Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00664

 

“Э” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03053 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 247 дугаар магадлалтай,                                                                “Э” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

            Д.М-т холбогдох

       Байр чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний үүрэгт 3,346,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Насантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч “Э” СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын “0” тоот, цахилгааны зориулалттай шитний байр буюу өрөөг бид хариуцагч Д.М-т “Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-ний үндсэн дээр түрээслүүлж байсан. Гэвч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж байсан. “Э” СӨХ-ны дундын өмч болох 69 дүгээр байрны “0” тоот байрны түрээсийн гэрээний хугацаа дуусч, байраа суллаж авах нөхцөл байдал үүссэн. Иймд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын “0” тоот өрөөг Д.М-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр болох 3,346,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

             Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Насантогтохын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын 0 өрөө нь манай сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд уг өрөөний түрээсийн төлбөрийг Д.М- төлөхгүй байгаа тул түрээсийн төлбөрөө нөхөн гаргуулж, түүнийг албадан гаргуулах хүсэлтэй байна. Тэрээр шит байрладаг өрөөг суллаж өгөхгүй манай холбооны үйл ажиллагаанд саад учруулж байна. Бидний нэхэмжлээд байгаа 3,346,500 төгрөг нь СӨХ-ны төлбөр биш харин түрээсийн төлбөр юм. Бид өөрсдийн эрхийн хүрээнд түрээсийн гэрээ байгуулсан, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.   

           Хариуцагч Д.М-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие 1996 онд Улаанбаатар төмөр замд үйлчлэгчээр орж ажилласан бөгөөд тус газраас Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын “0” тоот өрөөг надад албан ёсоор өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл байр, цахилгаан, СӨХ-ны төлбөрөө цаг тухайд нь төлж байгаа билээ. Гэтэл одоо намайг байрнаас гар гэж байгаа нь хууль бус гэж үзэж байна гэжээ.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуулын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Д.М- нь 1988 оноос хойш Баянгол дүүргийн 3 хороо, 69 дүгээр байрны 00 тоот өрөөг хууль ёсоор эзэмшиж, амьдарч ирсэн. Энэхүү байр нь 2003 оны Засгийн газрын тогтоолоор хувьчлагдах үед шитний тоног төхөөрөмж байгаа гэсэн үндэслэлээр хувьчлах ажил хугацаа алдсан. Иймээс 2005 онд Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны /БОС/ 2 дугаар ангийн дарга хариуцагч Д.М-т орон сууц хөлслөх эрхийн бичгийг олгож, “Орон сууц эзэмших эрхийн гэрээ”-г байгуулсан. Иймээс хариуцагч Д.М- нь Иргэний хуулийн 89, 90, 91, 94, 104, 105 дугаар зүйл, УИХ-ын 2003 оны 27 дугаар тогтоолд тус тус заасанчлан шударга эзэмшигч бөгөөд өмчлөгчийн адил эрхтэй юм. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийн амьдарч буй Баянгол дүүргийн 3 хороо, 69 дүгээр байрны 00 тоот өрөөг чөлөөлүүлэх шаардлага тавьж байгаа нь хууль бус юм. Монгол Улсын  Дээд шүүхийн 2011 оны 01 дүгээр зөвлөмжөөр “Орон сууцны техникийн зориулалттай зарим өрөө доод хонгил, шатны доорх зайнд түрээсийн гэрээ, эзэмших эрхийн бичиг, зарим эрх бүхий албан тушаалтны бичгийн болон аман шийдвэрээр амьдралын гачигдалтай айл болон хүн амьдарч орон сууцны зориулалтаар түүнийгээ засан сайжруулж эзэмшсээр ирсэн ба одоо ч ийм айл өрх тэнд амьдарч байна. Эдгээр хүмүүс нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар тухайн байшинд үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-ны гишүүн төдийгүй сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч мөн юм” гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “техникийн зориулалттай цахилгааны шитний байрыг” гэсэн байна. Гэтэл Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “Техникийн өрөө” гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “сууцны бус зориулалттай техникийн өрөө, тоног төхөөрөмж, цахилгааны оролтын самбар...” гэж дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах эд хөрөнгийг заасан байна. Баянгол дүүргийн 3 хороо, 69 дүгээр байрны 00 тоот сууц нь сууцны бус зориулалттай техникийн өрөө буюу дундын өмчлөлийн хөрөнгөд хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчид өөрийн өмчлөлдөө худалдан авч, үргэлжлүүлэн амьдрах саналыг тавьж байсан тухай нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтад туссанаас харахад сууцны зориулалтай болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн зүйл болох 69 дүгээр байрны 00 тоот нь дундын өмчлөлийн эд хөрөнгө бус харин шитний тоног төхөөрөмж нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны эзэмшигч бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгч, нэхэмжлэгч байгууллагын гишүүн байтал хариуцагчийн эрхэд халдсан хууль бус нэхэмжлэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Э.Билгүүнтэй хариуцагч Д.М- 2014 оны 08 сарын 01-ний өдөр “Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ” гэж байгуулсан байх ба энэхүү гэрээний хугацааг 1 жилийн хугацаатайгаар байгуулж, гэрээнд сунгалт хийх тухай тусгаагүй, гэрээний хугацаа дууссан байна. Мөн энэхүү гэрээнд хариуцагч Д.М-ийг “үйлчилгээ эрхлэгч” гэсэн байна. Гэтэл хариуцагч нь энэхүү 69 дүгээр байрны 00 тоотод амьдардаг бөгөөд ямар нэгэн хэлбэрийн үйлчилгээг огт эрхэлдэггүй, эрхэлж байгаагүй юм. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна” гэж тус тус заасан оршин суугч, СӨХ-ны гишүүн байтал Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах аргаар гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.9-д “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03053 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын “0” тоот өрөөг Д.М-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж,  2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Дундын өмчлөлийн эд хөрөнгө /ДӨЭХ/ ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-ний төлбөрт 3,346,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай “Э” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 247 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М-ээс 2,330,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” СӨХ-нд олгож, үлдэх хэсэг 1,016,500 төгрөгт холбогдох хэсгийг болон Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхрын 0 тоот өрөөг Д.М-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг  тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч Д.М-ээс 52,230 төгрөг гаргуулж “Э” СӨХ-нд олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуулын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 247 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.'', мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т "Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасныг зөрчиж, түүнчлэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байх тул магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар. Магадлалын Хянавал хэсэгт “...Улмаар хариуцагч Д.М- нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Э” СӨХ-той “Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ” гэсэн нэртэй гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, ... үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ. Хариуцагч нь 00 тоотод ямар нэгэн хэлбэрийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байхад түрээсийн гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж үзэж байна. Мөн магадлалын Хянавал хэсэгт "... хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэсгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхгүй байна” гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ", мөн зүйлийн 318.4-т "Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байх ба талуудын хооронд байгуулсан гэрээ нь түрээсийн гэрээний хуулийн шаардлагад нийцэхгүй хуулийн хүчин төгөлдөр бус гэрээ юм.

Баянгол дүүргиин 3 дугаар 69 дүгээр байрны 00 тоот нь Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. УДШ-ийн 2011 оны зөвлөмжөөр "Сууцны байшин болон ямар хэмжээтэй, юунд зориулагдсан хичнээн тооны, ямар үнэлгээтэй хөрөнгө СӨХ-ны хамгаалалтанд байна вэ гэдгийг харуулах, улсын нэгдсэн тоо бүртгэлд зориулагдсан тооцоо судалгааг СӨХ-ны хөрөнгийн бүртгэл гэж үзэх нь зүйтэй.” гэсэн байх ба нэхэмжлэгч маргааны зүйл болох 00 тоот нь СӨХ-д бүртгэлтэй эсэх талаар ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан үүргээ биелүүлээгүй байтал шүүх бүрэлдэхүүн түрээсийн гэрээг хүчинтэй гэж үзэн, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн УДШ-ийн 2011 оны зөвлөмжийн “г” хэсэгт “Гэтэл зарим СӨХ-ны гүйцэтгэх захирал дундын өмчлөлийн эд хөрөнгө, орчны газрыг эзэмшдэг мэтээр ойлгож тэдгээр айл өрх иргэнийг гЭилгээ эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр орон сууцыг ашиглаж байна, иргэний үүргээ биелүүлдэггүй, уг өрөө тасалгаа нь хүн, айл амьдархад зориулагдаагүй гэх зэрэг үндэслэлгүй хууль бус шалтгаан зааж, тэнд амьдрагсдыг гарахыг шаарддаг төдийгүй эрх бүхий этгээдээс олгосон орон сууц эзэмших, өмчлөх тухай шийдвэр гэрээ гЭилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл, өөрийн холбооныхоо гишүүн төдийгүй сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч буюу үйлчлүүлэгчийнхээ эсрэг эрх хэмжээгээ хэтрүүлж байгаа үйлдэл гэж үзэхээр байна. Дээрх өрөө, сууцны болон тэнд амьдардаг айл өрхийн талаар хуулиар нарийвчлан зохицуулсан тодорхой заалт үндсэндээ байхгүй байсан боловч Улсын Их Хурлын 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолын 2-т “орон сууцны байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд ..." хувьчилж болох тухай заалт нь төвөгтэй асуудлыг шийдвэрлэх гарц болсон байна. Иймд энэ асуудалд нэн болгоомжтой хандаж, анх тухайн өрөө тасалгаанд оруулсан, эрх олгосон этгээдийн шийдвэр нь хууль, тогтоосон журамд нийцэж байгаа эсэх, мэргэжлийн байгууллага үйл ажиллагаагаа явуулахад саад болох, эрүүл мэндэд харшлах эсэх, тэнд амьдарсан хугацаа, өрөөний зориулалтыг өөрчлөхөд оруулсан хөрөнгийн хэмжээ зэргийг нарийвчлан тогтоох шаардлагатайн дээр эрх бүхий байгууллага албан тушаалтнаар дахин магадлагаа, дүгнэлт гаргуулах замаар маргааныг шийдвэрлэж байвал зохино.” гэжээ.

Хариуцагч Д.М- нь уг 00 тоотод УБТЗ-ын шийдвэрээр 1988 оноос амьдарч байсан ба хэрэгт авагдсан нотлох баримтаар хувьчлах асуудал удаашралтай явагдаж байгаа тухай УБТЗ-ын албан бичгээр нотлогдож байна. Мөн энэхүү зөвлөмжийн дагуу “Э” СӨХ нь “Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний хурамтлалын гэрээ” нэрээр түрээсийн гэрээ байгуулж, мөнгө нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хэд хэдэн үндэслэл хангагдсан байхад шүүх хуулийн заалтыг хэрэглээгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад 00 тоот өрөө УБТЗ-ын өмч ба иргэн Д.М- нь УБТЗ-тай гэрээний үндсэн дээр эд хөрөнгийг эзэмшиж байгаа эзэмшигч мөн гэж үзсэн нь Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон УДШ-ийн тайлбар, зөвлөмжтэй нийцсэн гэж үзэж байна.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар. УБТЗ-ын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23/195 тоот албан бичгээр ирүүлсэн “Орон сууц хөлслөх” гэрээний хугацаа дуусаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд УБТЗ-ыг зохигчоор татан оролцуулаагүй нь ИХШХШ тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Д.М- нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 00 тоотыг УБТЗ-ын БОС-ны 2-р анги болон “Э” СӨХ-той давхар гэрээ байгуулан, давхар төлбөр төлж байсан талаар шинжлэн судлаагүй байна. ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэж заасан. УБТЗ болон Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын албан бичгүүдийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Мөн маргааныг шийдвэрлэхэд УБТЗ-ын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23/195 тоот албан бичгээр уг 00 тоот орон сууц хувьчлах асуудал шийдвэрлэгдээгүй байгаа болохыг тодорхойлж, хавсралтаар Д.М-тэй байгуулсан гэрээ, орон сууц хөлслөх эрхийн бичгийн хуулбарыг хүргүүлсэн байгаа нь УБТЗ-тай байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр гэрээ болох, цаашлаад энэхүү 00 тоотын өмчлөгч болохоо нотолсон байхад шүүх УБТЗ-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр хэмээн үзэж шийдвэрлэсэн нь УБТЗ-ын өмчлөх эрхийн асуудлыг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Цаашлаад УБТЗ-ыг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь ИХШХШ тухай хуульд заасан зохигчийн эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд заасан журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

          Нэхэмжлэгч “Э” СӨХ нь хариуцагч Д.М-т холбогдуулж түрээсийн төлбөрт 3 346 500 төгрөг гаргуулж, түүний хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орцны “00” тоот өрөөг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 1996 онд Улаанбаатар төмөр замд үйлчлэгчээр орж ажилласан ба тус газраас  энэ “0” тоот өрөөг надад албан ёсоор өгсөн, одоог хүртэл хууль ёсоор эзэмшиж байгаа,  байр, цахилгаан, СӨХ-ны төлбөрөө цаг тухайд нь төлдөг,  нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

         Улаанбаатар төмөр замын Барилгын хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23/195 тоот “хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас хариуцагч Д.М-т олгосон “Орон сууц хөлслөх , эрхийн бичиг”, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 7/8623 тоот албан бичиг гэсэн баримтуудыг үндэслэн  Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхрын “0” өрөө нь Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

          Иймээс дээрх “00” өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй, нэхэмжлэгч нь хариуцагч Д.М-ийн хууль бус эзэмшлээс уг өрөөг чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т нийцжээ.

         2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-г байгуулсан боловч нэхэмжлэгч “Э” СӨХ нь “00” өрөөний хууль ёсны эзэмшигч нь Д.М-ээс гэрээний үүрэг гэж 3,346,500 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий юм.

           Давж заалдах шатны шүүх маргааны зүйл болж буй “00” өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 2,330,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлээгүй байх тул магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

         Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг  хангах  нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 247 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.   

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуулын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 52,230 /тавин хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН