Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00465/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж-16/4 байрны 54, 57 тоотод байрлах, Гандирс-Орд ХХК-ний нэхэмжлэлтэй

                                                                                 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 11-р баг Дархан дуулга ХХК-нд холбогдох 

 

23 000 000 төгрөг гаргуулах,

 

Хариуцагчийн 11 009 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хүлээн авч 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэндамба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, хариуцагч Дархан дуулга ХХК-ны захирал Б.Цэдэнбалжир, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Гандирс-Орд ХХК-ны гүйцэтгэх захирал Н.Тод-Од шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь Дархан-Уул аймгийн Дархан дуулга ХХК-ийн захиалгаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг, 13-р хороололд барих 50 хүүхдийн цэцэрлэг бүхий 40 айлын орон сууцны барилгын ажлын зураг төсвийг 30 000 000 төгрөгөөр боловсруулах гэрээг 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Гэрээнд заасны дагуу захиалагч тал урьдчилгаа 50 хувь буюу 15 000 000 төгрөг төлөх байсан боловч санхүүгийн боломж муу байна гээд 2014 оны 7 дугаар сарын 25-нд 10 000 000 төгрөг өгсөн ба 7 хоногийн дотор гүйцээж өгнө гэсэн боловч одоо хүртэл өгөөгүй байна.

Гэрээ байгуулсны дараа Дархан дуулга ХХК-ны зүгээс барилгын 1-р давхрын угсралтын ажлыг гүйцэтгэх шаардлагатай байгаа тул ажлын зураг төслийг яаралтай гаргаж өгөх хүсэлт тавьсаны дагуу бид 14 хоногийн дотор барилгын каркасын зургийг боловсруулж захиалагч талд өгсөн. Ингэснээр бид Дархан дуулга ХХК-ны хийж буй ажлын зураг төслөөс болж саатахгүй байх нөхцлийг хангаж өгсөн. Үүнээс хойш хэд хэдэн удаа захиалагч талаас зурагт тусгуулах бүх санал хүсэлтийг хүлээн авч ажлын зурагт өөрчлөлт хийж тусган ажилласан.

C:\Users\Ankhgerel-PC\Desktop\Хэвлэх\Гандирс орд-Дархан дуулга.docx

Бид ажлын зургийг бүрэн дуусган Улсын магадлалын албаар хянуулан, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 416/2015 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулан Дархан дуулга ХХК-д мэдэгдсэн бөгөөд гэрээний дагуу төлбөр тооцоогоо барагдуулаагүй тул бид хуулбар хувийг Дархан дуулга ХХК-д өгч, эх хувь зургийг өгөөгүй байна.

Үүнээс хойш бид олон удаа утсаар холбогдож байсан боловч Дархан дуулга ХХК-ийн ерөнхий менежер Ц.Энхтуул утсаа авдаггүй, захирал Б.Цэдэнбалжир Дархан дизайн ХХК-тай шүүхээр маргалдаж байгаа, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа танай мөнгийг өгөх эсэхийг шийднэ гэж хэлсээр өнөөг хүрлээ. Бид утсаар холбогдоод асуудлыг шийдэж чадахгүй болсон тул 2015 оны 9 дүгээр сарын 10-нд албан тоот илгээсэн бөгөөд Дархан дуулга ХХК-аас гэрээгээ дүгнэх хүсэлт тавьж хариу ирүүлсэн. Бид уг саналыг хүлээн авч ирж уулзаж, гэрээ дүгнэх, төлбөрийн асуудлыг хэлэлцэх санал тавьсан боловч сураг өгөлгүй өнөөг хүрсэн тул бид аргагүйн эрхэнд хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлс мөнгийг авахаар шүүхэд хандаж байна.

Иймд бидний зургийн ажлын хөлсний үлдэгдэл болох 20 000 000 төгрөг, гэрээний 6.1-д заасны дагуу тооцсон алданги 3 000 000 төгрөг нийт 23 000 000 төгрөгийг Дархан дуулга ХХК-аас гаргуулан бидний хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан дуулга ХХК-ны захирал Б.Цэдэнбалжир шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Гандирс-Орд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Үүнд- 1. Зургийн даалгаврыг манай компанийн ерөнхий инженер Ц.Энхтуул Гандирс-Орд ХХК-д 2014.07.23-ны өдөр өгсөн юм. Зургийн даалгаврын 5-д Гадна дотор инженерийн шугам сүлжээг техникийн нөхцлийн дагуу 100 % хийх, 6-д Иж бүрэн зураг байхаар гүйцэтгэх гэсэн байгаа

Гадна инженерийн шугам сүлжээнд –гадна цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны хангамжийн шугам сүлжээ ордог. Би иж бүрэн зураг захиалсан. Захиалагийн зургийн даалгаврын дагуу гүйцэтгэгч байгууллага зургийг хийж гүйцэтгэхийг барилгын тухай хуульд тодорхой заасан. Гадна инженерийн шугам сүлжээний зургийг Гандирс-Орд ХХК гүйцэтгээгүй учир үнэлгээ нь гэрээний үнийн дүнгээс хасагдаж тооцогдох ёстой.

2. Нэхэмжлэгч гэрээний хугацааг 237 хоног хэтрүүлсэн тул алданги 3.0 сая төгрөг нэхэмжлэх эрх үүсэхгүй нь мэдээж. Эсрэгээрээ манайх 3.0 сая төгрөг нэхэмжлэх, өрөндөө тооцуулах эрх үүснэ. 3. Гандирс-Орд ХХК нь суурийн зураг хийгээгүй тул гэрээний үнийн дүнгээс хасагдах ёстой 4. Гандирс-Орд ХХК-ны захирал Т.Болд, Дархан дизайн ХХК-ийн захирал Д.Эрдэнэбаяр хоёр найз байж болно. гэхдээ хуйвалдаж манай байгууллагыг хохироох эрх байхгүй. Захирал Т.Болд, Д.Эрдэнэбаярт ЛКХ01/11 шифртэй зургийг 2014.04.16-ны 33 тоотоор шилжүүлсэн. Энэ тоот дээр нь манай ерөнхий инженер Ц.Энхтуулын гарын үсгийг канондаж ЛКХ01/11 шифртэй 8 төрлийн зургийг гэрээ байгуулсны маргааш өдөр нь хүлээн авсан болгож хуурамч баримт бүрдүүлсэн. Т.Болд 2014.05.10-нд файлаар 8-н төрлийн 137 хуудас зургийг Д.Эрдэнэбаярт өгч 5,0 төгрөг бэлнээр авсан баримт байдаг.

5. Т.Болд 2016.03.19-ний 33 тоот нэхэмжлэлдээ 14 хоногийн дотор барилгын каркасын зургийг боловсруулж, захиалагч талд өгсөн гэж үндэслэлгүй гүтгэсэн байна. Өмнө нь батлагдсан зураг байхгүй нөхцлөөр ажлыг бүрэн зогсоосон байхад, дахин ямар ч баталгаагүй каркасын зургаар ажил явуулж болохгүйг бид мэдэж байгаа. 6. Гэрээний 2.1-д 2014.09.10-нд зургийг хүлээлгэн өгөх, 4.2-д гэрээг дүгнэж ...торгууль ногдуулах, 4.4-д ...иж бүрдлийг шалгаж, бэлэн болсон зургийг хүлээн авна” гэж тодорхой заасан. Гэрээний энэ заалтуудыг нэхэмжлэгч тал биелүүлээгүй үндэслэл байгаа. 7. Нэхэмжлэгч тал зураг төслийн үнийг 13 861 785 төгрөгөөр дур мэдэн өсгөж гэрээгээ ноцтой зөрчсөн байна. Үүнийг бид зөвшөөрөх үндэслэл байхгүй. Гэрээгээ баримтална. 8. Гандирс –Орд ХХК-ны инженер С.Алтантуяа намайг Улаанбаатар хотод байхад Дарханд ирээд байна уулзъя гэсэн. Би учир шалтгаанаа хэлсэн зугтсан зүйл огт байхгүй, дахиж надтай яриагүй. БХТөвийн магадлалын дүгнэлт бүрэн гарсаны дараа бид эвийн журмаар асуудлыг шийдэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Дархан дуулга ХХК-ны захирал Б.Цэдэнбалжир шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компани Гандирс-Орд ХХК-тай харилцан тохиролцож, гэрээгээ баталгаажуулан 2014 оны 9 дүгээр сарын 10-нд захиалсан орон сууцны иж бүрэн зургийг хүлээн авч, гэрээний үлдсэн 50 хувь буюу 15.0 сая төгрөгийг гүйцэтгэгчид төлнө” гэж тодорхой заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл манай байгууллагаас өгсөн техникийн нөхцөл, зургийн захиалгын дагуу зургаа хийж хүлээлгэж өгөөгүй байна.

Барилгын суурийн болон гадна инженерийн шугам сүлжээний зураг хийгээгүй, гэрээгээ 237 хоногоор хэтрүүлснээ хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Гандирс-Орд ХХК зургийн төслийн үнийн тооцоондоо “Гадна инженерийн шугам сүлжээний зургийн үнэ тооцоогүй”, 2015 оны 1 дүгээр сарын 16-ны 11 дугаар тоотдоо “Суурийн зураг хийгээгүй” гэдгээ баталгаажуулсан. Иймд Гандирс-Орд ХХК нь хүүхдийн цэцэрлэгтэй 40 айлын орон сууцны барилгын зургийг хийж гүйцэтгэх гэрээгээ 237 хоног саатуулсны алданги 3,0 төгрөг, гадна инженерийн шугам сүлжээний зургийн үнэ 2 149 174 төгрөг, суурийн зураг хийгээгүй үнэ 5 859 826 төгрөг бүгд 11 009 000 төгрөгийг манай компанид гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Гандирс-Орд ХХК-ны захирал Н.Тод-Од сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дархандуулга ХХК-ны захиалгаар тус компаний Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг, 13-р хороололд байрлах 500 м2 талбай бүхий эзэмшил газар дээр барих 50 хүүхдийн цэцэрлэг бүхий 40 айлын орон сууцны барилгын ажлын зураг төсөв хийлгүүлэх гэрээ байгуулан, ажлын зураг төсөл боловсруулж, улсын магадлалаар хянуулан баталгаажуулсан. Дархандуулга ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.

А.Гэрээт хугацаа хоцорсон талаар

Дархандуулга ХХК нь анх Дархан дизайн ХХК-тай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байгаад гэрээний дагуу ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул манай компанитай гэрээ байгуулан барилгын зураг төслөө хийлгүүлэн авах хүсэлтэй байна гэж бидэнд хандсаны дагуу 2 тал гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ажлын зурагт дараах ажлуудыг тусгахаар тохиролцсон. Үүнд –

  1. Ерөнхий төлөвлөгөө, өндөржилт, зай хэмжээ
  2. Барилга архитектурын хэсэг
  3. Барилга бүтээцийн хэсэг
  4. Дотор халаалт салхивч, цэвэр, бохир ус
  5. Дотор гэрэлтүүлэг, холбоо дохиоллын зураг багтаж байгаа.

Гэрээ 2014 оны 7 дугаар сарын 23-нд байгуулагдаж 45 хоногийн хугацаанд гүйцэтгэж 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тусгасан. Зураг гэрээт хугацаандаа дуусах бүрэн боломжтой байсан боловч хугацаа сунгаасан шалтгаанууд

  1. Ажлын зураг төсөл боловсруулах явцад Дархандуулга ХХК-ны ерөнхий инженер Ц.Энхтуулын хүсэлтээр бид зурагт хэд хэдэн удаа өөрчлөлтүүд тусгасан.
  2. Цэцэрлэгийн хэсгийн өрөөний төлөвлөлтүүдийг өөрчилсөн
  3. 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцны төлөвлөлтөд өөрчлөлт оруулсан, өрөө тасалгааны байршил хэмжээ өөрчилсөн
  4. Барилгын давхрын өндрийг өөрчилсөн. Цэцэрлэгийн хэсэг буюу 1-р давхрын өрөөний өндөр 3,3 м байсныг 3,0 м болгосон. 2-6-р давхруудын өрөөний өндөр 3,0 м байсныг 2,7 м болгосон. Үүнтэй холбоотой рамны зураг бүрэн шинэчлэгдсэн, хорших хэсгүүдийн зурагт мөн өөрчлөлт орсон.
  5. Захиалагчийн гаргасан хүсэлтийн дагуу хийгдсэн өөрчлөлтүүд дээрх зөвшилцөх шаардлагатай байдаг ба Ц.Энхтуулын утас холбогдохгүй байснаас зураг төсөл боловсруулах ажил удааширсан бөгөөд түүнийг ирж өөрийнх нь хүсэлтээр өөрчлөлт оруулсан зурагтай танилцаж, зөвшилцөх санал тавьсаны дагуу товлосон хугацаандаа ирэхгүй хугацаа алдаж 45 гаруй хоног саатуулсан.
  6. Барилгын төлөвлөлтөнд буюу барилга архитектурын зурагт өөрчлөлт ороход бүх / халаалт, салхивч / зурагт өөрчлөлт ордог. Өрөө тасалгааны байршил солигдсонтой уялдуулан цэвэр, бохир ус, гэрэлтүүлгийн шугамын систем өөрчлөгдөж зураг дахин хийгдсэн. Өөрөөр хэлбэл нэг барилгын зургийг 2 дахин хийгдсэн.
  7. Зураг төсөлд магадлал хийлгэх албан хүсэлтийг манай компани Барилгын хөгжлийн төвд 2016.02.26-ны өдөр албан тоотоор гаргаж, 2016.03.04-ний өдөр экспертүүдийн томилгоо хийгдэж, бүх зургийг экспертүүдээр хянуулан дуусгаад манай компани Барилгын хөгжлийн төвд магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулахаар 2016.04.02-нд хүргүүлсэн. Магадлал хийх ажлын гэрээ 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр баталгаажсан.
  8. Захиалагч тал зураг төсөлд магадлал хийх зардлыг хариуцахаар гэрээнд тусгасан бөгөөд бид магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулахаар ажлын зураг, экспертүүдийн дүгнэлтийн хамт хүргүүлснээс хойш 29 хоногийн дараа хийсэн, нэгдсэн дүгнэлт 2015 оны 5 дугаар сарын 6-нд бичигдэж гарсан. Ингэснээр дүгнэлт 34 хоног саатаж гарсан.
  9. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Дархандуулга ХХК гэрээ байгуулж, гэрээний 3.1-р заалтын дагуу ажил эхлэхэд урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 50 хувийг төлнө гэсэн заалтыг биелүүлээгүй, төлөх ёстой 15,0 сая төгрөгийн үлдэгдэл 5,0 сая төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байна.
  10. Ажлын зураг болон магадлалын нэгдсэн дүгнэлтийг  хуулбар хувиар 2015 оны 5 дугаар сард Дархандуулга ХХК-ны захирал Б.Цэдэнбалжир өөрийн биеэр ирж манай компаниас хүлээн авсан. Сөрөг нэхэмжлэлд дурьдсанаар гэрээний 3.1-д заагдсанаар “Ажлын зургийг экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгөхөд үлдсэн 50 хувь буюу 15 сая төгрөгийг гүйцэтгэгчид төлнө” гэсэн заалтыг захиалагч болох Дархандуулга ХХК биелүүлээгүй тул бид эх хувь зургийг хүлээлгэн өгөөгүй болно.
  11. Бид шүүхэд хандахаас өмнө удаа дараа Дархандуулга ХХК-тай холбогдох гэж оролдсон. Б.Цэдэнбалжир, Ц.Энхтуул нар нь утсаа авдаггүй, эсвэл утас нь холбогдох боломжгүй байдаг. 2 удаа албан тоотоор хандсан. Гэрээгээ дүгнэе гэсэн санал ирүүлсэн, бид зөвшөөрч хугацаа товлосон боловч эргэж холбогдоогүй, ирж гэрээгээ дүгнээгүй, төлбөрөө хийгээгүй.
  12. Иймд манай компанийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй, гэрээний хугацааг хоцроосон хариуцлагыг хүлээх боломжгүй

Б. Гадна инженерийн шугамын үнийн талаар

1. Гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах талаар манай компани Дархандуулга ХХК-тай байгуулсан гэрээнд тусгагдаагүй, бид энэ талаар ямар нэг яриа, хэлцэл хийгээгүй бөгөөд манай компани гэрээгээр хүлээгээгүй үүргийн хариуцлагыг хүлээх боломжгүй.

В. Суурийн зургийн талаар

1. Дархандуулга ХХК захиалгаар Дархан дизайн ХХК-ны боловсруулсан суурийн зурагт дахин тооцоо хийж, нэмэлт өөрчлөлтүүдийг тусгаж, дутуу хийгдсэн зургийг бүрэн гүйцээн өөрийн компанийн нэрээр баталгаажуулан гаргасан. Барилга бүтээцийн зураг тооцооны үндсэн дээр хийгддэг. Зураг зохиогчийн эрхийн дагуу суурийн ажлын ил далд ажлын актыг манай байгууллага баталгаажуулсан.

2. Суурийн зургийн үнийг нэхэмжлэгч ямар норм дүрмийн заалт үндэслэж тооцож гаргасан нь тодорхойгүй байна.

3. Барилгын зураг төслийн үнийг БД81-16-12 “Зураг төслийн жишиг үнэ” нормын дагуу тооцдог ба Дархан дуулга ХХК-ны захиалсан зургийн үнэ энэ нормын дагуу тооцоход 43,8 сая төгрөг болсон ба захиалагчийн хүсэлтийг харгалзан 36,0 сая төгрөг болгон, гэрээ байгуулсан. Энэ үнэд ерөнхий төлөвлөгөө, барилгын архитектур, барилга бүтээц, дотор халаалт, салхивч, дотор цэвэр, бохир ус, дотор гэрэлтүүлэг, холбоо дохиоллын зураг багтаж байгаа.

4. БД 81-16-12 “Зураг төслийн жишиг үнэ” нормын дагуу зургийн үнийг хэсэг бүрт хуваарилахад ББ-ийн хэсэгт нийт үнийн 32% оногдоно гэж тооцоход 9,6 сая төгрөг болж байна. барилга бүтээцийн зураг нь хийцийн тооцоо, суурь, рам, хучилт, ханын тор, ялуу, шат зэрэг олон хэсгээс бүрддэг. Түүнчлэн дээр дурьдсанаар тухайн барилгын ажлын зургийн үнэ 43,8 сая төгрөг болж байсныг захиалагч талын хүсэлтээр 13,8 сая төгрөгөөр бууруулсан ба энэ хассан дүнд суурийн зургийн үнэ орсон тул дахин зургийн үнийг бууруулах боломжгүй юм гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэндамба, өмгөөлөгч И.Атарбямба нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гандирс-Орд” ХХК нь “Дархан дуулга” ХХК-тай “зураг төсөл боловсруулах” тухай 42,000,000 төгрөгийн гэрээг харилцан тохиролцож, 30,000,000 төгрөгөөр байгуулахаар болсон. Талууд гэрээг 30,000,000 төгрөгөөр байгуулсан. Гэрээнд заасны дагуу “Дархан дуулга”ХХК нь урьдчилгаа 15,000,000 төгрөгийг манай компанид өгөх ёстой байсан боловч тухайн үедээ боломжгүй байна гэдэг шалтгаанаар 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хэрэв хариуцагчийн ярьж байгаагаар гадна зураг төслийг манай компани хийх байсан бол гэрээний үнэ нэмэгдэх байсан. Гэрээнд гадна зураг төслийг манай компани хариуцна гэсэн зүйл байхгүй. Одоо үлдэгдэл 20,000,000 төгрөг, гэрээнд зааснаар алдангиа 0,5 хувиар тооцож 3,000,000 төгрөг, “Дархан дуулга” ХХК-аас нийт 23,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. “Дархан дуулга” ХХК нь урьдчилгаа 10,000,000 төгрөг өгсөн нь гэрээ байгуулагдсан гэдгийг харуулж байгаа юм. Нөгөө талаар алдангийг талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу нэхэмжилсэн. “Гандирс-Орд” ХХК нь захиалагчийн хүсэлтээр зураг төслийг боловсруулж, барилгын зураг төслийн зургийг 2 хувь үйлдсэн. Нэг хувь нь байгуулллагын тамга тэмдэг дарж баталгаажсан. Нөгөө нэг хувийг хуулбар хувиар нь хэвлээд “Дархан дуулга” ХХК-д өгсөн байдаг. Тэр хуулбар барилгын зураг төслийн дагуу “Дархан дуулга” ХХК нь барилгын ажлаа хийгээд явж байсан. Одоо энэ зураг төслийн эх хувь нь “Гандирс-Орд” ХХК-ийн өмчлөлд байгаа. Хэрэв “Дархан дуулга” ХХК нь гэрээнд зааснаар үлдэгдэл 20,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 300,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг “Гандирс-Орд” ХХК-д шилжүүлсэн тохиолдолд зургийг өгөхөд бэлэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

          Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэдэнбалжир, өмгөөлөгч Ц.Гэнэндулам нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гандирс-Орд” ХХК нь манай компанитай барилгын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан. Гэтэл “Гандирс-Орд” ХХК гэрээнд заасан 45 хоногоо хэтрүүлэн гэрээний хугацааг 257 хоногоор хэтрүүлсэн байдаг. Манай баригдах ёстой барилгын гадна шугамын болон суурийн зураг хийгдээгүй байдаг. Манай компани энэ талаар шаардлага тавьж албан бичгийг “Гандирс-Орд” ХХК-д хүргүүлж байсан. Суурийн зураггүй барилга барина гэсэн ойлголт байдаггүй. Гэрээг хугацаандаа гаргаж өгөөгүй учраас “Гандирс-Орд” ХХК-ийн хийсэн зураг манай барилгын ажилд хэрэггүй болсон. Манай компаний барьж байсан барилгын зураг төсөлд галын төвлөрсөн систем галаас хамгаалсан төхөөрөмж хийгдээгүй. Тэгээд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас зөвшөөрөл авах гэтэл 8 заалтыг хэрэгжүүл гэдэг шаардлага тавьсан. Гэтэл сүүлд барилгын зураг төслийг харахад барилгын цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ зэрэг нь хийгдээгүй байсан. Манай компаниас “Гандирс-Орд” ХХК-д зургийн даалгавар явуулсан бөгөөд зургийн даалгаварт дурдсан ажлууд хийгдээгүй. Техникийн нөхцөл болох цахилгаан, дулаан, усны шугам сүлжээ, карказын зураг төслийг гаргуулахаар маш тодорхой зургийн даалгавартаа зааж өгсөн байсан. Зургийн даалгаваргүйгээр барилга барих боломжгүй, барилгын дотор гадна сүлжээг өөр байгууллагаар хийлгүүлсэн байгаа. Бид барилгын зураг төслийг 237 хоног хүлээсэн. Манай компани 200,000,000 гаруй сая төгрөгөөр өнөөдөр хохирсон. Барилгын эх хувь зураг нь байхгүй байхад хүүхдийн цэцэрлэгтэй, орон сууц барих боломж байхгүй. “Гандирс-Орд” ХХК нь техникийн нөхцөлийг хангасан зургийг хугацаанд нь гаргаж өгөөгүй учраас гэрээнээсээ татгалзаж байна. Иймд 23,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би гэрээний дагуу “Гандирс-Орд” ХХК-ийн 10,000,000 төгрөгийн урьдчилгаанд өгсөн байсан. Зургийн хуулбар хувь би аваагүй. Харин барилгын хөгжлийн төвийн экпедицийн дүгнэлтийг авсан байгаа. 2014.7.23-ны өдрийн 11/1 дураартай Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээг “Гандирс-Орд” ХХК, “Дархан дуулга”ХХК-ийн хооронд байгуулагдсан байдаг. Талууд гэрээндээ хугацаагаа нарийвчлан заасан байсан. Гэрээний ерөнхий заалтад “2014.7.23-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай 30,000,000 төгрөгийн гэрээ байгуулахаар талууд харилцан тохиролцсон. 2014.9.10-ны өдөр зургийг захиалагчид хүлээлгэн өгнө” гэж заасан. Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаас харахаар экспедид 2015.4 дүгээр сард орсон байдаг. Тэгэхээр гэрээний хугацаа бол хэтэрсэн. Гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч тал нь хугацааны хувьд биелүүлээгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйл “үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах”, мөн хуулийн 355 дугаар зүйл “гэрээ цуцлах тухай”, 348 дугаар зүйлүүдэд тус тус тодорхой заасан байгаа. Хариуцагч тал бид нар хуулбар хувиа өгсөн учраас барилгын ажлаа хийгээд явж байсан гэдэг зүйл яриад байх юм. Экспедицээр ороод баталгаажсан зургаар барилгын ажлыг эхэлнэ. Тэгтэл гэрээгээр заасан ажлыг гүйцэтгээд ажлын үр дүнгээ хүлээлгэн өгөөгүй байж бид нар гэрээнд заасан төлбөрийнхөө үлдэгдлийг авах ёстой гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Гандирс-Орд ХХК нь хариуцагч Дархан дуулга ХХК-д холбогдуулан 23 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь гэрээгээ 237 хоног саатуулсны алданги 3,0 төгрөг, гадна инженерийн шугам сүлжээний зургийн үнэ 2 149 174 төгрөг, суурийн зураг хийгээгүй үнэ 5 859 826 төгрөг бүгд 11 009 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн шаардлага гаргажээ.

 

         Хариуцагч нь нэхэмжлэгч Гандирс-Орд ХХК нь барилгын зургийг гэрээнд заасан хугацаанд өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэрээгээ цуцалж урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгөө буцаан гаргуулна гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Гандирс-Орд ХХК нь хариуцагч Дархан дуулга ХХК нар нь харилцан тохиролцож 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Барилгын ажлын зураг төсөв боловсруулах гэрээ байгуулан Дархан суманд баригдах Дархан дуулга ХХК-ийн “ дороо хүүхдийн цэцэрлэгтэй орон сууцны барилга”-ын ажлын зургийг 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр эхэлж, 45 хоногийн дотор, 30 000 000 төгрөгт багтаан гүйцэтгэж, 2014 оны 9 дүгээр сарын 10-нд захиалагчид хүлээлгэн өгөхөөр, зураг төслийн 30 000 000 төгрөгний гэрээ байгуулмагц 50 % буюу 15 000 000 төгрөгийг өгөх, ажлыг зургийг экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгөхөд үлдсэн 50 % буюу 15 000 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч Дархан дуулга ХХК нь дээрх гэрээнд заасны дагуу гэрээ байгуулмагц урьдчилгаа 10 000 000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож, энэ талаар маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ажлын үр дүн болох барилгын зургийг Барилгын хөгжлийн төвтэй 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ байгуулан 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 дугаартай Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт гарсан болох нь хэрэгт авагдсан Магадалалын ерөнхий дүгнэлт, гэрээ, магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10-13/

 

Нэхэмжлэгч нь барилгын зургийн хуулбар хувийг хариуцагчид өгсөн, хариуцагчтай тохиролцон зурагт өөрчлөлт оруулж байсан болох нь нэхэмжлэгч Гандирс-Орд ХХК-ны 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Барилгын зургийн үнийн тухай албан бичигт ...Манай компани нь танай хүсэлтээр, 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт баригдах дороо хүүхдийн цэцэрлэгтэй, 40 айлын орон сууцны барилгын иж бүрэн ажлын зураг төсвийг гүйцэтгэх гэрээ байгуулж, түүний дагуу уг ажлыг гүйцэтгэн Улсын магадлалын албаар баталгаажуулан хуулбар хувийг танайд хүлээлгэн өгсөн билээ. Зураг боловсруулах ажлын явцад танай зүгээс тавьсан санал, хүсэлтийн дагуу олон удаа нэмэлт өөрчлөлт оруулж хийснийг та бүхэн мэдэж байгаа” гэсэн мэдэгдэл, хариуцагч Дархан дуулга ХХК-ны 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Тоотын хариу албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7, 9/

 

Нэхэмжлэгч Гандирс-Орд ХХК нь ажлын үр дүн болох барилгын зургийг хүлээн авах, үнийг төлөхийг шаардаж, хариуцагч Дархан дуулга ХХК-д удаа дараа албан бичгээр хандаж байсан болох нь хэрэгт авагдсан Гандирс-Орд ХХК-ны 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 122 тоот Барилгын зургийн үнийн тухай, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-8/

 

Нэхэмжлэгч Гандирс-Орд ХХК нь хариуцагч Дархан дуулга ХХК-д барилгын зургын эх хувийг авахыг шаардаж байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т “Гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах” үүргээ биелүүлээгүй, 351.2.3-д “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно”, 352 дугаар зүйлийн 352.5.1-д “Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх, энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг  шаардах эрхтэй байх тул хариуцагч Дархан дуулга ХХК-аас 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Талууд нь тохиролцож гэрээний хугацаа дууссанаас хойш барилгын зурагт удаа дараа өөрчлөлт оруулж байсан бөгөөд энэ хугацаанд гэрээнд хугацаа өнгөрч 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Магадлалын ерөнхий дүгнэлт гарсан байх тул хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар торгууль шаардах эрхгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

    

            Гэвч хариуцагч нь ажлын үр дүн буюу зургийн хуулбар хувийг хүлээн авсан, нэхэмжлэгч нь зургийн эхийг авахыг шаардаж байсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол гэрээнээс татгалзаж болохгүй” гэж зааснаар хариуцагчийн гэрээг цуцалж, урьдчилгаа 10 сая төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Гандирс-Орд ХХК нь барилгын зурагт гадна талбай болон инженерийн шугам сүлжээ гэсэн хэсэг ороогүй тул шаардлага хангахгүй зураг болсон гэж маргаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д “Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх эрхтэй”, 352.4-т “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж зааснаар шаардах эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гандирс-Орд ХХК нь Ц.Энхтуулыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан боловч татгалзаж, шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах, Дархан дуулга ХХК-ны захирал Б.Цэдэнбалжир нь барилгын зургийг Дархан дизайн ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд гаргаж үзүүлж байсныг бичлэгээр гэрчилж өгнө үү гэсэн хүсэлтүүдээсээ тус тус татгалзсан болно.

 

Нэхэмжлэгч нь нотлох баримтаар барилгын зургийн хуулбарлан ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн 80-85, 100-105, 107-116/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                   

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3, 232 дугаар зүйлийн 232.5, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан дуулга ХХК-аас 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гандирс-Орд ХХК-д олгож, 3 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, гэрээ цуцалж, 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 272950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 191094 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан дуулга ХХК-аас 257950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гандирс-Орд ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.АЛТАНТУЯА