Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0360

 

2021 05 25 128/ШШ2021/0360

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: К.Х ХХК /РД:5256... /

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, О.Т.

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, О.Т нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0309...  дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангиас хүлээн зөвшөөрсөн болон Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хүчингүй болгосноос үлдсэн 260,499,058.50 төгрөгийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э ,Э.Т , П.Ц, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Э , хариуцагч Ц.Ц, О.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “К.Х” ХХК-иас шүүхэд гаргасан гомдолдоо:

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, О.Т нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0309...  дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангиас хүлээн зөвшөөрсөн болон Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хүчингүй болгосноос үлдсэн 260,499,058.50 төгрөгийг хүчингүй болгуулах.

Манай компани Шийтгэлийн хуудас /0309...  дугаартай /-аар ногдуулсан 351,668,405,10 төгрөгийн төлбөрөөс Хувь хүний орлогийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй, хугацаа хожимдуулсанд ногдуулсан 5,948,506.10 төгрөгийн төлбөрийг тухай үед үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг шинэчлэх, технологио сайжруулахтай холбоотойгоор ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтын зардал шаардагдаж байсан учраас зохих хугацаанд нь төлж чадаагүй тул хүлээн зөвшөөрч маргаагүй...

Маргаан бүхий 0309...  дугаартай Шийтгэлийн хуудас-аар шийтгэл оногдуулахдаа татварын аргачлал тооцоололын талаар бидэнд анхнаасаа огт тайлбарлаж өгөөгүйгүйгээс гадна татвар, нөхөн татвар, алданги, торгууль хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, маргаан таслах зөвлөлийн хуралдааны дараа ч мөн ойлгомжгүй байдал үргэлжилсээр байна.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үйлчлэх ёстой Татварын ерөнхий хууль" үйлчилж эхлэхээс өмнө шийтгэлийн хуудсыг гардуулах, хүргүүлэхийн тухайд зарим будлиантай маргаантай асуудлууд нь харагддаг бөгөөд Х дүүргийн шуудангийн газарт 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ажлын цаг дууссаны дараа 18 цаг 00 минутад Х дүүргийн Татварын хэлтсийн шийтгэвэрийн хуудас, RD 143296212MN дугаартай дугтуйтай бичгээр ирсэн байдаг.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн хэсгийн 1 заалтын үндэслэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1.5 дахь үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй ... " гэсэн заалтыг үндэслэсэн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөлт орчихсон байхад нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хүчингүй болсон заалтаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт ... Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл , албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ... гэсэн заалтаар бид хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Татварын багц хууль мөрдөгдөж эхэлсэн үеэс буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Зөрчлийн тухай хуулинд заасан Татварын хуулийг зөрчих гэх бүлгээс зарим зөрчлүүд хасагдаж, өөрчлөгдөн найруулагдсан. 0309...  дугаартай Шийтгэлийн хуудас-нд заагдсан зөрчил нь Татварын багц хуулийн шинэчлэлээр хасагдсан бөгөөд шийтгэл оногдуулсан өдөр буюу 2019 оны 12 дугааарсарын 31-ний өдрийн дараагийн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн К.Х " ХХК-ийг торгосон зөрчлийг зөрчилд тооцохоо больсон байдаг. Зөрчлийн тухай хууль"-ийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг үндэслэн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 1.2-т заасан шийтгэлээс чөлөөлөх үндэслэлтэй байна гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Манай компани үйлдвэрийнхээ төхөөрөмжийг сайжруулах, шинэчлэхдээ бусдаас санхүүгийн түрээсийн үйлчилгээг худалдан авсан байх ба санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Т.Д.Б.л ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй, Нэмэгдсэн өртгийн албан татвар, татвар ногдох үйлчилгээ үзүүлэгч компани юм. Тийм ч учраас "Т.Д.Б.л ХХК нь түрээсийн төлбөр дээр ногдуулан суутган авсан нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хасалт хийх эрхтэй байна ...

Татварын хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Татварын Ерөнхий хууль /2008 оны/-иар тогтоосон үндэслэл журмын дагуу явуулах зарчимтай. Хуулиар тогтоосон үндэслэл, журмыг хангаагүй, хяналт шалгалтад баримтлах зарчмуудын аль нэгийг хангаагүй тохиолдолд тухайн хяналт шалгалтын үйл ажиллагаа, түүнээс гарсан аливаа акт, эрх зүйн баримт бичиг, шийдвэр нь хүчингүйд тооцогдоно. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын хийсэн Татварын хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай үндэслэлийн дагуу явуула гэсэн зарчим, 5 дугаар зүйлийн 5.1-д Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх гэсэн журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хариуцагчаас Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/102 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт "Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж гэх баримт гарган өгсөн байгаас үзвэл уг хяналт шалгалт нь "гүйцэтгэлийн" бус хяналт шалгалт биш болох тодорхой байна.

Төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулахад эрх бүхий албан тушаалтан урьдчилан Удирдамж баталсан байх ёстой бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Төрийн хяналт шалгалт явуулах Удирдамжид заавал тусгасан байвал зохих 7 төрлийн мэдээллийг заасан байх шаардлагатай байна.

Эдгээр удирдамжид тусгавал зохих зүйлсээс Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/102 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт "Татварын хяналт шалгалт хийх удирдамж-д нэг нь тусгагдаагүй, тодруулбал нэгдсэн дугааргүй, ямар зорилгоор шалгалт хийх болсон нь тодорхой бус, шалгалтын төрөл, арга, хэлбэрийн алийг сонгосон нь тодорхойгүй, Удирдамжид шалгалтад хамрагдах аж ахуйн нэгжийн нэр буюу "К.Х” ХХК-ийн нэр бичигдээгүй, шалгалтын хүрээг тодорхойлоогүй, шалгалт хийх бүрэлдэхүүн, ажлын хэсэг, түүний ахлагч хэн болох нь тодорхойгүй, эхлэх, дуусгах хугацааг заагаагүй, өмнөх шалгалтын талаарх мэдээллийг тусгаагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Татварын хяналт шалгалт хийх хууль зүйн үндэслэл бүрдээгүй, хуулиар тогтоосон зарчим, журмыг зөрчсөн хяналт шалгалтын ажиллагаанаас гаргасан Хан-Уул дүүргийн Татварын хэлтэсийн Татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0309...  дугаартай Шийтгэлийн хуудасыг нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байх чадваргүй байна...

Татвар ногдох орлогыг нуусан, бууруулсаныг Татварын хяналтаар илрүүлж, нуусан болон бууруулсан татварын хэмжээгээр нөхөн ногдуулж, төлөхийг төлөхийг үүрэг болгосон татварыг "Нөхөн төлүүлэх татвар гэх ба Зөрчлийн тухай хуулийн 11.19 - р зүйлийг 2019.03.22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө энэ зүйлийн тайлбарт алданги тооцох ба алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэснээс үзвэл алдангийг зөвхөн нөхөн төлүүлэх татвараас тооцон ногдуулж, харин Татвар төлөгч хүн, хуулийн этгээд өөрөө татвараа тодорхойлж тайлагнаад хугацаанд нь төлж чадаагүй татварт алданги тооцох үндэслэлгүй байна.

Иймээс хугацаанд нь төлөөгүй 504,384,260.30 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварт 70.400,486.10 төгрөгийн алданги ногдуулсан нь хууль бус байна.

Татварын хяналт ажиллагааны дүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу Шийтгэлийн хуудас үйлдэгдсэн болохоос Татварын Ерөнхий хууль /2008 он/ -ийн дагуу акт үйлдэгдээгүй.

Зөрчлийн тухай хуулийн дагуу үйлдэгдсэн Шийтгэл хуудас-аар Татварын Ерөнхий Хууль /2008 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ гэж заасан байхад Зөрчлийн тухай хуулийн дагуу үйлдэгдсэн Шийтгэл хуудас -аар Татварын Ерөнхий Хууль 2008 он/-ийн 7 4 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг үндэслэн алданги тооцон ногдуулж байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Мөн татвар төлөгч өөрөө нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаараа ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй гэх зөрчилд аль алинд алданги ногдуулахдаа хууль буруу хэрэглэсэн, хууль зөрчсөн байх тул алдангийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2008 оны шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийг барьж шийтгэлийн хуудас ногдуулсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх явцад хуулийн ондоо шаардлага тавьж байгаа хоёр тал үүнийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой, тооцоо нийлсэн байх ёстой, бүгд ойлголцсон байх ёстойг гэсэн шаардлага тавьдаг. Энэ шаардлагуудыг хангалгүйгээр Зөрчлийн тухай хуулийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн асуудал байна. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шинэ хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар үзсэнд 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн баталсан хуулиар татварын хяналт шалгалт хийсэн бол тэр хуулиараа асуудлыг хянан шийдвэрлэнэ гэсэн заалт байгаа. Гэхдээ Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэсэн байдаг. Тэгэхээр манайх эрх зүйн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдалд байгаа. 2017 оны Зөрчлийн тухай хуулиар торгуулийг 10 хувиас хэтрүүлэхгүй тавьдаг болсон. Бидэнд үүнийг хэрэглэхгүйгээр шийтгэл ногдуулсан байна. Иймд 2017 оны хуулиар 50 сая төгрөгийн торгууль байх үндэслэлтэй юм. Зөрчлийн тухай хуульд 2008 оны Татварын ерөнхий хуулийг хэрэглэхдээ манайд хөнгөрүүлэх нөхцөлийг оруулаагүй бөгөөд манайх эдлэх эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл манай гомдлын үндэслэлийг тулгаж харсан боловч гэрээний нэршилтэй холбогдуулан 40,310.304 төгрөгийн татварыг хасахгүйгээр 85,210,840 мянган төгрөгийн татварыг шийтгэлийн хуудсаас хасч шийдвэрлэсэн. Гэхдээ нийт 125 сая төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авахад зориулан хийсэн худалдан авалтын Нэмэгдсэн өртгийн албан татвар бол нэг гэрээтэй, нэр нь өөр тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан санхүүгийн түрээс төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар юм. Үндсэн 40 сая төгрөгийг хасч тооцож өгнө үү. ... Манай 504 сая төгрөгийн зөрчил бол нөхөн төлүүлэх татвар биш татвар төлөгч болох “К.Х” ХХК нь өөрөө татвар ногдох зүйлээ үнэн зөв тодорхойлж татварын үүргээ үнэ зөв илэрхийлсэн байхад нөхөн төлүүлэх татвар гэж байхгүй. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар нөхөн төлүүлэх татвар байхгүй учир алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Өөр нэг үндэслэл нь шийтгэлийн хуудас нь татварын хяналт шалгалтаар зөвхөн шийтгэлийн хуудас гэдэг эрх зүйн акт гарсан. Гэтэл 2008 оны Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар алданги ногдуулсан. Хэрэв 2008 оны Татварын ерөнхий хуулиар алданги ногдуулж байгаа бол тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар татварын улсын байцаагч энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1, 67, 64 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт бичих ёстой байсан. Гэтэл акт бичээгүй байж Татварын ерөнхий хууль хэрэглээг огт өөр хуулийн дагуу гаргадаг эрх зүйн актад үндэслэж алданги ногдуулж байгаа бол хууль буруу хэрэглэх, эсхүл зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүй буруу явуулсан гэдэг үндэслэлээр татварын улсын байцаагч нарын тавьсан актыг хүчингүй үндэслэлгүй акт ногдуулсан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: 1. 2017 оны 504,384,260.3 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулинд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд хариуцлага оногдуулахдаа 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тус компанийн Нэмэгдсэн Үүнээс өртгийн албан татварын тайлангийн 2015 оны 08 дугаар сараас өмнөх үүссэн өрийг 0 гэж үзэж, хойш хугацаа буюу 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх Нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн үлдэгдэл болох 504,384,260.30 төгрөгт 149,788,268.26 төгрөгийн торгууль, 70,400,486.08 төгрөгийн алданги оногдуулсан болно. 2008 оны 5 дугаар сарын 20 өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйл. Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам 43.5. Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна гэж заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйл. Албан татвар ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, тайлагнах 16.1. Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10 - ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэснийг үндэслэн 2017 оны 01 сарын 10-ны өдөр нь тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлөх сүүлийн өдөр гэж үзэж Шийтгэлийн хуудасны тэмдэглэл хэсэгт 2017 он гэж бичсэн болно. Зөрчлиийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн хуулийн этгээдийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн зүйлийн тайлбарт энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж харин татварын ерөнхий хуулийн 74 зүйлийн 74.1-д хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж тус тус заажээ. Дээрх 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг өөрчлөн найруулж Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсөн зохицуулалт нь нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварыг төлүүлэх харилцаанд бус харин зөвхөн алданги буюу тухайн төлөөгүй татвараас үүссэн хариуцлагад ногдуулахад хэрэглэгдэхээр юм. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хуулийн дээрх зохицуулалтыг алданги тооцохдоо хэрэглэсэн бөгөөд нөхөн төлүүлэх татвар болон торгуульд хэрэглээгүй болно.

Түүнчлэн хугацаанд нь төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээ нь Зөрчлийн тухай хуульд зааснаар нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй, харин Татварын ерөнхий хуульд зааснаар нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байхаар зохицуулсан байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 зүйлийн 4-д Зөрчилд тооцохгүй болсон ногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасны дагуу оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлсэн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн болно гэжээ.

Хариуцагч Ц.Ц******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Татварын маргаан таслах зөвлөл дээр Т.Д.Б.л ХХК-аас Япон улсаас Шима үйлдвэрийн тоног төхөөрөмж авсан. Түүн дээр маргаан таслах зөвлөлөөр түрээсийн гэрээ гэдгээр хасагдаж өгсөн байгаа. Хасагдаагүй үндсэн хөрөнгө нь дотоодын зах зээлээс ДСТ ХХК, Б.Э.Б.Э ХХК-аас компьютер тоног төхөөрөмж болон кассын автомашин зэрэг үндсэн хөрөнгүүдийг худалдан авсан энэ хоёр тусдаа ойлголт юм гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Маргаж байгаа 40 сая төгрөг нь дотоодын зах зээлээс худалдан авсан бараа ажил үйлчилгээний дүн хэсэг дээр тайлагнасан нь өөрсдөө татварын цахим тайланд өөрсдөө шивж оруулсан байдаг. Тэр нь манай татварын фишер мэдээллийн санд хадгалагдсан байдаг. Санхүүгийн түрээсийн гэрээ, зээлээр худалдах худалдан авах гэрээний хуваарийн дагуу төлсөн баримтуудаас үзэхэд 2017 онд санхүүгийн түрээсийн төлбөрт 454,324.148 төгрөг төлсөн нь нотлогдож зээлийн эх үүсвэрээр 242,782.361 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авсан нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн маргаж байгаа 40 сая төгрөг нь зээлийн эх үүсвэрээр 242,782.361 төгрөг нь үндсэн хөрөнгө нь хамааралтай дүн юм. Татварын албанаас батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн маягт нөхөх зааврын тайлангийн 48 дугаар баганад санхүүгийн түрээсийн зээлийг санхүүгийн түрээсээр дотоодын зах зээлд борлуулсны орлого хүлээн авагчид татвар ногдуулахаар, татвар төлөгчийн хувьд уг тайлангийн 51 дүгээр баганад санхүүгийн түрээсийн зээлийг санхүү, түрээсээр дотоодын зах зээлээс худалдан авахад төлсөн түрээсийн төлбөр буюу төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан хасна гэсэн байдаг. Энэ гол маргаж байгаа зүйл нь үндсэн хөрөнгийн зээлээр худалдан авахад төлсөн 26,873.536 төгрөгийн нөхөн татвар 8,062,060 төгрөгийн торгууль, 5,374.707 төгрөгийн алданги нийт 40,310,304 төгрөг нь нөхөн ногдуулах ёстой гэж Татварын маргаан таслах зөвлөл үзсэн. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсгийг үндэслэсэн байдаг. Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан бараа худалдан авсан бол бараа ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авсан албан татварыг хасахгүй гэж хуульд заасны дагуу Татварын алба 40 сая төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн байдаг. ...Гэрчийн мэдүүлэг Татварын албаны хууль зөрчөөгүй гэдгийг бататгаж өгсөн. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу бүхий л ажиллагааг татварын улсын байцаагч хийсэн байдаг. ...2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл өр төлбөр байсан уу гэхэд байсан гэж гомдол гаргагч хүлээн зөвшөөрсөн. Татварын улсын байцаагчийн гаргасан тооцооллыг үнэн зөв гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу албан ёсны шийдвэрийг гаргах эрх бүхий итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд ерөнхий нягтлан бодогч оролцсон.

Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт төлөлтийн баталгаажуулсан шийтгэлийн хуудас, түүний хавсралт, тооцоолол зэргээс үзвэл 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил нь татварын хяналт шалгалтад хамрагдаж байгаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл үргэлжилсэн нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасан байдаг. Үүний дагуу Зөрчлийн тухай хуулийн 19.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг татварын улсын байцаагчид хэрэглэсэн. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хуулийн этгээдийн хугацаа хоног хэтэрсэн хугацаанд төлөөгүй татварын 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн зүйлийн тайлбарт нь 1, 2, 3, 4, 5 дахь хэсгүүдэд заасан нөхөн төлөх хугацаанд төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж хуульд тодорхой заасан.

Манай шийтгэлийн хуудас нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарсан. 2020 онд гараагүй, гомдол гаргагчийн тайлбарлаж байгаагаар 2020 оны 1 дүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн хуульд хамаатуулна гэсэн. Цаг хугацааны хувьд энэхүү акт нь 2019 онд гарсан акт юм. Түүнчлэн Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар 74 дүгээр зүйлд Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэсэн гарчигтай байсан төдийгүй төлөөгүй татварт ногдуулах алданги гэж өөрчилж уг зүйлийн зохицуулалтыг бүхэлд нь өөрчлөн найруулж дээрх хуулийн 74.1 дэх хэсэгт хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна. Дээрх хуулийн 74.2 дахь хэсэгт энэ хуулийн 74.1 дэх хэсэгт заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй гэсэн заалтуудтай болсон нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуультай холбогдуулан өөрчлөлт оруулсан уг хуулийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөн Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар тогтоосон байдаг. Эдгээр үндэслэлээр татварын улсын байцаагч нь хуулийн дагуу шийтгэлээ ногдуулсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч К.Х ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, О.Т нарт холбогдуулан гаргасан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0309...  дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангиас хүлээн зөвшөөрсөн болон Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хүчингүй болгосноос үлдсэн 260,499,058.50 төгрөгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг 2021 оны 01 дүгээр 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн[1], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Гомдол гаргагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд анх гаргасан гомдлын шаардлагаа өөрчлөөгүй бөгөөд дээрх гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, О.Т нар нь Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.О-ын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 23180300136 дугаартай томилолт[2], Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаар удирдамжийн[3] дагуу гомдол гаргагч К.Х ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны татварын бүрэн хяналт шалгалтыг хийжээ.

Хариуцагч нар нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0309...  дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч К.Х ХХК-ийг 2013-2017 онуудад татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, 11.19 дүгээр зүйлийн 2, Татварын ерөнхий хуулийн 74.1, заасныг тус тус үндэслэн 83,687,429.70 төгрөгийн нөхөн татвар, 178,941,100.0 төгрөгийн торгууль, 89,039,875.30 төгрөгийн алданги, нийт 351,668,405.10 төгрөгийн төлбөр ногдуулсан байна[4].

Гомдол гаргагч К.Х ХХК-иас хариуцагч нарын дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Татварын маргаан таслах зөвлөл 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар тогтоолоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2016 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 16 дугаар зүйлийн 16.1, Татварын ерөнхий хууль / 2008 оны /-ийн 43 дугаар зүйлийн 43.5, 57 дугаар зүйлийн 57.2, 57.3 дах хэсгийг баримтлан татварын улсын байцаагчийн 0309...  дугаар шийтгэлийн хуудсаар 1,440,258,678.50 төгрөгийн зөрчилд ногдуулсан 83,687,429.70 төгрөгийн нөхөн татвар, 178,941,100.0 төгрөгийн торгууль, 89,039,875.30 төгрөгийн алданги, нийт 351,668,405.10 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосноос, нийт 568,138,936.31 төгрөгийн санхүүгийн түрээсийн зүйлийг дотоодын зах зээлээс худалдан авахад төлсөн санхүүгийн түрээсийн төлбөрт ногдох 56,813,893.63 төгрөгийн нөхөн татвар, 17,044,168.08 төгрөгийн торгууль, 11,362,778.72 төгрөгийн алданги, нийт 85,220,840.43 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 872,119,742.19 төгрөгийн зөрчилд ногдох 26,873,536.07 төгрөгийн нөхөн татвар, 161,896,932.02 төгрөгийн торгууль, 77,677,096.58 төгрөгийн алданги, нийт 266,447,564.67 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэжээ[5].

Гомдол гаргагчаас дээрх маргаан таслах зөвлөлийн тогтоолоор төлүүлэхээр шийдвэрлэсэн 266,447,564.67 төгрөгийн төлбөрөөс 2016 онд 268,735,306.69 төгрөгийн үндсэн хөрөнгийг зээлээр худалдан авахад төлсөн 26,873,536.30 төгрөгийн нөхөн татвар, 8,062,060.92 төгрөгийн торгууль, 5,374,707.22 төгрөгийн алданги, нийт 40,310,304.21 төгрөгийн төлбөр, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн үлдэгдэл болох 504,384,260.30 төгрөгт 149,788,268.26 төгрөгийн торгууль, 70,400,486.08 төгрөгийн алданги, нийт 220,188,754.34 төгрөгийн төлбөр /нийт 260,499,058.50/ оногдуулсан нь үндэслэлгүй гэж маргасан бөгөөд шүүх дээрх оногдуулсан төлбөрүүд нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэв.

I. 268,735,306.69 төгрөгийн үндсэн хөрөнгийг зээлээр худалдан авахад төлсөн 26,873,536.30 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги нийт 40,310,304.21 төгрөгийн төлбөрийн тухайд;

Гомдол гаргагчаас маргаан бүхий 26,873,536.30 төгрөгөөр худалдан авсан үндсэн хөрөнгийг Санхүүгийн түрээс-ийн гэрээгээр худалдан авсан байхад нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан нь үндэслэлгүй гэж маргажээ.

Гомдол гаргагч К.Х ХХК нь 2017 онд маргаан бүхий 268,735,306.69 төгрөгийн үдсэн хөрөнгийг Т.Д.Б.л ХХК-иас Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Дотоод зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний дүн хэсэгт тайлагнасан үйл баримт маргаан бүхий хяналт шалгалтаар тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл маргаан бүхий үндсэн хөрөнгийг Санхүүгийн түрээс-ийн гэрээгээр худалдан авсан гэж үзэхээргүй байх бөгөөд харин Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ээр худалдан авсан байна гэж үзэхээр байна.

Зөрчлийн тухай хуулийн /2019.03.22-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт ороогүй байх үеийн заалт/ 11.19 дүгээр зүйлийн 1.2. татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн;, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны хуулийн 2019.03.22-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт ороогүй байх үеийн заалт/-ийн 14 дүгээр зүйл. Албан татварт хасалт хийх, 14.1.5. үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, зээлээр худалдан авсан үндсэн хөрөнгөнд ногдуулсан татварыг хасахааргүй байх бөгөөд хасаж тооцож тайланд тусгасан тохиолдолд татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэхээр байна.

Иймд маргаан бүхий Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн худалдан авсан үдсэн хөрөнгөнд нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна.

II. Нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн үлдэгдэл 504,384,260.30 төгрөгт торгууль, алданги, нийт 220,188,754.34 төгрөг оногдуулсан төлбөр тухай;

Гомдол гаргагч нь хяналт шалгалт явагдах үед 504,384,260.30 нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй байсан гэсэн үйл баримт болон төлөлт, тооцоололтой маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гомдол гаргагч Татварын багц хууль мөрдөгдөж эхэлсэн үеэс буюу 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс Зөрчлийн тухай хуульд заасан Татварын хуулийг зөрчих гэх бүлгээс зарим зөрчлүүд хасагдаж, өөрчлөгдөн найруулагдсан. Ийнхүү хасагдсан зөрчлүүд дунд 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 1.2 татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн; бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх заалт байсан. О309896 дугаартай Шийтгэлийн хуудас-нд заагдсан зөрчил нь Татварын багц хуулийн шинэчлэлээр хасагдсан бөгөөд шийтгэл оногдуулсан өдөр буюу 2019 оны 12 сарын 31-ний өдрийн дараагийн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “К.Х " ХХК-ийг торгосон зөрчлийг зөрчилд тооцохоо больсон байдаг. Зөрчлийн тухай хууль"-ийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг үндэслэн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 1.2-т заасан шийтгэлээс чөлөөлөх үндэслэлтэй байна. гэж маргажээ.

Зөрчлийн тухай хуулийн /2019.03.22-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт ороогүй байх үеийн заалт/ 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно., мөн зүйлийн Тайлбарт: Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дах хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна., Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйл. Төлөөгүй татварт ногдуулах алданги, 74.1. Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна. гэж заасан хуулийн заалтууд болон дээрх хуулийн тайлбарыг хэрэглэж гомдол гаргагчийн нэмэгдсэн өртгийн албан татварт төлөөгүй байсан 504,384,260.30 төгрөгт 220,188,754.34 төгрөгийн торгууль, алданги оногдуулсан шийдвэр нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

Тодруулбал, хариуцагч нар нь маргаан бүхий шийтгэлийг оногдуулахдаа гомдол гаргагчийн гаргасан зөрчил, зөрчил үйлдэгдсэн цаг, хугацаа, зөрчил үйлдэгдэх үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан хууль, тогтоомжийг зөв хэрэглэж шийтгэлийг оногдуулжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Гомдол гаргагч “К.Х” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, О.Т нарт холбогдуулан гаргасан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0309...  дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангиас хүлээн зөвшөөрсөн болон Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хүчингүй болгосноос үлдсэн 260,499,058.50 төгрөгийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 4.1.5 /нэмэлт, өөрчлөлт ороогүй/, Зөрчлийн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсэг /нэмэлт, өөрчлөлт ороогүй/, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан К.Х ХХК-иас гаргасан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, О.Т нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0309...  дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангиас хүлээн зөвшөөрсөн болон Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хүчингүй болгосноос үлдсэн 260,499,058.50 төгрөгийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,460,450 төгрөгөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 1,390,250 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 
 

[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 82 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 169 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 202-204 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 21 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 41-61 дүгээр хуудас