Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 40

 

Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй

 үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01619/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 87 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар

            Хариуцагч:   “Дархан бүрэн” ХХК,  Их Мянган овогт Д-гийн Б- нарт холбогдох,

            “2.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

            Хариуцагч “Дархан бүрэн” ХХК-ийн захирал Д.Мэндсайханы давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Сүрэнжав, Ш.Уранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сүрэнжав, Ш.Уранчимэг шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

Дархан-Уул аймгийн НААҮГ  “Дархан бүрэн” ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан, Морин хуур цогцолборын 8 ширхэг усан оргилуурыг бүрэн шинэчлэн засварлах ажлыг 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаанд гүйцэтгэх, урьдчилгаа 2.000.000 төгрөгийг ажил эхлэх үед шилжүүлэх, ажил, үүрэг гүйцэтгэж бүрэн дууссаны дараа ажлын хөлс 4.000.000 төгрөгийг шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Хариуцагч “Дархан бүрэн” ХХК-ийн захирлаар тухайн үед Д.Б- ажиллаж байсан тул гэрээ байгуулсан. Гэтэл дээрх ажлыг хийж гүйцэтгээгүй тул Мэргэжлийн хяналтын газраас тавигдсан актын дагуу 2.000.000 төгрөгийг “Дархан бүрэн” ХХК болон хариуцагч Д.Б- нарын хэн буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Дархан бүрэн” ХХК-ийн захирал Д.Мэндсайхан  шүүхэд  гаргасан тайлбартаа:

Би 2010 оны 4 сараас Шунхлай группын Дархан-Сэлэнгийн захирлаар томилогдон ажилласан ба Д.Б-ы гуйлтаар өөрийн эзэмшиж байсан Дархан бүрэн ХХК-г 2011 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлэн өгсөн. 2012 оны 2 дугаар сарын 14-нд буцааж өөрийн нэр дээр шилжүүлж авсан тул НААҮГ-ын нэхэмжилж байгаа 2 сая төгрөгийг Д.Б- тухайн үед захирлаар ажиллаж байхдаа чекэнд гарын үсэг зурж авсан тул тухайн үеийн захирлаар ажиллаж байсан Д.Б- хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.

            Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан тайлбартаа:

            Талуудын хооронд 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 20-ны хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр усан оргилуурын хэмжээг багасгах, доошоо ус нэвчихгүй болгон тоноглож, ус зайлуулах хоолой гаргаж өгөх” ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээнд заасан ажлын эхний үе шатны ажил болох усан оргилуурыг багасгахын тулд 8 усан оргилуурын ханыг нурааж, гарсан хог хаягдлыг зөөвөрлөж, ханыг нь багасгаж, шинээр өрөх ажлыг манай компани хийж гүйцэтгэсэн. Гэтэл НААҮГ-ын тухайн үеийн дарга Д.Баяраа, ерөнхий инженер Л.Нямхүү нар нь гэрээгээр тохирсон дараагийн шатны ажил болох усан оргилуурыг доошоо ус нэвчихгүй болгон тоноглох, ус зайлуулах хоолой гаргах ажлуудыг өөрсдийн хүчээр хийж дуусгана гэсэн тул манай компани 8 усан оргилуурын ханыг нурааж, нурсан хог хаягдлыг зөөвөрлөж, ханыг шинээр багасгаж өрсөн ажлын хөлс 2.000.000 төгрөгийг аваад ажлаа дуусгавар болгосон. Өнөөдрийн байдлаар усан оргилуурууд хэвийн ажиллаж байгаа болно. Энэ талаар тухайн үеийн НААҮГ-ын албан тушаалтнууд бүгд мэдэж байгаа атлаа гэнэт 5 жилийн дараа НААҮГ-аас манай компанид холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг буцааж надаас нэхэмжилсэн нэхэмжлэл гаргахдаа 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг үндэслэн гаргасан байна. Гэтэл уг МХГ-ын актаар төлбөрийг барагдуулахыг НААҮГ-ын дарга, ня-бо нарт даалгасан байна. Энэ актын талаар миний бие огт мэдээгүй ба анх удаагаа шүүхэд дуудагдаад ийм акт гарсныг мэдлээ. Энэ актыг тухайн үеийн НААҮГ-ын дарга Д.Баяраад ч танилцуулж гарын үсэг зуруулаагүй байдаг юм байна. Тухайн үед улсын байцаагч акт гаргахдаа намайг дуудаж тайлбар авсан бол ажил нь бодитойгоор хийгдсэн тул ийм акт гарахгүй байсан. Уг актыг Төрийн хяналт шалгалтын хуульд зааснаар удирдамжийн дагуу хийгээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, надаас тайлбар аваагүй, актыг танилцуулаагүйн улмаас уг актын талаар гомдол гаргах эрхээ эдлэх боломжгүй байсан тул энэ актыг би хүлээн зөвшөөрөхгүй. Мөн МХГ-ын акт болон гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа аль аль нь өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Дархан бүрэн” ХХК-иас 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт олгож, Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Дархан бүрэн” ХХК-иас 46950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Дархан бүрэн” ХХК-ийн захирал Д.Мэндсайхан давж заалдсан гомдолдоо:

            НААҮГ-ын холбогдох албан тушаалтнууд 6 гаруй жилийн хугацаанд ажил зохих ёсоор хийгдээгүй бол шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан бөгөөд 2012 онд аймгийн МХГ-аас нөхөж тавьсан хууль бус актыг үндэслэн гомдол гаргасан ба энэ актыг нотлох баримтын хэмжээнд үнэлэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд МХГ-ын актад холбогдох албан тушаалтнууд гарын үсгээ зурж тамга тэмдэг, дарж баталгаажуулаагүй “Дархан бүрэн" ХХК-ийн холбогдох хүмүүсээс албан ёсны тайлбарыг аваагүй, актаа танилцуулаагүй байхад шүүх зөвхөн МХГ-ны актад хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй гэж гэрээнээс тусад ялгаж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг зөрчиж үүнээс улбаалан МХГ-ын акт болон гэрээний хоорондын хамаарлыг ялгаж салган хөөн хэлэлцэх хугацаа тооцох хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх хариуцагч Д.Б- нь компанийг төлөөлж гэрээ байгуулж, ажил үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж дурдсан мөртлөө “Дархан бүрэн" ХХК-иас 2 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүд болон анх байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан  зэргийг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол  үндэслэл бүхий байх тул  хангах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний  газар  хариуцагч  “Дархан бүрэн“  ХХК  болон  иргэн Д.Б-  нарт  холбогдуулан  2.000.000 төгрөг гаргуулах  шаардлага гаргасныг  хариуцагч нар эс зөвшөөрч  маргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний  үүрэгтэй холбоогүй, улсын байцаагчийн актын дагуу  нэхэмжилж байгаа тул   Иргэний хуулийн  75 дугаар зүйлд  заасан  хөөн хэлэлцэх тусгай хугацаа  үйлчлэхгүй  гэж  дүгнэн  нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн  343 дугаар зүйлийн  343.1-д  заасныг баримтлан  “Дархан бүрэн” ХХК-иас  2.000.000  төгрөг  гаргаж, нэхэмжлэгчид олгохоор  шийдвэрлэсэн нь  нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны  талаар  хийсэн  эрх зүйн  дүгнэлт  хуульд  нийцээгүй, тогтоох хэсэгт баримтласан  хуулийн  заалт  үндэслэх хэсэгт дурдсан  дүгнэлттэй холбоогүй  нь  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийг зөрчсөн гэж  үзлээ.

            Учир нь: актын дагуу нэхэмжлэл гэж үзсэн атлаа  ажил гүйцэтгэх  гэрээний  талуудын  хооронд  үүссэн харилцаанд  холбоотой хуулийг  хэрэглэсэн  нь  оновчгүй  буруу  байна.

            Хэрэгт авагдсан материал болсон  үйл баримтаас  үзэхэд  Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, “Дархан бүрэн” ХХК-ийн  хооронд  2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хөлсөөр ажиллах   гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч нь  “Морин хуур”  цогцолборын  8 ширхэг усан оргилуурыг  бүрэн шинэчлэн  засварлах  ажлыг 15 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс 6.000.000 төгрөг төлөх  ингэхдээ  эхлээд 2.000.000 төгрөгийг, ажил дуусахад 4.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан  тохиролцсон, 2011 оны  07 дугаар сарын 07-нд  2.000.000 төгрөг, 08 дугаар сарын 19-нд  2.000.000 төгрөгийн урьдчилгааг  тус тус олгосон, 2012 оны  06 дугаар сарын 14-нд  улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн  акт тавигдсан үйл баримт  болсон  байна.

            Иргэний хуулийн 76 дугаар зүйлйн 76.2-т  зааснаар  “...шаардах эрх нь  эрх зөрчигдсөн,  эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага  гаргах буюу баталгаат хугацаа  тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг  авсан буюу  эдгээр хугацаа  дууссан үеэс  үүсдэг.”, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар  гэрээний үүрэгтэй холбоотой  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”  гэж  зохицуулсан.

Нэхэмжлэгч  Нийтийн аж ахуй үйлчилгээний газар  гэрээний дагуу  шаардах  эрхээ  хэрэгжүүлэх  хөөн хэлэлцэх хугацаа,  талуудын дунд байгуулагдсан гэрээний  дуусгавар болох хугацаа буюу  2011 оны  07 дугаар сарын 21-нээс тоолохоор  байгаа боловч  шууд  энэ хугацаанаас  тоолоход  учир дутагдалтай, харин  улсын байцаагчийн акт гарсан   2012 оны 06 дугаар сарын 14-ний  өдрөөс  эхлэн  тоолоход  2015 оны 06 дугаар сарын 14-нд  дууссан гэтэл  нэхэмжлэлийг  шүүхэд  2016 оны 11 дүгээр сарын 16-нд  ирүүлж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл  улсын байцаагчийн акт нь нэхэмжлэгчээс  нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэл  түүнийг  нотолж,  нотлох  баримтаар  ирүүлсэн тул актын биелэлтийг  шаардсан шаардлага гэж үзэж болохгүй  бөгөөд  актын биелэлтийг шаардах эрхийг гагцхүү   түүнийг  тавьсан  эрх бүхий этгээд  хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа  түр зогссон, тасалдсан баримтууд хэрэгт авагдаагүй  болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр  хариуцагч “Дархан бүрэн” ХХК-ийн   давж заалдсан гомдлыг хангаж   байна.

Анхан шатны  шүүх  хариуцагч  Д.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, ажил гүйцэтгэх гэрээ  хуулийн этгээдүүдийн дунд хийгдсэн, мөн  тухайн үед  “Дархан бүрэн  ХХК-ийг  төлөөлөх  бүрэн  эрхтэй  байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 87 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Дархан-Уул  амйгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын  хариуцагч “Дархан бүрэн” ХХК-иас  2.000.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  “Дархан бүрэн” ХХК-иас  давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид  46.950 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА      

                                               ШҮҮГЧИД                                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                    С.ЭНХЖАРГАЛ