Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01619/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй

      

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 12-р баг Дархан бүрэн ХХК,

Хамтран хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 16-р баг, 6-43 тоотод оршин суух, регистрийн дугаар ТИ66122676, Их Мянган овогт Даваасамбуугийн Баярсайхан нарт холбогдох

 

2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сүрэнжав, Ш.Уранчимэг, хариуцагчийн төлөөлөгч Д.Мэндсайхан, хариуцагч Д.Баярсайхан,  нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн НААҮГазрын дарга Ж.Дорждэрэм, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сүрэнжав, Ш.Уранчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Дархан-Уул аймгийн НААҮГ нь Дархан бүрэн ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан, Морин хуур цогцолборын 8 ширхэг усан оргилуурыг бүрэн шинэчлэн засварлах ажлыг 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаанд гүйцэтгэх, урьдчилгаа 2 000 000 төгрөгийг ажил эхлэх үед шилжүүлэх, ажил, үүрэг гүйцэтгэж бүрэн дууссаны дараа ажлын хөлс 4 000 000 төгрөгийг шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Хариуцагч Дархан бүрэн ХХК-ны захирлаар тухайн үед Д.Баярсайхан ажиллаж байсан тул гэрээ байгуулсан. Гэтэл дээрхи ажлыг хийж гүйцэтгээгүй тул Мэргэжлийн хяналтын газраас тавигдсан актын дагуу 2 000 000 төгрөгийг хариуцагч Дархан бүрэн ХХК болон хариуцагч Д.Баярсайхан нарын хэн буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан бүрэн ХХК-ны захирал Д.Мэндсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

C:\Users\Ankhgerel-PC\Desktop\Хэвлэх\НААҮГ-Дархан бүрэн.docx

Д.Мэндсайхан миний бие 2010 оны 4 сараас Шунхлай группын Дархан-Сэлэнгийн захирлаар томилогдон ажилласан ба Д.Баярсайханы гуйлтаар өөрийн эзэмшиж байсан Дархан бүрэн ХХК-г 2011 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлэн өгсөн. 2012 оны 2 дугаар сарын 14-нд буцааж өөрийн нэр дээр шилжүүлж авсан тул НААҮГ-ын нэхэмжилж байгаа 2 сая төгрөгийг Д.Баярсайхан тухайн үед захирлаар ажиллаж байхдаа чекэнд гарын үсэг зурж авсан тул тухайн үеийн захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан хариуцах ёстой гэж үзэж байна гэв.

Хариуцагч Д.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 20-ны хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Усан оргилуурын хэмжээг багасгах, доошоо ус нэвчихгүй болгон тоноглож, ус зайлуулах хоолой гаргаж өгөх” ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээнд заасан ажлын эхний үе шатны ажил болох усан оргилуурыг багасгахын тулд 8 усан оргилуурын ханыг нурааж, гарсан хог хаягдлыг зөөвөрлөж, ханыг нь багасгаж, шинээр өрөх ажлыг манай компани хийж гүйцэтгэсэн.

Гэтэл НААҮГ-ын тухайн үеийн дарга Д.Баяраа, ерөнхий инженер Л.Нямхүү нар нь гэрээгээр тохирсон дараагийн шатны ажил болох усан оргилуурыг доошоо ус нэвчихгүй болгон тоноглох, ус зайлуулах хоолой гаргах ажлуудыг өөрсдийн хүчээр хийж дуусгана гэсэн тул манай компани 8 усан оргилуурын ханыг нурааж, нурсан хог хаягдлыг зөөвөрлөж, ханыг шинээр багасгаж өрсөн ажлын хөлс 2 000 000 төгрөгийг аваад ажлаа дуусгавар болгосон. Тухайн үед нь Дархан бүрэн ХХК-ны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан нь ажлыг хийж гүйцэтгэсэн Сүхбаатар ахлагчтай 5 хүний бүрэлдэхүүнтэй бригадад уг ажлын хөлсийг бүрэн олгосон. Эдгээр 5 хүний нэрс бүхий цалингийн баримтыг НААҮГ-т өгсөн байгаа. Гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 4 000 000 төгрөгийг НААҮГ өөрсдөө авсан байх. Өнөөдрийн байдлаар усан оргилуурууд хэвийн ажиллаж байгаа болно. энэ талаар тухайн үеийн НААҮГ-ын албан тушаалтнууд бүгд мэдэж байгаа атлаа гэнэт 5 жилийн дараа НААҮГ-аас манай компанид холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг буцааж надаас нэхэмжилсэн байна.

Энэ нэхэмжлэл гаргахдаа 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг үндэслэн нэхэмжлэл гаргасан байна. гэтэл уг МХГ-ын актаар төлбөрийг барагдуулахыг НААҮГ-ын дарга, ня-бо нарт даалгасан байна. энэ актын талаар миний бие огт мэдээгүй ба анх удаагаа шүүхэд дуудагдаад ийм акт гарсныг мэдлээ. Энэ актыг тухайн үеийн НААҮГ-ын дарга Д.Баяраад ч танилцуулж гарын үсэг зуруулаагүй байдаг юм байна. Тухайн үед улсын байцаагч акт гаргахдаа намайг дуудаж тайлбар авсан бол ажил нь бодитойгоор хийгдсэн тул ийм акт гарахгүй байсан. Уг актыг Төрийн хяналт шалгалтын хуульд зааснаар удирдамжийн дагуу хийгээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, надаас тайлбар аваагүй, актыг танилцуулаагүйн улмаас уг актын талаар гомдол гаргах эрхээ эдлэх боломжгүй байсан тул энэ актыг би хүлээн зөвшөөрөхгүй. Мөн МХГ-ын акт болон гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа аль аль нь өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар нь хариуцагч Дархан бүрэн ХХК, хариуцагч Д.Баярсайхан нарт холбогдуулан Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн актын дагуу 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Дархан бүрэн ХХК нь тухайн үед компаны захирал Д.Баярсайхан байсан тул зөвшөөрөхгүй, хариуцагч Д.Баярсайхан нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг 2015 оны 5 сард мэдсэн, надад гардуулаагүй, гардуулсан бол би гомдол гаргах эрхтэй байсан, урьдчилгаа 4 сая төгрөгөнд тохирох ажил үүрэг гүйцэтгэсэн, би мөнгийг компаны ажилчдын цалин хөлсөнд зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн НААҮГ, хариуцагч Дархан бүрэн ХХК нь харилцан тохиролцож 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Морин хуур цогцолборын 8 ширхэг усан оргилуурыг бүрэн шинэчлэн засварлах ажлыг  2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, урьдчилгаа 2 000 000 төгрөгийг ажил эхлэх үед захиалагчаас өгөх, ажил үүрэг бүрэн дууссаны дараа 4 000 000 төгрөгийг өгөхөөр гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 7/

 

Хариуцагч Д.Баярсайхан нь Дархан бүрэн ХХК-ны захирлаар 2011 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, Компанийн удирдах төлөөлөх эрх шилжүүлэх гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 11-12/

 

Хариуцагч Д.Баярсайхан нь би урьдчилгаанд авсан 4 000 000 төгрөгийг компаний ажилчдын цалин, хөлсөнд зарцуулсан гэж нотлох баримтаар цалингийн хүснэгтүүд ирүүлжээ. /хх-ийн 23/

 

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 36/07/118 дугаартай “Ажлын хөлсний урьдчилгааг нөхөн төлүүлэх тухай” актаар Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын захиргаанд ... Усан оргилуур засварлах гэрээний дагуу урьдчилгаа болгон авсан 2 000 000 төгрөгийг төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.Баярсайхан нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт тавьсан гээд М.Сүрэнжав гуай төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зур гэхээр нь би Дархан бүрэн ХХК-ыг одоо төлөөлөхгүй гээд гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд тус актын талаар мэдсэн боловч гомдол гаргаагүй болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.Баярсайхан нь компаныг төлөөлж гэрээ байгуулж, ажил үүргийг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч Д.Баярсайхан нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт болон гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоогүй, улсын байцаагчийн актын дагуу нэхэмжилж байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхгүй бөгөөд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт нь хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 36/07/118 дугаартай актаар Дархан бүрэн ХХК-аар усан оргилуур засварлах ажлын урьдчилгаанд өгсөн 2 000 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэр нь нэхэмжлэгч НААҮГ, хариуцагч Дархан бүрэн нарын хооронд 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний биелэлттэй холбоотой байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 3431-д зааснаар хариуцагч Дархан бүрэн ХХК-аас 2 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн НААҮГ нь төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр М.Сүрэнжав, Ш.Уранчимэг нар оролцсон болно.

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн НААҮГ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Дархан бүрэн ХХК-аас 2 000 000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 46 950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                     

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан бүрэн ХХК-аас 2 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт олгож, Д.Баярсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Дархан бүрэн ХХК-аас 46950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУЯА