Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 00036

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 179/2017/0297/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Г.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б,

Нарийн бичгийн дарга: Э.М нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 01-ний  өдрийн 279  дүгээр шийтгэх тогтоолтой Б.Г-д холбогдох 1738000700059 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .......... овогт Б-ийн Г,  ..... оны ..... дугаар сарын ....-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, урд 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн /регистрийн дугаар: ................../.

Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 06 дугаар сарын 21 нээс 22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багт оршин суух иргэн Х.Ю-ийн байшингийн таазыг эвдэн орж, эд зүйл хулгайлж 1,237,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний  өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч ...... овогт Б-ийн Г-г хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 1738000700059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс Б.Г-ыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Уг гэмт хэрэг 2017 оны 06 сарын 21-22 нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж хуульчилсан. Үүнээс үзэхэд Б.Г-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2002 оны эрүүгийн хуульд зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан авах гэмт хэрэг нь хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд хорих ялын дээд хэмжээ 2015 оны эрүүгийн хуульд зааснаас доогуур, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол тэнсэж хянан харгалзах боломжтой байгаа. Б.Г урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн боловч оногдох ялыг биечлэн эдэлсэн, ялтай байдлын хувьд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул тус шүүхийн 2017 оны 11 сарын 1-ний өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 06 дугаар сарын 21 нээс 22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багт оршин суух иргэн Х.Ю-ийн байшингийн таазыг эвдэн орж, 1,237,500 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2017 оны 06 дугаар сарын 21 нээс 22-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлджээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг уг хууль мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт буцаан хэрэглэж болох бөгөөд шинэ хуулиар бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч  үйлдсэн  этгээдэд оногдуулах хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлсэн, гэмт хэргийн ангиллын хувьд “хүнд” гэмт хэрэгт хамааруулсан байх тул шүүгдэгч Б.Г-ын үйлдэлд Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэсэн нь буруу гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Г-д  2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй байх ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  шүүгдэгчийн хувийн байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих  ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай.Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Г-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, 3 дахь заалтын  “1 /нэг/ жил 1 /нэг/ сарын”  гэснийг “2 /хоёр/ жилийн” гэж тус тус өөрчилсүгэй.

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.” гэсэн 4 дэх заалт нэмсүгэй.

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6 дахь заалтын дугаарыг 5, 6, 7 гэж өөрчилсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар  цагдан хоригдож байгаа шүүгдэгч  Б.Г-г сулласугай.

3.Шүүгдэгч Б.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-ийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАЯРХҮҮ

                        ШҮҮГЧИД                                             Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                        Б.СОСОРБАРАМ