах, хянан шийдвэрлэхдээ, “нэр бүхий татварын байцаагч нар 0309896 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа хууль буруу хэрэглэсэнг засаж залруулж өгнө үү” гэсэн гомдол гаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх бидний гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон бидний гомдлыг анхаарч үзсэнгүй гэж үзэж байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхэд хэрэг хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх явцад олон удаа шүүх хуралдаан үндэслэлгүйгээр хойшлогдож, шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй, хариуцагч талын хариуцлагагүй хандлагууд, тэдний хуульчийн хууль бус итгэмжлэлтэй байсан, байцаагч нар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулахдаа хууль ноцтой зөрчсөн  зэрэг олон асуудалд хүсэлт тавьсаар байтал хариуцагчид боломж олгон, хариуцагчаас гаргасан баримтыг шалгахгүйгээр, үнэн зөв баримт мөн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр илт тэдний талд үйлчилж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тодорхой байгаа тул шүүх шийдвэрийг хууль зөрчиж гаргасан гэх гомдолтой байна. Шалгалтын удирдамжийн талаарх баримтыг хариуцагч  талаас гаргуулах авсан боловч уг баримтыг үнэлэх, хэргийн байдлыг тодруулах ажиллагааг дутуу явуулсан, өөрөөр хэлбэл үүнийг дагалдуулж татварын хяналт орж байгаа тухайн аж ахуйн нэгжийнхээ холбогдох ажилтанд танилцуулсан талаарх баримтыг гаргуулах, тухайн баримт бодитойгоор үйлдэгдсэн эсэхийг шалгахаар үзлэг хийх зэрэг ажиллагааг явуулаагүй нь захиргааны шүүх нотлох үүргээ  хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Татварын улсын байцаагч нар 0309896 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа ямар аргачлал тооцоолол ашигласан талаар бидэнд анхнаасаа огт тайлбарлаж өгөөгүйгээс гадна татвар, нөхөн татвар, алданги торгууль хэрхэн яаж тооцож оногдуулсан нь тодорхойгүй, Зөрчлийн тухай хуулийн анх батлагдсан заалт болон 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар орсон нэмэлт өөрчлөлт орсон заалтын аль заалтаар хариуцлага ногдуулсан нь тодорхойгүй, хуулиар тогтоосон хувь хэмжээнээс зөрүүтэй байхад, энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр туйлын тодорхой тайлбарлан маргасаар байхад нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлүүдийг няцаасан бодитой, тодорхой дүгнэлт хийгээгүй хэрнээ, хариуцагч талд ашигтай буюу хэт нэг талыг барьсан бүрхэг, хэт ерөнхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Тийм учраас маргаан таслах зөвлөлийн хуралдааны дараа ч ойлгомжгүй байсан тул нэхэмжлэлийн нэг шаардлага болгон шүүхэд хандсан. Анхан шатны шүүх хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагч тал тооцооллын талаар тодорхой тайлбар өгсөн тул бид ямар тооцоололтой байсан тухай ойлгож тооцооллын аргачлалыг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ асуудал нь зөвхөн татвар оногдуулсан тооцооллыг хүлээн зөвшөөрсөн болохоос хууль буруу хэрэглэж илүү тавигдсан үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн асуудал биш байтал шүүх буруу ойлгож дүгнэлт хийсэнд харамсаж байна.

“К Х”  ХХК болон “Т Д Б Л” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн нэршил өөр байгаа боловч үндсэндээ утга, агуулга, хэлбэрийн хувьд “Санхүүгийн түрээсийн гэрээ” байтал гэрээг буруу тайлбарлан удаа дараалан шийдвэрлэж байгаа нь харамсалтай байгаа хэдий ч маргаан таслах зөвлөл санхүүгийн түрээсийн төлбөрт ногдох 56,813,893.63 төгрөгийн нөхөн татвар, 17,044,168.08 төгрөгийн торгууль, 11,362,72.00 Төгрөгийн алданги, нийт 85,220,840.43 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь татварын байцаагч нарын оногдуулсан шийтгэл хууль бус байх өндөр магадлалтай бидний гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй болохыг давхар харуулж байна гэж үзэж байгаа бөгөөд шүүхэд энэ талаар тодорхой тайлбаруудыг гаргах болно.

2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэх ёстой татварын ерөнхий хууль үйлчилж эхлэхээс өмнө шийтгэлийн хуудсыг гардуулах, хүргүүлэхийн тухайд зарим хууль зөрчсөн мэт асуудлууд нь харагддаг бөгөөд Хан-Уул дүүргийн шуудангийн газарт 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ажлын цаг дууссаны дараа 18 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн шийтгэврийн хуудас ирсэн байдаг. Харин бид шууданчийн мэдэгдсэнээр 2020 оны 01 дүгээр сарын03-ны өдрийн өглөө ажил эхэлмэгц хүлээн авсан болохыг тус тус бүртгэсэн тэмдэглэл нотлох баримт болон хэргийн баримтуудад авагдсан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орсон өөрчлөлт байхад хуулийн хүчингүй болсон заалтаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бид хөнгөлөлт эдлэх боломжтой.

Татварын багц хууль мөрдөгдөж эхэлсэн үеэс буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Зөрчлийн тухай хуульд заасан Татварын хуулийг зөрчих гэх бүлгээс зарим зөрчлүүд хасагдаж, өөрчлөгдөн найруулагдсан. Ийнхүү хасагдсан зөрчлүүд дунд 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 1.2 дахь заалт байсан. Шийтгэлийн хуудсанд заагдсан зөрчил нь Татварын багц хуулийн шинэчлэлээр хасагдсан бөгөөд шийтгэл оногдуулсан өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дараагийн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “К Х”  ХХК-ийг торгосон зөрчлийг зөрчилд тооцохоо больсон байдаг. Иймд 266,447,564.67 төгрөгийн төлбөрийг хуульд нийцүүлэн хасч, Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 360 дугаар шийдвэрийг нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар “К Х”  ХХК-ийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

“К Х”  ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0309896 дугаар шийтгэлийн хуудсаар татварын улсын байцаагч нар “К Х”  ХХК-ийн 2013-2017 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, 2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг үндэслэн 351,668,405.10 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

            Энэхүү шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс хянаад, төлбөрийн хэмжээг 266,447,564.67 төгрөг болгон бууруулснаас “К Х”  ХХК нь 268,735,306.69 төгрөгийн үндсэн хөрөнгийг зээлээр худалдан авахад төлсөн 26,873,536.30 төгрөгийн нөхөн татвар, 8,062,060.92 төгрөгийн торгууль, 5,374,707.22 төгрөгийн алданги, нийт 40,310,304.21 төгрөгийн төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн үлдэгдэл 504,384,260.30 төгрөгт 149,788,268.26 төгрөгийн торгууль, 70,400,486.08 төгрөгийн алданги, нийт 220,188,754.34 төгрөгийн төлбөр буюу нийт 260,499,058.50 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан.  

            Анхан шатны шүүх ““К Х”  ХХК нь 2017 онд үндсэн хөрөнгийг “Т Д Б Л” ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан үйл баримт маргаан бүхий хяналт шалгалтаар тогтоогдсон” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

“К Х”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “... “зээлээр худалдах худалдан авах гэрээ” гэж байгуулсан боловч гэрээний заалтууд нь Маргаан таслах зөвлөлийн гомдлыг хангасан хэсэг болох санхүүгийн түрээсийн гэрээтэй адил, уг гэрээний дагуу худалдан авсан зарим тоног төхөөрөмжийн төлбөрөө бүрэн төлж дуусгаагүй, өмчлөх эрх одоо ч шилжээгүй байгаа. Хариуцагч үүнийг шалгаагүй, өмнө нь 2009 онд худалдан авсан тоног төхөөрөмж ч энэ гэрээнд хамааралтай байгааг хариуцагч дутуу шалгасан, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд орсон өөрчлөлтүүдтэй хамааралтайгаар үүнийг тогтоох байсан” гэж, хариуцагчийн “... татвар төлөгчөөс баримтаа гаргаж өгөөгүй, энэ талаарх баримтыг шалгаагүй, мөн “Т Д Б Л” ХХК-ийн өмчийн бүртгэлийг тулгаж шалгах боломжгүй тул шалгаагүй” гэж тус тус тайлбар гаргажээ.

            Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтад хамрагдсан тус компанийн 2013-2017 оны татвар төлөлт болон хяналт шалгалт явуулж, шийтгэлийн хуудас гарах хүртэлх хугацаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд маргаж буй “худалдаж авсан үндсэн хөрөнгөд төлсөн татварыг хасалт хийх” эсэхтэй холбоотой дараах өөрчлөлтүүд орсон байна:

- 2008 онд батлагдаж 2016 оны 01 дүгээр сарын 01 хүртэл мөрдөгдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар үндсэн хөрөнгө худалдаж авсан тохиолдолд “хасалт” хийхгүй талаар тодорхой заалт байгаагүй бол 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д ”Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна”, 8.1.2-д “Санхүүгийн түрээсийн зүйлийг худалдан авсан бол түрээсийн төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан тухай бүрд”, 14.1.5-д “Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж,

- 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулийн (2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн) 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна” ... 14.1.5.в-д “Энэ хуулийн 14.1.5.а, 14.1.5.б-д зааснаас бусад үндсэн хөрөнгийг шууд” гэж тус тус өөрчлөлтүүд оруулжээ.

Татварын улсын байцаагчийн “зөрчил” гэж үзсэн хэрэгт авагдсан “зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж нэрлэсэн IPSA 003/2017, IPSA 04/2017 дугаартай гэрээний 1.1-д “... Гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусахад, гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулна” гэж, Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор “зөрчил” биш гэж үзсэн 2014 оны “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ” гэж нэрлэсэн FLA004/2014 дугаар гэрээний 1.1 дэх хэсэгт “...  Түрээсийн төлбөрийг бүрэн төлж дуусахад Түрээсийн зүйлийг Түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна” гэж тус тус заасан байх бөгөөд мөн 2014-2017 он хүртэл тоног төхөөрөмжийг зээлээр болон санхүүгийн түрээсээр удаа дараа худалдан авах гэрээг байгуулсан байна.

Дээрх хуулийн өөрчлөлтүүд болон хэргийн оролцогчдын тайлбар, хэргийн нөхцөл байдлаас үзвэл дээрх гэрээнүүдээр “худалдан авсан” гэх үндсэн хөрөнгө болох тоног төхөөрөмжүүдийн өмчлөх эрхийг хэдийд шилжүүлэн авч, үндсэн хөрөнгөдөө бүртгэснийг шалган тодруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “Худалдан авалт” хэсэгт тусгаж, хасалт хийх эрхтэй байсан эсэхийг тогтоосны үндсэн дээр тухайн үед үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэх, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “зөрчил” мөн эсэхийг тогтоож, хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

Гэтэл улсын байцаагч нар дээрх нөхцөл байдлыг дутуу шалгасан, холбогдох тайлан, бүртгэл болон гэрээний зүйл буюу тоног төхөөрөмж тус бүрийг тулган шалгаагүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2021/0360 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2021/0360 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, О.Т нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0309896 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагч “К Х” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ