Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 53

 

“Гандирс-Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00465/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 153 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч “Гандирс-Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

         Хариуцагч “Дархан дуулга” ХХК-д холбогдох     

          “Барилгын зураг төсөв хийлгэсний ажлын хөлс 23 000 000 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн  “ажлын хөлсөнд төлсөн урьдчилгаа 11.009.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг  

           Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэндамба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, хариуцагч  “Дархан дуулга” ХХК-ийн захирал Б.Цэдэнбалжир, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.  

          Нэхэмжлэгч “Гандирс-Орд” ХХК-аас

          Манай компани “Дархан дуулга” ХХК-ийн захиалгаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг, 13-р хороололд барих 50 хүүхдийн цэцэрлэг бүхий 40 айлын орон сууцны барилгын ажлын зураг төсвийг 30 000 000 төгрөгөөр боловсруулах гэрээг 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Гэрээнд заасны дагуу захиалагч тал урьдчилгаа 50 хувь буюу 15 000 000 төгрөг төлөх байсан боловч санхүүгийн боломж муу байна гээд 2014 оны 7 дугаар сарын 25-нд 10 000 000 төгрөг өгсөн ба 7 хоногийн дотор гүйцээж өгнө гэсэн боловч одоо хүртэл өгөөгүй байна. Гэрээ байгуулсны дараа “Дархан дуулга” ХХК-ийн зүгээс барилгын 1-р давхрын угсралтын ажлыг гүйцэтгэх шаардлагатай байгаа тул ажлын зураг төслийг яаралтай гаргаж өгөх хүсэлт тавьсаны дагуу бид 14 хоногийн дотор барилгын каркасын зургийг боловсруулж захиалагч талд өгсөн.

Ингэснээр бид “Дархан дуулга” ХХК-ийн хийж буй ажлын зураг төслөөс болж саатахгүй байх нөхцлийг хангаж өгсөн. Үүнээс хойш хэд хэдэн удаа захиалагч талаас зурагт тусгуулах бүх санал хүсэлтийг хүлээн авч ажлын зурагт өөрчлөлт хийж тусган ажилласан. Бид ажлын зургийг бүрэн дуусган Улсын магадлалын албаар хянуулан, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 416/2015 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулан “Дархан дуулга” ХХК-д мэдэгдсэн бөгөөд гэрээний дагуу төлбөр тооцоогоо барагдуулаагүй тул бид хуулбар хувийг “Дархан дуулга” ХХК-д өгч, эх хувь зургийг өгөөгүй байна. Үүнээс хойш бид олон удаа утсаар холбогдож байсан боловч “Дархан дуулга” ХХК-ийн ерөнхий менежер Ц.Энхтуул утсаа авдаггүй, захирал Б.Цэдэнбалжир “Дархан дизайн” ХХК-тай шүүхээр маргалдаж байгаа, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа танай мөнгийг өгөх эсэхийг шийднэ гэж хэлсээр өнөөг хүрлээ. Иймд бидний зургийн ажлын хөлсний үлдэгдэл болох 20 000 000 төгрөг, гэрээний 6.1-д заасны дагуу тооцсон алданги 3 000 000 төгрөг, нийт 23 000 000 төгрөгийг “Дархан дуулга” ХХК-аас гаргуулан хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Дархан дуулга” ХХК-ийн захирал Б.Цэдэнбалжираас:

“Гандирс-Орд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Зургийн даалгаврыг манай компанийн ерөнхий инженер Ц.Энхтуул “Гандирс-Орд” ХХК-д 2014.07.23-ны өдөр өгсөн юм. Зургийн даалгаврын 5-д гадна дотор инженерийн шугам сүлжээг техникийн нөхцлийн дагуу 100 % хийх, 6-д иж бүрэн зураг байхаар гүйцэтгэх гэсэн байгаа. Гадна инженерийн шугам сүлжээнд гадна цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны хангамжийн шугам сүлжээ ордог. Захиалагийн зургийн даалгаврын дагуу гүйцэтгэгч байгууллага зургийг хийж гүйцэтгэхийг барилгын тухай хуульд тодорхой заасан. Гадна инженерийн шугам сүлжээний зургийг “Гандирс-Орд” ХХК гүйцэтгээгүй учир үнэлгээ нь гэрээний үнийн дүнгээс хасагдаж тооцогдох ёстой.  Нэхэмжлэгч гэрээний хугацааг 237 хоног хэтрүүлсэн тул алданги 3.0 сая төгрөг нэхэмжлэх эрх үүсэхгүй нь мэдээж. Эсрэгээрээ манайх 3.0 сая төгрөг нэхэмжлэх, өрөндөө тооцуулах эрх үүснэ. “Гандирс-Орд” ХХК нь суурийн зураг хийгээгүй тул гэрээний үнийн дүнгээс хасагдах ёстой.  “Гандирс-Орд” ХХК-ийн захирал Т.Болд, “Дархан дизайн” ХХК-ийн захирал Д.Эрдэнэбаяр хоёр найз байж болно гэхдээ хуйвалдаж манай байгууллагыг хохироох эрх байхгүй. Т.Болд 2014.05.10-нд файлаар 8-н төрлийн 137 хуудас зургийг Д.Эрдэнэбаярт өгч 5,0 төгрөг бэлнээр авсан баримт байдаг. Т.Болд 2016.03.19-ний 33 тоот нэхэмжлэлдээ 14 хоногийн дотор барилгын каркасын зургийг боловсруулж, захиалагч талд өгсөн гэж үндэслэлгүй гүтгэсэн байна. Өмнө нь батлагдсан зураг байхгүй нөхцлөөр ажлыг бүрэн зогсоосон байхад, дахин ямар ч баталгаагүй каркасын зургаар ажил явуулж болохгүйг бид мэдэж байгаа.  Гэрээний 2.1-д 2014.09.10-нд зургийг хүлээлгэн өгөх, 4.2-т гэрээг дүгнэж ...торгууль ногдуулах, 4.4-т ...иж бүрдлийг шалгаж, бэлэн болсон зургийг хүлээн авна” гэж тодорхой заасан. Гэрээний энэ заалтуудыг нэхэмжлэгч тал биелүүлээгүй үндэслэл байгаа.  Нэхэмжлэгч зураг төслийн үнийг 13 861 785 төгрөгөөр дур мэдэн өсгөж гэрээгээ ноцтой зөрчсөн байна. БХТөвийн магадлалын дүгнэлт бүрэн гарсаны дараа бид эвийн журмаар асуудлыг шийдэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “Дархан дуулга” ХХК-ийн захирал Б.Цэдэнбалжираас сөрөг нэхэмжлэлд:

Манай компани “Гандирс-Орд” ХХК-тай харилцан тохиролцож, гэрээгээ баталгаажуулан 2014 оны 9 дүгээр сарын 10-нд захиалсан орон сууцны иж бүрэн зургийг хүлээн авч, гэрээний үлдсэн 50 хувь буюу 15.0 сая төгрөгийг гүйцэтгэгчид төлнө” гэж тодорхой заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл манай байгууллагаас өгсөн техникийн нөхцөл, зургийн захиалгын дагуу зургаа хийж хүлээлгэж өгөөгүй байна. Барилгын суурийн болон гадна инженерийн шугам сүлжээний зураг хийгээгүй, гэрээгээ 237 хоногоор хэтрүүлснээ хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Гандирс-Орд ХХК зургийн төслийн үнийн тооцоондоо “Гадна инженерийн шугам сүлжээний зургийн үнэ тооцоогүй”, 2015 оны 1 дүгээр сарын 16-ны 11 дугаар тоотдоо “Суурийн зураг хийгээгүй” гэдгээ баталгаажуулсан. Иймд Гандирс-Орд ХХК нь хүүхдийн цэцэрлэгтэй 40 айлын орон сууцны барилгын зургийг хийж гүйцэтгэх гэрээгээ 237 хоног саатуулсны алданги 3,0 төгрөг, гадна инженерийн шугам сүлжээний зургийн үнэ 2 149 174 төгрөг, суурийн зураг хийгээгүй үнэ 5 859 826 төгрөг бүгд 11 009 000 төгрөгийг манай компанид гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Гандирс-Орд ХХК-ийн захирал Н.Тод-Одоос:

А.Гэрээт хугацаа хоцорсон талаар “Дархан дуулга” ХХК нь анх “Дархан дизайн” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байгаад гэрээний дагуу ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул манай компанитай гэрээ байгуулан барилгын зураг төслөө хийлгүүлэн авах хүсэлтэй байна гэж бидэнд хандсаны дагуу 2 тал гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ажлын зурагт дараах ажлуудыг тусгахаар тохиролцсон.

Үүнд   1.   Ерөнхий төлөвлөгөө, өндөржилт, зай хэмжээ

2.   Барилга архитектурын хэсэг

3.   Барилга бүтээцийн хэсэг

4.   Дотор халаалт салхивч, цэвэр, бохир ус

5.   Дотор гэрэлтүүлэг, холбоо дохиоллын зураг багтаж байгаа.

Гэрээ 2014 оны 7 дугаар сарын 23-нд байгуулагдаж 45 хоногийн хугацаанд гүйцэтгэж 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тусгасан. Зураг гэрээт хугацаандаа дуусах бүрэн боломжтой байсан боловч хугацаа сунгасан шалтгаанууд гарсан. Үүний шалтгаан нь ажлын зураг төсөл боловсруулах явцад “Дархан дуулга” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Энхтуулын хүсэлтээр бид зурагт хэд хэдэн удаа өөрчлөлтүүд тусгасан. Сөрөг нэхэмжлэлд дурдсанаар гэрээний 3.1-д заагдсанаар “Ажлын зургийг экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгөхөд үлдсэн 50 хувь буюу 15 сая төгрөгийг гүйцэтгэгчид төлнө” гэсэн заалтыг захиалагч болох “Дархан дуулга” ХХК биелүүлээгүй тул бид эх хувь зургийг хүлээлгэн өгөөгүй болно. Б.Цэдэнбалжир, Ц.Энхтуул нар нь утсаа авдаггүй, эсвэл утас нь холбогдох боломжгүй байдаг. 2 удаа албан тоотоор хандсан. Гэрээгээ дүгнэе гэсэн санал ирүүлсэн, бид зөвшөөрч хугацаа товлосон боловч эргэж холбогдоогүй, ирж гэрээгээ дүгнээгүй, төлбөрөө хийгээгүй. Иймд манай компанийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй, гэрээний хугацааг хоцроосон хариуцлагыг хүлээх боломжгүй. Гадна инженерийн шугамын үнийн хувьд гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах талаар манай компани “Дархан дуулга” ХХК-тай байгуулсан гэрээнд тусгагдаагүй, бид энэ талаар ямар нэг яриа, хэлцэл хийгээгүй бөгөөд манай компани гэрээгээр хүлээгээгүй үүргийн хариуцлагыг хүлээх боломжгүй. Суурийн зургийн хувьд  “Дархан дуулга” ХХК захиалгаар “Дархан дизайн” ХХК-ийн боловсруулсан суурийн зурагт дахин тооцоо хийж, нэмэлт өөрчлөлтүүдийг тусгаж, дутуу хийгдсэн зургийг бүрэн гүйцээн өөрийн компанийн нэрээр баталгаажуулан гаргасан. Барилга бүтээцийн зураг тооцооны үндсэн дээр хийгддэг. Зураг зохиогчийн эрхийн дагуу суурийн ажлын ил далд ажлын актыг манай байгууллага баталгаажуулсан.  Суурийн зургийн үнийг нэхэмжлэгч ямар норм дүрмийн заалт үндэслэж тооцож гаргасан нь тодорхойгүй байна.  Барилгын зураг төслийн үнийг БД81-16-12 “Зураг төслийн жишиг үнэ” нормын дагуу тооцдог ба “Дархан дуулга” ХХК-ийн захиалсан зургийн үнэ энэ нормын дагуу тооцоход 43,8 сая төгрөг болсон ба захиалагчийн хүсэлтийг харгалзан 36,0 сая төгрөг болгон, гэрээ байгуулсан. Энэ үнэд ерөнхий төлөвлөгөө, барилгын архитектур, барилга бүтээц, дотор халаалт, салхивч, дотор цэвэр, бохир ус, дотор гэрэлтүүлэг, холбоо дохиоллын зураг багтаж байгаа.  БД 81-16-12 “Зураг төслийн жишиг үнэ” нормын дагуу зургийн үнийг хэсэг бүрт хуваарилахад ББ-ийн хэсэгт нийт үнийн 32% оногдоно гэж тооцоход 9,6 сая төгрөг болж байна. Барилга бүтээцийн зураг нь хийцийн тооцоо, суурь, рам, хучилт, ханын тор, ялуу, шат зэрэг олон хэсгээс бүрддэг. Түүнчлэн дээр дурьдсанаар тухайн барилгын ажлын зургийн үнэ 43,8 сая төгрөг болж байсныг захиалагч талын хүсэлтээр 13,8 сая төгрөгөөр бууруулсан ба энэ хассан дүнд суурийн зургийн үнэ орсон тул дахин зургийн үнийг бууруулах боломжгүй юм гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэндамба, өмгөөлөгч И.Атарбямба нараас:

“Гандирс-Орд” ХХК нь “Дархан дуулга” ХХК-тай “зураг төсөл боловсруулах” тухай 42,000,000 төгрөгийн гэрээг харилцан тохиролцож, 30,000,000 төгрөгөөр байгуулахаар болсон. Талууд гэрээг 30,000,000 төгрөгөөр байгуулсан. Гэрээнд заасны дагуу “Дархан дуулга”ХХК нь урьдчилгаа 15,000,000 төгрөгийг манай компанид өгөх ёстой байсан боловч тухайн үедээ боломжгүй байна гэдэг шалтгаанаар 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээнд гадна зураг төслийг манай компани хариуцна гэсэн зүйл байхгүй. Одоо үлдэгдэл 20,000,000 төгрөг, гэрээнд зааснаар алдангиа 0,5 хувиар тооцож 3,000,000 төгрөг 23,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.  “Гандирс-Орд” ХХК нь захиалагчийн хүсэлтээр зураг төслийг боловсруулж, барилгын зураг төслийн зургийг 2 хувь үйлдсэн. Нэг хувь нь байгууллагын тамга тэмдэг дарж баталгаажсан. Нөгөө  хувийг хуулбар хувиар нь хэвлээд “Дархан дуулга” ХХК-д өгсөн байдаг. Одоо энэ зураг төслийн эх хувь нь “Гандирс-Орд” ХХК-ийн өмчлөлд байгаа. Хэрэв “Дархан дуулга” ХХК нь гэрээнд зааснаар үлдэгдэл 20,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 300,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг “Гандирс-Орд” ХХК-д шилжүүлсэн тохиолдолд зургийг өгөхөд бэлэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэдэнбалжир, өмгөөлөгч Ц.Гэнэндулам нараас:

         “Гандирс-Орд” ХХК гэрээнд заасан 45 хоногоо хэтрүүлэн гэрээний хугацааг 257 хоногоор хэтрүүлсэн байдаг. Манай баригдах ёстой барилгын гадна шугамын болон суурийн зураг хийгдээгүй байдаг. Манай компани энэ талаар шаардлага тавьж албан бичгийг “Гандирс-Орд” ХХК-д хүргүүлж байсан. Суурийн зураггүй барилга барина гэсэн ойлголт байдаггүй. Гэрээг хугацаандаа гаргаж өгөөгүй учраас “Гандирс-Орд” ХХК-ийн хийсэн зураг манай барилгын ажилд хэрэггүй болсон. Манай компаний барьж байсан барилгын зураг төсөлд галын төвлөрсөн систем галаас хамгаалсан төхөөрөмж хийгдээгүй.  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас зөвшөөрөл авах гэтэл 8 заалтыг хэрэгжүүл гэдэг шаардлага тавьсан.

Гэтэл сүүлд барилгын зураг төслийг харахад барилгын цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ зэрэг нь хийгдээгүй байсан. Манай компаниас “Гандирс-Орд” ХХК-д зургийн даалгавар явуулсан бөгөөд зургийн даалгаварт дурдсан ажлууд хийгдээгүй. Техникийн нөхцөл болох цахилгаан, дулаан, усны шугам сүлжээ, карказын зураг төслийг гаргуулахаар маш тодорхой зургийн даалгавартаа зааж өгсөн байсан. Зургийн даалгаваргүйгээр барилга барих боломжгүй, барилгын дотор гадна сүлжээг өөр байгууллагаар хийлгүүлсэн байгаа. Бид барилгын зураг төслийг  237 хоног хүлээсэн. Манай компани 200,000,000 гаруй сая төгрөгөөр хохирсон. Барилгын эх хувь зураг нь байхгүй байхад хүүхдийн цэцэрлэгтэй, орон сууц барих боломж байхгүй. “Гандирс-Орд” ХХК нь техникийн нөхцөлийг хангасан зургийг хугацаанд нь гаргаж өгөөгүй учраас гэрээнээсээ татгалзаж байна. Иймд 23,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний дагуу “Гандирс-Орд” ХХК-д 10,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн байсан. Зургийн хуулбар хувь би аваагүй. Харин барилгын хөгжлийн төвийн экпедицийн дүгнэлтийг авсан байгаа. Гэрээний ерөнхий заалтад “2014.7.23-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай 30,000,000 төгрөгийн гэрээ байгуулахаар талууд харилцан тохиролцсон. Гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч тал нь хугацааны хувьд биелүүлээгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйл “үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах”, мөн хуулийн 355 дугаар зүйл “гэрээ цуцлах тухай”, 348 дугаар зүйлүүдэд тус тус тодорхой заасан байгаа. Экспедицээр ороод баталгаажсан зургаар барилгын ажлыг эхэлнэ. Тэгтэл гэрээгээр заасан ажлыг гүйцэтгээд ажлын үр дүнгээ хүлээлгэн өгөөгүй байж бид нар гэрээнд заасан төлбөрийнхөө үлдэгдлийг авах ёстой гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 153 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3, 232 дугаар зүйлийн 232.5, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Дархан дуулга” ХХК-аас 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Гандирс-Орд” ХХК-д олгож, 3 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, гэрээ цуцалж, 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191094 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дархан дуулга” ХХК-аас 257950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гандирс-Орд” ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч “Дархан дуулга” ХХК-ийн захирал Б.Цэдэнбалжир давж заалдсан гомдолдоо:

“Гандирс орд” ХХК-ийн зургаар барилга дээрээ ямар ч ажил гүйцэтгээгүй байхад хуулбар зургаар барилгын ажлаа хийгээд явж байсан гэдэг нь үндэслэлгүй. Зураг төслийн эх хувь нь уг компанид байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь гэрээний хугацааг 257 хоног хэтрүүлж “Дархан дуулга” ХХК-нд 200 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан банкны зээлийн хүүд 60 сая төгрөг төлж 2 өрөө байр 2, 4 машин механизм зараад одоо 100 гаруй сая  төгрөгийн өртэй байна. Би хохирлоо бүрэн нэхэмжлээгүй зөвхөн гэрээний урьдчилгаанд төлсөн 10 сая төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч баталгаажсан иж бүрэн зургаа гэрээнд заасан хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 10-нд хариуцагчид өгсөн бол бид 2014.09.10-наас 2014.10.20-ны хооронд барилга угсралтын ажлаа дуусгаад өвөлд нь дотор заслын ажлаа бүрэн хийж 2015 оны 05 дугаар сард барилгаа ашиглалтанд өгөх бүрэн бололцоотой байсан. “Гандирс орд” ХХК-ийн зургаар барилгын ажил гүйцэтгэх боломжгүй, экспертиз буруу дүгнэлт гаргасан. Шүүх манайд холбогдох нотлох баримт хуулийн заалтуудыг нягтлан тусгаагүйгээр захиалагчийн техник нөхцөл, зургийн даалгавар, барилгын норм ба дүрэм холбогдох хуулийн заалт зөрчснөөрөө нэхэмжлэгч нь 100 хувь буруутай.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.2, 350.1.6-д заасныг баримтлан “Гандирс орд” ХХК-аас 10.0 сая төгрөг, 3 сая төгрөг гаргуулан олгох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3, 232 дугаар зүйлийн 232.5, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн байна.  Энэ хуулинд зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу  ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай гэж гэрээнээс татгалзаж болохгүй гэсэн хуулийн заалтыг баримтлан хэрэг шийдвэрлэсэн байна. “Гандирс орд” ХХК-д энэ зураг төслийг хийснээс болж 30 сая төгрөгийн хохирол учирсан эсэхийг хавтаст хэрэгт нотолсон баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх юуг үндэслэж ямар нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. “Дархан дуулга” ХХК-ийн цэцэрлэг, орон сууцны барилгын ажлын зургийг 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эхэлж 45 хоногийн дотор багтаан гүйцэтгэж захиалагчид 2014 оны 09 дүгээр сарын 10-нд хүлээлгэж өгөхөөр гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн  гэж үзнэ” гэж  Иргэний хуулинд заасан байдаг.

“Гандирс орд” ХХК нь төсвийн зургийг 200 гаруй хоногоор хоцруулж батлуулсан байдаг харагддаг. Анхан шатны шүүх “Гандирс орд” ХХК-ийн уг захиалсан барилгын ажлын зураг төсвийг “Дархан дуулга” ХХК-д шилжүүлж өгөөгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

             “Гандирс-Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Дархан дуулга” ХХК-д холбогдох ажлын хөлс, алданги гаргуулах, мөн “Дархан дуулга” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Гандирс орд” ХХК-д холбогдох гэрээнээс татгалзаж гэрээгээр шилжүүлсэн ажлын хөлсөө буцаан шаардах тухай маргаантай хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх  хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд талуудын гаргаж ирүүлсэн нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож Иргэний хуулийн тухайн маргаантай харилцааг зохицуулсан хуулийн зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж гаргасан шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Хариуцагч “Дархан дуулга” ХХК  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо  нэхэмжлэгч барилгын ажлын зургийг хугацаанд  нь бүрэн чанартай хийж өгөөгүй энэ талаар хариуцагчийн гаргасан баримтуудыг шүүх хуульд нийцүүлж дүгнээгүй  мөн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгохыг хүсчээ.

Хэрэгт цугларсан баримтууд болон зохигчдын  тайлбараар  талуудын дунд  50 хүүхдийн цэцэрлэг бүхий 40 айлын орон сууцны  барилын ажлын зураг төсвийг хийлгүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд зохигчид гэрээгээр тохирсон хугацаа болон урьдчилж төлсөн мөнгө зэргийн талаар маргаагүй байна.

Маргааны зүйл нь барилгын зураг төсөл хийх ажлын бүрдэл болон  ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн эсэх асуудал бөгөөд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэдгийг нотлохоор ажил гүйцэтгэгч тал буюу “Гандирс Орд” ХХК-ийн     ажлын хөлс нэхэмжилсэн албан тоот, гэрээг дүгнэх  тухай тоот  болон эдгээр тоотын хариу, зураг төслийн магадлалын дүгнэлт,  2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан ажлын зургийн нүүр зэрэг баримтуудад үндэслэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг няцаах баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагчийн зургийн ажил шаардлага хангаагүй талаарх  захиалагчтай харилцаж байсан тоот болон шүүхэд гаргасан тайлбаруудад ажлын гүйцэтгэлийг хариуцагч нь хар зургаар хүлээн авч өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байсан, ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн, зураг нь зургийн даалгаврын шаардлага хангаагүй суурийн зураг болон гадна талын инженерийн шугам сүлжээ зэргийг хийгээгүй  гэж дурдсан байна.

Дээрх байдлуудад үндэслэн хийсэн  ажлын үр дүн чанарын доголдолтой, хариуцагч тал барилгын зураг хийж гүйцэтгэх гэрээгээ 237 хоног саатуулсны алданги болон, гадна инженерийн шугам сүлжээний болон суурийн зураг хийгээгүйн  үнэ гэж 11.009.000 төгрөгийн  сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэрээнээс татгалзаж  гэрээний үнэнд төлсөн  төлбөрөө  шаардсан боловч энэ байдлаа шүүхэд нотлоогүй байна.

          Талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлд ажлын гүйцэтгэлийг хэрхэн хүлээж авах, түүнийгээ яаж баталгаажуулах талаар тусгайлан тохиролцоогүй мөн зургийн ажилд ямар ямар ажил орох талаар нарийвчлан тохиролцоогүй байна. Зургийн даалгавар гэсэн жагсаалт хэрэгт байх боловч дээрх баримт нь гэрээний салшгүй нөхцөл байх эсэх энэ талаар талууд тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй ийм байдал тогтоогдоогүй байгаагаас гадна хийсэн ажлын үр дүнг гэрээний хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгөөгүй тул түүнийг захиалагч шаардаж байсан талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй байна.

           Иймд талуудын гаргаж ирүүлсэн баримтыг үндэслэн  хэргийн үйл баримтыг тогтоож маргаантай харилцаанд ажил гүйцэтгэх гэрээний холбогдох зүйл заалтыг нийцүүлэн тайлбарлаж, нэхэмжлэгчийн шаардлагаас алдангийг хасч, мөн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна гэж үзсэн тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Давж заалдах гомдол хангагдаагүй тул хариуцагчийн давж заалдах  гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж улсын орлогод хэвээр үлдэнэ.

            Анхан шатны шүүх хуулийн этгээдийн  хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ Д.Цэдэнбалжирт гэж  бичсэн байх боловч тухайн хуулийн этгээдийг хуульд зааснаар төлөөлөх этгээд  байгаагаас гадна дээрх алдааг залруулахаар шийдвэрийг хүчингүй болгосноор хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул дээрх алдааг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч “Дархан дуулга” ХХК-ийн захирал Б.Цэдэнбалжирын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА             

                                                        ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                             О.НАРАНГЭРЭЛ